Ярилцлага
41.4 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно
2017-07-18
Н.Ариунтуяа
Эрдсийн хайгуул эрчимжинэ гэж MMJ дөрөвдүгээр сарын дугаартаа бичсэн юм. Түүнийг илтгэх тоонуудтай танилцана уу. Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 26,4% буюу нийтдээ 41.4 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор бэлтгээд байна. Тодруулбал, 31.2 сая гектар талбайг өргөдлийн журмаар олгох боломжтой гэж ялгасан бол үлдсэн 10.2 сая гектар нь сонгон шалгаруулалтын журмаар олгогдох талбай юм. Энэ нь 2010 онд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зогсоосноос хойшхи түүхэнд хамгийн том хэмжээний талбай ялгасан тохиолдол болж байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглосноос хойш дөрвөн жилийн дараа буюу 2015 онд эхлүүлэхдээ Монгол улсын нутаг дэвсгэрийн 19.9 % буюу 31 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор зарлаж байсан билээ.
Мөдхөн жил гаруйн хугацаанд зогсоод байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох ажил эхлэх гэж байна. Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогттой ярилцлаа.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох ажил 4 жил гацсаны дараа цахимаар олгож эхэлсэн нэг жилд багагүй асуудал дагуулсан. Одоо үйл явц дахин өрнөх гэж байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох журам, дараалалд ямар нэг өөрчлөлт орох уу?
Өргөдлийн журмаар тусгай зөвшөөрөл олгох асуудал маргаан дагуулдаг, техникийн хувьд гацах, саатах зэрэг асуудал гардаг байсан. Өмнө тулгарч байсан эдгээр асуудлыг шийдвэрлэх ажлыг өнгөрсөн хугацаанд хийлээ.
Цахим өргөдлөөр тусгай зөвшөөрөл олгох нь нэг талаасаа зохион байгуулалтын ажил боловч нөгөө талаасаа техник технологийн асуудал юм. Бидний хувьд аль болох сүүлийн үеийн хүчин чадал бүхий техник тоног төхөөрөмж авах, програм хангамжийн хувьд гацахгүй, алдаа гаргахгүй, гадны элдэв дайралтад өртөхгүй байх талаас нь анхаарч байна. Одоогийн байдлаар цахимаар өргөдөл авах нь тодорхой байгаа ч ямар програм ашиглах, хэд хоногийн хугацаанд авах талаар хараахан эцсийн шийдвэр гараагүй байгаа. Тиймээс илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Эцсийн шийдвэр гарсны дараа үйл явцыг аж ахуйн нэгжүүдэд танилцуулж, туршилтын боломж олгоно.
Тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг нэмж тогтоосны үр дүнд ямархуу хэмжээний талбай зарлахаар ялгаад байна вэ?
Сонгон шалгаруулалтын болон өргөдлийн журмаар олгох боломжтой талбайн хэмжээг нэмэгдүүлэх талаар багагүй ажил хийгээд байна. Тухайлбал сонгон шалгаруулалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул судалгаа хийж нөөц нь тогтоогдсон талбайг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор өмнө ялгаж бэлтгээд байсан 8.6 сая гектар талбай дээр нэмж 51665 солбицол бүхий 1.61 сая гектар талбайг Засгийн газрын 2017 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн хуралдааны 37 дугаар тогтоолоор батлуулан, нийтдээ 10.2 сая гектар талбайг сонгон шалгаруулалтын журмаар олгохоор бэлтгээд байна.
Мөн өргөдлийн журмаар олгох боломжтой талбайг ялган эрх бүхий байгууллагаас санал авах ажил үргэлжилж байгаа. 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар өргөдлийн журмаар олгох боломжтой талбай 18.2 сая гектар байсан бол 2017 оны эхний хагас жилийн байдлаар нэмж 13 сая гектар талбай оруулан, нийт 31.2 сая гектар талбай бэлтгээд байна. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалт болон өргөдлийн журмаар олгох боломжтой талбайн хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдсэн гэж хэлж болно. Ер нь тусгай зөвшөөрөлтэй болон тусгай хэрэгцээний газруудын хөдөлгөөн байнга хийгддэг. Мөн улсын төсвийн хөрөнгөөр зураглалын ажил хийгдэж дууссан талбайгаас тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайд оруулах зэргээр талбайн хэмжээг нэмэгдүүлэх бололцоо байдаг.
