Одоо төрийн бодлогын хүрээнд 2010 онд батлагдсан бичил уурхайн үйл ажиллагааны 308 дугаар журмыг шинэчлэн сайжруулахаар ажиллаж байна. Бичил уурхай эрхлэгч 1 иргэнээс сардаа 53 мянган төгрөгийн татвар авч орон нутаг төсвөө бүрдүүлэх тухай журамд заасан байдаг. Гэвч бодит амьдрал дээр олсон багахан орлогоосоо татвар төлдөг нь цөөхөн, тодорхой тоо бүртгэлгүй бичил уурхайчдын татвараас төсвийн орлого бүрдэх нь бага юм. Нөгөө талаасаа, түмпэн үүрсэн “нинжа” нараас илүүтэй бичил уурхайн талбарт жижиг худалдаа эрхэлж, үйлчилгээ үзүүлэх иргэд илүү ашиг олж, тэгсэн хэрнээ татвар төлдөг үгүй нь тодорхойгүй. Бичил уурхай эрхлэгчдийг татвараа орон нутагтаа төлдөг болоход нь нийгмийн халамжид хамруулах бодлого дутагдаж байгаа асуудлыг өнөөдрийн арга хэмжээн дээр хөндөж байв. Ийм төрлийн зарим зохицуулалтыг 308 дугаар журамд шинэчлэн сайжруулах, тэдгээр зохицуулалтыг уялдаа холбоотой болгох шаардлага тулгарч буй юм.
Өнөөгийн байдлаар 16 аймгийн 34 сумын нутаг дэвсгэрт нийт 1637.71 га газарт буюу 96 талбайг бичил уурхайн зориулалтаар ашиглах дүгнэлт АМГТГ-аас гаргажээ. Хамгийн их талбайтай нь Дорноговь, Төв аймаг ажээ.
Швейцарийн хөгжлийн агентлагаас тогтвортой бичил уурхайн төслийг 2005 оноос Монгол улсад хэрэгжүүлж байна. Төслийн эхний үе шат хэрэгжсэн 2005-2006 онд манай улсад бичил уурхайн чиглэлээр ямар ч хууль эрх зүйн зохицуулалт байгаагүй. Харин 2007-2010 онд хэрэгжсэн төслийн хоёр дахь үе шатанд 308 дугаар журам батлагдан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох иргэдийг “хүлээн зөвшөөрөх” анхны алхмыг хийсэн гэж үздэг. 2011-2014 онд төслийн гурав дахь үе шатны хэрэгжилтийн гол үр дүнгийн нэг бол Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт бичил уурхайн асуудлыг тусгасан явдал аж. Тодорхой хуулийн зохицуулалттай болсноор бичил уурхай эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах Бичил уурхай эрхлэгчдийн дээвэр холбоо байгуулагджээ. 2008 онд бичил уурхайн анхны төрийн бус байгууллага /ТББ/ байгуулагдаж байсан бол өнөөдрийн байдлаар 6625 бичил уурхайчин 67 төрийн бус байгууллага, 616 нөхөрлөлийн хүрээнд зохион байгуулалтад орж ажиллаж байна.
2016 оны байдлаар Монголбанкинд нийт 18 тонн алт тушаагдсанаас 10.3 тонн нь хувь иргэдээс тушаагджээ. Монголбанкны статистик үзүүлэлтээр хувь иргэдийн алт тушаалт 2014 онд 3.2 тонн, 2015 онд 5.95 тонн байсан юм. Алт тушаалт нэмэгдэхийн хэрээр Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс орох орлого өсч буй. Хувь иргэдийн тушаасан алтны үзүүлэлтээр 2014 онд 6.2 тэрбум, 2015 онд 12.6 тэрбум, 2016 онд 22.9 тэрбум төгрөг роялти хэлбэрээр тушаагджээ. Тогтвортой бичил уурхайн төслийн зүгээс Уул уурхайн аврах албатай 2006 оноос хамтран ажилласнаар осол эндэгдэл харьцангуй буурсан. Өнгөрсөн онд бичил уурхайн талбарт эндэгдэл гараагүй болохыг Тогтвортой бичил уурхай төслийн үндэсний зохицуулагч Б.Алтанбагана онцолсон юм. Амь насны эрсдэл уурхайн талбараас гадна алт ялган авах ажиллагаанаас маш их хамааралтай. Энэ тал дээр мөнгөн усны хор хөнөөл нэлээд хурцаар яригддаг. Бичил уурхайчид алтыг ялгаж авахдаа мөнгөн усыг их хэмжээгээр ашиглах асуудалд анхаарч, шийдэмгий алхмуудыг авч хэрэгжүүлжээ. Үүний хүрээнд 2008 онд төслийн зүгээс гравитацийн аргаар алтыг бусад металаас салган авах технологийг бичил уурхайн салбарт нэвтрүүлсэн байна. Уг технологийг ашиглах цехүүд Баянхонгор аймгийн Баян-Овоо, Төв аймгийн Борнуур, Сэлэнгэ аймгийн Мандал сумдад ажиллаж байгаа аж.
