Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

“Алт 2” хөтөлбөрийг Канадын уул уурхайн компаниуд ихээхэн сонирхож байна


Монгол, Канад улсын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар Монгол улсаас Канад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт  Элчин сайд Р.Алтангэрэлтэй MMJ-ийн Э.Оджаргал онлайнаар ярилцлаа.


Та манай уншигчдад дипломат албаны туршлагаасаа танилцуулна уу?

Би Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1990 онд төгсөөд, Монгол улсын дипломат албанд тасралтгүй 27 жил ажиллажээ. Энэ хугацаанд Франц, Испани, Португали, Монако зэрэг улсад суугаа Монгол улсын Элчин сайд, ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Төрийн ёслолын албаны дарга, Гадаад хэргийн яамны /ГХЯ/ Дипломат ёслолын газрын захирал зэрэг албыг хашиж байлаа. Монгол улсаас Канад Улсад суугаа Элчин сайдаар 2014 оны дунд үеэс эхлэн ажиллаж байна.

Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа энэ цаг үеэ Та хэрхэн тодорхойлох вэ? Улс орны хөгжлийн хувьд ч, хоёр улсын харилцааны хувьд ч?
Монгол, Канад улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн хоёр жилийн хугацаанд нэлээд идэвхжиж сэргэсэн. Өндөр, дээд түвшний яриа хэлэлцээ болоод Засгийн газар хоорондын Дугуй ширээний уулзалт идэвхжиж, Хөрөнгө оруулалтын хэлэлцээр, хөгжлийн хамтын ажиллагааны санамж бичиг зэрэг харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлсэн баримт бичгүүд байгуулагдаж, Монгол улс Канадаас хөгжлийн тусламж хүртдэг орны жагсаалтад анх удаа багтсан зэрэг амжилтуудыг онцлохыг хүсч байна.

Эрхэм Элчин сайд Та Канад улсад томилогдон гурав дахь жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол, Канад улсын хамтын ажиллагаа, тэр дундаа эдийн засаг, худалдааны чиглэлд ямар ажлууд хийгдсэн талаар тоймлон танилцуулна уу?
Манай хоёр орон харилцаагаа “өргөн хүрээтэй түншлэлийн харилцаа” гэж тодорхойлдог. Улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн бүхий л салбарт хамтран ажиллана гэсэн үг. Канадын Парламентын Нийтийн танхимын дарга Ж.Рэган 2016 оны есдүгээр сард Монгол улсад албан ёсны айлчлал хийсэн нь шинэ парламентын анхны өндөр түвшний гадаад зочин байлаа. Энэ нь Канад улс манай ардчилал, дэвшлийг тууштай дэмжиж буй улс төрийн илэрхийлэл болсон гэж үзэж байна. Канад улсын Гадаад хэргийн сайд Ж.Бэйрд 2015 оны долоодугаар сард айлчилсан явдал тус улсын Гадаад хэргийн сайдын Монгол улсад хийсэн анхны албан ёсны айлчлал гэдгээрээ чухал болсон.

Хоёр орны харилцаанд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа тэргүүлэх байр суурийг эзэлдэг. Тийм ч учраас хоёр орны Засгийн газар сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд үргэлжилсэн Хөрөнгө оруулалтын асуудлаарх хэлэлцээрийг сүүлийн 2 жилийн хугацаанд идэвхжүүлснээр өнгөрсөн оны есдүгээр сард байгууллаа. Эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлд уул уурхайн салбарын хамтын ажиллагаа зонхилохын зэрэгцээ хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин, барилга хот байгуулалт зэрэг салбарт мөн идэвхтэй хөгжиж байна.

Хоёр улсын Засгийн газрын түвшинд анхаарч, дэмжин цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн, тэлэхийн тулд ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа бол?     

Монгол, Канад улс бүхий л чиглэлд харилцаагаа өргөжүүлэх, Монгол улсын ардчилсан хөгжил, дэвшлийг дэмжих хүсэлтэйгээ илэрхийлдэг. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны бүхий л асуудлыг хэлэлцдэг хоёр жил тутмын Засгийн газар хоорондын зөвлөлдөх механизм болох Дугуй ширээний уулзалтын VII хуралдаан энэ оны гуравдугаар сарын 9-нд Оттава хотноо амжилттай явагдлаа. Монгол улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж тэргүүтэй манай Засгийн газрын өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ирж оролцлоо.  Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, ирэх хоёр жилд хийхээр төлөвлөсөн ажлаа хэлэлцэн тохирсон. Энэ хүрээнд Канадаас Монголд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Канад улсын манай оронд үзүүлэх хөгжлийн тусламжаа үргэлжлүүлэх, хөдөө аж ахуй, дэд бүтэц, барилга, байгаль орчны салбарт хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэхээр нэгдсэн тохиролцоонд хүрсэн.

