Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Нүүрсний орлого тэрбум доллараар өсөв

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний хагас жилийн нийгэм, эдийн засгийн тайланг танилцуулав. Эхний хагас жилд гадаад худалдаа 5 тэрбум 36 сая доллар болж өмнөх оны мөн үеэс 36%-иар өсчээ. Экспорт 3.1 тэрбум ам.доллар болж, 42% орчмоор өссөн бол импорт 1.93 тэрбум ам.доллар болж 30%-иар өссөн дүнтэй байна. Гадаад худалдааны тэнцэл 1 тэрбум 175 сая долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 70%-иар өссөн дүн юм.

Экспорт ийн өсөхөд нүүрсний экспорт огцом өссөн нь гол нөлөөг үзүүлж байна. Эрдэс түүхий эдийн экспортыг өмнөх онуудын мөн үетэй харьцуулан доорх графикт харуулав.

-Зэсийн баяжмалын экспорт үргэлжлэн буурсаар байна. Биет хэмжээний хувьд 733 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 10%-иар буурав. Экспортын орлого 152 орчим сая доллараар буюу 17 орчим хувиар буурч 764.7 сая доллар болжээ.

-Алтны экспорт мөн л буурав. Өмнөх оны мөн үед 7.1 тонн алт экспортолж байсан бол энэ онд 4.5 тонн болж 37%-иар буурчээ. Үнийн дүн мөн адил 36%-иар буюу 100 сая доллараар буурч 180.2 сая доллар болсон байна. Алт, зэсийн олон улсын зах зээлийн үнэ харьцангуй тогтвортой байгаа боловч биет хэмжээ болон металын агуулгын бууралтаас шалтгаалан экспортын орлого буурч байгаа юм.

-Харин нүүрс, төмрийн хүдэр, газрын тосны эксорт өсөлттэй гарав. Нүүрсний экспортын биет хэмжээ 19.1 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 9.5 сая тонноор буюу 100%-иар өсөөд байна. Монгол улсын хувьд 2011-2012 онд  хамгийн их буюу жилд 20 сая тонноос илүү нүүрс экспортолж байсан билээ. Нүүрсний экспортын орлого 1 тэрбум 282 сая доллар болж өмнөх оны мөн үеэс 4.4 дахин буюу 1 тэрбум орчим доллараар нэмэгджээ. Нийт экспортын 41.3%-ийг нүүрс бүрдүүлж байна. Нүүрсний экспорт огцом өсч байгаа нь зах зээл дээрх үнийн өсөлттэй шууд холбоотой юм. 3 дугаар сард Квийнсландад болсон Дебби хар салхи болон Хятад улс Хойд Солонгосоос авах нүүрсний хэмжээгээ огцом бууруулсан нь Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ тогтвортой байх нөхцлийг бүрдүүлж байна. Нүүрсний экспортын орлого 2013 оны жилийн эцсийн дүн 1.1 тэрбум доллараас даваад байна. Монгол улс 2011 онд түүхэндээ хамгийн их нүүрс экспортолсон жил болж байсан бөгөөд 2.3 тэрбум орчим ам.доллар болж байсан юм.

-Төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ 2.7 сая тонн болж үл ялиг нэмэгджээ. Экспортын орлого 161.9 сая доллар болж 67%-иар буюу 64 орчим сая доллараар нэмэгдсэн байна.

-Газрын тосны экспортын хэмжээ 3.7 сая баррель болж 11%-иар буураад байна. Гэхдээ экспортын орлого 14%-иар өсч 184 сая ам.доллар болжээ.

-Бохир болон самнасан ноолуур Монгол улсын экспортын 6 дахь том бүтээгдэхүүн юм. Ноолуурын экспорт 175.8 сая долларт хүрчээ. Энэ өмнөх оны мөн үеэс 31 сая доллар буюу 21%-иар өссөн дүн юм. Ноолуурын экспорт нийт экспортын 5.7%-ийг эзэлж байна.

 


Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр, газрын тос гэсэн байгалийн баялгийн түүхий эдийн экспорт экспортын 82.7%-ийг бүрдүүлж байна. 2015 оны мөн үед 81.2%, 2016 оны оны мөн үед 79.7%-ийг бүрдүүлж байсан юм.

Харин Монгол улсын топ 10 экспортын бүтээгдэхүүн нийт экспортын 94.5%-ийг бүрдүүлж байна. Дээрх 10 бүтээгдэхүүний бохир болон самнасан ноолуураас бусад нь ашигт малтмалын түүхий эд болон боловсруулсан бүтээгдэхүүн байгаа юм. Хар тугалганы хүдэр болон баяжмалын экспортын хэмжээ 446 тонноос 7500 тонн болтлоо нэмэгдсэн бол экспортын орлого нь 338 мянган доллараас 19 сая доллар болж 57 дахин нэмэгдсэн байна. Бусад бүтээгдэхүүн цайр, жонш, тунгаасан зэсийн экспортын орлого 19%-58%-иар өсчээ.

 


Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо



С.Болд-Эрдэнэ