С.Болд-Эрдэнэ
“Бид их азтай...” хэмээн ярих энэ хүн бол Австралийн Квийнсланд мужийн Эрдэс баялгийн зөвлөлийн Эдийн засгийн бодлогын асуудал хариуцсан захирал Эндрю Баржер. Түүний хэлсэн “азтай” гэдэг үг огт санаагүй явсан олон зүйлийг эргэцүүлэхэд хүргэв. “Азтай” гэдэг үгийг юу гэж тодорхойлвол оновчтой байх бол гэж бодогдоно.
Ноён Эндрю Баржерийн ярьснаар, үнэ унаж, нүүрсний салбарт хямрал нүүрлэсэн нь Квийнсландын эдийн засагт тийм ч ноцтойгоор нөлөөлөөгүй гэнэ. Нүүрсний үнэ унахтай зэрэгцээд Квийнсланд мужид метан хий нээн олборлож, экспортолж эхэлсэн нь эдийн засагт эерэгээр нөлөөлсөн хэрэг. Мэдээж австрали долларын ханшийн уналт зэрэг бусад хүчин зүйл нөлөөлсөн нь тодорхой. Ноён Баржерийн “азтай” гэсэн үгийг эдийн засгийн тогтвортой өсөлт гэж ойлгож болно. Манайх шиг гүнзгий хямарсан биш бүр эдийн засаг нь 2-4 хувиар тогтвортой өсч байгаа болохоор нээрээ ч азтай юм шиг. Харин мөнгөн дүнгээр илэрхийлвэл 30 тэрбум долларын “үнэтэй” ч үг юм шиг.
Метан хий ба Оюутолгой
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрөөс Монголын эдийн засгийн сэтгүүлчдийг сургах төслийг өнгөрсөн оны 8 дугаар сард эхлүүлсэн юм. Квийнсландын их сургуультай хамтран зохион байгуулсан уг сургалтын 4 дэх хэсэг Австралийн Квийнсланд мужид үргэлжлэв. Австралийн уул уурхайн салбарын хөгжил, түүнийг дагасан эдийн засгийн тогтвортой хөгжлийн талаар олонтаа уншиж, сонсож байсны хувьд бодит байдлыг нүдээр үзэж танилцах нь сэтгүүлчийн хувьд нэн чухал байсан юм. Монголын уул уурхайн салбар богино хугацаанд нэг бус өсч, унаж байгааг бүгд харж байна. Адилхан эрдэс баялаг дээр тулгуурласан эдийн засагтай Австрали яагаад ийм тогтвортой байгаад байдаг вэ гэдгийг сонирхохгүй байх аргагүй.
Юун түрүүнд Квийнсланд мужийн талаарх зарим мэдээллийг Монголтой харьцуулж хүргэе. Газар нутаг, хүн амын хувьд Квийнсланд муж манай улсаас ялимгүй илүү. Харин эрдэс баялгийн нөөцөөр тийм ч том ялгаа байхгүй. Манай нүүрсний таамаг нөөцийг 173 тэрбум тонн гэж үзвэл Квийнсландаас хол илүү болно. Мөн зэс, уран, алтны нөөцөөр ч Монгол улс Квийнсландаас илүү байгааг Та харж байна. Байгалийн нөөцтэй байх нэг хэрэг. Тэр нөөцөө хэр үр дүнтэй ашиглаж, баялаг болгон хувиргаж байна вэ гэвэл арай өөр асуудал болох нь Квийнсланд, Монголын ялгаанаас тод харагдана. Нөөцөөр бага ч эрдэс баялгийн экспорт, түүнээс олж байгаа орлогоороо манай улсаас хэд дахин илүү юм.
Квийнсланд муж, Баруун Даунс бүс, Чинчилла суурин. Манайхаар бол сумын төв гэмээр энэ бүс сүүлийн жилүүдэд хөл хөдөлгөөн ихтэй, амьдрал буцалж буй газар. Олон арван жил газар тариалан, мал аж ахуй хөгжүүлж ирсэн энэ бүсэд 10 жилийн өмнөөс метан хий олборлох талаар яриа гарч эхэлжээ. Бидний сэтгүүлчид тус бүсэд метан хий олборлодог “Квийнсландын газ компани” болон “Арроу Энержи” компанийн үйл ажиллагаатай танилцах боломж олдсон юм.
