Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо


“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр тус компанийн байранд нээлттэй болов.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт даргалж, иргэд, аж ахуй нэгжийн төлөөлөлтэйгөөр хурал эхэллээ.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2016 оны үйл ажиллагааны тайлангийн талаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлт болон компанийн 2016 оны санхүүгийн тайлангийн талаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг хэлэлцэж баталлаа.

"Эрдэнэс Тавантолгой" компани 2016 оны байдлаар 198 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан (татварын дараах байдлаар) бөгөөд одоо тус компанид зөвхөн Хөгжлийн банкны 200 сая ам.долларын өр үлдээд байна. Өнгөрсөн онд 7.6 сая тонн нүүрс борлуулж, 467 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ. Тус компанийн хувьд  Хятадын төрийн өмчийн Чалкотой байгуулсан гэрээний хүрээн дэх урьдчилгаа төлбөрийн өрийг өнгөрсөн сард бүрэн барагдуулж дуусаад байгаа билээ.

Нийтдээ 15 тэрбум ширхэг хувьцаатай "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд 2.5 сая иргэн, 533 аж ахуйн нэгж  байдаг ч эдгээр иргэд, байгууллагын төлөөлөл болж 60 гаруй хүн тус хуралд оролцлоо.

“Эрдэнэс Тавантолгой” компани нь нийт 3100 хүнийг ажлын байраар хангаж байгаа нь 100% дотоодын ажилчдаас бүрдэж байна.

Өнгөрсөн онд Баруун, Зүүн цанхийн нүүрсний экспорт Монголын нүүрсний нийт экспортын 30%-ийг бүрдүүлсэн бол Хятадын коксжих нүүрсний импортын 12.6%-ийг эзэлжээ.

Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл компанийн удирдлагын зүгээс тайлант хугацааны сүүлийн хагас жилд менежментийн оновчтой бодлого баримталж ажилласны үр дүнд Цанхийн Баруун уурхайн үйл ажиллагааг сэргээж, орлогоо нэмэгдүүлэн, Цанхийн  Зүүн уурхайг тогтвортой ажиллуулан “Чалко Трейдинг Хонг Конг” компанид төлөх төлбөрийн хэмжээг бууруулж, хөдөлмөрийн болон байгаль орчин, эрүүл ахуйн осол, аюулгүй ажилласан “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн 2016 оны үйл ажиллагааны үг дүнг хангалттай гэж дүгнэв.

Хурлын үеэр компанийн 2016 оны үйл ажиллагаа, санхүүгийн байдал, компанийн засаглалын асуудлаар асуулт хариулт өрнүүлж санал солилцсон юм. Хувьцаа эзэмшигч иргэд болон аж ахуйн нэгжийн төлөөллүүд компанийн гүйцэтгэх удирдлага, хамт олон хичээл зүтгэл гарган ажиллаж байгааг үнэлэхийн зэрэгцээ компанийн засаглалыг сайжруулж, ашигтай ажиллан иргэдийн 1072 хувьцааг амилуулах ажлаа түргэвчилж, хувьцаа эзэмшигч иргэд аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтарч ажиллах даалгаврыг мөн өгсөн юм.

Хурлаар компанийн 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг батлав. Мөн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас гарсан санал зөвлөмжийг анхаарч, компанийн 2017 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг хангаж ажиллахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд нарт үүрэг болголоо.