Он гарсаар хэд хэдэн удаа сонгон шалгаруулалтын талбай зарлалаа. Тусгай зөвшөөрлийн төлөөх өрсөлдөөн хэр байна вэ? Зарласан талбайнууд дээр орон нутаг ямар хариу өгч байгаа бол?
2017 оны эхний хагас жилийн байдлаар нийт 7 сонгон шалгаруулалт зарлаад байна. Үүнээс 3 багц сонгон шалгаруулалтын дүн эцэслэн гарсан. 2 сонгон шалгаруулалт үнэлгээний явцдаа, 2 сонгон шалгаруулалтын санал хүлээн авах хугацаа хараахан дуусаагүй байна.
Өмнөх жилүүдтэй харьцуулбал аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоо, өрсөлдөөн нэмэгдсэн гэж үзэж болно.
Эхний 3 багц сонгон шалгаруулалтад 33 талбай зарласнаас 9 талбайд ялагч тодорч, улсын төсөвт 5.1 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Үүн дээр үнэлгээний шатанд буюу материал хүлээн авахаар хүлээгдэж байгаа 4 талбайг нэмбэл эхний хагас жилд 7 тэрбум орчим төгрөг улсын төсөвт төвлөрүүлэх боломжтой гэж харж байгаа. Оны сүүлийн хагаст мөн илүү олон талбай зарлаж, аль болох олон аж ахуйн нэгж хамруулахаар төлөвлөж байна. Уул уурхайн түүхий эдийн үнэ ханш унасан сүүлийн хэдэн жилтэй харьцуулбал салбарт өсөлт ажиглагдаж байгаа нь гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нарын идэвхийг сэргээх үндсэн нөхцөл болж байна.
Хайгуул идэвхжсэн он жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтын урсгал энэ салбарыг чиглэсэн ч 2014 оноос хойш татарсаар хөрөнгө оруулалтын дийлэнх дотоодын компаниудын нуруун дээр үлджээ. Энэ бүтцийг өөрчилж, гадаадын хөрөнгө оруулалт татах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд хийж байгаа ажлуудаа танилцуулна уу?
Хуулийн орчин тогтвортой байх ёстой. Учир нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулаад үр шимээ хүртэхэд наад тал нь 10 жил, цаашилбал 100 жилийн асуудал байна. Энэ хугацаанд бүтээгдэхүүний үнэ өсөх буурах бол байдаг л асуудал. Үүнийг тодорхой хэмжээнд урьдчилан таамаглаж, эрсдэлээс хамгаалах сан байгуулах зэргээр шийдвэрлэж болно. Харин хуулийн орчин ойр ойрхон өөрчлөгдөх нь хөрөнгө оруулагчдад хамгийн том эрсдэл болдог.
Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд хууль эрх зүйн орчинг шинэчлэх, сайжруулах шаардлага байсаар байна. Түүнчлэн дүрэм, журам, заавар зэрэг захиргааны актын тоог аль болох цөөрүүлэх, ойлгомжтой болгох, шат дамжлагыг бууруулах чиглэлээр төлөвлөж, хийж байгаа ажил цөөнгүй бий. Хөрөнгө оруулагчдад хамгийн чухал зүйл бол мэдээлэл. Салбарын хуулийн зохицуулалт, хөрөнгө оруулалтын орчин, татвар болон төр засгийн зүгээс баримталж буй бодлого нээлттэй, ойлгомжтой байх ёстой. Үүний дотроос геологийн мэдээлэл хамгийн чухал юм. Иймээс Монгол улсын нутаг дэвсгэрт хийгдэж байгаа геологийн суурь мэдээллийг боловсруулах, нийтлэх, хөрөнгө оруулагч нарт хүртээмжтэй болгох талаар ажиллаж байгаа.
“Алт-2” хөтөлбөрийн хүрээнд “Урт нэртэй” болон бусад хуулийн хязгаарлалтад орсон алтны лицензийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил хийгдэх үү?
Салбарын байгууллагын хувьд хайгуул судалгааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг татах чиглэлийг баримтлан ажиллаж байна. Түүнчлэн хууль тогтоомжийн биелэлтийг хангаж ажиллах ёстой. “Алт-2” хөтөлбөртэй холбогдуулан зарим нэг хууль нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа.