Нүүрсний давхаргын метан хийн талаар ийм тийм гээд хэлчих ойлголтгүй бидэнд энэ нь маш хэрэгтэй аялал байв. Монголд нүүрсний давхаргын метан хийн талаар 10 хүрэхгүй жилийн өмнөөс ярьж эхэлсэн ч Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үеэс нэлээд эрчтэй яригдсан юм. Солонгосын “Кор Газ” компани “Эрдэнэс Тавантолгой”-той хамтран туршилтын олборлолт, боловсруулах жижиг үйлдвэр барьж байв.
Брисбэн хотоос 200 гаруй км автобусаар явж, Дарлинг Даунс бүсийн суурингуудад хоёр хонох хөтөлбөр тун ч завгүй өнгөрсөн юм. Чинчилла сууринд байрлах “Квийнсландын газ компани”-ийн иргэдэд мэдээлэл өгөх төвөөр орлоо. Энд байрлах уул уурхайн компаниуд бүгд шахуу иргэдэд мэдээлэл өгөх төвтэй. Олборлолтоо эхлэхээс өмнө ийм төвийг барьж, орон нутгийн иргэдэд төслийн талаар хүссэн мэдээллийг нь өгдөг хэмээн “Квийнсландын газ” компанийн менежер бүсгүй танилцуулсан. “Арроу Энержи” компани ч яг ийм төв ажиллуулдаг. Ийм төвүүд иргэдэд юун түрүүнд бодит мэдээлэл өгөхөд чиглэгдэх бөгөөд иргэдээр төслөө дэмжүүлэхэд ихээхэн чухал үүрэгтэй санагдсан. Манайд ийм төв ажиллуулдаг компани байдаг бил үү, яагаад манай компаниуд тухайн сум аймагтаа ийм төв ажиллуулж болохгүй гэж гэх бодол зурсхийснийг нуух юун.
“Квийнсландын газ” компани дөнгөж 2010 онд метан хий олборлох зөвшөөрлөө авсан ч өдгөө 50 жилийн түүхтэй байгалийн хий, газрын тосны Orign energy компанитай дүйцэхүйц томорчээ. Нийт 2600 цооногоос олборлосон хийгээ 23 хий шахах станцаар дамжуулж, эцэст нь боловсруулах 6 үйлдвэрт боловсруулснаар экспортод бэлэн болно. Энэ бүх үйлдвэр, дамжуулах хоолой зэрэгт 5 тэрбум орчим долларын хөрөнгө оруулалт хийжээ.
“Метан хийн салбар бидэнд цоо шинэ байсан. Ямар нөлөө үзүүлэх, цар хүрээ ямар байхыг төсөөлж чадахгүй байсан. Гэхдээ хөдөө аж ахуйн салбар эрхэлдэг бидний хувьд шинэ салбартай зохицох зайлшгүй шаардлага үүссэн” хэмээн Баруун Даунс бүсийн зөвлөлийн Орлогч дарга Эндрюс Митт ний нуугүй хэлсэн. Ямартаа ч орон нутагт тулгамдаж байсан зам, ус цэвэрлэх байгууламж, дэд бүтэц, бас ажлын байрны асуудлаа хийн компаниудын хүчинд шийдвэрлэж чаджээ. Бүр 60 сая доллараар тухайн бүсэд авто зам хүртэл барьж өгсөн байна.
Манайхаас ялгаатай нь уул уурхайн салбарын орлогыг мужийн Засгийн газар нь авдаг бөгөөд орон нутагт очдоггүй. Орон нутаг уул уурхайн компаниудаас зөвхөн зам ашигласны төлбөр гэж авна. Боломж гарвал компаниудтай хэлэлцээр хийж, зам, усан хангамж гэх мэт дэд бүтцийн асуудлаа шийдүүлчихдэг гэнэ. Манайд уул уурхайн салбараас орон нутагт ордог орлогын дийлэнхийг усны төлбөр бүрдүүлдэг. Мөн АМНАТ-ийн тодорхой хувийг Орон нутгийг хөгжүүлэх сангаар дамжуулан аймаг, сумдад хуваарилдаг. 2015 онд АМНАТ-өөс 544 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрснөөс 20 орчим тэрбумыг орон нутагт хуваарилж байв.
