NRGI буюу Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс (ББЗХ) хийсэн “Монгол улсын төсвийн тогтвортой байдлын тайлан”-г танилцуулах арга хэмжээнд Олон Улсын Валютын сангийн (ОУВС) Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер хүрэлцэн ирсэн. Тэрээр төсвийн тогтвортой байдлын асуудалтай холбогдуулан Монгол улсад хэрэгжих ОУВС-гийн хөтөлбөрийн талаар товч мэдээлэл өгсөн юм. Мэдээллийн агуулгыг товчлон хүргэж байна.
“Монгол улсын Засгийн газартай хэлэлцсэнээр ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих түвшиндээ хүрлээ. Хөтөлбөрийн бүтцийг авч үзэх юм бол 2 чухал асуудал бий. Эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах ба урт хугацааны өсөлтийг хангах. Эдгээр зорилтод хүрэхийн тулд гурван асуудалд анхаарч ажиллах юм. Хамгийн түрүүнд төсвийн бодлогын хүрээний үйл ажиллагааг анхаарах хэрэгтэй. Төсвийн зарлагатай холбоотой өөрчлөлтүүд маш чухал юм. Монгол улсын хувьд төсвийг хэт өөдрөгөөр төсөөлдөг туршлагаар олон жил явж ирсэн. ДНБ-д төсвийн алдагдлын эзэлж байгаа түвшин бусад улс орнуудынхтай харьцуулахад өндөр байна. Алдагдлыг өндөр хэмжээнд хүргэж, өр хуримтлуулсан нь Монгол улсыг дефольтод хүргэх эрсдэл учруулаад байсан.
Засгийн газар, ОУВС-гийн хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрөөр энэ эрсдэлээс зайлсхийх боломжтой гэж үзэж байна. Хөгжлийн банкны төсвөөс гадуур гаргаж байсан бүх зардлыг нэгдсэн төсөвт хамруулж ойлгодог болсноор төсвийг нэг тэнцлийн хүрээнд харах боломжтой болсон. 2012 оноос хойш өнөөг хүртэлх төсвийн гадуурх тооцооллыг төсөвтөө тусгаж чадахгүй явж байсан. Монголбанкны тухайд 4 хүртэлх тэрбум төгрөгийг Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд гаргаж зарцуулснаар дотоодын валютын нөөцийг асар их хэмжээгээр бууруулсан. Энэ нь импортын хараат байдлыг нэмэгдүүлж, бусад сөрөг үр дагаврыг дагуулсан.
Одоо бол Монгол улсын Засгийн газрын зүгээс бүх зардлыг нэгтгэж чадсан. Монголбанк, Хөгжлийн банкны тус тусдаа гаргаж явсан зардлуудыг төсөвт багтаасан гэсэн үг. Удахгүй Төв банкны хуулийг шинэчилнэ. Төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон зохицуулалт тусгах гэж байна.
Аливаа улс төрийн нөлөөллөөс ангид, мэргэжлийн түвшинд төсвийн төсөөлөл хийх нь зүйтэй гэж харж байгаа. Сангийн яамнаас бэлтгэдэг төсвийг өөрчлөхгүй гэсэн зарчим барьж ажиллана. Илүү үр ашигтай татварыг дэглэм нэвтрүүлнэ. Энэ татварын дэглэм уул уурхайн салбарт илүү тодорхой яригдана. Мөн баялгийн бус орлоготой холбоотой татваруудыг тодорхой хэмжээнд зохицуулж байгаа. Татварын тухай хуулийн шинэ зохицуулалт гарна. Мөнгөний бодлого болоод төсвийн бодлогын хүрээнд банкны салбарыг чадавхжуулах ажлууд хэрэгжинэ. Банкуудын хяналтыг маш тодорхой болгох хэрэгтэй. Банкуудыг зөв зохистой, засаглалын хувьд тодорхой, нээлттэй үйл ажиллагаа явуулахад түлхүү анхаарч ажиллана. Нийгмийн халамжийн чиглэлээр зарцуулж байгаа тодорхой зарлагуудыг хянана. Үүний тулд нийгмийн халамжид чиглэсэн хөтөлбөрүүдийг зөв тодорхойлохоор ажиллаж байгаа бөгөөд нэн ядуу иргэдийг хамарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
Голланд өвчний эрсдэл Монгол улсыг тойрсонгүй. Валютын хөрвөх ханш маш ихээр үнэ цэнээ алдаад байгаа. Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэр болон бусад салбарыг дэмжсэнээр Голланд өвчнөөс сэргийлж, илүү тогтвортой хөгжиж нөхцөл бүрдэнэ гэж харж байна.
Э.Од