Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Алт олборлогчдод Хөгжлийн банкаар дамжуулан зээл олгоно



The Mongolian Mining Journal 2017.004 №101

Салбар зөвлөлүүд нарийвчилсан  төлөвлөгөөгөө боловсруулж байна

Г.Идэр

Алт олборлолтыг жилд 2-3 тонноор нэмэгдүүлсээр 2020 он гэхэд 25 тоннд хүргэх зорилготой үндэсний хөтөлбөрийг Засгийн газар баталснаас хойш салбарын яамд чиглэл чиглэлээр шуурхайлан ажиллаж байна.

Хамгийн түрүүнд хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, уялдуулан зохицуулах, тайлагнах чиг үүрэгтэй, байнгын ажиллагаатай орон тооны бус Зөвлөлийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захирамжаар байгуулсан юм. Зөвлөлийн дарга нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж.  Тэрээр энэхүү эрх мэдлийнхээ хүрээнд дөрвөн чиглэлээр хэрэгжилтийг зохион байгуулах Салбар зөвлөлийг байгуулан ажиллаж байна.

Тодруулбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын  дэд даргаар ахлуулсан Хууль эрх зүй, орон нутаг хариуцсан салбар зөвлөл, Сангийн яамны Санхүүжилт, хөрөнгө оруулалт хариуцсан салбар зөвлөл, УУХҮЯ-ны Геологи, уул уурхайн асуудал хариуцсан салбар зөвлөл, БОАЖЯ-ны Байгаль орчин, нөхөн сэргээлт хариуцсан салбар зөвлөлүүд “Алт-2” хөтөлбөрийн төлөвлөгөөг тус тусдаа боловсруулж буй бөгөөд удахгүй нэгтгэн зангидана.

Нийт таван гол зорилтын хүрээнд 43 зорилтот үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр “Алт-2” хөтөлбөрийн төлөвлөгөөний төсөлд тусгаад буйг УУХҮЯ-ны  мэргэжилтнүүд дуулгалаа.

Одоогоор “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг орон тооны бус Зөвлөлөөрөө хэлэлцээд, салбар зөвлөлүүдийн нарийвчилсан төлөвлөгөөг нягтлан боловсруулах ажилдаа хариуцсан алба, хэлтсүүд ханцуй шамлан оржээ.

Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Салбар зөвлөлүүд өөрт ногдсон нарийвчилсан төлөвлөгөөнүүдээ боловсруулж дуусгаад байгаа бол БОАЖЯ-ныхан ажлаа хараахан эцэслэж амжаагүйг холбогдох албаны хүмүүс нуусангүй. Салбар зөвлөлүүд тус тусын хариуцсан нарийвчилсан төлөвлөгөөнүүдээ нэгтгэчихвэл үндсэндээ “Алт-2”  хөтөлбөрийн хэрэгжилт дардан замдаа шуудран орох нь.

Геологи, уул уурхайн салбарынхан, тэр дундаа алт олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд шинэ хөтөлбөрийн агуулга, чиг зорилгоос гадна  хэрэгжүүлэх механизмтай  нарийвчилсан төлөвлөгөөг эцэслэн батлагдахыг хүлээж буй нь тодорхой юм.

Таван зорилтын хүрээнд ямар ажлуудыг хийж гүйцэтгэх вэ?

УУХҮЯ-ны Геологи, уул уурхайн асуудал хариуцсан салбар зөвлөл “Алт-2”  хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээний календарчилсан буюу нарийвчилсан төлөвлөгөөг Салбар зөвлөлүүдэд  хүргүүлжээ. Уг төлөвлөгөөнд тусгагдсан таван зорилтыг тоймлон хүргэе.

Нэгд, уулын ажлын тайланд үндэслэн алт болон бусад салбарын татварын хувь хэмжээ, нийт зардал болон борлуулалтын орлогод эзэлж буй хувь хэмжээг тогтоох замаар татварын ачааллын судалгааг шинэчлэх аж. Мөн алтны салбарт санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан өмнөх сайн туршлагуудыг судалж, боломжит хувилбаруудын  талаар санал боловсруулах ажил ид явагдаж байна.

