Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Энержи Ресурс”-ийн олборлолт, борлуулалт огцом өсөв

“Энержи Ресурс” компани энэ оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны үр дүнгээ өчигдөр мэдээллээ. Оны хоёрдугаар улиралд тус компани 2 сая 557 мянган тонн нүүрс олборлож, 2 сая 350 мянган тонн нүүрс угаан баяжуулжээ. Ингэснээр тус компанийн нүүрс олборлолт өнгөрсөн оны мөн улиралтай харьцуулахад 428%-иар, боловсруулалтын хэмжээ 376%-иар тус тус өсөөд байна.

Гарцын тухайд, боловсруулах үйлдвэр мөн улиралд 1 сая 175 мянган тонн угаасан нүүрс үйлдвэрлэжээ. Харин борлуулалтын хэмжээ тухайн улиралд 1 сая 87 мянган тонн байсан бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 187%-иар өссөн үзүүлэлт боллоо.

Харин оны эхний хагасын хэмжээнд авч үзэхэд “Энержи Ресурс” 4.2 сая тонн түүхий нүүрс олборлож, 3.9 сая орчим тонн нүүрсийг боловсруулах үйлдвэрт оруулан, 2 сая тонн угаасан коксжих нүүрсний гарцтай ажилласан байна. Боловсруулсан коксжих нүүрсний борлуулалт оны эхний хагасын байдлаар 1.9 сая орчим тоннд хүрэв. Өнгөрсөн оны эхний хагас жилд тус компани нийтдээ 600 мянган тонн сайн чанарын коксжих нүүрс борлуулж байсантай харьцуулахад энэ нь 216%-иар өссөн дүн болж байна.

Өнөөдрийн байдлаар Хонконгийн хөрөнгийн бирж дээр Mongolian Mining Corporation (HKG:0975) компанийн хувьцаа 6 орчим хувиар өсөөд байна.

 

Б.Төгс