Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

NRGI: Монголын уул уурхайд хууль дүрэм, түүний хэрэгжилтэд том зөрүү байна

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс (NRGI буюу ББЗХ) өнөөдөр улс орнуудын баялгийн засаглалын индекс тайланг эрхлэн гаргаснаа танилцууллаа. Уг индексээр манай улс нийтдээ 64 оноо буюу “хангалттай” гэсэн үнэлгээ авснаар нийт 89 орноос 15 дугаар байрт жагсчээ. Харин баялгийн засаглалын индексээр Норвеги, Чили, Канад, Их Британи зэрэг орон тэргүүлээд байна.

Энэхүү үзүүлэлтэд нийтдээ 81 орны уул уурхай эсвэл газрын тос ба байгалийн хийн салбарын засаглалын байдалд гурван үндсэн үзүүлэлтээр үнэлгээ өгч тооцож гаргасан байна. Үүнд:

  • ·   Үнэ цэнийг хүртэх (Монгол улс 100 оноо авахаас 63 оноо авав)
  • ·  Орлогын менежмент (Монгол улс 100 оноо авахаас 54 оноо авав)
  • ·  Дэмжигч орчин (Монгол улс 100 оноо авахаас 73 оноо авав) зэрэг бүрдлээр судлан гаргажээ.

 

Манай улсын хувьд уул уурхайн татвар ногдуулалт, баялгийн орлогын орон нутгийн хуваарилалттай холбоотой засаглалын асуудлаар Евразид өндөр түвшинд, сайн үзүүлэлттэй гарсан нь манай улсын дүнг дээш татах нөхцөл болсон байна.

Гэсэн хэдий ч төрийн өмчийн томоохон компанийн засаглал болоод төсвийн тогтворжуулалтын сангийн байдал судалгаанд хамрагдсан орнууд дундаа сүүл мушгиж байгааг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол улс дахь менежер Н.Дорждарь онцоллоо.

Төрийн өмчийн компанийн засаглалын хувьд Монгол улс 100 оноо авахаас ердөө 40 оноо  авснаар Евразийн есөн улс дотроо долоод орж, бараг л “баян ходоод”-оор шалгарчээ. Төрийн компанийн засаглалыг хэмжиж үзэхээр нийт 12 охин компанитай “Эрдэнэс Монгол” компанийг судалж явцад санхүүгийн тайлан, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалттай холбоотой мэдээллийг нийтэлдэггүй нь хангалтгүй үнэлгээ авахад голлон нөлөөлжээ.

Үүний зэрэгцээ Монгол улсын үндэсний баялгийн сан буюу Төсвийн тогтворжуулалтын сангийн хувьд мөн л хангалтгүй буюу 100 оноо авахаас 42 оноо авсан нь уг индексээр судалсан нийт 34 сангаас 18-д оржээ. Уг сангийн тухайд ил тод байдлыг хангахтай холбоотой хэд хэдэн асуудал хангалтгүй үзүүлэлттэй байгаа нь Монголын үндэсний баялгийн сангийн засаглал сул гэсэн үнэлгээ авахад хүргэжээ. Түүнчлэн уг санд УИХ-ын хяналт сул байгаа нь ч сангийн засаглалд сөргөөр нөлөөлж буйг тус тайланд дурьджээ.

ББЗХ-ийн Монгол дахь менежер Н.Дорждарь Монгол улс хэдийгээр уг индексээр харьцангуй сайн оноо авсан ч энэ нь санаа амрах явдал биш болохыг тэмдэглэлээ.

Тэрбээр “Индексийн ерөнхий оноо хангалттай гэсэн дүнтэй байгаа ч Монгол улс нь уул уурхайгаас хараат бөгөөд түүхий эдийн үнээс хэт хамааралтай байна. Үнэ доогуур байх үед Засгийн газрын өрийн хүүг төлж чадахгүйд хүрч байна. Энэ асуудлыг шийдэх бодлогыг хэрэгжүүлэхгүй бол зах зээл тогтворгүй хэвээр байх учраас Олон улсын валютын сангийн тусламж ч бидэнд тус болохгүй. Уул уурхайн салбарын өсөлт, уналтын мөчлөгийг сөрөх Засгийн газрын арга хэрэгсэл болох төсвийн дүрэм, төсвийн тогтворжуулалтын санг бодитой сайн хэрэгжүүлэх хэрэгтэй бөгөөд Засгийн газарт хүндрэл учрах бүрт өөрчилж халдахгүй байх нь чухал” гэв.

