Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Уул уурхайгаа тогтвортой хөгжил болгож хувиргасан Австрали улс



Г.Идэрхангай (Австрали. Брисбэн-Түвүүмба-Чинчилла)

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий  эдийн иж бүрэн санаачлага төслөөс эдийн засаг, уул уурхайн чиглэлээр нийтэлж, нэвтрүүлдэг сэтгүүлчдийг чадавхжуулах зорилгоор сэтгүүл зүй, уул  уурхайн сэдэвт дөрвөн удаагийн онолын сургалтыг жилийн хугацаанд явуулсны сүүлийн шатны практик сургалт Австралид үргэлжлэв. Квийнсланд мужийн Брисбэнд болсон сургалтын хүрээнд Монголын арав гаруй сэтгүүлч Австралийн уул уурхайн хөгжил, дэвшилтэй танилцсан юм. Дөрвөн шатны сургалтыг Квийнсландын их сургуулийн сэтгүүл зүйн профессор Брюс Вүүлэй, тус сургуулийн Эрдэс баялгийн тогтвортой хөгжлийн институтын (ЭБТХИ) дэд захирал Робин Эванс нар  удирдан явуулсан билээ.

Брюс Вүүлэй багшийн хувьд өмнө нь Австралийн телевизэд гадаад мэдээний сэтгүүлч, Канадын телевизэд мэдээний ахлах продюссераар ажиллаж байсан туршлагатай эрхэм. Харин Робин багш ЭБТХИ-д ахлах судлаач болон Перугийн зэсийн уурхайд ажиллаж,  уул  уурхайн тусгай мэргэжлийн чиглэлээр алба хашиж байсан нэгэн. Тэрээр уул уурхайн өргөн мэдлэгтэй, салбарын  “халуун тогоонд” чанагдсан чадварлаг мэргэжилтэн.

Монголын сэтгүүлчид дэлхийн шилдэг 50 их сургуулийн нэг Квийнсландын их  сургууль (КИС) дээр анхны хичээлээ эхлүүлсэн юм. 1909 онд байгуулагдсан тус сургууль өдгөө 50 мянга гаруй оюутантай. 142 орны 12000 гадаад оюутан суралцаж байна. 13 мянга нь мэргэжил дээшлүүлэх шатны оюутан, 11 мянга гаруй   Phd төгсөгчид  гэхээр ямархуу  цар хүрээтэй нь ойлгогдох биз ээ. Багшлах арга зүй  болон судалгаа, шинжилгээний  ажлаар мэргэшсэн КИС нь 400 орчим хөтөлбөрийн 4000 гаруй  сургалтаар хичээл явуулдаг төдийгүй Австралийн уламжлалт  болон орчин үеийн загвар хосолсон анги танхим, 400 гаруй судалгаа шинжилгээний хүрээлэнтэй.

Австралидаа хамгийн анхны монгол номын санг Брисбэнд байгуулсан Монголчуудын холбооны тэргүүн Л.Баттөгс КИС-д суралцаж байгаа монгол оюутнуудаараа ихэд бахархаж байлаа. Тус сургуулийн мастерт суралцаж буй Мөнхзолбоо саяхан Брисбэн хотын захиргаанаас энд суралцаж байгаа 75 мянган гадаад оюутны дунд зарладаг уралдаанд улс орноо төлөөлсөн элч төлөөлөгч 40 оюутны нэгээр шалгарсан анхны монгол оюутан болжээ. Мөн  уул уурхайн өрөмдлөгийн чиглэлээр ажиллаж байгаа Ганхуяг оюутан  цагаасаа л сургуульдаа үнэлэгдсэн бөгөөд төгсөөд Брисбэнд түр оршин суух эрх авчээ. Ганхуягийн хувьд нэлээд  хэдэн уурхайд ажилласан туршлагатай хэмээн Л.Баттөгс ярив.    

Түвүүмбаг зорьсны учир...

Халуун орны усан бороо Австралийн зүүн хойд нутгийг нөмөрч, сүүлийн хагас зуунд үзэгдээгүй “Таша” хар шуурга Квийнсланд мужийн Түвүүмба хотоор дайрч Брисбэнийг  усанд автуулсан гамшигт явдал 2011 оных. Үүнийг дэлхийн хэвлэлүүд “хуурай газрын цунами” гэж нэрлэсэн бөгөөд Түвүүмба хотын нэрийг тэгэхэд анх сонсож билээ. Түвүүмба болон ойролцоох суурингуудад усны түвшин найман метрт хүрч нэмэгдсэн тухай, хотын гудамжууд бүхэлдээ үерт автаж, сандарч мэгдсэн оршин суугчдыг нисдэг тэрэг, хөнгөн онгоцоор шуурхай нүүлгэн шилжүүлж буйг харуулсан телевизийн мэдээнүүд саяхных мэт санагдана. 

Ердөө сар гаруйхны өмнө “Дэви” нэрт хар шуурга энэ нутгийг дайрч, нүүрсний уурхайнуудын үйл ажиллагаа түр зогсоход хүрсэн юм. “Энэ удаагийн хар  шуурга төмөр замуудад эвдрэл үүсгэсэн ч 2011 оны гамшгийг бодвол хохирол тун бага” гэж Робин Эванс багш хэлээд ялимгүй инээмсэглэв.

Брисбэн хотоос чанх баруун зүгт орших Дарлинг Даунс бүсийн Түвүүмбаг сэтгүүлчид өглөө эртлэн зорилоо. Уужимхан ногоон модот хөндий үргэлжлэхийн сацуу байсхийгээд суурин газрын аж ахуйн хашаа хороо тааралдана. Квийнсланд мужийн Дарлинг Даунсын үзэсгэлэнт нутаг хөдөө аж ахуйг дагнан хөгжүүлснээрээ алдартай. Үүнийг гэрчлэх мэт Түвүүмба руу ойртох тусам газар тариалангийн том талбайнууд угтаж, фермерүүдийн аж ахуйн жижиг суурингууд замын хоёр талаар урсан өнгөрнө. Хоёр урсгалтай замаар автомашинууд гол төлөв ар араасаа цуврах ба гүйцэж түрүүлэх, хурдаа хэт нэмэх нь ер үгүй.
“Австралийн замын хөдөлгөөний дүрэм их хатуу. Иймэрхүү замаар хөдөө аж ахуй, уул уурхайн ачаа ихтэй тээврийн хэрэгслүүд их явдаг учраас  аюулгүй байдлаа сахих нь юу юунаас чухал. Осол бараг гардаггүй” гэсэн үг барагтай дуугардаггүй автобусны жолоочийн амнаас унав. Үнэхээр ч 80 км-ээс илүү хурдлахыг хязгаарласан тэмдгүүд байн байн таарна.
Төдөлгүй Түвүүмба хотод хүрэлцэн ирлээ. Гаднаа гоёмсог цэцэрлэгт талбай бүхий голдуу нэгээс хоёр давхар амины орон сууцууд, энгийн даруу оффисын барилгууд, эмх цэгцтэй гудамж талбай, эгэл тайван Түвүүмба хот Брисбэнээс 125 км-ийн зайд биднийг угтан авсан юм. 100 гаруй мянган хүн амтай гэхэд ажин түжин.  

Нью Акландын уурхайн шинэ  технологи

Дарлинг Даунс бүсийн Акланд гэх бяцхан сууринтай зэрэгцэн оршиж, үйл ажиллагаа явуулдаг Нью Акландын нүүрсний ил уурхайн олборлолтын талбайн хажуухан дахь өвсөн дундаас кенгуру цухуйгаад далд орчихов. Кенгуру нь Австралийн уутат амьтны 250 төрлийнх нь нэг аж. Кенгеруг ойроос харах нь бидэнд сонин боловч нутгийн олонд бол гайхаад байх зүйл биш. Ялангуяа тариалангийн талбай руу кенгуру орж сүйтгэх нь ихээхэн хорлонтой гэнэ.    
Түвүүмба хотоос цаг гаруйхан давхисаар Нью Акландын уурхайн кэмпэд ирсэн бидэнд  Стюарт Грийн менежер  аюулгүй ажиллагааны дүрмээ хамгийн түрүүнд танилцуулав. “Манай уурхай аюулгүй ажиллагааг өндөр түвшинд сахидаг. 2002 оноос уурхайн олборлолтыг эхлүүлснээс хойш хүний амь нас эрсэдсэн тохиолдол гараагүй“ хэмээн Нью Акландын уурхайн Аюулгүй ажиллагаа хариуцсан энэ эрхэм өгүүлэв.

