Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хятад дотоодын зарим боомтуудаар нүүрс импортлохыг хориглов

Дэлхийн коксжих нүүрсний импортоор тэргүүлэгч Хятад улс дотоодын хоёрдугаар зэрэглэлийн боомтуудаар нүүрс импортлохыг хориглох шийдвэр гаргасан тухай Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Энэхүү мэдээллийг өнгөрсөн лхагва гаригт Хятадын төрийн хэвлэл болох China Securities Times-д нийтэлжээ.

Уг мэдээлэл цацагдмагц Хятадын дотоодын зах зээлд коксжих нүүрсний үнэ өсөх хандлагатай болж эхэлсэн байна. Өнгөрсөн баасан гарагийн байдлаар Далианы түүхий эдийн бирж дээр нэг тонн коксжих нүүрсний үнэ 8%-иар өсч 1134.5 юань болоод байжээ.

Энэхүү алхам нь чухам ямар учиртай, аль хэр хугацаанд, яг аль боомтуудад хэрэгжих тухай нарийн мэдээлэл одоохондоо гараагүй байна.

Уг шийдвэр нь Хятад улсын дотоодын нүүрсний салбар дахь нийлүүлэлтийн илүүдэл, мөн агаарын бохирдлыг бууруулахаар гаргаж буй хүчин чармайлтын ээлжит алхам гэж харагдаж болно. Гэхдээ нөгөө талдаа дотоодын нүүрсний салбарыг илүү ашигтай ажиллахад чиглэгдсэн гэж харж ч болохоор байгаа юм.

Энэхүү хориг нь хоёрдугаар зэрэглэлийн 150 гаруй боомтыг хамрах төлөвтэй байна. Гэхдээ үүнд Тянжин зэрэг томоохон боомтууд орохгүй юм байна. Эрэг дагуу орших хоёрдугаар зэрэглэлийн боомтуудын нэлээд хэсгийг цахилгаан станцууд эзэмшдэг ажээ. Zhuhai Gaolan, Fuzhou Kemen, Ningde Datang болон бусад хоёрдугаар зэрэглэлийн боомтоор нүүрс нэвтрэхийг ийнхүү энэ сараас эхлэн хориглож эхлээд байна. Эдгээр боомтын жилийн хүчин чадал 15 сая гаруй тонноор хэмжигдэж буй тухай Хятадын нүүрсний томоохон хэвлэл sxcoal.com мэдээлжээ.

Хоёрдугаар зэрэглэлийн боомтуудын ачиж буулгах зардал нь нэгдүгээр зэрэглэлийнхийг бодвол тонн тутамд нэг ам.доллараар бага байдаг тухай худалдаачид ярьж байна.

Уг алхам удаан хугацаанд үргэлжлэх аваас нүүрсний импортыг удаашруулж мэдэхээр байгаа юм. Харин эсрэгээр Хятадын дотоодын уурхайнуудын олборлолтыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний үнэ богино хугацаанд өсгөх зэрэг нөлөөллийг үзүүлэх төлөвтэй байна. Өнгөрсөн тавдугаар сард Хятадын нүүрсний импорт 22.19 сая тонн буюу өмнөх дөрөвдүгээр сарынхтай харьцуулахад 10.5%-иар бууралттай гарсан билээ. Гэхдээ энэ нь жилийн өмнөх дүнгээс даруй 16.6%-иар өндөр дүн юм.

Хэдийгээр Хятадын Засгийн газар нүүрсний салбар дахь үр ашиггүй байдлыг арилгахаар ажиллаж байгаа ч энэ нь зөвхөн дотоодын чанар муутай нүүрстэй эсвэл хүчин чадал багатай уурхайнуудыг хамарч буй. Эсрэгээр сайн чанарын нүүрстэй уурхайнуудыг хүчин чадлаа нэмэгдүүлж, цахилгаан станцуудад нийлүүлэхийг шахаж ажиллаж байгаа ажээ. 

Энэхүү хориг алхмын үр дүнд Австрали, Индонез зэрэг улсуудын Хятад руу хийх экспорт энэ сараас эхлэн буурч болзошгүй тухай зарим хэвлэлээр мэдээлжээ. Нөгөөтэйгүүр импортын хэмжээ буурч нийлүүлэлтийн сул орон зай үүсвэл дотоодын уурхайнууд үүнийг хялбархан нөхөж чадах тухайд олонх шинжээч санал нэгдэж буй юм.

Гэхдээ яг одоо энэ шийдвэр тус улсын дотоодын импортод шууд нөлөө үзүүлэх эсэхийг хэлэхэд эрт байна. Учир нь нэгдүгээр зэрэглэлийн гол боомтуудад энэхүү хориг шийдвэр огт хамаарахгүй, нүүрсний импорт хэвийн үргэлжилнэ.

 

Б.Төгс