Харин орон нутаг компаниудаас хандив нэрийдлээр баяр ёслол, барилга байшингийн засвар гэх мэтэд багагүй мөнгө гаргуулчихдаг. Уг нь Австрали шиг шууд дэд бүтцээ шийдүүлэх тал дээр уул уурхайн компаниудтай хамтран ажиллавал аль аль талдаа оновчтой, үр дүнтэй мэт санагдав.
Хийн компаниудын үр ашиг орон нутагт зам тавьснаар хязгаарлагдахгүй. Дарлинг Даунс бүсэд хий олборлож байгаа 4 том компани Квийнсландын эдийн засгийн шинэ тулгуур, ирэх жилүүдийн итгэл найдвар болон томорч байна.
Доорх графикаас Австрали, Квийнсланд муж болон Монголын эдийн засгийн өсөлтийг харьцуулан хараарай. 2003 оноос ашигт малтмалын түүхий эдийн үнийн өсөлтийг дагасан өндөр өсөлт Квийнсландын эдийн засагт ч томоохон нөлөө үзүүлжээ. Манай улсад ч жижиг Тавантолгойн экспорт эхэлсэн, алт, зэсийн үнэ өссөн нь экспорт, төсвийн орлого нэмэгдэхэд нөлөөлсөн, Оюутолгойн хайгуул хийгдэж байсан зэрэг нь эдийн засагт бага ч болов нөлөөлсөн нь тодорхой. 2008-2009 оны хямралын нөлөө хоёр улсад мөн л адил туссан. Харин түүнээс хойшхи нь тэс өөрөөр явжээ. Квийнсландын 2016-2017 оны төсөвт эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад худалдааны салбар, тэр дундаа шингэрүүлсэн байгалийн хийн /LNG/ экспорт ихээхэн чухал нөлөө үзүүлнэ гэсэн өгүүлбэр хэдэнтээ дурдагджээ.
Эх сурвалж: www.budget.qld.gov.au Budget Strategy and Outlook 2016–17
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо, www.eri.mn
Монголын эдийн засгийн хувьд нүүрс, зэсийн үнэ унаж байсан ч Оюутолгойн үйлдвэрлэл, экспорт эхэлсэн, мөн ипотекийн зээлийг хэрэгжүүлж эхэлсэн нь 2013-2014 онд эдийн засгийн өсөлт тогтвортой байхад чухал нөлөө үзүүлсэн юм.
Австралийн итгэл найдвар болоод байгаа шингэрүүлсэн байгалийн хийн гол түүхий эд нь нүүрсний давхаргын метан хий. 2000 оноос хойш нүүрсний давхаргын метан хийн эрэл хайгуул огцом нэмэгджээ. Үр дүнгээ ч өгч, Квийнсландын нүүрсний давхаргын метан хийн нөөц сүүлийн 10 жилд 6 дахин нэмэгдсэн байна. 2016 оны 6 дугаар сарын байдлаар 42 мянган petajouls буюу 1 их наяд гаруй куб метр нөөцтэй байна. Энэ нь 984.7 сая тонн /tonnes of oil equivalent/ метан хийн нөөцтэй гэсэн үг. Хайгуулын ажил эрчимтэй хийгдсэн 2008-2012 онд дийлэнх нөөцөө шинээр илрүүлжээ.