Нью Акланд нь Квийнслэнд муждаа харьцангуй залуу уурхай. New Hope группийн эзэмшдэг тус уурхай Дарлинг Даунс бүс нутаг, цаашлаад Квийнсланд мужийн эдийн засаг, нийгмийн амьдралд онцгой үүрэгтэйг Стюарт Грийн яриандаа дурдсан. Зүүн Өмнөд Квийнсландийн эдийн засагт 300 сая австрали доллар, Дарлинг Даунс бүсийн эдийн засагт жил бүр 100 саяыг оруулж иржээ.     
Квийнсланд мужийн Өмнөд Бернеттийн “Таронг” дулааны цахилгаан станцын эрчим хүчний гол эх үүсвэр нь Нью  Акландын уурхай. Мужийн Засгийн газар 1978 онд баригдсан, өдгөө 1400 мегаваттын хүчин чадалтай энэхүү  аварга станцыг зөвхөн Нью Акландын эрчим хүчний нүүрсээр хангах шийдвэрийг одоогоос 7 жилийн өмнө гаргажээ.     

Нью Акланд өмнө нь гүний уурхай байсан газрынхаа зэргэлдээх талбайд олборлолт явуулж бай­гаа бөгөөд жилдээ 10 сая тонн түүхий нүүрс олбор­лож угаан, 4,8 сая тонн нүүрс гаргадаг. Нүүрс­нийхээ 97%-ийг Хятад, Япон, Тайваньд экспортолдог. Австралийн нүүрсний үнэ хэсэгтээ унасан ч ойрмогхоноос өсч, нэг тонн эрчим хүчний нүүрс 85 австрали долларт хүрчээ. Эндээс ачигдсан нүүрс Брисбэний боомт хүрээд, усан онгоцоор экспортод гардаг. Зөвшөөрөгдсөн талбайдаа олборлолт хийгээд дуусч байгаа тул Квийнсландын Засгийн газраас зөвшөөрөл өгвөл дахин шинэ талбайд олборлолт явуулахаар төлөвлөж буйгаа компанийн ажилтнууд танилцууллаа.  
Австрали хэдийгээр уул уурхайн орон ч гүний усаа нүдний цөцгий мэт хайрлан, хэрэглэхээс татгалзаж иржээ. Нью Акландын уурхай ч үүнийг чанд сахидаг. Нүүрс угаадаг усаа Түвүүмба хотын Зөвлөлөөс жилд 10 сая австрали доллараар худалдаж авдаг ажээ. Түвүүмбагийн бохирын усыг дахин боловсруулж, цэвэршүүлээд Акланд руу 47 километр урт хоолойгоор татдаг. Үүнээс гадна уурхайн ойр орчимд борооны ус хуримтлуулах талбайнууд бий. Энэ бүхэн Нью Акландын уурхайн усны хэрэглээний гол цөм болно.  

Нью Акландын уурхайн үйл ажиллагаа хариуцсан менежер Давид Дваиер биднийг уурхайн олборлолттой танилцуулахаар дагуулж явлаа. Уурхайн дотоод журмын дагуу аюулгүйн хантааз, малгай, нүдний шилээ зүүцгээв.
Уурхайн гүнд цөөн тооны техник ажиллаж  байна. Манай нүүрсний уурхайнууд шиг тоос шороо бужигнаж, нүүрс ачсан хүчирхэг техникүүд ийш тийшээ уухилан давхилдах дүр зургийг олж харсангүй.  
Нью Акландын уурхай анхнаасаа ийм байгаагүй гэнэ. Уурхай нээгдэх үед дугуйт ачигч, бульдозер зэрэг том оврын, түлш их зарцуулдаг техникүүд түлхүү ашиглаж байсан ч  нүүрсний үнэ унаснаар олборлолтын зардлаа хэмнэх, дэвшилтэт менежмэнт явуулах шийдэлд хүрчээ.

Уурхайн удирдлагууд Германы Wirtgen групптэй бүтэн зургаан сар яриа хэлэлцээ хийсний дүнд өнгөн хөрс хуулагч Surface Miner хэмээх аварга техникийг оруулж ирсэн байна.
Энэ нь Австралийн уул уурхайн салбар, тэр дундаа нүүрсний ил уурхайд анх нэвтрүүлсэн тохиолдол  болжээ. Гэхдээ тэгшхэн, том гадаргууд л ажиллах зориулалттай учраас одоохондоо ашиглаагүй, түр зогсоочихсон байна. Хөрсний зузаан 10 см, 300 метр урт, 150 метр өргөн талбайд Surface Miner ажиллах ба өдөрт 1500 литр түлш  хэрэглэж, цагт 3000 тонн хөрс хуулах хүчин чадалтай. Өнгөн хөрсийг хуулж, урд хэсэгт буй конвейерээр буталж ялгаад хүнд даацын машинд шууд ачих технологитой. Нью Акландын уурхайн бас нэг шинэлэг инноваци нь түлшиндээ тус бүсээс олборлож боловсруулсан  метан хийг ашигладаг. Ингэснээр үйл ажиллагааны зардал эрс багасчээ.

Нью Акландын уурхай олборлолттойгоо зэрэгцүүлэн нөхөн сэргээлтээ хийдэг бөгөөд нөхөн сэргээсэн талбайдаа үхрийн аж ахуй эрхэлж байна. Нөхөн сэргээсэн талбайд идээшилдэг үхрийн ашиг шим бусад газрын үхрээс давуутай нь батлагдсан гэнэ. Тус компанийн эзэмшил дэх 10 мянган акр газарт 2500 үхэр үржүүлдэг. Уурхайн нөхөн сэргээсэн талбайд тааваараа бэлчиж буй үхэр сүргийн зургийг Нью Акландын уурхай танилцуулгынхаа нүүрэнд нийтэлсний учир энэ.   

Компани дэргэдээ орон нутгийн иргэдээс бүрдсэн Зөвлөлтэй бөгөөд үйл ажиллагаанд нь ямар нэг өөрчлөлт орохоор бол зөвлөлөөрөө хэлэлцүүлдэг. Орон нутагт хөрөнгө оруулах санг тэрхүү Зөвлөл хариуцна.    
Биднийг буцсаны дараахан  Нью Акландын уурхайн хэвлэлийн мэдээнд дурдагдсан нэг өгүүлбэр онцгой анхаарал татав. “Сэтгүүлчид уул уурхайн үйл явцын талаар бүрэн ойлголттой байсан тул бид хибрид машин, ашигласан усаа цэвэршүүлэн дахин ашиглаж буй шинэлэг ажлаа танилцуулах боломж олдлоо” гэжээ. Энэ бол бүтэн жил үргэлжилсэн сургалтын нэг үр дүн юм.

“Шийгуаны нийслэл”, хөвөнгийн эх орон Чинчилла

Далбигаас Чинчилла хүртэл нэг цаг давхив. Зам зуур хөвөнгийн тариалангийн талбай цасан хучлагад дарагдсан мэт цайран харагдана. Том томоор нь ороож, ачихад бэлтгэсэн нь   энд тэндгүй. Сониуч зангаар өнөөх хөвөнг имэрч үзвэл  хөнгөн, зөөлөн, сэвсгэр гэж жигтэйхэн.  
Квийнсланд муж, тэр дундаа Дарлинг Даунсын энэ бүс хөвөн, улаан буудай, шийгуа тариалалтад хамгийн таатай нутаг ажээ. Чинчилла руу ойртох тусам “Сүрэл зарна” гэсэн жижиг самбар олноор тааралдана. Чинчиллаг “Шийгуаны нийслэл” хэмээн нэрийдсэн нь аргагүй юм. Хоёр жилд нэг удаа хоёрдугаар сард Melon Festival хэмээх шийгуаны томоохон баяр болно. Дөрөвдүгээр сарын сүүлч болчихоод байхад уламжлалт баярын уур амьсгал  бүрэн гараагүй л байна. Чинчилла Австрали тивийн шийгуаны 25%-ийг үйлдвэрлэх бөгөөд  Melon Festival-д оролцсон жуулчдын тоо энэ жил 20 мянга хол давсан тухай Chinchilla news сонин мэдээлсэн байлаа.
 
Шингэрүүлсэн байгалийн хийн боловсруулах анхны  үйлдвэртэй танилцав

Төдөлгүй Квийнсландийн метан хийн үйлдвэрийн Сургалт, мэдээллийн төв дээр ирэв. Үүдээр оронгуут метан хийн үйлдвэрийн өрөмдлөг, олборлолтыг харуулсан мэдээллийн самбарууд ханаар өлгөсөн нь нүдэнд туслаа. Сургалт, мэдээллийн төвд тараах материалууд олноор дэлгэсэн ба сонирхсон хүн нэг мөр ойлголттой болоод гарах нөхцөл бүрдүүлжээ. “Олборлолт эхлүүлэхээсээ өмнө төвийг нээж, орон нутгийн иргэдэд мэдээлэл хүргэсэн нь маш зөв алхам болсон” хэмээн компанийн менежер бүсгүй танилцуулгаа эхлэв.