Түүнчлэн, ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх, хүний эрх, ялангуяа эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд Канад улс Монгол улстай илүүтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ. Мөн хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлж, НҮБ-ын энхийг сахиулах хүчний хүрээнд хамтран ажиллахаар тохирсон.

Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын чиглэлд хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Канадад суралцах Монгол оюутны тоог нэмэгдүүлэх, их дээд сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, Монгол судлалыг хөгжүүлэх, соёлын солилцоог нэмэгдүүлэх, өвлийн спортыг хөгжүүлэхэд хамтран ажиллах арга хэмжээнүүд хэрэгжүүлэх зорилт тавилаа.

Канад улс нь Монгол улсын томоохон хөрөнгө оруулагч орны хувьд хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн талаар тодорхой судалгаа байдаг уу?

Канадын Экспорт хөгжлийн байгууллагын (Export Development Canada) мэдээллээр 2000 оноос хойш Канад нь Монгол улсад 6.4 тэрбум канад долларын хөрөнгө оруулсан байдаг. Энэ хөрөнгө оруулалтын дийлэнх нь Монголын уул уурхайн салбарт хамаарах бол банк санхүүгийн салбар мөн томоохон байр суурь эзэлж байна. Оюутолгой төслийн далд уурхайн ашиглалтын санхүүжилтэд Канадын Экспорт хөгжлийн байгууллага (Export Development Canada) 750 сая ам.доллар, Canadian Imperial Bank of Commerce арилжааны банк 145 сая ам.доллар оруулсан нь Монголд оруулсан нийт хөрөнгө оруулалтын 20% юм. Мөн Канадын арилжааны National Bank нь Монголын ХАС банкны активын 10%-ийг худалдан авсан нь Канадаас манай банк, санхүүгийн салбарт оруулсан анхны гадаад хөрөнгө оруулалтад тооцогдож байна. 

Цаашид эдийн засгийн ямар салбаруудад хөрөнгө оруулахаар анхаарч, басхүү сонирхож байна вэ?
Манай эдийн засгийн тулгуур салбар болох уул уурхайн үйлдвэрлэл Канадын хөрөнгө оруулалтын үндсэн салбар цаашид байх нь тодорхой байна. Саяхан Торонто хотноо болж өнгөрсөн Олон улсын уул уурхайн чуулга уулзалтад (PDAC) оролцох үеэр Канад  улсын зүгээс энэ сонирхол тодорхой харагдаж байсан. Зарим нэгэн шинэ хөрөнгө оруулалтын эхлэлүүд ч тавигдсан. Цаашид хөдөө аж ахуй, дэд бүтэц, барилга, банк сан­хүү, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулал­тыг илүү татахаар зорин ажиллаж байна.

PDAC чуулганы энэ жилийн арга хэмжээнээс ямар чиг хандлага танд анзаарагдав? Өнгөрсөн онтой харьцуулахад шинэлэг, онцлог зүйл юу байв? 2017 оны PDAC чуулганы хүрээнд Монгол улсад таатай, “чихэнд чимэгтэй” мэдээлэл юу байсан бэ?

Сүүлийн нэлээд хэдэн жил Монгол улс энэ арга хэмжээнд оролцож байна. 2017 оны хувьд дэлхийн уул уурхайн үйлдвэрлэл сэргэх өнгө аяс харагдсан, өмнөхөөсөө олон оролцогчтой чуулган болж өнгөрлөө. Дэлхийн уул уурхайн мэргэжилтнүүд, энэ салбарт бизнес хийж ашиг олдог хөрөнгө оруулагчид, уул уурхайн салбар нь зонхилдог эдийн засагтай улс орнуудын төлөөлөгчид, өөрөөр хэлбэл 120 гаруй орны 22 мянга гаруй оролцогчид хүрэлцэн ирэв. Уул уурхайн хямралын мөчлөг дуусч, сэргэлтийн шинэ үе эхэлж байгааг илтгэсэн уур амьсгалд болж өнгөрлөө.

