Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

EG4EG:ОУВС-ийн хөтөлбөрийн хэрэгжилтэд төсвийн сахилга бат нэн чухал

“Төлөвлөлт, төсөв зохиох үйл явц болоод хөгжлийн төлөвлөлт болон төсвийн хууль тогтоомжтой тэдгээрийн нийцэх байдалд Улс төр, эдийн засгийн шинжилгээ хийх нь сэдэвт оролцогч талуудын семинар” өнгөрсөн пүрэв гарагт боллоо.

Европын холбооноос санхүүжүүлж буй Эдийн засгийн тэгш өсөлтийг хангах сайн засаглал (EG4EG) төслийн хүрээнд Монголын төр болон төрийн бус байгууллага, эрдэмтдийн төлөөллийг оролцуулсан энэхүү семинарыг зохион байгууллаа.

Монгол улс сүүлийн жилүүдэд эрдсийн зах зээлийн уналт өсөлтөөс шалтгаалан төсвийн хувьд ихээхэн хэлбэлзэлтэй явж ирсэн. Энэхүү нөхцөл байдалд манай улс илүү тогтвортой, “дархлаа”-тай байх үүднээс Төсвийн тогтворжуулалтын сан байгуулах, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлах зэргээр багагүй ахицтай ажилласан ч анх гаргасан хуулийн заалтыг удаа дараа өөрчлөх, үзэл баримтлалаасаа олон ч удаа ухарсаар ирсэн юм. Энэ бүгд нь Монгол улсын төсвийн баганыг аажмаар ганхуулж, улмаар өнөөдрийн өрийн хямрал, гадны зээл санхүүжилтийг царайчлах нөхцөл байдалд хөтөлсөн билээ.

Саяхан батлагдаад буй ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтээр манай улсад ойрын жилүүдэд 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт орж ирж, аажимдаа эдийн засгийн хямралаас гарах найдвар байгаа боловч төсвийн сахилга батыг ягштал баримтлах нь туйлаас чухал юм.

Яг энэ чухал мөчид төсвийн сахилга батыг сайжруулах чиглэлд Засгийн газар болон Европын холбоонд өргөн барих тайлан боловсруулж буй EG4EG төслийн ахлах зөвлөх Саха Мияанатан семинарын үеэр “Төсвийн алдагдал бол мөсөн уулын орой, харин усан доорх бүр том хэсгийг олж тогтоох хэрэгтэй” тухай онцоллоо.

Үндэслэлгүй өндөр хүлээлт, улс төр хоёрын нийлбэр нь төсвийн төсөөллийг гажуудуулдгийг тэрбээр мөн тэмдэглэлээ.

Үндэсний Аудитын газар ОУВС-ийн хөтөлбөрийн санхүүжилт буюу 5.5 тэрбум долларын зарцуулалт дээр их нарийн хяналт тавьж ажиллах хэрэгтэй гэсэн саналыг тэрбээр дэвшүүлсэн юм.

Тодруулбал тэрбээр Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтэд манай улсын үүрэх хариуцлага туйлын чухал байгааг ийн тайлбарлалаа. “ОУВС-ийн хөтөлбөрт эрсдэл ямаршуухан өндөр түвшинд байгааг бүх тал сайн ойлгож байгаа. Улс орны чадавх буурах, түүхий эдийн үнэ уруудах, гадаад эдийн засаг сулрах зэргээс гадна улс төрчдийн бодлогогүй сөрөг алхмууд хөтөлбөрийн хэрэгжилтэд нөлөөлж болзошгүй. Тухайлбал улс төрчдийн таамаглашгүй алхмууд нь төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа мөрдөж ажиллаж чадах эсэхэд эргэлзээ төрүүлж мэдэх юм. Гэсэн хэдий ч энэ хөтөлбөр хэрэгжихээр болсон. Нэг ёсондоо эрсдлээ үүрээд явахаар шийдсэн хэрэг шүү дээ” гэдгийг тэрбээр тодотгосон юм.

Сүүлийн жилүүдэд Монголын Засгийн газар эдийн засгийн өсөлт болон төсвийн орлогыг хэтэрхий өөдрөгөөр төсөөлдөг алдаа дутагдлаа тогтмол давтаж байгааг уг төслийн ахлах зөвлөх Н.Дорждарь семинарын үеэр тайлбарласан юм.

Дашрамд дурдахад ОУВС-ийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд Монгол улс Төсвийн зөвлөлийг байгуулж ажиллах үүрэг хүлээгээд байгаа юм. Энэ ондоо багтаагаад Төсвийн зөвлөлийн тухай хууль эрх зүйн зохицуулалтаа хийх ажил хүлээгдэж байна. Хөгжингүй улс орнуудад энэхүү зөвлөлийг байгуулж ажилладаг туршлага нэлээд түгээмэл бөгөөд уг зөвлөл нь төсвийн бодлого, хэрэгжилтэд хяналт тавьж, үнэлгээ өгч ажилладаг хараат бус байгууллага юм. Улс орнуудын туршлагаас харахад Төсвийн зөвлөлийн бүрэлдэхүүн нь академич, бодлогын шинжээч, улс төрч, нийгмийн ажилтан, бусад салбарын төлөөллөөс бүрддэг хэдий ч Монголд яг ямар төлөөллөөс бүрдэх нь одоохондоо тодорхойгүй байна.


Б.Төгс