Аюулгүй ажиллагаа компанийн номер нэг үнэт зүйл. Квийнсланд мужийг бүхэлд нь хамарч үйл ажиллагаа явуулдаг тус компанийн хувьд тээвэрлэлтийн аюулгүй байдлыг чанд сахина. Анх дотоодын зах зээлдээ төвлөрсөн жижиг компани байсан бол 2010 оноос шингэрүүлсэн байгалийн хий экспортод гаргах зөвшөөрөл Засгийн газраас  авч, боловсруулах үйлдвэр байгуулахдаа дөрвөн жилийг зарцуулжээ. Ийнхүү газрын гүн дэх нүүрсний давхаргын метан хийг шингэрүүлэн олборлох технологитой дэлхийн анхны LNG (Liquefied natural gas) үйлдвэрээ байгуулснаар “Квийнсландийн газ” компани (QGC) 2014 оноос бүтээгдэхүүнээ хилийн чанадад гаргаж  эхэлжээ.
Австралид байгалийн хийн үйлдвэрлэлээр толгой цохьдог дөрвөн компанийн нэг нь QGC.  Үйл ажиллагаа явуулаад тийм ч олон жил болоогүй гэхэд олборлолтоороо дэлхийн байгалийн хийн зах зээл дээр томоохон тоглогч болж, 50 жилийн түүхтэй Оrigin Energy групптэй дүйхүйц  хэмжээнд хүрчээ.   
Тус компани Квийнсландийн Боуэн (Bowen) болон Суратын (Surat) нүүрсний сав газарт метан хийн үндсэн олборлолт явуулдаг. 13 тэрбум австрали долларын үнэлгээтэй. Нийт 73,758 гектар эзэмшлийн талбайд үйл ажиллагаа явуулах ба 2000 гаруй хүнээс түрээслэн  ашиглаж байгаа талбайгаа нэмбэл бараг Их Британийн газар нутагтай тэнцэхээр. 

QGC нь 540 км урт хийн аварга хоолойг газар доогуур далайн эргийн Гладстон боомт хот  (Gladstone) хүртэл татжээ. Хийн хоолойг газраас 1,5-2 метрийн гүнд байгуулсан нь инженерийн гайхамшигт шийдэл юм. Боловсруулсан хийн 20% нь дотоодод, 80% нь  Гладстонаар дамжин экспортлогддог. Квийнсланд мужийн хийн эрэлтийн 40 орчим хувийг QGC хангадаг. 25-30 жил хийн олборлолт явуулахаар ТЭЗҮ-дээ тусгажээ.  
Дашрамд дурдахад, дэлхийн байгалийн хийн магнат “Бритиш Газ” компани 2008 оны арваннэгдүгээр сард QGC компанийг худалдан авчээ. Харин 2016 онд  Royal Dutch Shell  компани “Бритиш Газ” группыг худалдан авснаар Квийнсландийн нүүрсний давхаргаас метан хий олборлогч хамгийн том компани Shell-ийн бүрэлдэхүүнд орсон байна. Танилцах аяллын төлөвлөгөөнд багтсан метан хий олборлогч “Арроу Энержи” компанийн 50%-ийг  мөн Shell худалдан авсан мэдээллийг бидэнд өгөв.

QGC компани нь Баруун Даунс бүс нутагтаа нийт 2600 цооногоос хийгээ олборлодог ба газрын гүнээс олборлосон хийг шахаж нягтруулдаг  23 станц, төвлөрсөн 6 боловсруулах үйлдвэр, ус цэвэршүүлэх хоёр байгууламжтай.
Цооногийн гүнээс нэлээд давсархаг ус гарч ирдэг учраас хоёр цэвэршүүлэх байгууламжаар цэвэршүүлдэг аж. Цэвэршүүлсэн усаа тариан талбайд хэрэглэдэг.  
Нүүрсний давхаргын зузаан нь  30 орчим метр бөгөөд метан хий 300-400 метрийн гүнд оршдог аж. Боловсруулах үйлдвэрүүд нь хийгээ уснаас салгаж чийгшлийг бууруулах үүрэгтэй. Бид QGC компанийн хий шахаж нягтруулдаг станц, Төв боловсруулах үйлдвэрүүдтэй танилцсан. Аюулгүй ажиллагааны хатуу дүрэмд захирагддаг тул автобуснаас бууж зураг авахыг бидэнд эхэндээ  зөвшөөрөхгүй байлаа. Гэхдээ төмөр хашааны гаднаас өнөөх метан хийн байгууламжуудын зургийг дарах боломж олдсон юм. Жижиг оврын эдгээр байгууламжууд бүгд автоматчилагдсан  учраас хүмүүс  байнга ажиллах шаардлагагүй. QGC 3500 ажилтантай.
“Тэр харагдаад  байгаа том шар цилиндр нь ус, хийг ялгах байгууламж. Хий олборлоход газрын гүнээс устай хамт гарч ирдэг. Усыг түр зуур хадгалах усан сангуудтай. Усан сангуудаас ус цэвэршүүлэх байгууламж руу шилждэг. Нийт  усны 97 хувийг эргүүлэн ашиглах боломжтой. Ус цэвэршүүлэх байгууламж өдөрт 200 мегалитр ус цэвэршүүлэх  хүчин чадалтай. Гэвч энэхүү хүчин  чадлынхаа тэн хагасыг хэрэглэж байна” хэмээн  Грисс тайлбарлав.  

QGC компанийн 2000 орчим цооног хувийн эзэмшлийн газруудад байршдаг. Цооногуудаа ажиллуулахын тулд газар эзэмшигчидтэй яриа хэлцэл хийж, зөвшөөрөл авах бөгөөд яриа хэлэлцээр хийх үед газар эзэмшигчид янз бүрийн ааш авир гаргах нь түгээмэл, тэр бүхэнтэй зохицож, зөвшилцөн ажиллахдаа хууль дүрмээ л дагана.   
Цооногоос олборлосон хийг шахдаг станцуудад ажилладаг машин техникийн моторыг Нью Акландын уурхайн нэгэн адил гүнээс олборлосон хийгээр ажиллах зориулалттай бүтээжээ.   

QGC  нь Австралийн эдийн засагт 6,2 тэрбум, Квийнсланд мужид 4,5 тэрбум австрали долларын хөрөнгө оруулалт хийжээ. Засгийн газрын зүгээс хийн үйлдвэрлэгчдийг  гадагш  экспортлохоо хумьж, дотоодын зах зээлдээ түлхүү анхаарах шаардлага тавьж байгаа ч QGC компани арай өөр байр суурьтай гэж Грийс ярилаа.
Аялал маань Далби суурин дахь “Арроу Энержи” компанийн (Arrow Energy) Мэдээлэл, сурталчилгааны төвтэй танилцах маршрутаар үргэлжлэв. Олон нийттэй харилцах менежер Рита Хассан, Таниа Маршалл нар  компанийн үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийхдээ иргэдээс нийгмийн зөвшөөрөл авахын тулд нээлттэй харилцаатай байхыг эрмэлздэгээ онцолж байлаа.

2000 онд үйл ажиллагаагаа эхлүүлж, 2004 онд бүтээгдэхүүнээ арилжаалж эхэлсэн тус компани Квийнсланд мужийн нүүрсний давхаргын метан хий олборлогч томоохон компаниудын нэг. Мөнхүү Боуэн,  Суратын  сав газарт үндсэн таван талбайд олборлолт явуулдаг бөгөөд мужийн хийн хэрэгцээний 20%-ийг хангадаг.  
“Орон  нутагт үйл ажиллагаа явуулж, ашиг олдгийн хувьд  орлогоосоо иргэдтэй хуваалцах ёстой. Иргэд ажлын байр асууж их ирдэг. Ханган нийлүүлэгчид ч бараа үйлчилгээгээ танилцуулахаар ирнэ. Тэр бүхэнд нээлттэй хүлээж авдаг” хэмээн Рита Хассан менежер  ярив. Далби  суурин дахь олон нийттэй харилцах төвийн үүдэн хэсэгт компанийн үйлдвэрлэл, дэд бүтцийг харуулсан макет байршуулжээ. QGC-тай нэгэн адил компанийн түүх, эрэл хайгуул, хөгжүүлэлт, ашиглалтын талаарх мэдээлэл бүхий самбаруудыг хананд өлгөсөн байх агаад бидэнд богино хэмжээний видео танилцуулга үзүүлсэн юм.
Квийнсланд мужийн Засгийн газрын гүний усны нөлөөллийг судалдаг газартай хамтран  Боуэн, Суратын нүүрсний сав газрын гүний усанд судалгаа хийж байгааг Рита Хассан дуулгалаа. Энэхүү мониторинг судалгаагаа Квийнсландийн Гүний усны нөлөөллийн үнэлгээний газарт тайлагнадаг. “Энэ бол Суратын сав газрын гүний усны нөөцөд үйлдвэрлэл хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлсон ерөнхий загварт бидний  оруулж буй хувь нэмэр” хэмээн Рита Хассан хэллээ.