Бичил уурхайчид 310 га газрыг нөхөн сэргээв
Бичил уурхайчдыг хүлээн зөвшөөрдөггүй, эсэргүүцэх хамгийн том шалтгаан бол байгаль орчныг сүйтгэдэг, нийгмийн хариуцлагагүй гэсэн гол асуудал байдаг. Үүнд ч төслийн зүгээс анхааран ажилласны үр дүнд 2016 оны байдлаар нийт 310 гаруй га газарт бичил уурхайчид нөхөн сэргээлт хийжээ. Ихэвчлэн орхигдсон талбайд нөхөн сэргээлт хийгдэхэд төслийн санхүүжилтээс гадна бичил уурхайчид ч өөрсдийн хөрөнгийг зарцуулсан байна. 2017 онд орон нутгийн бичил уурхайн төрийн болоод төрийн бус байгууллагуудтай хамтарсан санхүүжилтээр таван аймгийн 40 га газарт нөхөн сэргээлт хийхээр төлөвлөжээ.
Монгол улсад 16 жил хэрэгжиж буй Тогтвортой бичил уурхайн төслийн сүүлийн буюу дөрөвдүгээр үе шат 2017-2018 онд хэрэгжихээр байна. Энэ шатанд бичил уурхайчдын алт тушаалтын системийг хялбаршуулах, ашгийг бодит эзэнд нь хүргэх зорилгоор Монголбанкны алт худалдан авах, металын сорьц хянаж тогтоох салбар үйл ажиллагааг орон нутагт байгуулах зорилт багтжээ. Уг зорилт нь Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлэх “Алт 2” хөтөлбөртэй ч уялдаж буй. Мөн Монгол улсын бичил уурхайн салбарт авч хэрэгжүүлсэн ажил хэрэг, бүхий л туршлагыг олон улстай хуваалцах интернетэд суурилсан мэдээллийн нэгдсэн төвийг байгуулах ажил хэрэгжиж байна. Энэхүү мэдээллийн төвийн цахим хуудсыг оны хоёрдугаар улиралд нээхээр төлөвлөжээ.
Монгол улсын төрийн бодлого, Тогтвортой бичил уурхай төслийн зүгээс ч тэр ялгаагүй бичил уурхайчдын үйл ажиллагааг дэмжих биш хүний амь нас эндэх, байгаль орчинд хор хөнөөлгүй байхаас сэргийлэн тодорхой хууль эрх зүйн орчинд, зохион байгуулалттай явуулахыг зорьж байгаа юм. Энэ ч үүднээс төслөөс бичил уурхайчдыг ирээдүйд өөр ажил эрхлэхэд нь чиглүүлэх ажлыг зохион байгуулах болжээ. Оёдол, мужаан, ногоо тарих гэх зэрэг бизнес эрхлэхэд нь зохих санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлж байна. Нэг бизнест ойролцоогоор 5 сая орчим төгрөг олгодог аж. Энэ жилээс зээл хэлбэрээр олгож эхлэх юм.
Үндсэндээ бичил уурхайн үйл ажиллагаа нь ядууралтай холбоотой байдаг. Нэгэнт хувиараа ашигт малтмал олборлох иргэдийг хорьж, бичил уурхайн үйл ажиллагааг үгүй болгож дийлэхгүйгээс хойш зөв зохистой зохицуулалт, зохион байгуулалтад оруулах шаардлага байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Э.Жаргал