Ямар ч байсан Сангийн яам, Монгол банкны салбар зөвлөлийн холбогдох  мэргэжилтнүүд хэд хэдэн удаа санал солилцох уулзалт хийсний эцэст санхүүжилт шаардлагатай 69 төслийн судалгааг гаргажээ. Үүнтэй холбоотойгоор, алтны уурхайнуудын зардлын урьдчилсан үнэлгээг хийж, санхүүжилтийн схемийн загварыг эхний байдлаар гаргасан гэж Сангийн яамныхан тодотголоо.

Энэ зорилтын хүрээнд алтны олборлолтыг дэмжих зорилгоор тусгай зориулалттай талбайн бүсийн судалгааг Заамар болон Сэлэнгийн нутаг дэвсгэрт хийж, хил заагийг тогтооно. Мөн яамдаас санал авч, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Хоёр дахь зорилтын тухайд, алтны хэтийн төлөв бүхий бүс нутгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр Монгол орны алтны хэтийн төлөвийг үнэлэх, алтны эрэл-үнэлгээний сэдэвчилсэн судалгааны ажлыг “Засгийн газрын  үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл”, жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгуулж байхаар болжээ. Энэхүү сэдэвчилсэн судалгааны ажлыг 2017 онд  Монгол орны төв, зүүн бүсийн хэмжээнд гүйцэтгэхээр төсөв, төлөвлөгөө, геологийн даалгаврыг боловсруулсан бөгөөд гүйцэтгэгч хуулийн этгээдийг сонгон шалгаруулах бэлтгэл ажлыг эхлүүлсэн байна.

Мөн энэ чиглэлд хайгуулын тусгай  зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох талбайн солбицлыг тогтоох Засгийн газрын тогтоолыг баталсан бол хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох талбайн солбицлыг боловсруулах саналаа ЗГХЭГ-т хүргүүлсэн нь “Алт-2” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах нэг ажил болсон гэдгийг албаны хүмүүс онцолж байгаа юм.

Гуравдугаар зорилтын хүрээнд, алтны үндсэн ордыг ашиглах хүрээнд Орд ашиглах гэрээ болон Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээр хийх Ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх дэд Ажлын хэсгийг УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатараар ахлуулан байгуулжээ. Уг Ажлын хэсэг нь  Орд ашиглах гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг эхний байдлаар танилцуулсан аж.

Дөрөвдүгээр зорилтын хүрээнд, Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн журмын төсөл боловсруулах дэд Ажлын хэсгийг байгуулж, УУХАЯ, БОАЖЯ, АМГТГ-ын холбогдох мэргэжилтнүүд “Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт хаалтын журам”-ын төслийг боловсруулан яамны цахим сайтад байршуулан, олон нийтээс санал зөвлөмж авч эхэлжээ.
Тавдугаар зорилтын хүрээнд, “Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон үйл ажиллагааны журам” болон “Үүсмэл орд ашиглах үйл ажиллагаанд тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам”-ын төслүүдийг УУХҮЯ-ны Салбар зөвлөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар батлуулсан байна.

Эдгээр ерөнхий зорилтын хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө  боловсруулснаас гадна хууль бусаар алт олборлож байгаа аймаг, орон нутгийн судалгааг гаргуулж, алт олборлолтын гарал үүслийг тодорхойлох, Стратегийн ач холбогдол бүхий алтны ордуудын ашиглалтыг эхлүүлэх, тэр дундаа Гацууртын алтны ордыг ашиглах бэлтгэл ажлыг хангаж,  Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлыг шийдвэрлэх, Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэрийг байгуулах (Алт цэвэршүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж, тендер зарлах), бичил уурхайгаар алт олборлоход ашиглаж байгаа техникийн стандартыг боловсронгуй болгож, хаягдал багатай ашиглах технологи нэвтрүүлэх, бичил уурхайгаар олборлосон алтыг худалдан авах, борлуулах албан ёсны сүлжээ бий болгох зэрэг олон ажлыг шат дараалалтай, хугацаатай хийж гүйцэтгэхээр “Алт-2” хөтөлбөрийн нарийвчилсан төлөвлөгөөнд тусгажээ.
Эдгээр төлөвлөгөөний хэрэгжүүлэх хугацаа нь гол төлөв 2017 оны тав, зургаадугаар сараас өмнө байгаа бол зарим нь 2019 он хүртэлх байдлаар төлөвлөгджээ.