Эндрюс Митт:  Уул уурхайн үзүүлэх нөлөөллийг бид урьдчилан төсөөлж чадаагүй

Квийнсланд мужийн Баруун Даунс бүсийн зөвлөлийн Засаг даргын орлогчтой уулзах завшаан бидэнд тохиов.

Уул уурхай, хөдөө аж ахуй түлхүү хөгжсөн Баруун Даунсын бүс нутагт  тулгамдсан ямар асуудлууд байна вэ?
Баруун Даунс бүс нь 38 мянган шоо дөрвөлжин талбайг хамарч оршдог. 33 мянган оршин суугчтай.  Арван жилийн өмнө манай нутагт уул уурхайн томоохон үйлдвэрлэл байгаагүй. Нүүрсний уурхайнууд тодорхой хэмжээгээр  ажилладаг байсан ч метан хийн олборлолтын асуудал анх хөндөгдөхөд хүн болгон л  аж үйлдвэр хөгжих нь гэж хөөрч байлаа. Эдийн засаг хөгжиж, ашигтай олон сайхан зүйл бий болох нь гэж баярласан хэрэг.
Гэхдээ энд амьдрах хүмүүсийн тоо нэмэгдэж, тэр хэрээр шилжилт хөдөлгөөн, замын ачаалал ихэссэн. Гүний усны асуудал тулгарсан. Манай нутаг Их Артезийн сав газарт хамаардаг. Гүний ус бидний амьдралын эх үүсвэр. Ийм онцгой газарт уул уурхай орж ирэх нь гэсэн түгшүүр хүмүүст төрж эхэлсэн.  
Хэдий тийм ч шинэ үйлдвэрлэлийг дагаж маш олон ажлын байр үүссэн. Манайд ажлын байр хомсдолтой тул  уул уурхай шинэ давуу тал бий болгосон нь үнэн. Бүсийн төвүүдийн хувьд оршин суугчдадаа ажил эрхлэх боломж олгох нь маш чухал.

Дарлинг Даунс бүсийн уламжлалт эдийн засаг мал аж ахуйн салбарт суурилдаг. Тэр дундаа эрчимжүүлсэн мал аж ахуй зонхилдог юм байна. Уул уурхай үйл ажиллагаа салбарын бүтцэд нөлөөлсөн үү?
Тийм ээ, бүсийн уламжлалт эдийн засаг нь хөдөө аж ахуй. Нэг дор 30 мянган үхрийг бөөгнөрүүлж үржүүлдэг. Газар тариалан ч нэлээд хөгжсөн. Хөдөө аж ахуй зонхилон эрхэлдгийн хувьд шинэ үйлдвэрлэл орж ирэхэд нүүгээд явах биш, зохицоод амьдрах шаардлага  үүссэн. Томоохон хийн компаниудтай яриа хэлэлцээр эхлүүлж, орон нутгийн зам ашиглалт, замын хураамж, орон нутгаас хэрэглэж байгаа бараа материалын  төлбөр тооцоо гээд олон зүйл дээр бид тохиролцох хэрэгтэй болсон. Компаниудад ямар нэгэн дарамт шахалт учруулахгүйгээр ямар нэг байдлаар зохицож шийддэг байв.
Барилга, угсралтын үе шат дуусаад, олборлолт руу ороход уурхайн ажилчдыг урт, богино хугацаагаар ажиллах эсэхээс үл хамааран манай хотын иргэн болж суурьшаач гэсэн саналыг бид  тавьдаг. Ингэснээр уурхайчид хотын аливаа үйл ажиллагаанд оролцдог болно.    

Орон нутгийн зөвлөл иргэдэд уул уурхайн талаар зөв ойлголт төрүүлэхийн тулд ямар ажил хийдэг вэ?
Уул уурхайн үйлдвэрлэл анх нэвтрэхэд хүмүүсийн дунд маш их хоосон, үндэслэлгүй зүйлс яригддаг. Тиймээс орон нутгийн зөвлөлийн хийх ёстой хамгийн чухал ажил иргэддээ үнэн зөв мэдээлэл хүргэх. Даунс бүсийг эрчим хүчний салбартаа хүчирхэг болсон гэж бид үздэг. Хөдөө аж ахуй эрчимтэй хөгжсөн, эдийн засгийн түшиц газар болсны хувьд орон нутгийнхаа иргэдэд ажил эрхлэх боломжийг бүрэн олгосон. Биднийг гэгээлэг сайхан ирээдүй угтаж байна. Мэдээж уул уурхай байгаа цагт янз бүрийн асуудал гарна. Олборлолт явуулж байгаа хоёр нүүрсний уурхай бий. Нэг нь хаагдаж байгаа. Мөн метан хийн олборлолтын дөрвөн төсөл хэрэгжиж байна.

Метан хийн үйлдвэр анх нээгдэхэд эдийн засгийн өсөлт ирэх нь гэсэн хүлээлт байсныг та ярилаа. Энэ хүлээлт биеллээ олсон уу?
Хүлээлтээс ч давсан. Уул уурхайн үзүүлэх нөлөөллийн цар хүрээг бид урьдчилан төсөөлж чадаагүй. Зам, бохир болон цэвэр усны шугам хоолойны ашиглалт бодож байснаас хамаагүй илүү байсан. Манай бүсэд хийн чиглэлээр томоохон компаниуд үйл ажиллагаа явуулдаг учраас тэнцвэртэй харилцаа чухал. Нэг талаар компанийн үйл ажиллагаа тогтвортой байх, нөгөө талаар орон нутгийн иргэдэд ашиг тустай байх ёстой. Ашиг тус гэдэг нь орлогын тодорхой хувийг мөнгөн хэлбэрээр авна гэсэн үг биш. Харин орон нутгийн хүмүүст ажил эрхлэх боломж олгох байдлаар ашиг тусаа өгөх нь зөв.
Хөдөө аж ахуйн салбарт шинэ технологи, автоматжуулалт нэвтэрснээр ажил эрхлэх боломж хумигдсан. Бизнес эрхлэгчид томрохын хэрээр хөрш, зэргэлдээх  фермерүүдийг худалдан  авах болж, хүмүүс  нүүхээс аргагүйд хүрсэн тал бий. Ерөнхийдөө хөдөө аж ахуй дагасан жижгэвтэр суурин газрууд орхигдох байдалд орж байна.
Хэдийгээр орон нутагт ажил эрхлэх боломж хумигдмал байгаа ч манай иргэд бүгд ажилтай, мужийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин тун бага. 33 мянган хүн амтай нутагт томоохон компаниуд төсөл хэрэгжүүлж, барилга байгууламж, дэд бүтэц бариад, хөгжүүлэлтээ хийгээд явахаар дор хаяж 10 мянган ажлын байр шаардлагатай болно. Мэдээж дотоодоосоо энэ хэрэгцээг хангаж чадахгүй. Гаднаас хүмүүс ажиллуулах шаардлага үүсдэг ч компаниуд олборлолтын шат руугаа ороход олон ажлын байр шаардлагагүй болдог. Метан хийн олборлолтын компаниуд үйл ажиллагаа эхлүүлснээс хойш арван жилийн дараа л орон нутгийн хүүхдүүдийг сургаж бэлтгэн, ажилд авах асуудлыг ярьж байна.

Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээг хэрхэн байгуулдаг вэ?
Компаниудтай автозамын чиглэлээр 60-70 сая австрали долларын гэрээ хийдэг. Бид иргэдээ төлөөлдгийн хувьд гэрээний нэг оролцогч тал болж ажилладаг. Шинэ замыг хаана, хэдий хэрийн хөрөнгөөр барих вэ гэх зэрэг техникийн шинжтэй гэрээ хийгддэг.
Түүнээс гадна компаниуд манай ус цэвэршүүлэх байгууламжийн шинэчлэлд хөрөнгө оруулалт хийсэн. Томоохон төслийн асуудлыг Мужийн Засгийн газар шийддэг. Зарим тохиолдолд мужийн Засгийн газар, орон нутгийн Засгийн газар, Холбооны Засгийн газар, компаниуд гэсэн байдлаар дөрвөлсөн гэрээ байгуулж, ажиллах тохиолдол бий.
Компаниудын орлогын тодорхой хувийг орон нутагт оруулах хуулийн заалт өмнө нь байгаагүй.   Квийнсланд мужид Баруун Австралид хэрэгждэг роялтиг нэвтрүүлэх саналыг Орон нутгийн зөвлөл тодорхой түвшинд тавьсны дүнд Холбооны Засгийн газар болон Мужийн Засгийн газартайгаа ярилцаж, орон нутагт тодорхой хэмжээний роялти төлөхөөр болсон. Бид орон нутагт учирдаг дарамт, шахалтыг ойлгодог сайн Засгийн газартай. Орон нутагт ашигт малтмал ашигласны хураамжийн тодорхой хэсгийг оруулдаг тогтолцоо бий болсон. Гэхдээ Засгийн газар хэдийг зарцуулахаа шийдэж, орон нутагт хуваарилахаас биш яг төдөн хувь гэсэн заалт байдаггүй.

