Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Монголын хөрөнгө оруулалтын орчны тухай тайланг танилцууллаа

АНУ-ын Төрийн Департаментаас жил бүр улс орнуудын хөрөнгө оруулалтын орчны талаарх тайланг эрхлэн гаргадаг бөгөөд энэ дунд Монголын тухай тусгайлан бэлтгэсэн тайлан ч багтдаг байна. Энэ оны “Монголын хөрөнгө оруулалтын орчны тухай мэдэгдэл (2017)” тайланг Монгол дахь Америкийн худалдааны танхимын (АмЧам) Монгол улсын хөрөнгө оруулалтын орчин 2017 ба цаашдын төлөв хурлын үеэр танилцууллаа.

Энэхүү тайлан нь гадаад орны, тэр дундаа АНУ-ын хөрөнгө оруулагч, экспортлогчдод Монгол улсад ажиллахад ямар асуудал дээр хэрхэн анхаарах тухайд үнэтэй зөвлөгөө болдгоороо ач холбогдолтой юм байна.

АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Женифер Зимдал Галт тайланг танилцуулах үеэр “Тодорхой, ил тод, урьдчилан таамаглахуйц тогтвортой хууль, эрх зүйн орчинтой байх нь Монгол улсыг хөрөнгө оруулалтыг татах чиглэлд илүү таатай, өрсөлдөхүйц орон болгоход онцгой чухал юм” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр мөн Ерөнхийлөгчийн дахин сонгуулийн дараа ч Монгол улс нь тогтвортой, гадаадын хөрөнгө оруулалтад таатай орон хэвээр байна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэж байсан юм.

АНУ-ын хувьд Монголын томоохон хөрөнгө оруулагчдын нэг боловч хоёр улсын хооронд зөвхөн уул уурхай бус хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт илүү их боломж байгааг тайланд тэмдэглэсэн байна.

Монголбанкны мэдээлж буйгаар өнгөрсөн онд АНУ-ын Монгол руу хийсэн шууд хөрөнгө оруулалт 39.7 сая долларт хүрсэн нь өмнөх 2015 оныхоос 14.4 сая доллараар өссөн дүн ажээ. Харин тус улсын шууд хөрөнгө оруулалтын Монгол дахь үлдэгдэл нь өнгөрсөн онд 559 сая ам.доллар байсан нь Хятад, Канад, Хонконг, Сингапур, Их Британийн дараа зургадугаарт бичигдэж буй юм.

Өнгөрсөн лхагва гарагт болсон энэхүү уулзалтад АНУ-ын Элчин сайдын яам, АмЧамын төлөөллөөс гадна Монгол улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах Зөвлөлийн төлөөлөл, мөн Монголын томоохон бизнесийнхэн оролцлоо.

Тайланг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.

Б.Төгс