Үүнийгээ дагаад метан хийн олборлолт ч огцом өсч. Сүүлийн 10 жилд 11 дахин, сүүлийн 2 жилд 3 дахин өссөнийг доорх графикаас харж болно. Сурат, Боуэн сав газраас метан хийн нийт олборлолтын 79 хувийг олборлодог. Олборлосон метан хийгээ манайх шиг Улаанбаатар руу татаж, утаагүй болгоно гэж үлгэр ярилгүй боловсруулаад экспортолж байна. Харин компаниуд дотоодын хийн хэрэглээг хангах гэхээс илүү экспортлохыг илүүд үзэж байгаа нь ард иргэд, Засгийн газар, компаниуд хооронд томоохон үл ойлголцол үүсгэж байгаа. Энэ халуун сэдэв биднийг Квийнсланд мужид ажиллаж байхад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийнх нь гол мэдээ болж байв. Дотоодод нийлүүлэх хийн үнэ өндөр хэрнээ экспортод хямдхан гаргаж байгааг эрс хатуу шүүмжилж байлаа.
2014 онд Квийнсландын Засгийн газраас гаргасан нэгэн тайланд 2016 он гэхэд LNG-н 3 том төсөлд 60 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд ингэснээр 14.7 тэрбум доллар байгаа LNG экспорт 5 жилийн дараа буюу 2018 онд 57 тэрбум доллар болж өснө гэжээ. Ингэснээр ганц Квийнсланд ч биш Австралийн хувьд төмрийн хүдрийн дараа орох том экспортын бүтээгдэхүүн болно гэсэн байх юм. Метан хийг боловсруулан шингэрүүлсэн байгалийн хий болгож экспортлох асар том төлөвлөгөө нь өнгөрсөн 6 хүрэхгүй жилд биелэлээ олоод байна. 2012-2013 онд LNG-н үйлдвэрийн бүтээн байгуулалтууд ихээр өрнөсөн бөгөөд үр дүнд нь 2016 оноос экспорт өснө гэж найдаж байна. 2015 онд метан хий, газрын тос, занар гээд нийт 2.5 тэрбум долларын тос олборлоод байна.
Харин Квийнсландын төсвийн тайланд 2020 он гэхэд нийт экспортын хэмжээгээ 100 тэрбум долларт хүргэнэ гэсэн том зорилго тавьсан бөгөөд үүний 30 гаруй тэрбум доллар нь LNG байх болно хэмээн Сангийн яам нь тооцоолжээ. LNG экспорт өссөнөөр Квийнсландын экспорт 17 онд 8 хувь өсч, худалдааны сектор эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэжээ. Gladstone LNG, Australia Pacific LNG гээд томоохон компаниуд 2015 оны 10 болон 2016 оны нэгдүгээр сард LNG-н анхны тээвэрлэлтээ хийгээд байгаа аж. Тэднийг 2030 он хүртэл жил бүр 4-5% өсөх дэлхийн LNG эрэлт бүхий зах зээл хүлээж байна.
Эх сурвалж: http://budget.qld.gov.au/budget-highlights/economic-overview/
Нийтлэлийн эхэнд дурдсанчлан ноён Баржерийн “азтай” гэсэн үг нь үндсэндээ шинэ салбар, шинэ боломж, шинэ хөгжлийг хэлж байгааг эндээс түвэггүй ойлгож болно. Нүүрсний үнэ унаж, өндөр хөгжилтэй орнууд нүүрснээс татгалзаж буй энэ үед Квийнсландчууд хөтөлгөө морьтой болж, холын аянд бэлдэж буй нь энэ юм.
Харин Монголын, Эрдэнэс Тавантолгойн метан хий юу болсон бэ? АМГТГ-ын мэргэжилтнүүдийн хэлснээр хамтрагч “Кор Газ” нь санхүүжилтээ шийдээгүй учир “Эрдэнэс Метан” гэдэг төрийн өмчит компани байгуулаад байгаа аж. Манайх метан хий гэж сүржин ярих ч хууль эрх зүй, хөрөнгө санхүү гээд юугаа ч бэлдэж чадаагүй өдий хүрсэн нь үнэн. 2014 онд Д.Ганхуяг Уул уурхайн сайд байхдаа Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулж байв. Түүний хүчинд метан хийг уламжлалт бус газрын тос гэсэн нэршилд хамруулан, хуулийн хүрээнд оруулж ирсэн юм. Одоо метан хий улстөрчдийн анхаарлыг ихэд татаж буй учир том хамтрагчтай том “тохироо” хийхээс нааш мөдгүй биз.
