Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Орон нутгийн сэтгүүлчид өмнийн говийн уул уурхайн амьдралыг тольдов


Тэмдэглэсэн Г.Идэрхангай

Нүүрс тээврийн замын нүд халтирам дүр зураг

Долдугаар сарын 28-ны өглөө. Монгол орны 21 аймгаас ирсэн сэтгүүлчид нийслэл хотын хөл хөдөлгөөн эхлэхээс урьтан өмнийн говийн уул уурхайн үйл ажиллагаатай танилцахаар аян замдаа гарлаа. “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төсөл энэ жил хүрээгээ тэлж, 21 аймгийн сэтгүүлчдийг сургалтад  хамруулж байгаа юм.  

The Mongolian Mining Journal-ийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллага нь эрдэс баялаг уул уурхайн чиглэлээр нийгэмд зөв ойлголт өгөх, хүндэтгэх хандлага, арга замыг төлөвшүүлэх зорилгоор сэтгүүлчдийн уул уурхай, эдийн засгийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулж ирсэн туршлагатай. Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийг 2015, 2016 онд амжилттай хэрэгжүүлж, 6 удаагийн цуврал сургалтыг Сэлэнгэ, Баянхонгор, Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотод зохион байгуулсан билээ. Сургалтад 2 жилийн хугацаанд 16 аймгийн 70 орчим сэтгүүлч хамрагджээ. “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн гуравдугаар шатны ажилд ЭТИС хөтөлбөр дэмжлэг үзүүлснээр 2017 оны  төслийн үйл ажиллагаагаа өмнийн говийн уул уурхайн үйлдвэрлэлтэй танилцуулах аялал семинараар ийнхүү эхлүүлж байгаа юм.

2017 оны сургалтад 21 аймгийн 39 сэтгүүлч хамрагдсанаар Монгол улсын өнцөг булан бүрт хүрсэн сүлжээ бий болж байна. Сургалтын үе шат бүхэнд орон нутгийн сэтгүүлчид чадавхжиж, уул уурхайн талаарх мэдлэг, ойлголт гүнзгийрч буй нь нийтлэл, нэвтрүүлгээс нь тодорхой харагддаг билээ. Үүний цаана орон нутгийн ард иргэд эрдэс баялгийн салбарын олон талт сэдвээр бодитой мэдээлэл олж авах ач тус  оршиж байгаа юм. 2017 онд орон нутгийн сэтгүүлчдийн хүсэлтээр сургалтын агуулгыг тэлж, уул уурхайн үйлдвэрлэл хамгийн эрчимтэй өрнөж буй өмнөд бүс нутгийг зорьсон билээ. 

Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций сум хүртэл 530 орчим километр зайтай. Шороон замаар хоёр хоног тоос татуулан давхидаг хуучин цаг алсарч, хатуу хучилттай шинэхэн зам биднийг говь нутаг руу хөтлөв. Говь нутагт ган нүүрлэв үү гэлтэй, хурц нар шарж, хуурай бүгчим агаар ноёрхоно. “Манай нутагт бэлтгэлтэй ирээрэй, 50 хэм хүрч байгаа шүү” хэмээн Өмнөговь аймгийн сэтгүүлч нөхөд хэд хоногийн өмнөөс сануулсан билээ.

Урт замын бүтэн өдрийн нэгэн хэвийн аялал Цогтцэций сумаар дайрч, Тавантолгой-Гашуунсухайтын нүүрс тээврийн зам руу орж ирэх үеэс  эрс өөрчлөгдөв. Өмнийн говийн  уул уурхайн үйл ажиллагааны хамгийн сэтгэл эмзэглэм дүр зургийг эндээс 21 аймгийн сэтгүүлчид олж харсан юм. 

Нүүрс тээврийн том оврын машинууд зогсоо зайгүй зөрөлдөн хурдлан давхих энхэл донхол замаар зорчино гэдэг үнэхээр “экстрим” аялал байлаа.  Нүсэр том тэрэг замын хажуу руу унаж осолдсон тохиолдол дөрвөн ч газарт тааралдсан нь нүд хальтрам харагдана. Ийм ослоос амьд гарна гэдэг аз тохиосон хэрэг биз. Хурд хэтрүүлэх, нойрмоглох, замын нүх сүв тойрч гарах гэж урсгал сөрөх үйлдэл хийдгээс болж ийм аймшигт ослууд  гардаг байна. Оны эхний таван сард нүүрс тээврийн машины арав орчим жолооч энэ зам дээр халуун амиа алдсаныг дараа нь Өмнөговь аймгийн удирдлагуудаас сонссон билээ.