Урт нэртэй хуульд хамрагдаж хил заагт нь өөрчлөлт орсон тусгай зөвшөөрлийн судалгааг гаргаж, хуулийн үйлчлэлээс гарсан тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
Засгийн газраас зарласан өргөдлөөр олгох талбайнууд дээр гардаг маргаан, давхцлын асуудлыг энэ удаад бүрэн шийдэж чадсан уу? Тэр тусмаа солбицол зарласны дараа талбайнуудыг орон нутгийн хамгаалалтад авдаг явдал дээр Засгийн газар орон нутагтай хэр ойлголцолд хүрч байгаа бол?
Засгийн газраас баримталж байгаа бодлогыг орон нутаг дэмжиж ажиллах, орон нутгийн иргэдийн санаа бодлыг шийдвэр гаргах түвшинд тусгах нь ажил саадгүй явах үндсэн нөхцөл юм. Энэ ч утгаараа Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бодлогыг орон нутгийн удирдлага, иргэдэд таниулах зорилгоор 2017 онд аймгуудтай уулзалт, бүсийн хурал чуулганыг эрчимтэй хийж эхлээд байна. Эдгээрээс хамгийн том нь гэвэл уул уурхайн салбарын 95 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Эрдэнэт хотод зохион байгуулсан Төвийн бүсийн чуулга уулзалт. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газраас онцгой ач холбогдол өгч оролцсон.
Чуулганаар уул уурхайн салбарт тулгамдаад байгаа асуудлыг хэлэлцсэнээс гадны аймгийн удирдлагуудтай уулзаж, өргөдлөөр болон сонгон шалгаруулалтаар зарласан талбайд орон нутгийн дэмжлэгийг авах талаар санал бодлоо солилцсон.
Уул уурхайг дагаж их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирдэг. Орон нутагт ч мөн тооны ажлын байр үүсдэг. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд орон нутаг ямар асуудал дээр анхаарвал зохих, нөгөө талаас салбарын байгууллага юун дээр анхаарч ажиллах тал дээр ярилцаж тодорхой ойлголцолд хүрсэн гэж итгэж байгаа. Тиймээс өргөдлөөр олгохоор солбицол зарласны дараа орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудал харьцангуй багасах болов уу гэж бодож байна.
Уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийн нэгэн үе ард хоцорсон ч ард иргэдийн дунд салбарын нэр хүнд тааруу, сөрөг хандлагатай байр суурь түгээмэл байна. Монголын эдийн засгийн гол тулгуур болж буй салбарт ойлголтоо ойртуулах, нийгэмд зөв мэдээллийг хүргэх талаар салбарын яам, агентлагаас юу хийж байна вэ?
Уул уурхай гэхээр л гол ус бохирдуулдаг, ой мод сүйтгэдэг гэж ойлгож болохгүй. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа олон мянган аж ахуйн нэгж байгууллага бий. Гэхдээ ганц нэг хариуцлагагүй компанийн үйл ажиллагаанаас шалтгаалан бүх салбарыг хавтгайруулан дүгнэх нь өрөөсгөл юм. Нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийдэг компаниуд олон байна. Байгаль орчинд ээлтэй технологиудыг нэвтрүүлээд эхэлсэн байна. Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, орон нутагт хөрөнгө оруулалт хийдэг, ард иргэдийн амьжиргаанд сайнаар нөлөөлөх төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг компани олон бий. Салбарт маань хүндрэл бэрхшээлүүд байгаа ч илүү сайн болгохын төлөө бид ажиллаж байна.
Олон нийт, ард иргэдтэй ойр байх, мэдээ мэдээллээ ил тод, хүртээмжтэй байлгах тал дээр хийх ажлууд их байгаатай би санал нийлнэ. Энэ үүднээс Ашигт малтмал, газрын тосны газраас сар бүр тогтмол хэвлэлийн хурал зарладаг болоод байна. Хурлаар салбарт шинээр гарсан хууль тогтоомж, голлох үйл явдал хийгээд цаашид хийхээр төлөвлөж байгаа томоохон ажлуудын талаар мэдээлэл хүргэдэг болсон. Түүнчлэн кадастрын систем онлайн болсонтой холбогдуулан сонирхсон этгээд ашигт малтмалтай холбоотой бүхий л мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай авах боломжтой болсон.
Салбарын талаар зөв ойлголт өгөх, үйл ажиллагааг нийтэд сурталчлах зорилгоор манай газрын цахим хуудас дээр “Эрдэс баялгийн боловсрол” нэртэй шинэ хуудас нээж ажиллуулж байна.