Харин МАК Нарийнсухайтын нүүрсний орд дээрээ хайгуул хийж 728.98 сая м куб нөөц тогтоосон. 2015 оноос туршилтын багахан олборлолт хийсэн гэжээ. Үүнээс өөрөөр метан хийн талаар тодорхой зүйл алга. Ядаж батлагдсан нөөц ч байгаагүй.
Квийнсланд уул уурхай, ашигт малтмалын төслүүдээ гацааж, улс төржүүлэлгүй богино хугацаанд боломж болгон ашиглаж чадаж байгаа нь үнэхээр атаархмаар. Аравхан жилийн өмнө яригдаж эхэлсэн метан хий өнөөдөр хэдэн арван тэрбум долларын хөрөнгө оруулалт татаж, удахгүй хэдэн арван тэрбум долларын экспорт хийнэ гээд сууж байдаг. Харин манай 10 жилийн өмнө яригдаж эхэлсэн метан хий өнөөдөр ч яригдсаар, тоймтой үр дүнгүй сууж байна. Тэгэхээр Квийнсланд биднийг бодвол үнэхээр азтай юм. Аз гэдэг харин сайд нь тэнгэрт мөргөж, ТӨК-ийн захирал нь залбирснаар ирдэггүй нь харамсалтай.
Австралийн нүүрсний салбар бууж өгөх болоогүй
Угтаа Квийнсланд мужийг нүүрсний эх орон гэж болно. Олон улсын нүүрсний худалдааны 16 хувь, коксжих нүүрсний 57 хувь нь Квийнсландынх. Нийт экспортынх нь 1/3-ээс илүү нь нүүрс. Хятадын эдийн засгийн өсөлтийг хамгийн сайн “ашиглаж” чаджээ гэх бодол Квийнсландын Эрдэс баялгийн зөвлөл болон Засгийн газрын хүмүүстэй нь уулзахад төрсөн юм. Статистик баримт ч үүнийг нотолно.
Австраличууд манайхнаас ялгаатай нь нэг зүйл рүү шуурахаараа байгаа юмаа мартчихдаггүй. Манай сайд дарга нар нүүрсний үнэ унасан 2013 оноос уул уурхайн салбараас хараат бус болно гээд баахан бужигнасан. Экспортыг дэмжих 888 төсөл гээд баахан ярьсан, юу болсныг мэдэхгүй. Нэг хэсэг энд тэнд нүүрсний жижиг орд болгон дээр шахуу цахилгаан станц барина гэж таваргасан. Баригдсан станц одоо л лав алга. Харин Квийнсланд өөр. Тэд Хятадын гангийн үйлдвэрлэл буурч байгаа ч Энэтхэг, Вьетнам, Индонези гээд шинээр хөгжиж буй эдийн засгуудад итгэж байна. “Эдийн засаг нь өсч буй улсын гангийн хэрэглээ нэмэгддэг. Квийнсландын коксжих нүүрс бол үнс, хүхэр багатай сайн чанарынх болохоор эрэлт байсаар байх болно” хэмээн Квийнсландын Эрдэс баялгийн зөвлөлийн Эдийн засгийн бодлогын захирал Баржер онцолж байна.
Монголын хувьд Австралийн нүүрс гол өрсөлдөгч. Манай нүүрсээ зардаг ганц зах зээл Хятадад тэд адилхан нүүрсээ нийлүүлдэг болохоор бид Австралитай өрсөлдөнө гэж хөөрцөглөдөг. Харин Австралийн хувьд Монгол ёстой сонин биш. Хэтрүүлсэн хүнд Хятад ч тэдний хувьд сонин биш аж. Учир нь тэд нүүрсээ ганц Хятад биш нүүрсийг хамгийн их хэрэглэдэг Энэтхэг, Япон, Солонгосын зах зээлд борлуулдаг болохоор тэр. Доорх графикаас та Квийнсландын нүүрсний гол хэрэглэгчдийг харж болно. Оны хувьд голлох өөрчлөлт орсон оныг сонгосон юм. Квийнсландын хувьд нүүрсний хамгийн том хэрэглэгч нь Япон, Энэтхэг. 2014-2015 онд л Хятадад нийлүүлэх нүүрс Японоос үл ялиг нэмэгдэж. Нарийвчлан харвал 2009 оноос л Хятадад руу экспортлох нүүрс нь тэрбум доллар давж байжээ.