Яг энэ чухал үед манай Засгийн газар өндөр түвшний олон төлөөлөгч илгээж оролцуулсан нь чухал ач холбогдолтой цагаа олсон арга хэмжээ болсон. Чуулга уулзалтын эхний өдөр буюу гуравдугаар сарын 5-ны өдөр “Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын форум” арга хэмжээг зохион байгуулж, Монголын Засгийн газраас уул уурхайн салбарын бодлого, авч хэрэгжүүлж эхэлсэн ажлуудаа танилцуулсан бөгөөд манайд хөрөнгө оруулж, үйл ажиллагаагаа явуулж буй Канадын компаниуд төслөө танилцуулж, Канадын болон бусад гадаад орны хөрөнгө оруулагчид зэрэг нийтдээ 300 гаруй хүн оролцсон нь өмнөх жилүүдтэй харьцуулахад дэвшилттэй болсон.

Монгол, Канад улсын хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Хэлэлцээр хүчин төгөлдөр болж, үйлчилж эхэлснийг энэ үеэр зарласан нь “чихэнд чимэгтэй” мэдээлэл болж, улс төрийн тогтвортой цаг ирж, эрх зүйн ойлгомжтой орчин бүрдэж байгааг олон оролцогчид онцлон ярьж байсан юм. Сонирхолтой нь зарим орны төлөөлөгчид манай арга хэмжээний зохион байгуулалт, арга хэлбэрийг ихэд сонирхон “туршлага судалж” байлаа. Энэ арга хэмжээний хүрээнд манай төлөөлөгчид Торонтогийн хөрөнгийн биржид зочилж, манай уул уурхайн компаниуд энд хувьцаагаа арилжаалах боломж олгох асуудлаар хамтран ажиллахаар тохиролцсон нь мөн тодорхой үр дүнтэй ажил боллоо.

Канад улсын Парламентын Нийтийн танхимын дарга Ж.Рэганы 2016 онд Монгол улс дахь айлчлалын хүрээнд ФИПА буюу Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах хэлэлцээрийг хоёр улсын Засгийн газрын хэмжээнд үзэглэсэн. Энэхүү хэлэлцээр үйлчилж эхэлснийг зарлажээ. Хэлэлцээр нь хоёр улсын хөрөнгө оруулагчдыг ямар эрсдэлээс хамгаалж, мөн ямар давуу талуудыг олгоно гэж Та үзэж байна вэ?
Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол, Канад улсын хэлэлцээр нь хоёр орны хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх нь ойлгомжтой.  Хэлэлцээрийг 2016 оны есдүгээр сарын 8-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурж байгуулсан.

Энэхүү  баримт бичгийг Монголын тал 2016 оны аравдугаар сарын 26-нд, Канадын тал 2017 оны хоёрдугаар сарын 24-нд тус тус батламжиллаа. Энэ тухай Монгол улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Канадын Олон улсын худалдааны сайд Филипп Франсуа Шампэнь нар Торонтогийн олон улсын уул уурхайн чуулга уулзалтын үеэр 2017 оны гуравдугаар сарын 7-нд нийтэд зарласан нь чухал мэдээ болсон юм. Уг хэлэлцээр нь Канадаас Монгол улсад, Монголоос Канад улс руу орох хөрөнгө оруулалтын тогтвортой, ойлгомжтой орчныг бий болгоод зогсохгүй хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, маргаантай асуудлыг хэлэлцээрт тусгасан зарчмын дагуу шийдвэрлэх зэрэг чухал заалтууд орсон тул зөвхөн Монгол, Канад төдийгүй гадаадын нийт хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлсэн баримт бичиг болсон гэж үзэж байна.

Хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд Канад улсын төрийн зүгээс ямар бодлого явуулдаг вэ?

Канад нь олон арван жилийн түүхтэй, парламентын ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засаг, хувийн өмч зэрэг үнэт зүйлсийг эрхэмлэдэг эрх чөлөөт, хуулийн чанд засаглалтай улс. Бизнесийн үндсэн дүрэм, журам энд чанд үйлчилдэг. Канадын төдийгүй гадаадын хөрөнгө оруулагч нарт ижил боломж олгон, нөхцлийг бүрдүүлж, тэгш шаардлага тавьдаг тул гадаад орноос Канад руу чиглэсэн хөрөнгө оруулалт их.

