Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Дэд бүтцийг сайжруулснаар Монгол дараагийн өсөлтийн мөчлөгт бэлэн болно



Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Хөвсгөл аймагт орших, Монголд нөөцөөрөө хоёрдугаарт бичигдэх Овоот сайн чанарын коксжих нүүрсний уурхайг ашиглахаар “Аспайр Майнинг” компани амжилттай ажиллаж байгаа билээ. Тус компанийн Ерөнхий захирал Дэвид Поллтой Монголын уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

Ярилцсан Б.Төгсбилэгт


Танай компани Монголд хэдийнээс ажиллах болов? Энэ хугацаанд хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн талаар ярилцлагаа эхэлье.

Манай компанийн бүх төсөл Монголд бий. Бид 2010 оны хоёрдугаар сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ хугацаанд Монгол дахь төслүүддээ нийтдээ 65 сая долларын хөрөнгө оруулалт хийчихээд байна. Энэ бол их том санхүүжилт. Гэхдээ хэрэгжүүлж буй төслүүд, ялангуяа коксжих нүүрсний төслүүд маань том цар хүрээтэй. Мөн Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын төслийн инженерчлэл, зураг төсөл дээр ажиллаж байна. Бүх санхүүжилтийг олон улсын зах зээлээс, ялангуяа Австралийн зах зээлээс босгож, бүхэлд нь төслүүддээ зарцуулж ирлээ.

Таны бодлоор Монголд ажиллаж буй гадаадын хөрөнгө оруулагчдад үндсэн ямар бэрхшээл тулгардаг вэ? Эдгээрийг шийдэхийн тулд Монгол улс юунд анхаарах нь зүйтэй вэ?
Таны мэдэж байгаачлан, хэдэн жилийн өмнө эрдсийн зах зээлд томоохон цар хүрээтэй үнийн өсөлтийн мөчлөг болж өрнөсөн. Бүх эрдсийн үнэ олон жилийн дунджаас хавьгүй ихээр давж, дээд түвшиндээ хүрч өссөн. Ер нь эрдэс баялаг, цахилгаан холбоо, зочид буудал аль ч салбарыг сонгосон бай хамаагүй хөрөнгө оруулагч нарын хамгийн гол анхаардаг зүйл нь тухайн хөрөнгө оруулалт хэр ашигтай байх вэ гэдэг асуудал юм. Энэ тухайд баталгаатай, итгэлтэй байдал тодорхой харагдаж байх хэрэгтэй. Дараа нь зах зээлд үнэ буурсан ч   саяхнаас бага зэрэг өсч байна. 

Бүхий л уул уурхайн компанийн хувьд одоо тохиогоод буй болон ирээдүйд угтаж болзошгүй зах зээлийн ханшийн хэлбэлзэлд тэсч үлдэхүйцээр бизнесээ хадгалж үлдэх, түүний тулд үйл ажиллагааны зардлаа боломжит хамгийн бага түвшинд хүргэх нь нэн чухал болж ирсэн. Эрдэс баялгийн салбарт тогтвортой ажиллаж чадах эсэх нь эзэмшиж буй төслүүд болон зардлаа бага хэмжээнд барьж буйгаас хамаарна.

Монгол улс бол гайхалтай байгалийн баялагтай орон бөгөөд дийлэнх баялгаа хараахан нээн илрүүлээгүй байна. Гэхдээ түүхийн хүчин зүйлээс улбаалан Монгол улс дэд бүтцийн хөгжилд хангалттай сайн хөрөнгө оруулж чадаагүй явж ирсэн нь өнөөдөр бүтээгдэхүүнээ экспортлоход тээвэрлэлт маш өндөр өртөгтэй байгаагийн гол шалтгаан юм. Нүүрс, төмрийн хүдэр   овор ихтэй бараа учир экспортлоход дэд бүтэц сайн хөгжсөн байх шаардлагатай. Оюутолгой төсөл үйл ажиллагааны зардлаа бага түвшинд хадгалж чадаж буй учир үнийн савлагаатай үед ч олборлолт, үйлдвэрлэлээ дээд хэмжээнд хадгалж чадаж байгаагийн зэрэгцээ тус компанийн ирээдүй улам гэрэлтсэн хэвээр байна. Монгол улсад илүү олон Оюутолгой хэрэгтэй. Дээр нь дэд бүтцийн хөгжилд илүү их хөрөнгө оруулалт хийх нь чухал. Дотооддоо бараа бүтээгдэхүүнээ тээвэрлээд хүргэчихдэг, экспортын бараагаа гадагш нь тээвэрлэчихдэг сайн чанарын авто зам, төмөр замын тухай ярьж байна л даа. Би хувьдаа Монгол улс ашигт малтмалын салбараа дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц болгох гол зүйл бол зардлыг сайтар эмхлэх явдал гэж үздэг. Түүнээс биш сүүлийн хэдэн жилд Монголд үнийн өсөлт бууралт тохиогоогүй байсан бол гэж бодох ямар ч шаардлага үгүй юм.  

Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд Монгол ямар алхам хийх  шаардлагатай байна вэ?
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголын Засгийн газар чиглэл чиглэлд маш их зөв алхам хийсээр ирсэн. Хөрөнгө оруулагчид Монголыг Казахстан, Мьянмар болон өөр бусад улс оронтой харьцуулахдаа тууштай тогтвортой байдлыг эрэлхийлдэг. Тэд өөрсдийн хөрөнгө оруулсан улс орны хууль тогтоомж тогтвортой байна, ойрын арван жилийн хугацаанд үйл ажиллагаа явагдаж эхлэх үед хууль дүрэм өөрчлөгдөхгүй гэж ойлгосон, итгэсэн нөхцөлд илүү сэтгэл амар ажилладаг. Энэ тууштай, тогтвортой байдал маш чухал. Гэхдээ үүнийг цогцлоохын тулд цаг хугацаа хэрэгтэй. Бас гагцхүү тогтвортой байдал бүрдсэн цагт хөрөнгө оруулагчид тухайн улсад итгэж хөрөнгө оруулах суурь нөхцөл болдог. Ингэсэн цагт аажимдаа итгэлтэй байдал батаждаг. 

Хөрөнгө оруулагчийн дараагийн анхаарах зүйл бол мэдээж ашигтай байдал, хөрөнгө оруулалтын өндөр үр өгөөж. Тэд ирээдүйд энэ улс орны баримтлах бодлого тогтвортой байна гэж таньж мэдсэн үедээ болзошгүй эрсдэлийг тооцож, ямар эрсдэлд илүү анхаарах, алийг нь шаардлагагүй гэж үзэхээ шийддэг. Энэ итгэл хөрөнгө оруулагчдын дунд бүрэлдтэл цаг хугацаа орно.

Ашигт малтмалын үнийн тухай эргээд ярихад үнэ ханш сайнгүй байх төлөв нь хэрэв таны олборлолтын зардлын хэмжээ бага биш л бол хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг хязгаарлах хүчин зүйл болдог. Би Оюутолгойн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх болсон нь Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад маш чухал эерэг нөлөөтэй гэж боддог. “Рио Тинто” Оюутолгойг дурдсан хэвлэлийн мэдээ гаргах бүртээ энэ төслийг эерэг өнцгөөс нь тайлбарлах болсон. Энэ нь Монгол улсад маш чухал юм.

Зарим хүмүүс Монголын уул уурхайн эрх зүйн орчны талаар санаа зовниж байхад зарим нь орон нутгийн хэмжээнд хүлээх хариуцлага, эрх үүргийн талаар ярьж байна. Танай компанийн төслийн үйлдвэрлэл эхлэх үед нөхцөл байдал ямар байна гэж Та төсөөлж байна вэ?
Орон нутгийн тухайд гэвэл та үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай нийгмийн лицензийг авахын тулд орон нутгийн иргэдтэй нягт уялдаж ажиллах ёстой. Энэ бол зайлшгүй үнэн зүйл. Орон нутгийнхан салбар болоод компаниудтай хэлэлцүүлэг хийхэд идэвхтэй төлөөлөлтэй байх нь зүйн хэрэг. Гэхдээ бүхэлдээ биш л бол, хэсэгхэн бүлэг хүмүүс компанийн үйл ажиллагааны төлөвлөгөөг үгүйсгэж, хаалт хийх явдал байх нь зохисгүй. Ямар ч зүйлийг хүлээж авахыг хүсдэггүй цөөн тооны хүмүүст хаалт хийх эрх мэдэл өгөх нь тодорхойгүй байдлыг үлэмж нэмэгдүүлдэг. Үндэсний эрх ашиг, орон нутгийн эрх ашиг, хөрөнгө оруулагчийн эрх ашгийн алтан дунджийг олж ажиллах ёстой. Би орон нутаг болон орон нутгийн зарим төлөөлөлд илүү их эрх мэдэл олгож болзошгүй хуулийн шинэчлэлт, өөрчлөлтөд ихээхэн болгоомжтой ханддаг. Учир нь зарим тохиолдолд тухайн цөөнхөд үндэсний эрх ашгийг бодох хүсэл сонирхол огт байхгүй байх нь бий.