Эх сурвалж: Квийнсланд мужийн Сангийн яам, http://www.qgso.qld.gov.au
Тиймээс Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал, гангийн үйлдвэрлэлийн бууралтаас тэд айхгүй байгаа хэрэг. Тэд шинээр хөгжиж буй зах зээлийг “онилж” байгаагийн тод жишээ нь Вьетнам, Индонези. Вьетнам руу 2009 оноос л бага зэрэг нүүрс экспортолж эхэлсэн бол өнгөрсөн онд 202 сая долларын нүүрс зарж амжиж. Бүр нүүрсээр баян Индонези руу хүртэл 155 сая долларын нүүрс зарчихсан байгаа юм. Өнөөдөртөө энэ нь бага тоо юм шиг харагдавч ирэх жилүүдэд дараагийн Солонгос, Хятад болох бүрэн боломжтой юм. Тэд 1990-ээд оны дундаас л Хятад руу бага багаар нүүрс зарж эхэлсэн шүү дээ.
Квийнсланд нүүрсний экспортоосоо өнгөрсөн жил 21.5 тэрбум долларын орлого олжээ. Үүнээс 1.6 тэрбум долларын роялти мужид төвлөрсөн байна. Сангийн яамных нь тооцоогоор нүүрсний экспорт ирэх жилүүдэд ч өсөх төлөвтэй. Сүүлийн 10 жилд энэ муж, мужийн нийслэл Брисбэн хот асар хурдацтай хөгжсөн нь уул уурхайн салбарын өгөөж хэмээн Австралийн Холбооны улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү ярьж байлаа.
Нүүрсний нөөцөөрөө манайхаас үл ялиг их байж Квийнсланд яаж ингэж нүүрсээ “алт” болгож чадаж байна вэ?
Юуны түрүүнд тэд биднийг бодвол эдийн засгийн гол тулгуур нь нүүрс гэдгийг нийгмээрээ хүлээн зөвшөөрчээ. Зүгээр ч нэг зөвшөөрье гээд зөвшөөрчихсөн юм биш. Нүүрс гэлтгүй уул уурхайн салбартаа барьдаг бодлого нь маш тодорхой, ойлгомжтой, ард иргэдэд ил тод, байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлтээ яг таг хийдэг болохоор эсэргүүцэх нь утгагүй биз. Уурхайн олборлолт эхлэхээс өмнө орон нутагтай хамтрах, дэд бүтцээ шийдэх, нөхөн сэргээлтээ хийх гээд бүх асуудлаа шийдэж байж олборлох зөвшөөрлөө авдаг аж. Харин манайд уурхайг хүлээн авах комисс очиход уурхайгаа хаах гээд зогсож байдаг тохиолдол хэдэнтээ гарсныг УУХҮЯ-ны ТНБД Г.Нандинжаргал ярьсан удаатай. Уул уурхайн салбарын зохицуулалт, хяналт хатуу чанга байхын хэрээр эерэг үр дүн гарч байгаа нь энэ биз. Нүүрсний хувьд сүүлийн нэг, хоёр жилд эрчим хүчний нүүрснээс татгалзах, илүү цэвэр, байгаль орчинд ээлтэй хий, сэргээгдэх эрчим хүч хэрэглэх талаар яригдаж байна. Энэ тал дээр улстөрчид, ард иргэд өөр өөр байр суурьтай байдаг хэмээн Австралийн Financial Review сэтгүүлийн редактор Марк Лудлоу бидэнтэй уулзахдаа сонирхуулж байлаа.
