Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Уул уурхайн тусгай зөвшөөрөл олголтын явц дахь авлигын 14 эрсдэлийг тодорхойлжээ

“Трансперенси Интернэшнл Монгол” байгууллагаас уул уурхайн тусгай зөвшөөрөл олголтын явцад учирч болзошгүй авлигын эрсдэлийг тодорхойлох тайлан гаргаж байга ам. Дээрх тайлангийн хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм форум дээр зургаадугаар сарын 21-нд болж өнгөрлөө.

Энэхүү тайлангийн Ерөнхий зөвлөхөөр ажиллаж буй Richard Biastoch тайланд тодорхойлсон 14 эрсдэлийн талаар илтгэл тавьж, иргэний нийгмийн төлөөллүүдийн саналыг сонссон юм.
 
Тайлан Монгол улсын уул уурхайн тусгай зөвшөөрөл олгож буй үйл явцын мэдээлэлд суурилан 14 эрсдэлийг тодорхойлжээ. Эдгээр эрсдэл нь бүгд бодит тохиолдолд үндэслэснийг тайлангийн баг онцолж байлаа. Эрсдэлийн болон эмзэг өртөмтгий байдлыг хууль журам, технологи, хариуцлагын байдал, үзэмжээр шийдвэр гаргах, магадлан шалгалт гэж ангилсан байна.

Тусгай зөвшөөрөл олгох явцад Ашигт малтмал, газрын тосны газар буюу агентлаг, орон нутгийн Засаг дарга авлигад өртөж болзошгүй гэсэн эрсдэлийг тооцсон байна. Орон нутгийн Засаг дарга нар тусгай зөвшөөрлийн хүсэлтэд дийлэнх тохиолдолд татгалзаж байгаа. Орон нутаг өргөдлийн хариуг 30 хоногийн дотор өгөхөөр хуульд заасан байдаг ч хагас жил хүлээгдэх тохиолдол байдаг. Засаг дарга өөрийн үзэмжээр өргөдлийг зөвшөөрөх буюу татгалзах эрх хуулиар бүрдсэн байна. Орон нутгийн Засаг дарга агентлагийг давж шийдвэр гаргах эрх нь хуулиар нээлттэй байгаа нь авлигын эрсдэлийг бий болгож байна гэж үзжээ. 

Түүнчлэн цахимаар өргөдөл авах үйл ажиллагаа тодорхой журамгүйгээр хэрэгжиж буйг тайланд онцолсон байна. Онлайнаар авсан өргөдөл аль газар нутагт хамааралтай, тендерт оролцогчид болоод шалгаруулалтын үйл явц, өргөдлөөр олгох газрын геологийн мэдээлэл ил тод бус байдаг. Мэдээллийг байршуулдаг ч удалгүй устгагддаг, хайлтаар гарч ирдэггүй. Тавигдсан мэдээллийг шинэчилдэггүй. Цахим хуудсан дахь геологийн судалгаа, статистик тоон мэдээлэл алдаатай байх нь түгээмэл бөгөөд стандарт шаардлага хангадаггүй. Тиймээс хөрөнгө оруулагчдад өргөдөл гаргахад тухайн газрын мэдээлэл хангалттай бус дутмаг байна. Ямар газруудыг цахим өргөдлөөр болоод тендерээр олгож байгаа тухай мэдээлэл хомс. Цуцлагдсан тусгай зөвшөөрлийн мэдээллийг сонин хэвлэлд нийтэлдэг ч гадны хөрөнгө оруулагчид ашиглах боломжгүй. Мэдээллийн боловсруулалт хүртээмжийн хувьд нээлттэй тавьсан мэдээллүүд мэргэжилтнүүдэд ойлгогдож болох ч иргэд, компаниуд шууд ойлгож, дүн шинжилгээ хийх боломжгүй байдаг. Технологийн дутмаг байдал, зохион байгуулалтыг авлига бий болох эрсдэлийн нэг гэж тайланд тодорхойлжээ. Энэ эрсдэлээс сэргийлэхийн тулд мэдээллийг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй, ил тод болгох ёстой. Ингэхдээ салбарын яам,  агентлаг хооронд шаардлагатай, хэрэгцээтэй мэдээллийг солилцох, мэдээллийг тухай бүр шинэчлэх, хянах, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, мэдээллийн менежментийн ажил хийх шаардлагатай гэсэн зөвлөмж өгч байга аюм байна.

Хэлэлцүүлэгт оролцогчид эдгээр үндэслэлийг хүлээн зөвшөөрч, мэдээллийн соёл ихээхэн дутагдалтай  байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа.

Тайланд дурдсан бас нэг том эрсдэл нь тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй холбоотой. Эзэмшигчид хайгуул явуулахаас илүүтэй тусгай зөвшөөрлөө цааш нь дамлаж борлуулах сонирхолтой байдаг. Дамлан худалдах нөхцөл байдал нь Монголын уул уурхайг сонирхож буй гадны хөрөнгө оруулагчдыг хязгаарлах нэг шалтгаан болдог төдийгүй авлигыг цэцэглүүлэх нэг нөхцөл гэж үзжээ.

Түүнчлэн тусгай зөвшөөрөл эзэмших компанийн жинхэнэ эзэн, ашиг хүртэгч буюу бенефициаруудын талаар мэдээлэл хомс байдаг. Энэ мэдээллийг компаниуд нууцлах сонирхолтой. Уг мэдээллийг ил тод болгож байж авлигын эрсдэлээс сэргийлнэ гэж тайланд тодорхойлсон байна. Нөгөөтэйгүүр, хайгуулын тусгай зөвшөөрлийг 12 жилээр олгож байгаа нь тусгай зөвшөөрлийг цуглуулж хадгалах, дамлах нөхцөл бүрдүүлж буйг онцолжээ. Дэлхийн улс орнуудын жишигтэй харьцуулахад энэ нь урт хугацаа юм. Дамлан борлуулах байдлыг цэгцлэх нэг арга нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах бүрд тухайн газраас тодорхой хэсгийг хурааж авдаг механизм байдаг байна. Монгол улсад олгогдоод буй тусгай зөвшөөрлийн 50% нь дамлан борлуулагддаг гэсэн албан бус судалгаа байна. 

Тайлан боловсруулж байгаа багийн зүгээс салбарын олон талт оролцогчдын саналыг тусгах зорилгоор 3-4 удаагийн танилцуулах семинар хэлэлцүүлэг зохион байгуулаад байна. Бэлтгэн боловсруулах шатандаа явж буй тус тайлан долдугаар сар гэхэд бэлэн болж, олон нийтэд наймдугаар сард танилцуулахаар төлөвлөжээ. 

Монгол улс нь “Трансперенси Интернэшнл Австрали” байгууллагаар ахлуулсан “Тогтвортой хөгжлийн төлөө уул уурхай” төслийг хэрэгжүүлж буй дэлхийн 20 орны нэг юм. Төслийн хүрээнд эдийн засаг болон хувь хүний тогтвортой хөгжилд уул уурхайн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг сайжруулах, ялангуяа ашигт малтмалын хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрлийг олгох үйл явцад илүүтэй анхааран ажиллаж байна. Уг төсөл хөтөлбөрийг BHP Billiton сан, Австралийн гадаад харилцаа, худалдааны хэлтсээс санхүүжүүлж буй юм.

Э.Од