Дашрамд дурдахад уг индекст манай улс 64 оноогоор “хангалттай” гэсэн үнэлгээ авсан. Тэгвэл “хангалттай” гэсэн үнэлгээ авсан орнуудыг уг индекст ийн тодорхойлжээ: Хэдийгээр засаглалын сайн бодлоготой, түүнийгээ сайн хэрэгжүүлдэг ч ахиц дэвшил гаргах шаардлагатай. Иргэд нь олборлох салбарын баялгийнхаа үр шимийг хүртэх магадлалтай ч нийгэм, эдийн засагтай холбоотой зарим өртөг зардал гарч мэднэ. Тодруулбал манай улс баялгийн засаглалын хувьд сайн бодлоготой ч, түүнийгээ илүү боловсронгуй болгож, сайн хэрэгжүүлэх тал дээр анхаарахгүй бол иргэдэд баялгийн үр шим хүртэх магадлал хумигдаж болзошгүй ажээ.

Бас нэг анхаарууштай зүйл байгаа нь манай улсын байгалийн баялгийн засаглалыг судлаад үзэхэд хэдийгээр хууль дүрэм байгаа боловч түүнийг хэрэгжүүлэх тухайд томоохон зөрүү үүсч байгааг онцолжээ. Өөрөөр хэлбэл хууль ба түүний бодит практикт хэрэгжих үнэлгээний зөрүүг тоон илэрхийллээр хэмжихэд 20 оноо гарчээ. Харин энэ үзүүлэлт бусад орныг хэмжихэд дунджаар 9 оноотой гарч байв. Тиймээс манай улс энэ чиглэлд хамгийн муу үзүүлэлттэй гарсныг онцлон сануулсан юм.

Байгалийн баялгийн засаглалын индексийг анх тус хүрээлэнгээс 2013 онд гаргаж байсан бөгөөд тус тайланд нийтдээ 58 улсыг хамруулсны дунд манай улс 51 оноогоор 26-д орж байжээ.  Харин 2015-2016 оныг хамарсан энэ удаагийн индекст нийтдээ 81 орныг хамруулсан бөгөөд 8 орны хувьд газрын тос болон уул уурхайн салбарын аль алиныг авч үзсэн тул давхардсан тоогоор 89 орон болжээ. Өмнөх тайлан болон энэ удаагийн тайланг хооронд нь агуулгын хувьд яг таг харьцуулахад төвөгтэй хэдий ч цөөнгүй асуулга нь адилхан байгаа юм байна.

Баялгийн засаглалын индексийн бүх улс орны дүнг бүрэн эхээр нь resourcegovernanceindex.org цахим хуудсаар орж авч үзэх боломжтой юм байна.

Баялгийн засаглалын индексийг гаргахад гол болгосон гурван үзүүлэлт нь дотроо дэд хэсгүүдэд задарч илүү нарийвчилсан асуулгыг агуулах бөгөөд хараат бус 150 судлаач 149 чухал асуултад хариулж, 11 мянган баримт бичгийг судалж байж баялгийн засаглалын индексийг хоёр дахь удаагаа ийнхүү гаргалаа.  

Эхний бүрдэл хэсэг буюу “үнэ цэнийг хүртэх” байдал гэсэн хэмжүүрт олборлолтын эрх хуваарилах, хайгуул, үйлдвэрлэл, байгаль хамгаалал, орлого цуглуулах, төрийн өмчит компанийн засаглалыг хамруулан судалжээ.

Харин хоёр дахь хэсэг буюу “орлогын удирдлага”-д улсын төсвийн төлөвлөлт, баялгийн орлогын хуваарилалт, үндэсний баялгийн санг хамруулан судалсан бол гурав дахь хэсэг буюу “дэмжигч орчин”-д тухайн орны засаглалын орчинг өргөн хүрээнд авч үзжээ.

 

Б.Төгс