Квийнсландад нүүрсний 53 уурхай ажиллаж, 242 сая тонн нүүрс олборлож байна. Манайд 49 уурхай ажиллаж, 36 сая тонн нүүрс олборлосон байх юм. Уурхайнуудын нөөц тийм хол зөрүүтэй юу гэвэл үгүй. Энд л манай гол дутагдал байгаа хэрэг. Уурхайнууд олборлолтоо тултал нь нэмлээ гээд түүнийг борлуулах зах зээл, тээвэрлэх дэд бүтэц байхгүй. Квийнсландад зөвхөн нүүрс тээвэрлэхэд зориулагдсан 2670 км төмөр замын сүлжээ бий. Төмөр замын хүчин чадал нь жилийн 320 сая тонн. Далайн эргийн 4 боомтоор экспортолдог бөгөөд хүчин чадал нь 305 сая тонн. Харин манайд Тавантолгойн 267 км төмөр зам барих гэж бараг 10 жил болж байна. Гашуунсухайтын хилийн боомт нь олон улсынх болж амжаагүй, шороонд дарагдсан хэдэн байшин байх. Австралид уурхай нээх гэж байгаа бол эхлээд авто зам, төмөр замаа барих ёстой. Тэгж байж зөвшөөрлөө авна. Манайд бол эхлээд олборлож, зарах зөвшөөрлөө авч шороогоор таваргана. Таван цаас олсныхоо дараа авто зам барихчаа аядна. Адаг сүүлд нь төмөр зам ярьж эхэлнэ дээ. Тэр төмөр зам нь улс төрийн шоу болж дуусна. Ийм байхад Австралитай өрсөлдөнө, нүүрсээ гуравдагч зах зээлд борлуулна гэж ярихад хөх инээд хүрмээр.
Дэд бүтэц сайн, тээвэрлэлтийн зардал хамгийн бага болохоор нүүрсний өрсөлдөх чадвар сайн байгаа хэмээн Эрдэс баялгийн зөвлөлийнхөн хэлж байсан нь чихний хажуугаар өнгөрөх үг биш. Квийнсландын Засгийн газар төмөр замаа эзэмшдэг байсан ч 8 жилийн өмнө хувьчилжээ. Өдгөө тэр төмөр замаар компаниуд тохиролцон нүүрсээ тээвэрлэж байна. Төмөр замын арчлалтад зарцуулах жилийн тэрбум долларыг нүүрсний компаниуд нь гаргадаг гэнэ. Бидний танилцсан Нью Акландын нүүрсний уурхай гэхэд жилд 4.8 сая тонн нүүрс экспортолдог. Олборлох, нөхөн сэргээх, баяжуулах, боомт хүртэл тээвэрлэх зардал нь 85 долларт багтдаг гэх шиг болсон. Харин экспортын үнэ нь 120 доллар.
Нью Акландын уурхайгаас 50 км орчим зайтай Далби хотод манай баг хоёр хоносон. Төв замаар нь давхилдах ачааны том машинуудыг эс тооцвол анир чимээгүй уурхайчдын суурин. Өдөртөө бараг хүн харагдахгүй ч оройн цагаар гудамжаар нь уурхайчны улбар шар хувцастай хүмүүс холхилдоно. Эхнэртэйгээ хамт дэлгүүрт яваа уурхайчин, ресрторанд охиныхоо төрсөн өдрийг гэр бүлийн хамт тэмдэглэж суугаа уурхайчин... Квийнсландын 7 ажлын байр тутмын 1 нь уул уурхайн салбарынх гэсэн. Далбигийн оршин суугчид тэдний л нэг. Ашигт малтмалын баялгаа зөв, бодлоготой олборлож, энэ салбарыг хөгжүүлж чадсан тэдэнд атаархах бодол өөрийн эрхгүй төрнө. Квийнсландын их сургуулийн багш Робины хэлснээр Австралид ч тэр, Монголд ч тэр популист улстөрчид байдаг. Уул уурхайг улс төржүүлэх хандлага ч ялгаагүй гэсэн. Тэгсэн хэрнээ тэд хөгжөөд, бид хямраад байдаг...