Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Валютын санг “аргалсан” төсөвт өөдрөг хандлага давамгайлав

The Mongolian Mining Journal /april 2017. /

Б.Төгсбилэгт

Засгийн газар том даваа давах гэж байна. Их мөнгө айсуй. Олон улсын валютын сан (ОУВС) манай улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Засгийн газарт төсвөө эхлээд тодотгоно уу, тэгвэл их мөнгөний “амсар зуулгая”  гэж шивнэсэн нь манайхыг түргэн авахуулсан. Угтаа Валютын сан манай Засгийн газарт төсвийн зардлаа хэрхэн багасгахаа өөрсдөө шийдээрэй гэсэн билээ. Дөрөвдүгээр сарын 13-ны “билэгт сайн өдөр” төсвийн тодотголыг 6,035.7 тэрбум төгрөгийн орлого, 8,750.2 тэрбум төгрөгийн зардалтайгаар буюу 2,714.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төсөөлж УИХ-ын эрхэм гишүүд баталлаа. Хэдийгээр зардал буураагүй ч тодотгосон төсвийг баталсан нь  чухамдаа ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд амласан 5.5 тэрбум доллар авах эрхийн бичгийг гардаж авах угтвар нөхцөл болсон юм.

Энэ мөнгийг тэнгэрээс буугаад ирсэн “шар тос” гэж бодвол айхтар эндүүрэл болно. Энэ нь  илүү том эрсдэл, илүү том хариуцлага  дагуулсан мөнгө. Монголд энэ их мөнгө зүгээр олдоогүй. Их мөнгөтэй золгохын тулд Монголын Засгийн газар долоон төрлийн татварыг нэмэхээр болж, ард иргэд бухимдсан ч “төрийн минь сүлд өршөөг” хэмээн сэтгэлээ хатамжлан хүлээж авлаа.  

Энэ оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 10.4%-тай тэнцэхээр баталсан бөгөөд төсвийн алдагдлыг жил бүр аажмаар бууруулсаар 2023 оноос төсвийг 2%-иас илүүгүй алдагдалтай эсвэл ашигтай байхаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгажээ.

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд олгогдох мөнгийг үндсэндээ одоогийн өрийн хугацааг хойшлуулах, ойрын гурван жилийн төсвийн алдагдлыг нөхөх, нийгэм, эдийн засгийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулах тухай Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдсэн. Нийт олгогдох 5.5 тэрбум доллараас бидний гар дээр   3.3 тэрбум нь л ирнэ. Учир нь Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцлийн хугацааг хойшлуулахад 2 тэрбум доллар зарцуулна. Монголын “хоймрын авдранд” орох 3.3 тэрбумын 1.9 тэрбум долларыг ойрын гурван жилийн төсвийн алдагдлыг нөхөх, 440 сая долларыг Монгол банкны валютын нөөцийг баяжуулах, үлдсэнийг нийгэм, эдийн засгийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулна гэх мэдээлэл УИХ-ын чуулганы танхимаас үе үе цуурайтсан билээ.  


Онцлох зүйл гэвэл төсвийн алдагдлыг зөвхөн ОУВС-гийн хөтөлбөрийн мөнгөөр нөхөхгүй. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд Тогтворжуулалтын сангийн мөнгийг 2017 оны төсвийн цоорхойг нөхөхөд авч ашиглана гэж заажээ. Цаашлаад Тогтворжуулалтын санд орж ирсэн мөнгө юу л байна тэр бүгдийг 2023 он хүртэл төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулж, 2024 оноос л хуримтлал бүрдүүлэхээр болж байна. Төсвийн тодотголын төсөлд дурдсанаар энэ оны төсвийн цоорхойг нөхөхөд зориулж 538 тэрбум төгрөг зарцуулна гэж тооцжээ. Энэ онд төсөвт Тогтворжуулалтын санд 8.4 тэрбум оруулна гэж тооцсон байсныг тодотголоор 208.8 тэрбум төгрөг болгон огцом нэмэгдүүлсэн юм. Засгийн газар энэ онд эрдсийн зах зээлийн хаялга өндөр байна гэж найдсан нь илт байна.



