Хүнд даацын тоног төхөөрөмжийн “Комацу” үйлдвэрийн албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” компани Улаанбаатар хот дахь Засварын төвийн байгууламж, үйлчилгээний цар хүрээгээ танилцуулах зорилгоор “Нээлттэй өдөрлөг”-ийг өнөөдөр “Уран ган” төв дээр зохион байгууллаа.
“Трансвест Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэвид Төрнбулл өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Манай компанийн соёл, бидний эрхэмлэдэг зүйл бол хөдөлмөрийн аюулгүй байдал. Мэдээж манай ажилчид, хамтран ажиллаж байгаа хүмүүс бидний үнэт зүйл. Аюулгүй ажиллагаа гэдэг бол аз биш, сонголт байх ёстой” хэмээн онцлов.
Тэрээр мөн “2009 онд манай компани байгуулахдаа Уран ган цогцолборт анх засварын
ажлаа эхлүүлж байлаа. Бид анхнаасаа Монголын зах зээлд чанартай техник, тоног
төхөөрөмжийг нийлүүлэх, борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлэх гэсэн хоёр
зорилгыг өмнөө тавьж ажилласан. Түүнчлэн манай компани Монголд хөдөлмөрийн аюулгүй байдлаараа
тэргүүлэгч компани болоод зогсохгүй
МҮХАҮТ-аас зарладаг шилдэг 100 аж ахуйн нэгээр шалгарсандаа таатай байдаг” гэсэн
юм.
Уг арга хэмжээний хүрээнд тус компанийн уул уурхай, зам, барилгын салбарын харилцагчдын төлөөлөл болсон 80 гаруй зочид оролцож, “Трансвест Монголиа” компанийн зүгээс зах зээлд шинээр нэвтрүүлж буй хүнд даацын тоног төхөөрөмжийн засварын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлж өгсөнөөрөө онцлог болов.
“Трансвест Монголиа” компанийн зүгээс хэрэглэгчиддээ нэг цэгийн цогц үйлчилгээг санал болгох зорилготойгоор засварын төвийн нэмэлт тоноглол, байгууламжийн өргөтгөл зэрэгт 2017 оны нэгдүгээр улирлын байдлаар 1.5 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.
Тус компани нь уул уурхай, зам барилгын тоног төхөөрөмжийн төрөлжсөн засвар үйлчилгээг хэрэглэгчиддээ санал болгон ажиллаж ирсэн өргөн туршлагатай. Эдгээрт хүнд даацын механизмын бүх төрлийн эд ангийн сэргээн засварлалт, гагнуур болон шугаман зоролт, механик, токарийн цехүүд, цахилгаан эд ангийн засварлалт, тэнцвэржүүлэлт зэрэг багтдаг байна. Өдөрлөгийн үеэр зочдыг дөрвөн бүлэгт хувааж, Гагнуурын цех, Засварын цех, Агуулах, Техникийн судалгааны төв, Сэргээн засварлах төвийн үйл ажиллагаатай танилцуулсан юм.
Г.Идэр