Энэ сэдэв миний гол анхаардаг зүйлийн нэг. Нөгөөтэйгүүр татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төвлөрүүлж буй Засгийн газар нь орон нутагт тодорхой хувь хэмжээ олгох нөхцөлийг мөн баталгаажуулах нь зүйн хэрэг.

Дашрамд дурдахад, Монголын эрдэс баялгийн тогтолцоонд маш олон сайн зүйл байна. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгох систем дэлхийн жишигт хүрэхээр болсон бөгөөд эхэндээ гарсан цөөн хэдэн асуудлыг амжилттай шийдсэн. Эрдэс нөөц баялгийг ашиглахыг эрэлхийлж буй тухайн хүмүүс шинэ тогтолцоог ойлгож, ерөнхий ажиллах горимыг нь мэдмэгцээ энэхүү шинэ тогтолцооны илүү хялбар болохыг мэдэх нь дамжиггүй. Бид олборлолтын үйл ажиллагаагаа хэдэн жилийн дараа эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тухайн үед төмөр зам ашиглалтад орчихсон байх ёстой. Мөн манай компани бусад бүх оронд байдагчлан, Овоот төслийн уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд тодорхой үүрэг хариуцлага хүлээсэн. Тэдгээр үүргээ олон улсын стандартын түвшинд сайтар биелүүлж ажиллах болно.   

Хариуцлагатай уул уурхай, уул уурхайн засаглалын хувьд Монгол улс аль түвшинд байна вэ?
Уул уурхайн хууль эрх зүйн хувьд маш ил тод гэж хэлнэ. Салбарын яам болон холбогдох агентлаг уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниуд хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллаж буй эсэхийг шалгадаг бөгөөд байгаль орчны асуудал эрхэлсэн яам компаниудад байгаль орчин хамгааллын дүрмийг мөрдүүлэн ажилладаг. Миний дурдсанчлан уул уурхайн лиценз эзэмшигч бүх компани хуулийн хүрээнд цөөнгүй үүрэг хариуцлага хүлээж ажилладаг.
Энэ бүх шалгалт, тогтолцоо хариуцлагатай уул уурхайг бүрдүүлэх учиртай. Гэхдээ эцэст нь юу хамгийн чухал вэ гэвэл уул уурхайн салбарт хөл тавьсан тухайн хүмүүсийн сэтгэлгээний асуудал юм. Юмыг хэт хялбарчилж өөрсдийнхөө үйл ажиллагааг эрсдэлд оруулдаг хүмүүс үргэлж байдаг. Нөгөө талд илүү мэргэжлийн түвшний, холыг хардаг  хүмүүс ч бас байдаг. Уул уурхайн салбарынхан чухамдаа богино хугацаанд ихээхэн ашиг олчихъё гэсэн өгсөх уруудах сэтгэлгээгээ таягдан хаяж ажиллах учиртай. Үүний оронд бүрэн дүүрэн мэргэжлийн байж, зардлаа танахад төвлөрч, үр ашигтай төлөвлөгөө боловсруулж, хүний нөөцөө зөв бүрдүүлж ажиллах нь зүйтэй. Ийм замаар урт хугацааны төлөвлөгөөтэй байж, орон нутгийн аж байдал, байгаль орчин, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сайтар биелүүлж ажилладаг илүү хариуцлагатай ажиллагааг өөрсдөдөө төлөвшүүлэх болно.

Сүүлийн өсөлтийн мөчлөгийг Монгол улс сайн ашиглаж чадаагүй. Бидэнд өнгөрсөн мөчлөг ямар сургамж өгөв?

Би зөвхөн Монгол улс гэж хэлэхгүй. Дэлхий даяар энэ нөхцөл байдлыг ашиглаж чадаагүй олон улс орон байсан. Бидний супер мөчлөг гэж буй энэ үе 2009 онд эхлээд 2012 оны сүүл, 2013 оны дунд хавьцаа ердөө дөрвөн жил үргэлжилсэн гэдгийг бид санах учиртай. Чанартай төслийн хүрээнд нөөц баялгийг нээхээс авахуулаад ашиглах хүртэл хөгжүүлэхэд 10-15 жилийн хугацаа ордог. Гэвч энэ супер мөчлөг ердөө дөрвөн жилийн хугацаанд үргэлжилсэн. Хүмүүс бүгд хөөрч догдолсон, хөрөнгө санхүүжилт амархан босгож болохуйц үе байсан. Төслийг амархан санхүүжүүлж болж байсны сацуу оновчгүй төслүүдэд заримдаа хөрөнгө оруулалт хийсэн явдал ч байна. Зардлаа бага хэмжээнд буулгаж ажилласан сайн төслүүд нь аль ч мөчлөгийн үед тэсч үлдэж чадна. Гэхдээ тийм төслийг хөгжүүлэхэд цаг хугацаа ордог. Миний хэлэх гэсэн зүйл гэвэл урт хугацаанд хэрэгжих томоохон төслүүд нь ашиглалтад орох хүртлээ багагүй хугацаа шаарддаг. Би тогтвортой байдлын ач холбогдлыг энд дахин тодотгоё. Учир нь тогтвортой хэрэгжих хууль дүрэм журам бол нэгэн арван жилд тууштай хэлбэрэлтгүй үйлчилдэг. Үүний нөлөөгөөр сайн үр дүн авчирдаг.