“Энержи Ресурс” компани Гашуунсухайт боомт хүртэлх 267 км нүүрс тээврийн  шил шиг толийх авто замыг нээн тууз хайчилж байсан нь хэдхэн жилийн өмнөх үйл явдал. Харин одоо энэ зам төрийн мэдэлд очоод байгаа. Гэхдээ арчилгаа, тордолгоо дутсанаас эвдэрч гэмтэн, осол аваар гарах үндсэн нөхцөлийг бүрдүүлжээ. Энэ замаар 5600 гаруй тээврийн хэрэгсэл өдөр шөнөгүй явдаг бөгөөд нэг бүр нь 80-100 тонны жинтэй гэхээр ямархуу ачаалалтай нь ойлгогдох биз ээ. Энхэл донхол замаар явахаас түвэгшээн замын хажуугаар шороо тоос манарган давхилдах сахилгагүй жолооч нар ч цөөнгүй.

“Эрдэнэс Тавантолгой”-н Баруун, Зүүн Цанхийн уурхайгаас Ухаахудагтай нийлэх найман километр зам нь шороон зам бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” компани хатуу хучилттай болгохоор тендер зарласан гэнэ. Удахгүй орон нутгийн Тавантолгой компани уг замтай холбогдчихвол шороон замаар нүүрс тээвэрлэх явдал бүрэн зогсох юм.  
Гашуунсухайтын автозамаар зуу гаруй километр давхисны эцэст бид Оюутолгойн сайжруулсан шороон замаар салж, Ханбогд сумаас 11 километрийн зайд орших алдарт Галбын гурван хийдийн нэг Дэмчогийн хийдийн дэргэдэх “Бурхан заяа” жуулчны баазад ирлээ. Энд ер бусын амгалан орших ажээ.   

Галбын уулын байц хадан дунд орших Дэмчогийн хийдийг говийн догшин ноён хутагт  Данзанравжаа байгуулсан түүхтэй. Дэлхийн энергийн төв гэгдэх энэхүү ариун дагшин нутаг орныг газар газрын хүмүүс зорин ирсээр байна. Ханбогд уулнаас зүүн хойш 14 километрийн зайд буюу Ханбогд уул, Дэмчогийн хийдийн хооронд энергийн урсгал нэвт урсдаг тухай 2007 онд хэсэг эрдэмтэн судалгаагаар тогтоосон гэнэ. Тэд хутагтын номын ширээгээ залж байсан хадан тавцанг энергийн төв цэг гээд эл цэгээс 15 км радиуст энергийн бүс байгааг судалгааны бүтээлээрээ дэвшүүлсэн гэдэг.   

Сургалтын хөтөлбөрийн дагуу сэтгүүлчид өглөө эртлэн Монголын зэс, алтны томоохон төсөл болох Оюутолгойн уурхайтай танилцахаар зорилоо. 



Оюутолгой ба түүнийг дагасан орон нутгийн бизнесийн идэвхжил

Аюулгүй ажиллагаа бол хүн бүрийн хүлээх хариуцлага. Оюутолгойн үйлдвэрлэлийн бүс рүү ойртон ирмэгц ийм бичиг хамгийн түрүүнд нүднээ тусна. Уурхайн бүс рүү нэвтрэхийн тулд хамгаалалтын малгай, нүдний шил, хантаазаа заавал өмсөх ёстой. Сэтгүүлч бид ч аюулгүйн дүрмийг дагав. Сэтгүүлчид тус компанийн музей, эрсдэл үзүүлэх сургалт, мэргэжил сургалтын төв, ил уурхайтай танилцсан юм.

Мянга сонсохоор нэг үз гэдэг. Монгол улсад хэрэгжиж байгаа уул уурхайн хамгийн том төслийн талаар олон нийтэд янз бүрийн мэдээлэл очдог ч мэдээ мэдээллийг хүргэх гүүр болдог сэтгүүлчид газар дээр нь ирж, энэхүү аварга бүтээн байгуулалтыг бодитоор харах нь чухал билээ.     
 
“Оюутолгой”-н Мэргэжил  сургалтын төв нь 258 оюутныг бүтэн жилийн турш сургаж бэлтгээд Австралийн мэргэжлийн байгууллагын сертификат олгожээ. Барууны өндөр түвшний мэдлэгтэй болж, амжилттай төгсөгчид нь тус уурхайд ажиллаж байгаа аж.  

