Австралийн сайн чанарын коксжих нүүрсний үнэ өчигдрийн байдлаар 1.1%-иар доошилж нэг тонн нь 146 ам.доллар (Steel Index-ийн үнэ) болсон тухай mining.com мэдээллээ. Энэ нь сүүлийн найман сарын хугацаан дахь хамгийн доод ханшид тооцогдож байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур гэхэд коксжих нүүрсний үнэ 300 гаруй ам.долларт хүрч өсөөд байсан юм. Австралийн Квийнслэнд мужийг дайрсан Дэбби хар салхинаас үүдэн саатсан тус мужийн нүүрсний нийлүүлэлт хэвэндээ орохын хэрээр үнэ ч эргээд хурдацтайгаар нам түвшинд очиж байна.
Коксжих нүүрсний үнийн энэхүү бууралт зах зээлийн олонх шинжээчийн таамаглаж байсантай дүйж буй юм. Дэбби хар салхины дараа нийлүүлэлт сэргэмэгц огцом өсөөд байсан үнийн дээшлэх давлагаа хоромхон хугацаанд замхран сарнихыг бараг бүх шинжээч тайлбарлаж байсан билээ.
Өнгөрсөн тавдугаар сард Хятадын нүүрсний (коксжих нүүрс, эрчим хүчний болон бусад төрлийн нүүрс) нийт импорт 22.2 сая тоннд хүрсэн нь өмнөх сарынхаасаа 10.5%-иар бууралттай байгаа ч өмнөх оны мөн үеийнхээс 16.6%-иар өсчээ. Энэ оны эхний таван сарын байдлаар нүүрсний нийт импортын хэмжээ 111.7 сая тоннд хүрээд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 30%-иар өссөн дүнтэй байна.
Коксжих нүүрсний үнэ энэ оны дөрөвдүгээр улиралд нэг тонн нь дунджаар 152 ам.доллар, ирэх оны дөрөвдүгээр улиралд 134 ам.доллар болно гэсэн таамаглалыг FocusEconomics судалгааны байгууллага дэвшүүлжээ.
Гэхдээ коксжих нүүрсний үнийн төлөвт Хятадын нүүрсний салбарт баримталж буй бодлого шууд нөлөөтэй байх нь өнгөрсөн оны хоёрдугаар хагаст тодорхой харагдсан билээ. Хятадын нүүрсний томоохон үйлдвэрлэгч Шанси муж 2020 он хүртэл нүүрсний шинэ уурхай байгуулахгүй, мөн одоо байгаа уурхайнуудын хүчин чадлыг энэ онд 17 сая тонноор бууруулна гэж мэдэгдээд байгаа юм. Энэхүү алхам нь зах зээлд бодитой нөлөө үзүүлэхгүй ч Хятад улс нүүрсний салбарт үр ашигтай байдлыг бүрдүүлэхээр эрчимтэй ажиллаж байгаа юм.
Б.Төгс