The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх ”Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ орон нутгийн сэтгүүлчдийн уул уурхай, эдийн засгийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх үе шаттай сургалтуудыг өнгөрсөн жилүүдэд амжилттай зохион байгуулж ирсэн билээ.
Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төсөл энэ жил хоёр үе шаттайгаар хэрэгжих бөгөөд эхний сургалт семинарт 21 аймгийн 45 сэтгүүлч хамрагдаж, Өмнийн говийн уул уурхайн үйлдвэрлэлтэй танилцсанаараа онцлог боллоо.
Гэрэл зургийг Х.Ганбаатар
Зургаадугаар сарын 28-аас долдугаар сарын 02-нд зохион байгуулагдсан тус сургалтын эхний өдөр сэтгүүлчид Оюутолгой төслийн үйл ажиллагаа, тус компанид тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Ханбогд хурд” компанитай танилцаж, Ханбогд сумын удирдлагатай уулзлаа. Энэ үеэр тэд орон нутагт өрнөж буй уул уурхайн үйлдвэрлэл, цаашдын ирээдүйн талаар тодорхой мэдээллүүдийг авсан юм.
Тэгвэл хоёр дахь өдөр “Энержи Ресурс” уурхайн Баяжуулах үйлдвэр, Цахилгаан станц, нүүрсний уурхай, Цэций хороолол, “Мөрөөдөл” сургуулийн цогцолбор, Эрдэнэс Тавантолгойн Баруун, Зүүн Цанхийн уурхайн олборлолтын үйл ажиллагаатай танилцлаа.
“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн сургалтын албан ёсны нээлт Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зургаадугаар сарын долдугаар сарын 1-ны өдөр эхэлсэн юм. Сургалтын нээлтэд аймгийн Засаг даргын Байгаль орчин, уул уурхай эрхэлсэн орлогч С.Мөнхбаяр, Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Т.Алтансүх нар оролцож товч мэдээлэл хийсэн юм.
“Уул уурхайн компаниудаас хамгийн эхэнд Оюутолгой компанитай Хамтын ажиллагааны гэрээг байгуулах ажил эхэлж, 2014 онд гарын үсгээ зурсан. Энэ гэрээ батлагдсанаас хойш жилд таван сая долларын хөрөнгө оруулалтын ажил хийгддэн болсон.Энэ хүрээнд“Говийн оюу” хөгжлийг дэмжих сан манай аймагт ажиллаж байна. Цогтцэций сумаас арав гаруй километрийн зайд уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулдаг учраас нутгийн иргэд орон нутагт хөрөнгө оруулалт хийхийг байнга шаарддаг. Энержи Ресурс компанийн хувьд Цогтцэций суманд ажилчдаа орон сууцжуулаад, сургууль соёлын байгууллагуудыг барьж, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэсэн. Харин Эрдэнэс Тавантолгой компани энэ тал дээр хойрго ханддаг” хэмээн С.Мөнхбаяр дарга ярьж байлаа.
Сургалт семинарын төгсгөлд сэтгүүлчдийг багуудад хуваан, сургалтын үр дүнг бататгах, нийтлэл, нэвтрүүлгийн төлөвлөгөө боловсруулсан ба , тэдэнд сургагч багш нар товч зөвлөмж өгсөн юм.
Г.Идэрхангай