Канадад хөрөнгө оруулалтын эрх зүйн тогтвортой орчин, өндөр өсөлттэй эрүүл эдийн засаг, Хойд, Өмнөд Америк, Европ, Ази гээд асар их хэрэглээний зах зээлд ойр, өндөр мэргэжлийн ажиллах хүчин, бага хүүтэй татварын таатай, тогтвортой орчин, шинэ техник технологийн төв, бизнесийн соёл өндөр, амьдрах орчны чанар зэрэг олон эерэг хүчин зүйл үүнд шууд эерэгээр нөлөөлж байна. 2015 оны байдлаар Канад нь гадаад улс орнуудад 1005.2 тэрбум канад доллар, гадаад улс орнууд Канад руу 768.5 тэрбум канад долларын хөрөнгө оруулалтыг хийжээ.

Хоёр улсын уул уурхайн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн түвшинг Та хэрхэн тодорхойлох вэ? Эрдэс баялгийн салбарт хамтын ажиллагааны ямар нөөц боломжийг Та харж байна вэ?   
Монгол, Канадын уул уурхайн салбарын хамтын ажиллагаа манай хоёр орны харилцааны чухал чиглэл юм. Канадаас Монголд оруулсан 6.4 тэрбум канад долларын хөрөнгө оруулалтын дийлэнх нь энэ салбарт ногдоно. “Оюутолгой”, “Сентерра гоулд”, “Энтрее гоулд”, “Эрдэнэ ресурс”, “Степпе голд” зэрэг  компанийн амжилттай хэрэгжиж буй төслүүд үүнд хамаарна. Уул уурхайн том төсөл хэрэгжихийн хэрээр түүнийг дагасан санхүү, менежмент, техникийн үйлчилгээний маш олон дунд жижиг компанийн үйл ажиллагаа идэвхждэг.

Уул уурхайн салбарт хамтын ажиллагааны нөөц боломж их гэж үздэг. Энэ хөрөнгө оруулалтыг дагаад Канадаас Монголд уул уурхайн үйлдвэрлэлийн сүүлийн үеийн техник технологи, тоног төхөөрөмж орж ирэхийн хэрээр Монголын мэргэжилтэн, ажилтнуудын мэдлэг, туршлага, ур чадвар нэмэгдэх давуу талтай. Бизнесийн шинэ соёл, менежмент нэвтэрнэ. Уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход Канад улс хөгжлийн тусламжийнхаа хүрээнд Монгол улсад их туслалцаа үзүүлж байгааг онцлохыг хүсч байна. Уул уурхайн хөгжлийг дагасан нийгмийн асуудал, орон нутгийн иргэдийн эрх ашиг, уурхайн ажилчдын нийгэм, эрүүл мэндийн чиглэлээр Канадаас суралцах, нэвтрүүлэх зүйл олон бий. Байгаль орчныг хамгаалах, усны нөөцийн зохистой ашиглалт, ашиглалтын дараах уурхайн хаалт зэрэг чиглэлээр хоёр улс төсөл хэрэгжүүлж хамтран ажиллаж байна.

Монгол улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж эхлээд буй “Алт 2” хөтөлбөрийг Канадын уул уурхайн компаниуд ихээхэн сонирхож байна. Дэлхийн уул уурхайн бизнес төвлөрсөн Торонтогийн хөрөнгийн биржид манай уул уурхайн компаниудыг гаргахад дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллаж байна.

Канад нь Монголыг хөгжлийн тусламж үзүүлдэг тэргүүлэгч 25 орныхоо жагсаалтад 2014 онд оруулсан бөгөөд эдүгээ 50 орчим сая канад долларын санхүүжилттэй 6 төсөл хэрэгжиж байгаагийн хоёр нь уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн менежментийн чадавхийг сайжруулахад чиглэгдэж байгаа юм. Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Үндэсний Геологийн албыг байгуулж бэхжүүлэх талаар Монгол, Канад улс хамтран ажиллахаар болж байна. Энэ хамтын ажиллагаа тодорхой үр дүнтэй, харилцан ашигтай, хоёр талын эрх ашгийг чанд хангасан нөхцөлд хэрэгжих нь ойлгомжтой юм.

Монгол Канадын түншлэлийн хамтын ажиллагааг цаашид тодорхой салбарууд, тэр тусмаа уул уурхайн салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн тулд ямар ажлууд хийх ёстой вэ?  
Уул уурхайн салбарын хувьд нэгэнт эхэлсэн том төслүүдээ амжилттай үргэлжлүүлэх, шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавьж, боломж олгох нь чухал. Монгол, Канад орны эдийн засгийн хамтын ажиллагааг солонгоруулах шаардлагатай байгаа. Юуны түрүүнд хөдөө аж ахуйн салбарт их боломж бий гэж харж байгаа юм. Цаг агаар, уур амьсгалын ижил нөхцөлтэй орны хувьд энэ салбарын хамтын ажиллагааг илүү идэвхжүүлэх зорилготой хоёр орны Хөдөө аж ахуй яам хоорондын Ажлын хэсгийн уулзалт энэ оны зургаадугаар сард Оттава хотноо болно.