УУХҮЯ-наас алтны 69 төслийн жагсаалтыг Хөгжлийн банкинд хүргүүлжээ

“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.68-т “Алт-2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг Монголбанктай хамтран шийдвэрлэнэ”, мөн Алт-2 үндэсний хөтөлбөрийн 3.1.6-д “Алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, алт олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлж олборлосон алтыг худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилгоор зээл олгох хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлж хэрэгжүүлэх” гэж тус тус заасан байдаг.  Энэ үүднээс  Салбар зөвлөлүүд 2017 оны зургаадугаар сарын 20-ноос өмнө буюу “Алт-2” үндэсний хөтөлбөрийн Ойрын хугацаанд хийх ажлуудын  төлөвлөгөөндөө  алтны салбарт санхүүгийн дэмжлэг олгож байсан өмнөх сайн туршлагуудыг судалж, боломжит хэлбэрүүдийн талаар санал боловсруулахаар ажиллаж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, Салбар зөвлөлүүд хөнгөлөлттэй зээл олгох шалгуур үзүүлэлтийг нарийвчлан боловсруулж, хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлж, боломжит хэмжээг тогтоох, алтны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудаас санал хүсэлт болон ТЭЗҮ-ийн мэдээллийг авах, төслүүдийн мэдээллийг нэгтгэн боловсруулж нарийвчилсан үнэлгээ өгч, сонгох, санхүүжилт олгосноор үүсэх эдийн засгийн нөлөөллийн судалгааг боловсруулах, эхний шатанд шалгарсан төслүүдийн мэдээллийг холбогдох төрийн байгууллагад хүргүүлж санал авах зэрэг нэлээд хэдэн шат дараалалтай ажлууд өрнөж эхэлсэн байна.

“Алт-2” үндэсний  хөтөлбөрийн зорилго нь алт олборлогчдоо дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгож, Монголбанкны алтны нөөц болон  гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх. Энэ ч утгаараа алтны компаниудыг санхүүжүүлэхэд Монгол банк голлож, арилжааны банкууд түлхүү оролцох болов уу гэсэн ойлголт салбарынханд байсан нь нууц биш.

Тэгвэл  хөтөлбөрийн энэ удаагийн санхүүжилтийг Хөгжлийн банк хариуцан ажиллахаар болжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 20 дугаар тогтоолын хүрээнд Монгол улсын Хөгжлийн банкаар дамжуулан зээл авах аж ахуйн нэгж байгууллагууд нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн шаардлагыг хангасан байх бөгөөд тус банкнаас гаргасан Зээл хүсэгчийн үндсэн 26 бичиг баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлэн Хөгжлийн банкинд хүлээлгэн өгөх юм.

Зээл хүсэгчийн бүрдүүлэх бичиг баримтууд нь алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн хувьд байх ёстой, бүрдүүлэхэд тийм ч хүндрэлтэй биш гэдгийг Хөгжлийн банкны холбогдох албаны хүмүүс учирлаж байна. Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг Хөгжлийн банк болон Ашигт малтмал, газрын тосны газрын цахим сайтад байршуулжээ.

Аж ахуйн нэгжүүд эдгээр бичиг баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлж өгсний дараа Хөгжлийн банк журмынхаа дагуу судалгааны ажлуудаа хийж, холбогдох газруудаар дүгнэлт гаргуулан Зээлийн хорооны хурлаар оруулах аж. Энэ хурлаар аж ахуйн нэгжүүдэд зээл олгох уу, үгүй юу гэдэг шийдвэр гарах юм байна.

Хөгжлийн банкнаас аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох ба одоогоор хөнгөлөлтийн хувь хэмжээг хараахан батлаагүй байна. Энэ чиглэлд Сангийн яамтай нэмэлт гэрээ байгуулж, хурлаараа хэлэлцэх зэрэг ажлууд бий хэмээн Хөгжлийн банкны холбогдох мэргэжилтнүүд онцоллоо. 