Би бас богино болон дунд хугацааны зах зээлийн таатай нөхцөл байдлаас ашиг хүртэх тухай нэг зүйлийг энд хуваалцмаар байна. Та үүнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд чанартай сайн дэд бүтцийг байгуулсан байх хэрэгтэй. Тиймээс чанартай дэд бүтцэд тогтмол хөрөнгө оруулж байх нь Монголыг дараагийн удаад бэлтгэлтэй байх суурь нөхцөл болно. Энэ зүйл хэрэв байхгүй бол дараагийн удаад ч бид хариу арга хэмжээ авч чадахааргүй оройтсон байх болно. Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх гэсээр байтал мөчлөг дуусах болно. Зөвхөн Монгол гэлтгүй өөр бусад улс оронд ийм жишээ олон  байна. Өсөлтийн мөчлөгөөс ашиг хүртэхээр Австралийн боомтуудын бүтээн байгуулалтын төсөлд яаруу сандруу мөнгө босгосон ч барилгын ажил дуусах үед өсөлтийн мөчлөг дуусч, үнэ эргээд буурсан. Улмаар боомтуудын үйл ажиллагаа саарч, санхүүгийн ихээхэн дарамтад бүхэлдээ орсон. Зөвхөн сайн төлөвлөсний үндсэн дээр хийсэн өргөтгөл төсөл л зах зээлийн хэлбэлзэлд ганхашгүй байж чаддаг.

Компанийнхаа төслүүдийн сүүлийн үеийн мэдээнээс хуваалцвал?
Бид Хөвсгөлийн Мөрөн хотоос баруун урд зүгт орших нүүрсний (Нүүрстэйн орд) жижиг төсөл дээр Noble групптэй хамтарч ажиллахаар яриа хэлэлцээр хийж байна. Төмөр зам баригдахаар уг төсөл нь ихээхэн ашигтай ажиллах боломжтой болох юм. Эрдэнэт хоттой уг төслийн орд маш ойр учир төмөр зам баригдахаас ч өмнө том оврын машинаар нүүрс тээвэрлэх боломжтой. Магадгүй ашиглалтад оруулахад хэтэрхий жижиг төсөл шиг харагдаж байж болно. Төслийн хүрээнд Монголын хойд нутгаас боломжит зах зээлд нүүрс нийлүүлэх юм. Энэ нь бид хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг үр ашигтайгаар хүргэх ложистик  бүрдүүлэхэд дөхөмтэй. Овоотын том төсөл маань энэхүү төмөр замын төслийн ачаар ирээдүйд ихээхэн ашигтайгаар ажиллах нөхцөл бүрдэнэ. Гэхдээ тэр хүртэл багагүй хугацаа зарцуулах болов уу.

Хойд хэсгийн төмөр замын коридорын тухайд бид маш баяртай байна. Бид үүнийг Монгол улсад ирээдүйд ашгаа өгсөөр байх маш том өв хөрөнгө болно гэж үзэж байгаа. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр дэд бүтцийг ирэх хэдэн жилд сайжруулснаар Монгол дараагийн айсуй өсөлтийн мөчлөгт бэлэн байх болно. Мөн Хятад-Оросыг холбосон транзит коридорын нэг хэсэг болсноор ашигт малтмалын бус салбарууд болох инженеринг, тээврийн үйлчилгээ, хөдөө аж ахуй гэх мэт салбаруудад ихээхэн ашиг авчирна. Түүнчлэн Монгол улс дамжин өнгөрөх тээврийн шимтгэлээс багагүй хэмжээний орлого олно. Төмөр замын дэд бүтцийг өргөтгөснөөр олон зүйлийн өрсөлдөх чадвар дээшилж, өртөг ч буурна, хөрөнгө оруулагчдын ашиг сонирхолд ч таатай байх юм. Энэ бүгд нь Монголын, ялангуяа танай улсын хойд хэсгийн эдийн засагт урт хугацааны эерэг ач тустай байх болно.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.119.37)
    Уурхай төмөр зам хоёр хоорондоо зүйрлэшгүй ондоо салбар
    2020 оны 11 сарын 15 | Хариулах