Компаниудын орон нутагт оруулсан хөрөнгө оруулалт, санхүүжилт хэр ил тод байдаг вэ?
Бидэнд нуух зүйл байхгүй. Жилийн тайлан төлөвлөгөөгөө гаргаад, хэвлэж олон нийтэд хүргэдэг. Нөгөө талаас компаниуд орон нутагт өгсөн зүйлийнхээ талаар хэзээ ч  дуугүй байдаггүй.

Уул уурхайд иргэдийн эсэргүүцэл хэр байдаг вэ? Иргэний хөдөлгөөнүүд идэвхтэй юу?
Байгаль орчныг хамгаалахын төлөө явдаг хүмүүс ямагт эсэргүүцдэг. Метан байна уу, нүүрс байна уу, бүгдийг эсэргүүцнэ. Гэхдээ хүн амын 99 хувь нь уул уурхай, нөхөн сэргээлтийн асуудлыг огт тоодоггүй. Үлдсэн 1-2 хувь нь яаж байсан ч сэтгэл ханадаггүй.

Гүний усны хувьд ямар асуудал тулгарч байна вэ? Энэ тал дээр шийдэлд хүрсэн зүйл юу байна вэ?
Гүний ус сэлбэгдэхдээ удаан учраас   хэр хэмжээний нөөц үлдэж, ямар түвшинд сэлбэгдэж байгааг мэдэх аргагүй. Бидний санаа зовнидог зүйл энэ. Байгаль орчны асуудлыг мужийн Засгийн газар хариуцдаг. Манай бүс нутагт нүүрсний уурхайтай холбоотой нэг төсөл яригдаж байгаа. Ордын нөөц нь үхрийн аж ахуйн хамгийн үржил шимт талбайд илэрснээс маргаан гарч байна. Нүүрсний уурхайг ажиллуулах эсэх дээр шийдэлд хүрээгүй.

Уугуул иргэдийн гайхамшигт Stradbroke арал

Минжериба....Брисбэн хотоос зүүн өмнөд зүг буюу 30 орчим км-ийн зайд, Моретан  буланд орших Хойд Страдбрөүк арлыг уугуул иргэд одоо ч  ингэж нэрлэнэ. 20 мянга гаруй  жилийн тэртээ суурьшсан куандумако овгийн 300 орчим төлөөлөл дэлхийн хоёр дахь том элсэн  арал дээр амьдарч байна.
Нов ногоон модод дунд жирэлзэх засмал замууд, нэг давхар хувийн тохилог сууц, жижгэвтэр дэлгүүрүүд, аялагчдын түр амрах цэг гээд дутуу юмгүй цэвэрхэн, цомхон хот энд босчээ. Дардан хар замаар арлын хаана ч очиж болох бөгөөд аялагчид хүссэн газартаа хэдхэн минут давхиад хүрэх боломжтой.
Бид Минжериба арал дахь Квийнсландийн их сургуулийн Моретан арлын сургалт,  судалгааны лабораториор зочлов. Судалгааны төвийн ажилтан Давид, коала хэмээх уутат баавгай, цахилгаантай загас, харахад хөөрхөн ч үхлийн аюул дагуулдаг дун, эврээрээ хатгаж загас агнадаг загас, хүн рүү дайрдаггүй ч өөрийгөө хамгаалах зорилгоор хатгуураараа хороо шахдаг стингрэй зэрэг арлын ховор амьтдын талаар танилцуулав. Далайн амьтанд хатгуулбал шууд үхэлд хүргэхгүй ч бүтэн өдөржин сэхээнд хэвтэх эрсдэлтэй, гэхдээ эмнэлэг ойрхон учраас таныг эмчилчих байх хэмээн судалгааны ажилтан сануулж байв.
Судалгааны төвийн гаднах зүлгэн дээр маш том эвкалипт моднууд сагсайн ургасан байх ба модны мөчир дээр унтаж буй коала баавгайтай таарав. Коала баавгай унтамхай амьтан. Модны навч унтуулах бодис агуулсан байх бөгөөд түүнийгээ идчихээд унтаад өгдөг аж. Маш жижигхэн  өхөөрдөм харагдах ч  есөн настай, бүр үр зулзагаа тээсэн  байж магад гэж Давид хэллээ.
1896 он хүртэл Хойд Страдбрөүк нь Страдбрөүк арлынхаа нэг хэсэг байсан ч далайн хүчтэй шуурганаар Өмнөд Страдбрөүк арлаас тусгаарлагджээ. Гэсэн хэдий ч куандамука овгийнхон Хойд Страдбрөүк арлын уугуул эзэд хэвээр үлдсэн юм. Тэдэнд 1992 онд газар эзэмших эрх олгосон бөгөөд 2011 онд дийлэнх хэсгийг албан ёсны эзэмшил болгожээ. Энэ үеийг Квийнсландийн түүхэнд эрх зүйн шинэтгэл хийсэн хөгжлийн онцгой үе гэж үзнэ. Уугуул иргэд газар эзэмших эрхтэй болсноор уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа тэдэнтэй яриа хэлэлцээ хийж зөвшөөрөл авах ёстой. Страдбрөүк аралд ч энэ зарчим үйлчилнэ. Тэд австраличуудын шинээр олгосон Страдбрөүк нэрийг Минжериба гэх язгуур нэрээрээ солих хүсэлт тавьсан нь ёсоор болжээ.

Страдбрөүк арлын элсний уурхай 60 жилийн түүхтэй

Бельгийн Sibelco компани арал дээр гурван талбайд олборлолт явуулах эрхтэй. Олборлосон элсийг ямар нэг байдлаар боловсруулдаггүй. Хиймэл нуур үүсгэн, түүндээ драг байрлуулж олборлох бөгөөд элснээс ховор элемент титаныг ялган авна. Үнэт метал агуулсан элсийг шигшихдээ шинээр элсэн манхан үүсгэдэг. Олборлолт явагдсаны дараа хаягдал элсэн манхнаараа дээрээс нь бүтээж, шимт хөрс болгоод модны суулгац тарина.  
Баруун Австрали, тэр дундаа баруун эргээр элсний томоохон уурхайнууд ажилладаг ч  яг арал дээр олборлолт явагддаг нь ховор. Квийнсландийн хойд нутгаар элсний олборлолт явуулах санал ихээр гардаг ч мужийн хэмжээнд асуудал нь шийдэгдээгүй байна. 

Страдбрөүк арал дээр анх Австралийн компани элсний олборлолт явуулж байсан ч 2008 онд Sibelco худалдан авчээ. Арал дээр нөөц ихтэй хэд хэдэн орд бий ч ашиглалтын асуудал маргаантай байна.
Австралид манайтай адил уул уурхайн салбарт баримтлах бодлого нь эрх баригч намын шийдвэрээс хамааран өөрчлөгддөх нь түгээмэл аж. Жишээ хэлэхэд, Sibelco компани 2028 он хүртэл элсний олборлолт явуулах хүсэлт гаргахад Засгийн эрх барьж байсан Хөдөлмөрийн нам 2019 онд хаах шийдвэр гаргажээ. Удалгүй засаг солигдон, Үндэсний либерал нам уул уурхайн салбар үр ашигтай гэж үзэн, уурхайг 2028 он хүртэл явуулах шийдвэр гаргасан ч Хөдөлмөрийн нам дахин ялалт байгуулснаар өмнөх шийдвэртээ бат зогсчээ. Хөдөлмөрийн нам байгаль орчны асуудалд илүүтэй санаа зовдог учраас ийм шийдвэрт хүрсэн гэж тайлбарладаг бөгөөд байгаль хамгаалагчид дэмжин төрөл бүрийн мэдэгдэл хийсээр байна.
Страдбрөүк арлын элсний уурхайн нөөц 2028 он, түүнээс ч цааш ажиллах боломжтойг Sibelco компани мэдэгддэг. Үзэсгэлэнт байгалиараа алдартай Страдбрөүк арлаа хамгаалах гэсэн уугуул иргэдийн тэмцэл бага боловч өгөөжөө өгч, 2026 он гэхэд арлыг бүхэлд нь үндэсний парк болгон, уул уурхайн үйл ажиллагааг бүрэн зогсоохын төлөө явж байна.      
“Уурхай хаагдахад уугуул иргэд дуртай байна. Уурхайн эдэлбэр газар нь Куандамука овгийн эзэмшлийн нутаг. Арал дээр ирж байгаа хүмүүс хэзээ ч уул уурхай сонирхохгүй. Тэдэнд аялал жуулчлал чухал” хэмээн өмнө нь эндхийн уурхайд ажиллаж байсан бизнес эрхлэгч  ярив. Тэрээр уурхайд цахилгаанчнаар ажиллаж байсан ч загас барихад суралцан, хүмүүст зааж өгөх болжээ. Улмаар бизнес болгон өргөжүүлсэн бөгөөд зөв сонголт болсон гэв.  
Арал дээр уул уурхай, аялал жуулчлалын бизнес идэвхтэй хөгжиж буйтай холбоотойгоор эндхийн орон сууц, бараа таваарын үнэ Брисбэнийхээс үнэтэй болж эхэлжээ. Хувийн орон сууц 500-гаас 1 сая австрали долларын үнэтэй тул суурьшин амьдрахад амаргүйг оршин суугчид хэлж байна. Уурхайд ажилладаг хүмүүс нүүвэл байшингууд нь суларч, үнэ нь ядаж 300 мянган австрали доллар болно гэж итгэдгээ нуусангүй.
Страдбрөүк арал дээр хэд хэдэн брэнд дэлгүүр үүдээ нээжээ. Гэвч тэнгэрт хадсан үнэтэй. Брисбэний  Walmart сүлжээ дэлгүүрт нэг боодол гоймон 80 цент байсан бол энд 3.8 доллараар зарагдах жишээтэй. “Эндхийн дэлгүүрүүд их шуналтай. Өндөр үнэтэй ч аргагүйн эрхэнд худалдаж авдаг” хэмээн арлын иргэн  гомдоллонгуй хэлэв. Тэд Walmart-ын сүлжээ орж ирж тэнгэрт хадсан үнийг буулгаасай  гэж хүсдэг аж.


