Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Уул уурхайн салбарын “Нээлттэй өдөрлөг” боллоо

Гэрэл зургийг Г.Идэрхангай

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны  газрын хамтран зохион байгуулж буй геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ.  Тус өдөрлөгт экспортын 86 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлдэг салбарын шилдэг төлөөлөл болсон аж ахуйн нэгжүүд оролцож,  үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулж байгаа юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж өдөрлөгийн нээлтэд  “Улс орны эдийн засагт манай салбар чухал үүрэг гүйцэтгэж, экспортын 86 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 71 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлж байгаа нь та, бидний нуруун дээр ямар их ачаа байгааг бэлхэнээ харуулж байна.

Геологи, уул уурхайн салбарыг хөндлөнгөөс харахад хад чулуунд хамаатай юм шиг боловч үнэндээ бол нийгмийн дэмжлэг, хөрөнгө оруулагчдын итгэл дээр тогтдог эмзэг салбар юм. Тиймээс салбараа олон нийтэд үнэн зөвөөр ойлгуулж, танин мэдүүлэхэд энэ салбарт ажиллагсдын үүрэг, оролцоо багагүй гэдгийг онцлохын зэрэгцээ өнөөдрийн нээлттэй хаалганы өдөрлөгийн ач холбогдол ч үүнд оршиж байгаа болно” хэмээн тодотголоо.

Тус өдөрлөгт Ашигт малтмал, газрын тосны газар, “Эрдэнэт үйлдвэр”, Шивээ Овоо ХК, “Монполимет” групп, “Петровис”, “Шунхлай”,  Бэрэн групп зэрэг уул уурхай, газрын тос, алтны чиглэлийн компаниуд танилцуулгаа хийж, уул уурхайн салбарт үйл салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагад өөрсдийн мэдээллээ хийж байна.

Г.Идэр