Азийн худалдан авагчид, ялангуяа Хятадын ган үйлдвэрлэгчид коксжих нүүрсний худалдан авалтаа бууруулах хандлагатай байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Саяхан болж өнгөрсөн үнийн өсөлтийн үеэр Австралиас өөр бусад орны үйлдвэрлэгчид нийлүүлэлтээ нэмэгдүүлсний сацуу удахгүй Австралийн нийлүүлэлт урьдны хэмжээнд хүрэхээр байгаа юм. 300 ам.доллар давж өсөөд байсан коксжих нүүрсний үнэ тавдугаар сарын 8-ны байдлаар Австралийн эргийн боомт дээр нэг тонн нь 199 ам.доллар болж буураад байсан бол өнгөрсөн баасан гаригийн байдлаар 170 ам.доллар орчим болж үнэ нь огцом буурсан тухай Nikkei Asian Review хэвлэл мэдээлжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур коксжих нүүрсний үнэ 300 гаруй ам.долларт хүрч, сүүлийн зургаан жилийн хугацаан дахь хамгийн дээд хэмжээнд очоод байсан юм. Өмнөх гуравдугаар сарын сүүлээр Австралийн зүүн хойд эргийг дайрсан Дэбби хар салхины улмаас Австралийн Квийнслэнд мужийн нүүрсний дөрвөн төмөр замын сүлжээ хаагдсан бөгөөд тэдгээр дундаа хамгийн гол зам нь болох Goonyella бүтэн сарын хугацаанд ашиглалтгүй болсон юм. Тэгвэл 4 дүгээр сарын 26-нээс эхлэн Goonyella-г ашиглалтад оруулсан билээ. Энэ сарын сүүлээр уг замыг бүрэн хүчин чадлаар нь ашиглах боломжтой болно гэж Platts мэдээлжээ. Цаашид коксжих нүүрсний үнэ нэг тонн нь 150 орчим ам.долларын түвшинд очиж мэднэ гэж Wood Mackenzie-ийн судлаач Пракаш Шарма мэдэгджээ.
Үүнээс гадна төмрийн хүдрийн үнэ ч Хятадын эргийн боомтууд дээр өнгөрсөн хоёрдугаар сарын түвшнээс даруй 40%-иар буурч нэг тонн нь 60 ам.доллараас доош ороод байна. Хятадын өнгөрсөн сарын дүнгээр автомашины борлуулалт буурснаас гадна, барилгын салбарт бууралт ажиглагдана гэсэн таамаг газар аваад байгаа юм. Нөгөөтэйгүүр тус улсын эргийн боомтууд болон гангийн үйлдвэрүүдийн агуулах дахь төмрийн хүдрийн нөөц их байгаа нь уг түүхий эдийн үнэ ойрын хугацаанд сайжрахгүйг илтгэнэ. Олонх судалгааны байгууллага төмрийн хүдрийн үнэ урт хугацаандаа буурна гэдэгт санал нэгтэй байгаа юм.
Зэсийн үнийн хувьд өнгөрсөн баасан гаригийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн нь 5541 ам.долларын (3 сарын гэрээт үнэ) ханштайгаар хаагджээ. Зэсийн үнэ тавдугаар сарын 8-нд тус бирж дээр 5491 ам.долларт хүрсэн нь он гарснаас хойших хугацаан дахь хамгийн доод үнэд тооцогдож байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард дэлхийн зэсийн эрэлтийн 40 гаруй хувийг дангаараа эзэлдэг Хятадын экспорт 8%, импорт 11.9%-иар тус тус өссөн нь өмнөх гуравдугаар сарын өсөлтийн дүнгээс харьцангуй бууралттай гарсан юм. Энэхүү үзүүлэлт нь аж үйлдвэрийн гол металын үнийн цаашдын төлөвт эргэлзээ төрүүлж байгаа тухай Ройтерс мэдээллээ. Хэдийгээр Хятадын экспорт, импорт өсөлттэй хэвээр байгаа ч шинжээчдийн таамаглаж байснаас муу гарсан байна.
Б.Төгс