 
Ханбогд сум 20 жилийн дараа хот болж хөгжинө

Сэтгүүлчид хөтөлбөрийн дагуу Квийнсланд мужийн Нөөц баялгийн зөвлөл болон “Рио Тинто”-гийн  Брисбэн дэх оффисоор зочлов. Квийнсландын Нөөц, баялгийн зөвлөл нь газрын тос, нүүрс болон бусад ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  хувийн хэвшлийнхнийг эгнээндээ нэгтгэсэн ашгийн бус байгууллага бөгөөд тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх зорилготой   аж.

“Бидэн рүү байгаль орчныг хамгаалах иргэний хөдөлгөөнүүд маш их дайралт хийдэг. Тэд уул уурхайн төслүүдийг зогсоох, удаашруулах үйлдлүүд гаргадаг. Хүний амь насыг эрсдэлд оруулж зорилгодоо хүрэхээс ч буцахгүй” хэмээн Нөөц, эрдэс баялгийн зөвлөлийн (Queensland resources council) Олон нийттэй харилцах газрын захирал Ангела Харпер ярилаа.
Квийнсланд мужийн эдийн засгийн 5 доллар, ажлын 7 байр тутмын 1 нь уул уурхайн салбарт оногддог. Уул уурхайгаас хамааралтай ашиг тус хүртдэг 24.400 бизнес эрхлэгчтэй бөгөөд орон нутгийн байгууллагуудад тусламж дэмжлэг үзүүлдэг 937 байгууллага бий аж.  “Энэ бүх ашиг тусыг Квийнсланд мужийн  уул уурхай эрхэлж байгаа 0,1%-ийн  талбайгаас олж авдаг” хэмээн Квийнсландийн Нөөц баялгийн зөвлөлийн Эдийн засгийн бодлогын асуудал хариуцсан захирал  Эндрю Баржер ярилаа.

Гладстон  боомтод ком­па­ниуд шинээр үйл ажиллагаа явуулж эхэлс­нээр хөрөнгө, санхүүгийн зардал их гарчээ. Өнгөрсөн 5 жилд хувийн хэвшлээс 70 тэрбум австрали долларын хөрөнгө оруулалт хийгдсэний дүнд Гладстон боомтод хэд хэдэн томоохон үйлдвэр баригдсан байна. Мужийн нүүрсний экспортын 4/3 хувийг коксжуулсан нүүрс эзэлнэ. Гангийн хэрэглээ өндөр байгаа тул манай нүүрсийг хэрэглэгчид цаашид ч авах төлөвтэй   гэсэн мэдээллийг Эндрю Баджер өглөө.
Квийнсланд муж нүүрсний дөрвөн боомттой ч одоогоор гурвыг нь ашиглаж байгаа аж. Нүүрсний сав газрууд нь 300 орчим км-ийн зайд байрлах тул аль нэг компани тусдаа төмөр зам тавиад бүтээгдэхүүнээ экспортлох ямар ч боломжгүй. Тиймээс төмөр замд төрийн оролцоо байх бөгөөд компаниудтайгаа гэрээ байгуулан, тэдгээр төмөр замыг 5 жил ашиглах эрх олгодог тухай Квийнсландын Нөөц, баялгийн зөвлөлийн холбогдох албаны хүмүүс танилцуулав. Тэдгээр төмөр замыг 32 компани ашигладаг бөгөөд засвар үйлчилгээнд жилд 1 тэрбум австрали доллар зарцуулдаг аж.
 
Дараагийн уулзалт Квийнсланд мужийн “Рио Тинто”-гийн салбарт өрнөв. Оюутолгой ХХК-ийн Гүний уурхайн төслийн захирал Марко Пирэс уулзалтад ач холбогдол өгч, зорин иржээ.
“Рио Тинто” групп дэлхийн уул уурхайн компаниуд дундаа хөрөнгийн хэмжээгээр гуравт жагсах бөгөөд Австралид тус компанийн нийт хөрөнгийн 49% нь байрладаг. “Зэс бол бидний бизнесийн томоохон чиглэл. Монгол, Америк, Индонез, Чилид дэлхийн тэргүүлэх шилдэг ордыг эзэмшдэг бөгөөд Монголд түншлэлийн шугамаар орд газар эзэмшдэг.  АНУ-ын хувьд ВHP-тэй тогтоосон түншлэлийн шугамаар үйл ажиллагаа явуулдаг” хэмээн Марко Пирэс ярилаа.
Мөн “Оюутолгой уурхайд хамгийн эхний хөрөнгө оруулалт 5,3 тэрбум доллар шаардлагатай байсан. 2027 он гэхэд олборлолт тогтвортой явагдаад ирэхээр нэмэлтээр 2,8 тэрбум доллар зарцуулах төлөвлөгөөтэй байна. 2027 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхлэхээр бидний үйл ажиллагааны зардал маш бага байх болно” гэж мэдээлэлдээ дурдав.  
Гүний уурхайд 14, 28 метрийн хэмжээтэй 2000 гарц хийх бөгөөд үүнд асар их зардал гарч байгаа аж. Бусад ордын тухайд ухаад олборлолтоо хийгээд, дахиж ухаад олборлодог бол Оюутолгойд анхнаасаа хүдрийн биетээ тодорхойлоод гүнээс нь олборлолт явуулна. 20-25 жилийн дараа хүдрийн биетийг авсан  хэсэгт хонхор нүх бий болохыг Марко Пирэс хэллээ.
Австралийн хувьд усны эх үүсвэр олон учраас өөр эх үүсвэрийн усыг ашиглах боломжтой бол Оюутолгойн хувьд гүний уснаас өөр эх үүсвэр байхгүй тул хэрэглэж буй усныхаа 85%-ийг эргүүлэн ашигладаг. 1 тонн зэс олборлоход ашиглаж байгаа усны хэмжээгээрээ дэлхийд хамгийн бага зарцуулалттай ажиллаж байгаа гэнэ.  
“20 жилийн дараа Ханбогд огт өөр болно. Уурхайн талбайгаас ердөө 30 километрийн зайд  Ханбогд сум байрладаг тул цаашдын хөгжлийн боломж асар их болохыг хэлмээр байна” гэснээр Марко Пирэс захирал сэтгүүлчидтэй хийсэн уулзалтаа өндөрлөв.
                                                               
Саймон Кроуч: Австралийн коксжих нүүрсний экспортын 54%-ийг Квийнсланд муж бүрдүүлдэг

Квийнсланд мужийн Байгалийн нөөц баялаг, уул уурхайн газрын Геологийн судалгааны хэлтсийн захирал Саймон Кроучтай ярилцлаа.
 
