Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

МАК евро цемент үйлдвэр ашиглалтад орлоо

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт МАК евро цемент үйлдвэр ашиглалтад орлоо. Дэлхийн стандарт нийцсэн цемент, шохойн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлээд эхэлсэн тус үйлдвэрийн албан ёсны нээлтийн ёслол зургаадугаар сарын 9-ний өдөр болсон юм.

Гэрэл зургийг: The Mongolian Mining Journal

Үйлдвэрийг нээх арга хэмжээнд Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжэнцан, “Монголын Алт” компанийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир, Ерөнхийлөгч Н.Цэлмүүн, Монгол улсын Ерөнхийлөгч Н.Баганбанди, Ерөнхий сайд асан Сү.Батболд, БНХАУ болон Данийн Вант улсаас Монголд суугаа Элчин сайд, албаны бусад төлөөлөгчид оролцсон юм. 

МАК евро цемент үйлдвэр нь Данийн вант улсын 130 жилийн түүхтэй “FLSmidth" компанийн техник, технологиор иж бүрэн тоноглогджээ. Үйлдвэрийн бүтээн байгуулалтад Хятадын “Heng Yuan” компаниас гадна Монголын 71 аж ахуйн нэгжийн 340 гаруй мэргэжилтэн гар бие оролцсон байна. Үйлдвэр байгуулах энэхүү нүсэр төслийг хэрэгжүүлэхэд МАК, Данийн Вант улсын BHF банк болоод “Чингис” бондын санхүүжилтээр нийт 330 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг зарцуулжээ. Төслийн хүрээнд төмөр замын Олон-Овоот өртөөнөөс 1.9 км зам, Говьсүмбэр аймгийн төвөөс 65 км зайнд 110 кВт хүчин чадалтай агаарын шугам татаж, 110/35-ын дэд станц барьж байгуулсан байна.

Шинэ үйлдвэрийн онцлог нь түүхий эдийн холимгийн чанарыг “робот” лаборатори хянадаг. Хүний оролцоо шаардахгүйгээр автоматжсан гэж хэлж болно. Үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийн ордуудыг “Монголын Алт”  компани эзэмшдэг учир “МАК евро цемент”-ийн бүтээгдэхүүн зах зээлд өрсөлдөхүйц үнээр борлуулагдах боломжтой гэж үзэж байна. “МАК евро цемент” үйлдвэр нь Хөх цавын цемент, шохойн ордод түшиглэн байгуулагдсан. Тус орд нь 192 жилийн ашиглалтын нөөцтэй гэж тогтоогджээ. Мөн цементийн найрлагад багтах шохойн чулуу, элс, шавар, нүүрс, төмрийн хүдэр, базальт буюу хүрмэн чулуу зэрэг эрдсийг үйлдвэрээс холгүй нээн илрүүлжээ. 

“МАК евро цемент” үйлдвэр нь жилд 1 сая тонн цемент болон 100 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай. Уг үйлдвэр ашиглалтад орсноор Монгол улсын төсөвт жилд 32.5 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 70-75 орчим сая ам.долларын импортыг орлон валютын гадагш чиглэсэн урсгалыг хаана  гэж “Монголын Алт” компанийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүн онцолж байлаа.


“МАК евро цемент” үйлдвэр 900 орчим ажлын байр шинээр бий болгоод байна. Орон нутгаас 400 залуучууд ажлын байраар хангагдах бөгөөд 200 нь ажилдаа хэдийнэ оржээ. Компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд үйлдвэрийн ажилчдын тосгоныг Даланжаргалан сумыг түшиглэн байгуулахаар төлөвлөж байна. 


“Монголын Алт” компани нь цаашид энэхүү үйлдвэртээ түшиглэн жилд 130 мянган тоннын хүчин чадалтай барилгын болон металургийн Итали технологи бүхий шохойн үйлдвэр, төмөр бетоны Японы тэргүүлэгч технологийн үйлдвэрүүдийг тус тус байгуулахаар зорьж байна. 

Э.Од