Үндэсний статистикийн хорооны мэдээллээр эхний 5 сарын байдлаар гадаад худалдаа 4 тэрбум 16 сая доллар болов. Үүнээс экспорт 2 тэрбум 518 сая доллар, импорт 1 тэрбум 497 сая доллар болж, гадаад худалдааны тэнцэл 1 тэрбум 20 сая долларын ашигтай гарчээ. Үүнд нүүрсний экспорт огцом нэмэгдсэн нь гол нөлөөг үзүүлсэн байна.
Экспортын гол түүхий эдүүд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ямар өөрчлөлт орсныг графикаас харж болно. Зэс, алтны экспорт буурсан бол нүүрс, төмрийн хүдэр, газрын тос, ноолуурын экспорт нэмэгджээ.
-Нүүрсний экспорт 1 тэрбум 11 сая
доллар болж, огцом нэмэгдлээ. Өнгөрсөн жилийн энэ үед 7.2 сая тонн нүүрс
экпортолж, 222 сая долларын орлого олж байсан юм. Харин энэ жил экспортын
хэмжээ 2.1 дахин нэмэгдэж, 15 сая тонн болсон бол экспортын орлого 4.6 дахин
нэмэгдэж 1 тэрбум доллар давлаа. Өнгөрсөн 2016 онд жилийн турш 25.8 сая тонн
нүүрс экспортолж, 973 сая долларын орлоготой байсан нь сүүлийн 3 жилийн дээд
амжилт байв. Энэ амжилтыг ердөө 5 сарын дотор давуулан биелүүлээд байна. Оны
эхний 3 сард нүүрсний экспорт 541 сая доллар байсан бол сүүлийн 2 сард бараг
хоёр дахин нэмэгдэж, нэг тэрбум 11.4 сая доллар болоод байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
-Зэсийн экспорт буурсан дүнтэй байна. 605 мянган тонн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 13.3 хувиар буурсан дүн юм. Экспортын орлого мөн 21 хувиар буурч, 632.3 сая доллар болжээ.
-Алтны экспортын биет хэмжээ 1.7 тонноор буурч, 3.5 тонн болов. Үүнийгээ дагаад экспортын орлого ч 43 сая доллараар буурч, 141.7 сая доллар болов.
-Харин төмрийн хүдрийн экспорт огцом нэмэгджээ. Экспортын биет хэмжээ 1.9 сая тонноос 2.2 сая тонн болж нэмэгдсэн бол экспортын орлого 67.9 сая доллараас 139.2 сая доллар болж 2.1 дахин нэмэгдсэн байна.
-Газрын тосны экспортын биет хэмжээ 3.5 сая баррелиас 3.1 сая баррель болж буурсан ч экспортын үнийн дүн 130 сая доллараас 154.1 сая доллар болж 18 хувиар нэмэгджээ.
-Дээрх эрдэс баялгийн түүхий эдээс гадна экспортод жин дарж байгаа бүтээгдэхүүн бол ноолуур. Бохир болон самнасан ноолуурын экспортын хэмжээ 2547 тонноос 2881 тонн болж нэмэгдсэн бол экспортын орлого 95.7 сая доллараас 122.5 сая доллар болж өссөн байна. Үүний дийлэнх нь бохир ноолуур байгаа юм.
Дээрх 6 бүтээгдэхүүний экспорт 2
тэрбум 201.4 сая доллар болж, нийт экспортын 87.4 хувийг бүрдүүлж байна. Уг
үзүүлэлт 2015 оны эцсээр 80.8 хувь, 2016 оны эцсээр 85.7 хувь байсан юм.
С.Болд-Эрдэнэ