Квийнсланд мужид уул уурхай нь эдийн засгийн маш чухал салбар. Энэ салбарын үр өгөөжийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
Мужийн ДНБ-ий 7,2% буюу 21,6 тэрбум австрали долларыг уул уурхайн салбар бүрдүүлдэг.  2016 оны мэдээллээр ойролцоогоор 30 тэрбум австрали доллар энэ салбарт эргэлдэж байна. Шууд ажил эрхэлж байгаа ажилтнуудын тоо 2017 оны хоёрдугаар сарын байдлаар 59 мянга хүрчээ. Нэг ажлын байр дам байдлаар гурван ажлын байр бий болгодог гэж үзвэл 180 мянган хүн ашиг хүртэж, ажил эрхэлдэг гэсэн үг.
Компаниуд 2 тэрбум гаруй австрали долларын ашигт малтмал ашигласны төлбөрийг мужид төлдөг. Үүнээс нүүрсний салбар 2015 онд 1,6 тэрбум доллар, 2016 онд 1,5 тэрбум долларыг бүрдүүлсэн.  
Эрэл, хайгуулын зардал 2016 онд ойролцоогоор 436,2 сая австрали доллар хүрчээ. Мужийн эрдэс баялгийн үйлдвэрлэл 2016 онд 8,3 тэрбум австрали доллараар хэмжигдэж байна. Олборлолт явуулж байгаа 100 гаруй уурхай бий.
Манай муж Монгол улстай нэгэн адил эрдэс баялгаар арвин. 32 төрлийн ашигт малтмал олборлодог. Ашигт малтмалын нөөцийн дийлэнх нь мужийн баруун хойд хэсэгтээ илүү төвлөрсөн ба нөөцийн 70 орчим хувь энэ бүсэд бий.  Квийнсланд муж харьцангуй жижиг газар нутагтай, 4 сая хүн амтай ч нүүрсний экспортоор дэлхийд нэгд, хар тугалгын олборлолтоор хоёрт, цайрын олборлолтоор гуравт жагсдаг. Мөн боксит, зэс, мөнгөний баялагтай.

Үндэсний хэмжээнд экспортолж байгаа коксжих нүүрсний хэдэн хувийг Квийнсланд муж бүрдүүлдэг вэ?
Австралийн нийт нүүрсний экспортын 57%, харин коксжих нүүрсний экспортын 54%-ийг Квийнсланд муж бүрдүүлдэг. Мужийн нүүрсний нөөц 55 тэрбум тонн. Нүүрсний 53 уурхай үйл ажиллагаа явуулдгийн 43 нь ил уурхай. 242 сая тонн нүүрс олборлодгоос 221 сая тонныг нь экспортолдог. Ихэнх нь коксжуулсан нүүрс. Бид нүүрсээ 30 гаруй улсад нийлүүлдэг, Япон, Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгос гол зах зээл. Нүүрсний экспортоо өргөжүүлэхэд маш сайн, цар хүрээтэй дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай.  Зүүн эрэг дагасан төмөр замууд ихэвчлэн нүүрс зөөх зориулалттай.

Квийнсланд муж шингэрүүлсэн байгалийн хийн экспортоороо дэлхийд дээгүүрт ордог. Энэ салбарыг тоймлон танилцуулна уу?
Гладстонд шингэрүүлсэн байгалийн хий буюу нүүрсний давхаргаас олборлосон хийг экспортлох үндсэн гурван төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд гурван өөр компанийн эзэмшилтэй. Квийнсландийн Куртис арлын нэрээр нэрлэгдсэн метан хийн үйлдвэрийг Shell групп, Гладстоны шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэрийг “Сантос” эзэмшдэг.   
Байгалийн хийн тухайд 2014 онд 2,5 тэрбум австрали долларын үйлдвэрлэл явагдсан. Хэд хэдэн төрлийн байгалийн хий, түүн дотроо уламжлалт газрын тосыг Квийнсландад олборлодог.
Байгалийн хийн олборлолтын ихэнхийг нүүрсний давхаргын метан хий эзэлнэ. Уламжлалт бус буюу шатдаг занар зэрэг баялгаа ирээдүйд олборлохоор бэлтгэж байгаа. Квийнсланд муж Австралийн нийт газрын тосны 80 орчим хувийг агуулсан ордуудтай. Австрали улс дангаараа 50 жил ашиглах боломжтой ч 23 сая хүн амтай учраас хэрэглээ маань харьцангуй бага.  
2000-аад оны эхээр шинээр бий болсон салбар бол нүүрсний давхаргын метан хий олборлолт. Сурат, Боуэн гэх хоёр сав газарт  үндсэн олборлолт явуулдаг. Шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэж эхэлснээс хойш манай үйлдвэрлэлийн хэмжээ эрс өссөн.  

Queensland coal seam gas production to June 2016

Уламжлалт бус хийн эх үүсвэрүүд илэрч байгаа. Одоогоор занарын хийн нөөцийг яг таг тогтоогоогүй. Эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийг тогтоох шаардлагатай.  

Өндөр хөгжилтэй орнуудын ашигт малтмалын ордуудын нөөц шавхагдаж, эрэл хайгуулаа бусад орнууд руу чиглүүлж байна гэдэг. Австралийн хувьд ашигт малтмалын боломжит нөөцийнхөө хэдэн хувийг ашиглаж байна вэ?
Квийнсланд мужийн тухайд хөнгөн цагааны хүдэр, фосфат болон стратегийн ач холбогдолтой ашигт малтмал болох байгалийн хийн нөөц нэлээд бий. Харин алт, мөнгө,  хар тугалга, цайр, зэсийн нөөц буурч байгаа. Цаашид стратегийн хувьд ямар ашигт малтмалууд илүү байх ёстой вэ гэдгээ тодорхой болгохоор ажиллаж байна.
Геологийн судалгаа, эрэл хайгуулыг стратегийн ач холбогдолтой гэж тодорхойлсон газарт л хийнэ. Компаниудад мөн дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Цаашдаа эрэл хайгуулыг идэвхжүүлж, нөөцөө улам нэмэгдүүлэх байх. Мужийн Засгийн газраас анхаардаг эрэл хайгуулын ажил компаниудынхаас өөр. Бүсийн хэмжээнд ашигт малтмалын нөөцийн газрын зургийг гаргах зорилготой. Хэрвээ геологийн эрэл хайгуулын явцад баялаг илрэх юм бол нээлттэй мэдээлж, компаниуд ч тийшээ орж ажилладаг. Мэдээж эрэл хайгуулын ажлыг бизнесийнхэн болон эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарч хийдэг.

Мужийн Засгийн газрын уул уурхай дахь үүрэг, хариуцлага нь ямар байдаг вэ?
Австралийн Холбооны Засгийн газар гурван түвшинтэй. Үндэсний Засгийн газрын дор  мужийн Засгийн газар, орон нутгийн Засгийн газар ажилладаг. Үндэсний Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалт, татвар, цагаачлал, байгаль орчны хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээр, уугуул иргэдийн эзэмшлийн асуудал, худалдаа, компанийн тухай хууль, аж үйлдвэрлэлийн харилцаа зэрэг өргөн асуудлыг эрхлэн зохицуулдаг.  Үндэсний хэмжээнд батлан гаргасан хууль тогтоомжууд муждаа нэвтэрч, цаашлаад орон нутгийн салбарыг удирддаг. Хамгийн гол хоёр хууль бол 1989 онд батлагдсан Ашигт малтмалын нөөцийн тухай хууль, нөгөө нь 2004 оны Газрын тос, хийн тухай хууль.   
Квийнсланд мужийн Засгийн газар бүсийн төлөвлөлтөө хариуцаж, уул уурхайг ашиглах эрх буюу тусгай зөвшөөрөл олгож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуримтлуулдаг. Мужийн гол орлого эндээс бүрддэг. Мужийн Засгийн газар газрын хэвлийн баялгийг өмчилдөг, нэг ёсондоо эзэн нь. Компаниуд ашигт малтмалын салбарт эрэл, хайгуул хийх, олборлолт явуулахын тулд мужаас тусгай зөвшөөрөл авдаг.
Уул уурхай, газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлолттой холбоотой зөвшөөрлүүд, аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, гүний усны нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, уугуул иргэд болон түүх, соёлын өвийн хамгаалал, байгаль орчын санхүүгийн баталгаажилт,  геофизик, геологийн судалгаа, газар, усны бодлого, орхигдсон уурхайд нөхөн сэргээлт хийх зэргийг Мужийн Засгийн газар зохицуулдаг.
Манай байгууллагын хувьд эрэл, хайгуулыг дэмжсэн баталгаа өгдөг. Газрын тос, байгалийн хийн компаниудын дунд тендер зарлах нь бидний ажил. Компаниудын хувьд тусгай зөвшөөрөл авахдаа биеэ дааж өргөдөл гаргадаггүй, Засгийн газраас ийм ийм зүйлийг хөгжүүлнэ гэсэн багц тендер зарладаг. Уул уурхайн компаниуд өөрийн сонирхлоо тендертээ өргөдлөө өгдөг. Мөн тусгай зөвшөөрлийн нөхцөл, болзлыг бид зохицуулдаг. Дүрэм журам хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавина.  