Төсөвт эрдсийн тооцоолол хийхдээ сэтгэлийн хөөрлөөр хандсан нь

Монголын Засгийн газрын гойд анхаарах ёстой зүйл бол төсвийн алдагдлыг тооцоолсноосоо хэтрүүлэх­гүй, харин ч илүү бууруулах бүхий л бололцоог эрэлхийлэх явдал. Гэвч төсвийн тодотголын орлогын тооцоололд эрдсийн түүхий эдийн үнийн таамаглалыг оруулахдаа чимээгүйхэн огцом нэмж орхисон нь шүүмжлэл дуулалгүй ногоон гэрлээр батлагджээ. Сангийн яам үнийн таамаглалыг нэмж тусгасан тухайгаа тун чиг аятайхнаар төсвийн тодотголын төсөлд буулгасан тул тэднийг буруутгах үндэс алга мэт өнгөндөө харагдана.

Төсвийн тодотголын төсөлд дурдсанаар “Энэ оны төсөвт дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнийг тонн тутамд 4,800 ам.доллар, нүүрсний үнийг тонн тутамд 32.0-52.0 ам.доллар байхаар тооцсон. Гэвч энэ оны эхэнд олон улсын зах зээл дээр цэвэр зэсийн үнэ дунджаар 5,736.9 ам.долларт, нүүрсний үнэ зах зээлийн байршил, чанарын үзүүлэлтээс хамаарч 58.8-127.7 ам.долларт хэлбэлзсэн байна. Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын сүүлийн үеийн үнийн төсөөлөл, эдгээр бүтээгдэхүүний үнийн өнөөгийн түвшин зэргийг харгалзан үзэж, 2017 онд зэсийн үнийг 5,149.8 ам.доллар, нүүрсний үнийг 52.0-77.0 ам.доллар байхаар шинэчлэн тооцлоо” гэжээ. Сангийн яам сүүлийн нэг, хоёр сарын зах зээлийн байдлыг тооцоололдоо   чухлаар авч үзсэн нь зөв үү? Ингэж сүүлийн хэдэн сарын үнийн өсөлтийг төсөвтөө шууд тусгаснаар төсвийн орлогод  зэсийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс 194.9 тэрбум, нүүрснийхээс 63.1 тэрбум төгрөгөөр  “хүчээр” нэмж олохоор тусгасан байна.

Үүнээс гадна газрын тосны үнийг энэ онд нэг баррель нь 55 ам.доллар байна гэж тооцон газрын тосны орлогыг тодотголын төсөлд 45 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 233.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж тусгасан нь биелэх боломж тун хомс. Учир нь дөрөвдүгээр сарын дунд үеийн байдлаар Брэнт маркийн газрын тосны үнэ 55 ам.доллар/баррель байгаа ч Монголын “Петрочайна Дачин Тамсаг”-аас экспортолдог газрын тосны үнэ 48 ам.доллар байгаа нь баррель тутамд 7 доллараар хямд байна гэсэн үг.

Тиймээс энэхүү орлогын төлөвлөгөө биелэх үндэслэлгүй гэж шууд хэлж болохоор байна.
Үндсэндээ энэ онд уул уурхайн салбараас нийтдээ 1.3 их наяд төгрөг төсөвт ирэх бөгөөд үүний 65% нь зэсээс, 23% нь нүүрснээс эх үүсвэртэй байх төлөвтэй. Өөрөөр хэлбэл зэс, нүүрсний орлого уул уурхайн салбарын төсөвт оруулах нийт орлогын 88%-ийг бүрдүүлж байна. 

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 10-нд баталсан 2017 оны улсын төсөвт уул уурхайгаас 1 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцож байсан нь тодотголын төсөлд 30%-иар нэмэгдэж, ийнхүү батлагдлаа.



Төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барьж байх үед нүүрсний үнэ олон улсын зах зээлд ямаршуухан янзтай болж ирж байсныг доорх графикаас харж болно. Монгол улсын экспортын гол түүхий эд болох коксжих нүүрсний үнэ Австралийн эрэг дээр хэдийгээр өмнөх оны арваннэгдүгээр сарын үед 300 ам.доллар давж өсч байсан ч эргээд асар хурдацтайгаар буурч 50%-иар доошилсон байжээ. Үнийн өсөлт ямар тогтворгүй байгааг Сангийн яам харсаар байж нүүрсний үнийн өсөлтийг ийнхүү өөдрөгөөр тавьсан нь төсвийн алдагдал нэмэгдэх эрсдэлийг улам зузаатгажээ.





Өнгөрсөн оны сүүл хагаст тохиосон коксжих нүүрсний зах зээлийн үнийн өсөлтийн шалтгаан нь тухайн үед Хятадын уурхайнуудын ажиллах өдрийг цөөлснөөр тус улсын импорт нэмэгдэх нөхцөл болж, энэ нь эргээд зах зээлд үнэ өсөх үндэс болсон. Гэвч тус улсын Засгийн газар шийдвэрээ эргэн харж, уурхайнуудын ажиллах хоногийг цөөлөх шийдвэрээ цуцалснаар үнэ эргээд хурдацтай буурсан билээ.

Ийнхүү буурч байсан коксжих нүүрсний үнэ энэ оны гуравдугаар сарын сүүлээр Австралийн нүүрсний гол нутаг болсон Квийнслэнд мужийг дайрсан Дэбби хар салхины нөлөөгөөр сүүлийн нэг сарын турш өсч, коксжих нүүрсний зах зээлд үнийн өсөлт давтагдаад байна. Гэвч энэ өсөлт үүлэн чөлөөний нар мэт тун ч ахархан хугацааных болохыг ихэнх шинжээч  сануулсаар байгаа. Манай улсын нүүрсний экспортын биет хэмжээ өсч болно. Энэ нь нэг хэрэг. Гэвч нүүрсний үнийн өсөлтөд дулдуйдаж орлого өснө гэж найдах нь бас өөр хэрэг гэдгийг мартахгүй байх нь чухал юм.  



Зэсийг авч үзье.  Зэсийн үнэ олон улсын зах зээлд нэг тонн нь 5000 ам.долларын босгыг давсан тохиолдолд 11%-ийн АМНАТ  авдаг журамтай тул зэсээс төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ огцом нэмэгдэж байна. Зэсийн үнэ өнгөрсөн оны сүүлээс эхлэн тасралтгүй өссөөр 5400 ам.доллараас буулгүй явж ирсэн нь Монголын экспортын гол бүтээгдэхүүний төлөвийг илүү өөдрөг харагдуулж байгаа. Зэсийн зах зээлийн төлөв урт хугацаандаа илүү өөдрөг баталгаатай байна гэдэгтэй маргах хүн өдгөө бараг үгүй. Харин богино хугацаандаа эрсдэл учирч болзошгүйг шинжээчид сануулж байгаа юм. Эргэн сануулахад, өнгөрсөн оны сүүлээр зэсийн үнэ Лондоны металын бирж дээр 5000 ам.долларын шугамд хүрэх горьдлого бараг тасарчихаад байх үед Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа түүний дэд бүтцийн хөрөнгө оруулалтад амлаж байсан их хэмжээний хөрөнгө оруулалтын (500 тэрбумаас 1 их наяд ам.доллар) хөтөлбөр хэрэгжинэ гэсэн хүлээлт зах зээлд бий болсонтой холбоотой байв. Дараагаар нь зэсийн зах зээлийн хамгийн том нийлүүлэгчид тооцогддог Чилийн Эскондида, Индонезийн Грасбэрг зэрэг уурхайнуудад ажил хаялт зарлаж, экспортын хориг тогтоосон нь үйл ажиллагааг нь доголдуулж, үнийн өсөлтийг  дэмжихэд  нөлөөлсөн.

