Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Налайхын уурхай суурьшлийн бүс төдийгүй төмөр замд суулт өгч эхэлжээ

Налайх дүүрэгт нүүрс олборлож буй далд малталтууд суурьшлийн бүсийн доогуур нэвтэрсний улмаас иргэдийн амьдардаг газарт хөрсний суулт үүсээд буй тухай тус дүүргийн иргэд гомдол гаргаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан албаны хүмүүс газар дээр нь хэд хэдэн удаа ажиллаад байдал ноцтой хэмжээнд хүрснийг тогтоожээ. Тодруулбал, хөрсний суулт зөвхөн суурьшлийн бүсэд төдийгүй Налайхын төмөр замын дэд бүтцийн орчимд ч суулт ажиглагдсан байна.

Ашигт малтмал, газрын тосны газар өнөөдөр Налайх дүүрэгт нүүрс олборлогч компаниудын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж эхэлснээ мэдэгдлээ. Тус агентлагийн Нүүрсний судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаярын мэдэгдсэнээр энэ удаад “Орд трейд”, “Жиншентан” гэсэн хоёр компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж байгаа юм байна.

Эзэмшигч

Тусгай зөвшөөрөл

Талбайн нэр

Талбай /га/

Олгосон огноо

Дуусах огноо

Орд трейд

MV-002645

53-р уклоны зүүн

5.46

2000.10.09

2030.10.09

Жиншентан

MV-010423

Их уурхай

15.94

2005.09.12

2035.09.12

Эдгээр хоёр тусгай зөвшөөрлийн (ТЗ) талбай нь Налайх дүүргийн зам, төмөр замыг дайран гарсан бөгөөд олборлолтын улмаас төмөр замд суулт өгч эхэлжээ.

“Орд трейд”-ийн ТЗ-ийн байршил


“Жиншентан”-ы ТЗ-ийн байршил


Одоогийн байдлаар Налайх дүүрэгт ашиглалтын 31 тусгай зөвшөөрөл олгогдсон байдгаас ийнхүү хоёрыг нь цуцаллаа.

2017 оны байдлаар Налайх дүүрэгт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны дүрэм журмын биелэлтийг шалгаж үзэхэд нөөцийн тайлан батлуулж, ТЭЗҮ хийлгэж батлуулсан хоёр, 2016 оны уулын ажлын төлөвлөгөө батлуулсан нэг, 2017 оны уулын ажлын төлөвлөгөөгөө ирүүлсэн компани байхгүй гэж гарчээ.

Ашигт малтмал, газрын тосны газар цаашид аваар осол их гардаг, суурьшлийн бүс, нийтийн эзэмшлийн дэд бүтцэд гэмтэл учруулж буй, байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй гэсэн үндэслэлээр хяналт хийж шаардлагатай тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлэх, улмаар цуцлах арга хэмжээ авч ажиллах юм байна.

Налайх дүүрэгт нүүрсний амуудын тоо өвлийн улиралд 150-170-д хүрдэг төдийгүй гар аргаар нүүрс олборлогчдын тоо 1000 гаруйд хүрдэг гэсэн тоо баримт бий. 1992-2017 оны хооронд Налайхын нүүрсний ордын далд малталтын амнуудад агаар дутах, нурангид дарагдах зэргээр 735 хүн осолд орж, 234 хүн нас баржээ.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зөрчлийг арилгахаар холбогдох байгууллагууд арга хэмжээ авч буй ч өнөө хэр нь бодитой үр дүнгүй байгаа юм. Хамгийн сүүлд 2013 оны гуравдугаар сарын 28-нд Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчдын дүгнэлтээр зөрчил бүхий аж ахуйн нэгжүүдийн эрхийг түдгэлзүүлэх, хууль бусаар нүүрс олборлогч иргэдийн үйл ажиллагааг зогсоох тухай мэдэгдсэн байдаг.



Б.Төгс