Тусгай зөвшөөрлийг ямар шалгуур, үзүүлэлтээр олгодог вэ?
Тусгай зөвшөөрлийг эрэл хайгуул, хөгжүүлэлт, олборлолт гэсэн гурван түвшинд олгодог. Түвшин бүрт зөвшөөрөл авах шаардлагатай. Эрэл хайгуул хийгээд ашигт малтмал илрүүлсэн тохиолдолд ямар зөвшөөрөл авахыг тодорхой хууль, журмаар заасан байдаг. Зарим тохиолдолд, нөөц нь үнэхээр эдийн засгийн үр өгөөжтэй эсэх нь эргэлзээтэй байвал завсрын үе буюу дахин таван жилийн хугацаатай зөвшөөрөл олгоно. Энэ хугацаанд компани ТЭЗҮ-гээ дахин боловсруулж, олборлолт явуулах эсэхээ шийдэх боломжтой.
Квийнсланд мужийн Засгийн газарт томоохон төслүүдийг хариуцдаг Ерөнхий зохицуулагч бий. Тэр зохицуулагч төслийн хүрээнд тусгай зөвшөөрөл авахаас өгсүүлээд бүх асуудлыг хариуцаж ажилладаг.  
Хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг дөрвөлжин хэсгүүдэд хуваадаг.   Компаниудад зөвшөөрөл олгохдоо талбайн хэмжээг нь хязгаарладаг. Жишээ нь, нүүрсний хайгуулын тусгай зөвшөөрөл өгөхдөө хамгийн ихдээ 300, бусад эрсдийнх бол 100 жижиг, газрын тосных бол 100 том дөрвөлжин талбайд үйл ажиллагаа явуулах эрх олгодог юм. Жижиг дөрвөлжингүүд салангид биш, залгаа байх ёстой. Нэг жижиг дөрвөлжин нь 1,7-км-ийг 1,7 км-ээр үржүүлсэнтэй тэнцүү талбайг хамардаг. Том, ягаанаар тэмдэглэдэг дөрвөлжинд 25 жижиг дөрвөлжин багтдаг. Эдгээрийг код, тоогоор нь ялгах боломжтой.      



Марк Лудлоу: Квийнсланд мужид эрчим хүчний шинэ сорилт тулгарч байна

Сэтгүүлчдийн баг Брисбэн хотын The Brisbane Times-ийн үйл ажиллагаатай танилцах үеэр “Financial Review” сонины редактор, Квийнсландын улс төрийн тоймч Марк Лудлоу уул уурхайн талаар байр сууриа илэрхийлсэн юм. “Австралид үндэсний хэмжээнд хоёр сонин үйл ажиллагаа явуулдгийн нэг нь манай сонин. Ихэвчлэн уул уурхай, эдийн засаг, улс төр болон санхүүгийн асуудлуудыг хөнддөг” хэмээн Марк Лудлоу яриагаа эхлүүлэв.

Яг одоо үндэсний хэмжээнд хамгийн их маргаан дагуулж буй ямар асуудлууд байна вэ? Тоймчийн хувьд ямар дүгнэлт өгдөг вэ?
Одоогоор Австрали улсад нүүрсээ шатаасаар байх уу,  сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үү гэсэн асуудал дээр ид мэтгэлцэж байна. Австралийн өрсөлдөх гол давуу тал асар их хэмжээний коксжих нүүрс, хийн нөөц баялаг. Гэхдээ нүүрсээ ашиглаад нүүрсхүчлийн хий ялгаруулсаар байх уу, үүнийгээ таслан зогсоох уу гэдэг асуудал чухлаар тавигдаж байна. Ерөнхийдөө Австралийн эрчим хүчний тогтолцоо эрс өөрчлөгдөж байгаа. Нүүрс шатааж эрчим хүчээ хангаж  ирсэн бол одоо нар, салхины эрчим хүчийг түлхүү ашиглах уу гэсэн сонголтын зааг дээр ирчихээд байна.
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд тодорхой хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах ёстой гэсэн заалт бий. Олон жил манай эдийн засгийн гол тулгуур болж ирсэн нүүрсний салбарт энэ нь томоохон нөлөө үзүүлдэг. Гэхдээ нүүрсний  компаниуд ерөнхийдөө олборлолтоо зогсоох тал руугаа явж байгаа. Сүүлийн жилүүдэд дулааны 8 цахилгаан станц үйл ажиллагаагаа зогсоосон. Квийнсланд мужид эрчим хүчний эх үүсвэрийн 70 орчим хувийг нүүрс шатаадаг дулааны цахилгаан станцууд бүрдүүлдэг. Бүгдийг мужийн Засгийн газар эзэмшдэг. 2030 он гэхэд эрчим хүчний эх үүсвэрийн 50 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргана гэсэн чиглэлтэй байгаа нь маш том амбиц. Одоогийн  байдлаар  манай муж эрчим хүчнийхээ 7 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс авч байна. Тиймээс 2030 он хүртэл нарны эрчим хүчний эх үүсвэрүүдийг байгуулах, хөхиүлэн дэмжих чиглэлээр Засгийн газар ажиллаж байгаа.  
Квийнсланд муж нарлаг учраас нарны эрчим хүчийг ашиглахад давуу талтай. Хэдий нар, салхины эрчим хүчийг ашиглах, тогтвортой, найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй болоход томоохон сорилт тулгарч байгаа ч нүүрсний аж үйлдвэрлэл чухал эх үүсвэр хэвээр байгаа.

Мужийн эрчим хүчний бас нэгэн эх үүсвэр нь нүүрсний давхаргын метан хий. Энэ талаар ямар зохицуулалтууд хийгдэж байна вэ?
Сүүлийн таван жилд Квийнсланд муж 80 тэрбум австрали доллартэй тэнцэх хэмжээний шингэрүүлсэн байгалийн хийн бизнес хөгжүүлж чадсан. Shell Oil, British Gas зэрэг томоохон компаниуд далайн эргийн Гладстонд үйлдвэр байгуулж байгаа. Хийгээ экспортлох урт хугацааны гэрээ байгуулж, нийлүүлж байна. Гэхдээ Австрали, тэр дундаа Квийнсланд мужид үүсээд буй нэг том асуудал нь хийн үйлдвэрлэлийн компаниуд бүтээгдэхүүнээ хэт их экспортлож байгаагаас шалтгаалж дотоодын хийн зах зээл дээр хомсдол үүсч, үнэ өссөн. Энэ бүхэн бизнесийн компаниудад сөрөг нөлөө авчирч байгаа. Засгийн газрын тэргүүн шингэрүүлсэн байгалийн хийн экспортод хориг тавих байр сууриа илэрхийлсэн. 

Мөн далайн эргээс 500 километрийн зайд байрлах Галилейн нүүрсний сав газраас нүүрс олборлох хүсэлтээ илэрхийлсэн компанийн асуудал маргаантай байна. Энэтхэгийн  “Адани майнинг” компанид олборлолтын зөвшөөрөл олгох эсэх талаар ид маргаж байна. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, сэргээгдэх эрчим хүч рүү шилжихийг хичээж байгаа үед эсрэгээрээ нүүрсний компанийн төсөлд асар олон тэрбумыг зарцуулах нь утгагүй гэж үзэх хүмүүс олон байна. Улстөрчдийн дунд ч энэ асуудлаар хагарал гарч, Үндэсний Засгийн газар яагаад “Адани майнинг” шиг хувийн консорциумд мөнгө өгөх ёстой гэж асуух болсон.   
Галилейн сав газар далайн эргээс зайтай ч олборлолт явуулахад 16,5 тэрбум австрали долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүний 10 тэрбумыг банкны зээлээр босгохоо “Адани” компани мэдэгдсэн. Улстөрчдийн дунд нүүрсний үйлдвэрлэлийг дэмждэг хүмүүс цөөнгүй. Тэд нүүрс ихэвчлэн ган хайлуулахад зориулагддаг учраас нүүрсний компаниас авсан татвараараа сургууль соёлын байгууллагуудаа хөгжүүлээд явах нь зүйтэй гэсэн байр суурь баримталдаг.

“Адани майнинг” компанийн маргаан шүүхээр 5 жил явж байгаа бөгөөд байгаль орчныг хамгаалагчид тасралтгүй зарга үүсгэж, төслийг удаашруулах, таслан зогсоох оролдлогууд хийж байна. Тус компани жилдээ 60 сая тонн олборлолт хийх ба 25 жилийн хугацаанд ашиглалт явуулахаар төсөлдөө тусгасан. Компанид тусгай зөвшөөрөл олгох эрх нь мужийн Засгийн газарт бий. “Адани майнинг” ихэнх зөвшөөрлөө авчихсан ч ашиглалт явуулах тусгай зөвшөөрөл авахын тулд байгаль орчны тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой. Энэ асуудлыг шүүх хараахан эцэслээгүй байна.