Гэвч Эскондида уурхайн удаан үргэлжилсэн ажил хаялт өндөрлөсний сацуу Грасбэрг уурхай экспортоо сэргээж эхлээд байна. Үүний зэрэгцээ Трамп болон бусад томоохон эдийн засагтай орнуудын бодлого шийдвэр тооцоолж байснаас өөрөөр эргэвэл зэсийн үнэ хялбархан доошилж эхэлнэ. Зэсийн үнийг тодотгосон төсөвт тооцохдоо 5149 ам.доллар байхаар заасан нь эрсдэлийг сайтар тооцсон гэж харагдаж байгаа ч зэсийн орлогыг нэмэгдүүлэн таамаглахын хэрээр төсвийн орлогод болзошгүй эрсдэл төдийчинээ нэмэгдэнэ.  Он дуусах яагаа ч үгүй байна. Тиймээс зах зээлд ямар савлагаа үүсэхийг хэлэхэд дэндүү эрт. Зах зээлийн савлагаанаас ангид байх нэг арга зам бол өсөлт бууралтыг ухаалаг тооцох явдал. 

Төсвийн тооцоололд манай улс өмнө нь эрдсийн үнэ ханш дээр хэт өөдрөг хандаж алдсан сургамж их бий. Сүүлийн үеийн зах зээлийн өсөлт бол урт хугацааны тогтвортой өсөлт биш байсныг санах нь зүйтэй. Өсөлтийн үе зэсийн хувьд хараахан ирээгүй байгааг шинжээчид сануулж байгаа бол нүүрсний хувьд бүр тун ч богино хугацааны өсөлт тохиож байгааг анхааруулж буй. Харин ийм нөхцөлд манай улс уул уурхайн орлогын хамгийн гол түүхий эдийн ханшийг уухайлан өргөсөн нь эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Хэрэв зах зээл таагүй араншин гаргах аваас энэ онд төсвийн алдагдлыг нөхөхөд томоохон түлхэц өгөх учиртай Тогтворжуулалтын сангийн орлогод төлөвлөөд байсан 208.8 тэрбум төгрөг үлэмж хэмжээгээр буурч таарна. Дагаад АМНАТ-аар нэмж авах 260 тэрбумын орлого ч тасалдах нь тодорхой. Тогтворжуулалтын санд энэ жил хуримтлагдах хөрөнгийг ийнхүү өндөр тооцсон нь Засгийн газар зэс, нүүрсэнд хэт их найддаг алдаагаа давтлаа. Учир нь энэ их хэмжээний орлого эрдсийн үнэ түүхэнд байгаагүй дээд цэгт хүрч байсан 2011 онд л Тогтворжуулалтын санд орж байжээ. Тухайн онд уг санд 241 тэрбум төгрөгийн орлого төвлөрч байсан бөгөөд тэр үед зэсийн үнэ Лондоны металын бирж дээр нэг тонн нь 10000 ам.доллар давж, Австралийн эрэг дээр коксжих нүүрсний үнэ 300 гаруй ам.долларт хүрч байсан юм.


2017 онд эдийн засаг өсөхгүй

Эдийн засгийн бодит өсөлт тооцоолсноор 2017 онд -0.2 хувь байж, ДНБ-ий хэмжээ 26 их наяд 52 тэрбум төгрөгтэй тэнцэхээр байна. Улмаар эдийн засгийн бодит өсөлт 2018 оноос сэргэж 1.8 хувь, 2019 онд 8.1 хувь байхаар төсөөлж байгаа бөгөөд эдгээр өсөлтийг уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрийн бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өсөлтөөс хамааралтай байхаар тооцжээ.