Гэхдээ УУХҮЯ-наас Хөгжлийн банкинд урьдчилсан байдлаар ирүүлсэн 69 төсөл буюу алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй аж ахуйн нэгжийн жагсаалтын дагуу бүгдэд нь зээл олгогдохгүй бололтой. Учир нь энэхүү зээл арилжааны банкуудаар биш, зөвхөн Хөгжлийн банкаар дамжиж олгогдох учраас эрсдэлээ тооцож, хуулийнхаа дагуу яг шаардлага хангасан зээл хүсэгчийг судлаад, зээл олгох аж.

Зээл авахын тулд банкны зээлгүй, уулын ажлын тайлангаа  батлуулсан байх шаардлагатай

Хөгжлийн банкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд олборлосон алтаа Монгол банкинд тушаах, зээл болон зээлийн хүүгээ хугацаанд төлөх гэсэн хоёр үндсэн шаардлагыг тавих юм байна. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа 2017 оноос хэтрэхгүй гэдгийг мөн Хөгжлийн банкныхан тодотголоо.

Учир нь, УУХҮЯ-ны өгсөн мэдээллээр бол алт олборлогчдод одоогоор үйл ажиллагааны бодит эргэлтийн хөрөнгө л чухал. Түүнээс биш үйлдвэр байгуулах, бусад томоохон бүтээн байгуулалт хийх шаардлага байхгүй аж. Авсан зээлээрээ шууд шороон ордоосоо алтаа олборлолоо, баяжуулаад, Монгол банкинд тушаах процесс л явагдана. Зөвхөн энэ процесст зориулагдсан зээл олгогдоно гэж хэлж болно. 

Гэхдээ алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд бусад арилжааны банкуудаас зээл аваад бүрэн төлөөгүй тохиолдолд Хөгжлийн банкнаас зээл олгохгүй аж.

Одоо үүсээд байгаа нэг хүндрэл нь аж ахуйн нэгжүүд хууль, журмынхаа дагуу тухайн оны 12 дугаар сарын 1-нээс өмнө уулын ажлын тайлан, хайгуулын ажлын төлөвлөгөөгөө батлуулсан байх ёстой ч АМГТГ-т тайлангаа ирүүлээгүй, төлөвлөгөө нь батлагдаагүй тохиолдол нэлээд хэд байгааг холбогдох эх сурвалж онцоллоо.

Шалтгаан нь 2017 оноос АМГТГ аж ахуйн нэгжүүдээс уулын ажлын болон хайгуулын тайлан, төлөвлөгөөг цахимаар авч эхэлсэн бөгөөд компаниуд хугацаандаа амжихын тулд бүрэн бус тайлан явуулсан тохиолдол олноор гарч, түүнийг АМГТГ шаардлага хангаагүй тул хүлээж аваагүй буцаасантай холбоотой аж. Юутай ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж уг ажлыг дөрөвдүгээр сарын 20-ны дотор багтаан шийдэх үүргийг АМГТГ-ын даргад өгчээ.

АМГТГ-т жилд 400 гаруй аж ахуйн нэгж уулын ажлын тайлан, хайгуулын ажлын төлөвлөгөө ирүүлдгээс 350 орчим нь батлагддаг аж.
2017 оны дөрөвдүгээр сарын сүүлийн  долоо хоногийн байдлаар, алтны үндсэн ордын 12  уулын ажлын төлөвлөгөө ирснээс 7 нь батлагдсан байв. Харин алтны шороон ордын 121 уулын ажлын төлөвлөгөөнөөс  82 нь  батлагджээ.

Мэдээж хэрэг, хуулийнхаа дагуу 2016 оны 12 дугаар сарын 1-нээс өмнө уулын ажлын тайлан, төлөвлөгөөгөө ирүүлсэн алтны аж ахуйн нэгжүүдээс гадна дөрөвдүгээр сарын 20-ноос өмнө тайлан, төлөвлөгөөгөө АМГТГ-аар батлуулж амжсан компа­ниуд Хөгжлийн банкнаас зээл хүсэх эрхтэй. Гэхдээ эцсийн дүндээ Хөгжлийн банкны зээлийн шалгуур үзүүүлэлтүүдийг  давж, зээлээ авах нь зөвхөн аж ахуйн нэгжүүдээс шалтгаалахаар байна.