Монгол улсдаа анхныд тооцогдох Эрсдэлийг үзүүлэх төвийг “Оюутолгой” компани 2013 онд нээжээ. Уурхайн ажилтан, албан хаагчдад тулгарах эрсдэл, болзошгүй хор хохирлыг  тус төвийн сургалтын танхимд хамтын оролцоотойгоор, сонирхолтой байдлаар үзүүлдэг. Аюулгүй ажиллагааг дагаж мөрдөөгүй, анзааргагүй, хэнэггүй байдлаас болж ямар аюултай нөхцөл байдалд орж болохыг ойлгуулсан богино хэмжээний, өгөөжтэй сургалтыг Оюутолгойн ажилтнууд сэтгүүлчдийн дунд зохион байгууллаа.  Мэдээж хэрэг Оюутолгойн уурхайд ирсэнийх сэтгүүлчид гүний уурхайн бүтээн байгуулалтыг илүүтэй сонирхож байлаа. 

Гүний уурхайн бүтээн байгуулалт зургаан жил үргэлжилнэ. Одоогоор 15 километрийн урт хонгил байгуулаад байгаа бөгөөд ирэх таван жилд 200 км хонгил барьж, хүдрээ олборлох тооцоотой байгаа аж. Анхны хүдрээ гаргаж авахын тулд 60 орчим километр хонгил ухах шаардлагатай юм байна.

Гүний уурхайд таван     босоо ам байх ёстой бөгөөд нэг нь үйлд­­вэрлэлийн, бусад нь агаар­жуулалтынх байх ба  2017 ондоо хоёр­дугаар Босоо ам, агааржуу­лал­тын тавдугаар Босоо амын нэвтрэл­тийн ажлыг бүрэн хэмжээгээр дуус­гах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Баяжуулах үйлдвэрээ гүний уурхайтай холбох ажил хийгдэж бай­гаа ба холболтын хэмжээ нь 7 км байх аж.   

Оюутолгойн гурван ордын нэг болох Өмнөд Оюу ил уурхайтай танилцлаа. Тусгайлан бэлдсэн тавцан дээрээс ил уурхайн олборлолтын явц бүхэлдээ харагдах ба  хүдэр ачсан том оврын техникүүд тэртээ алсад зав чөлөөгүй давхилдана.   

2011 оны наймдугаар сард ил уурхайн хөрс хуулалтыг эхлүүлсэнээс хойш өдгөө хоногт 300 орчим мянган тонн уулын цул олборлон, 100 гаруй мянган тонн хүдрийг Баяжуулах үйлдвэрт нийлүүлж байна. Аюулгүй ажиллагааны үүднээс сэтгүүлчид Оюутолгойн бүтээн байгуулалтыг автобусны цонхоор ажиглаж, дуран авайдаа буулгаж байлаа. Шахуу төлөвлөгөөтэй аялалын нэг хэсэг нь Оюутолгойн “Цэвэр усан хангамжийн цогцолбор”-ын танилцуулга байв.
Тус компани Өмнөговь аймагтай байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ний хоёр жилийн ойн босгон дээр хоёр чухал зүйл хийсний нэг нь энэхүү  “Цэвэр усан хангамжийн цогцолбор” аж.  Энэ оны дөрөвдүгээр сард ашиглалтад орсон,  будгийн  үнэр нь гараагүй,  шинэхэн цогцолборыг  6.9 сая ам.долларын өртгөөр байгуулжээ.

Ингэснээр Ханбогд сумын иргэдэд найдвартай, цэвэр ундны усыг 6.6 км шугам хоолойгоор дамжуулан хүргэдэг аж. Эхний ээлжиндээ 13 мянган хүн амыг ундны усаар хангах хүчин чадалтай бөгөөд цаашид хүчин чадлыг өргөтгөх боломжтой хэмээн тус цогцолборын ажилтнууд бидэнд сонирхуулсан юм.

“Оюутолгой” компанийн итгэл найдварыг хүлээж, тээврийн үйлчилгээг тогтмол үзүүлдэг шилдэг ханган нийлүүлэгчдийн нэг нь “Ханбогд хурд” компани. Биднийг компанийн оффисоор зочилж, удирдлагуудтай уулзах үеэр “250 гаруй ажилтантай, нийт албан хаагчдын 85 хувийг орон нутгаас бүрдүүлсэн. 40 гаруй автобустайгаар үйлчилгээ үзүүлж байна” гэсэн мэдээлэл өгч байлаа.

2006 оноос буюу Оюутолгой ордын хайгуулын үе шат, бүтээн байгуулалтын бүхий л явцад  ганц пургоноор үйлчилгээ үзүүлж байсан залуус өдгөө “Ханбогд хурд” хэмээх томоохон компанийг үүсгэн хөгжүүлж,  Оюутолгойн тендерт нь шалгарч, өдгөө аймаг, сумын шилдэг ханган нийлүүлэгчээр удаа дараа шалгарчээ. Уул уурхайн аварга төсөл Монголын үндэсний олон аж ахуйн нэгжид ийнхүү үр өгөөжөө өгч буйг “Ханбогд хурд” компанийн жишээ харуулж байна.