Харин энэ онд уул уурхайн салбарын өсөлт Оюутолгойн ил уурхайн алтны агууламж буурахтай холбоотойгоор 0.5% байхаар тооцжээ. Ирэх жилүүдэд дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ дунд хугацаанд тогтвортой байж, томоохон төсөл хөтөлбөрүүд болох Тавантолгойн төсөл, Гацууртын алтны төсөл хэрэгжсэнээр уул уурхайн салбарын өсөлт 2018 онд 4.5 хувь, 2019 онд 13.6 хувиар өсөхөөр тус тус төсөөлсөн байна.

Харин боловсруулах аж үйлдвэрийн салбар нь төсвийн сахилга батыг сайжруулах, төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулснаар эдийн засаг хумигдаж төсвийн алдагдлын үржүүлэгчийн нөлөөгөөр 2017 онд 4 хувиар буурах төлөвтэй байна. Түүнчлэн 2017 онд барилгын салбар 3 хувь, бөөний болон жижиглэн худалдааны   салбар 4.5 хувиар, үйлчилгээний бусад үйл ажиллагаа 4 хувиар тус тус буурах төлөвтэй байна.



Манай улсын экспортод энэ жил мэдэгдэхүйц өсөлт ажиглагдахгүй бөгөөд үүнд Оюутолгойн ил уурхайн алтны агууламж илт буурч буй нь нөлөөлөх ч бусад түүхий эдийн зах зээл харьцангуй сэргэсэн тул экспортын хэмжээ тогтвортой хэмжээнд хадгалагдана гэж үзжээ. Улмаар ирэх онд экспортын хэмжээ 0.9%, 2019 онд 10.1%-иар өсөхөөр төсөвт тооцжээ.



Энэ удаагийн Төсвийн тодотгол ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд хийсэн гэдгээрээ ихээхэн онцлог, бас цаг хугацааны хувьд шахамдуу байлаа. Нөгөөтэйгүүр илүү том зээлийг төлөх үүрэг даалгавар Монголд тохоогдож байгааг санах хэрэгтэй. Энэ зээлийн бараг 40% нь Хятадын Ардын банкны своп хэлцлийн хүрээн дэх өрийн хугацааг хойшлуулахад зарцуулагдаж, үлдсэн нь төсвийн алдагдлыг нөхөхөд зориулагдана. Арилжааны ч бай, арилжааны бус ч бай ялгаагүй аливаа зээлийг төлөх гол нөхцөл нь үр ашигтай зарцуулалт. Тиймээс цаашид төсвийн зарцуулалт үр ашиггүй байх аваас зээл төлөлтийн өдөр ирэх үед төлбөрөө хийхэд илүү хэцүү байх болно. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн энэхүү  шийдэл араасаа илүү том эрсдэл, илүү том хариуцлага дагуулж  болохыг сануулах нь илүүц.  ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд их мөнгө цувран айсуй нь сайхан санагдаж болох ч төлбөрийг барагдуулах хүртэл бидэнд баярлах эрх байхгүй.

Шинэчлэн баталсан төсөвт сэтгэл дундуур байгаа нь зөвхөн иргэд биш юм. ОУВС ч шинэ төсөвт дурамжхан байж мэднэ. Учир нь ОУВС төсвийн зардлаа бууруулахыг хүлээж байсан ч энэ саналыг нь манай Засгийн газар долоон төрлийн татвар нэмэгдүүлэх, эрдсийн салбараас ирэх орлогыг өсгөн тооцоолох байдлаар эвтэйхэн “аргалсан” билээ.

Эрдсийн зах зээлийг хэн ч зөв таамаглаж чадахгүй. Харин зах зээлийн хэлбэлзлээс хамгаалж төсвийн тооцооллоо хашир хийдэг байх нь бидний ажил. Манай улсын хувьд зах зээл үргэлж сайхан байна гэж бодож үрэлгэн, цамаан загнаж байсан нь ийнхүү ОУВС-ийн хөтөлбөрийн ээлжит учрааг урин залахад хүргэсэн. Энэ жилийн төсвийн тодотголд зах зээл сэргэг, үнэ ханш өндөр байна гэж тооцдог хуучин танил зуршил огт арилаагүй байгааг дахин онцолъё.