Канадын хөдөө аж ахуйн бүс нутаг Саскачеван мужид жил бүрийн зургаадугаар сард зохион явуулдаг Олон улсын хөдөө аж ахуйн форум-үзэсгэлэнд манай хөдөө аж ахуйн салбарын хувийн хэвшлийнхэн сүүлийн жилүүдэд тогтмол оролцож, газар тариалангийн шинэ технологи, техник, тоног төхөөрөмж болон мал аж ахуйн шинэ бүтээгдэхүүнүүдтэй танилцаж туршлага судлан, гэрээ хэлэлцээр байгуулж, хамтран ажилласаар ирсэн. Хүйтэнд тэсвэртэй ургац, сайн үүлдрийн малын хөлдөөсөн үр, өгөөж өндөртэй бордоо төдийгүй бүрэн болон хагас автоматжсан газар тариалангийн машин механизм, үр тарианы хадгаламжийн байгууламж зэрэг авах, сурах зүйл энд их байдаг.

Дэд бүтцийн салбарт Канадын модон байшингийн болон зам, гүүрийн стандартчиллыг Монголд нутагшуулах ажил хийгдэж байгаа. Бага оврын усан цахилгаан станц, цахилгаан түгээх шугам сүлжээний схем, хот байгуулалт, хотын нийтийн үйлчилгээ зэрэг асуудлаар манай холбогдох байгууллага, мэргэжилтнүүд Канадад ирж туршлага судлаад буцсан. Эдгээр ажил цаашид үргэлжилнэ.

Монгол улсаас Канад улсад хэчнээн боловсон хүчин бэлтгэгдэж байгаа тоо баримтыг сонирхуулахгүй юу? Боловсролын хөрөнгө оруулалт, боловсон хүчний нөөц бэлтгэх чиглэлээр хоёр улсын Засгийн газраас ямар бодлого чигтэй ажиллаж байна вэ?
Канадын их, дээд сургуулийн сургалтын чанар, чансаа өндөр тул Монголын залуус сонирхох нь зүйн хэрэг.

Канад улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам Канадын их, дээд сургуулиудын нээлттэй хаалганы өдрийг жил бүр Улаанбаатар хотноо аравдугаар сард зохион байгуулдаг байсан. Канадад суралцах талаар бодитой мэдээлэл өгөх найдвартай эх сурвалж нь энэ. Гэхдээ одоо Канадын их дээд сургуулиудын цахим хуудас руу орж бүх мэдээллийг авах бүрэн боломжтой.

Эдүгээ Канадын их, дээд сургуульд манай 500 орчим залуус төрөл бүрийн мэргэжил эзэмшихээр суралцаж байна. Төрийн сургалтын сангийн зээл, хувийн санхүүжилт, хувийн компанийн зардлаар ихэвчлэн суралцаж байна. Канадын их дээд сургууль цөөн тооны тэтгэлэг олгодог бөгөөд эдгээр нь ихэнхдээ санхүүгийн нэмэлт дэмжлэг байдлаар өгөгддөг. Харин докторантурт суралцахад бүрэн хэмжээний тэтгэлгийг нөхцөл хангасан тохиолдолд авах боломжтой байдаг.

Уул уурхайн чиглэлийн инженер, мэргэжилтнүүд Бритиш Колумбын их сургуульд бэлтгэгдэж байна. Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудалд ажиллах олон мэргэжилтэн Канадад бэлтгэгдсэн.  
Монголын цөөнгүй их дээд сургуулиуд Канадын их дээд сургуулиудтай хамтын ажиллагаатай. Хөдөө аж ахуйн их сургууль Саскатүүний их сургуультай,  Анагаах ухааны их сургууль Альбертагийн их сургуультай хамтран ажиллаж байна. Энэ хамтын ажиллагааг идэвхжүүлж, дипломын сургалтын хамтарсан хөтөлбөр боловсруулах, оюутан багш солилцох хэлбэрээр улам идэвхжүүлэх шаардлага бий. Олон зүйл биднээс мөн шалтгаална. Мэргэжилтэй ажилчин бэлтгэх, техник мэргэжлийн сургуулийн арга зүйг сайжруулах чиглэлээр ярилцаж байгаа асуудлууд мөн бий.

Ярилцсанд баярлалаа.