Аяллын дараагийн хэсэг Ханбогд уулынхаа нэрээр нэрлэгдсэн,  93 жилийн түүхтэй Ханбогд суман дээр өрнөлөө. Оюутолгойн уурхайгаас 30 гаруй  километр газар сайжруулсан замаар давхиад л Ханбогд сум хүрдэг аж. 2016 оны есдүгээр сараас Оюутолгой-Ханбогд чиглэлийн хатуу хучилттай автозамын ажил эхэлсэн бөгөөд 2018 оны сүүлээр уг замыг барьж дуусгахаар төлөвлөж.

Дэргэдээ “Ханбумбат” хэмээх олон улсын стандартын нисэх буудалтай, Галбын улаан тэмээ, гавилууд омгийн илүү нугаламт хониороо алдартай Ханбогд сумын өнгө төрх өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Том төслийн нийгмийн хариуцлагын хүрээнд тус суманд хийж хэрэгжүүлсэн олон бүтээн байгуулалтын нэг нь Иргэдийн хөгжлийн төв.
Энэ төвийн хурлын танхимд Ханбогд сумын Засаг дарга Б.Дэндэвсамба, ИТХ-ын дарга И.Эрдэнэжаргал нар сэтгүүлчидтэй уулзаж, сум орон нутагт өрнөж буй сүүлийн үеийн үйл явдлуудын талаар мэдээлэл өгсөн юм. 
 
Засаг дарга Б.Дэндэвсамба “Манай нутаг бол Монгол орны цаг уурын хамгийн халуун цэг. Өнөөдөр гэхэд, агаарын хэм 39, хөрсний температур 70 орчим хувьтай байна. Түүнчлэн 32 километрийн тойрог үүсгэсэн шүлтлэг боржингийн массивын сүүдэр зүйн хойд талд Ханбогд сум оршдог учраас халуун, хүйтний хямралаас үүддэг жин цохих гэж өвчин бий. “Оюутолгой” компани аюулгүй ажиллагааг эрхэмлэдэг тул та бүхэнд хамгийн түрүүнд энэ тухайгаа дуулгаж байгаа юм шүү”  гээд яриагаа  эхлүүллээ.

Ханбогд сум нь өдгөө  мал аж ахуй, уул уурхай, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримталж байгаа аж. 6000 гаруй хүн амтай. Сүүлийн үед тус суманд шилжин ирэгсдийн тоо нэмэгдэж буй бөгөөд ажлын байраар хангах асуудал дээр сумын удирдлагын зүгээс анхаарлаа хандуулж ажилладгаа Засаг дарга онцоллоо.
Хэдийгээр Ханбогд сум болон ойр орчмын сумдад уул уурхай хөгжиж байгаа ч орон нутгийн иргэдийн хувьд нүүдлийн мал аж ахуй амьдралын эх үүсвэр байсаар байх болно гэж тэд хэлж байлаа. Ялангуяа малчдын өргөдөл, гомдлыг авч хэлэлцдэг, тодорхой шийдвэрүүд гаргадаг Гурван талт зөвлөлийг “Оюутолгой”-той хамтарч бай­гуул­сан нь ихээхэн үр дүнтэй ажил болсон гэнэ. Гурван талт зөвлөлийн гэрээгээ хэрэгжүүлэх шат руугаа орсон бөгөөд энэ нь бусад аймаг, орон нутагт жишиг болох байх хэмээн ИТХ-ын дарга И.Эрдэнэжаргал хэлж байлаа.  

“Энержи Ресурс” эрчим хүчний нүүрсээ экспортолж эхэлжээ


“Бурхан заяа” жуулчны баазаас эртлэн хөдөлсөн сэтгүүлчид аяллын хөтөлбөр ёсоор Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулж буй  “Энержи Ресурс” компанийн Ухаа худагийн уурхайг зорилоо. Биднийг очиход тус компани шинэхэн мэдээлэлтэй угтаж авсан юм. Учир нь, “Энержи Ресурс”-ийнхэн Өмнөговь аймагтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, аймаг, орон нутагтай харилцах харилцаа, хамтын ажиллагаагаа илүү өргөн түвшинд баталгаажуулаад удаагүй байв.

Тус компани нь орон нутагт уул уурхай, нийгмийн дэд бүтцийг цогцоор шийдэж, орон нутгийн боловсрол, ажил эрхлэлт, эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр нийгмийн хариуцлагын цогц бодлоготой ажиллаж ирсэн Монгол улсдаа жишиг компани. Үүний нэг жишээ нь “Энержи Ресурс” компанид өнөөдөр 1400 гаруй хүн ажиллаж байгаагийн 65% нь орон нутгийн иргэд байгаа юм.  

Сэтгүүлчид Ухаахудаг уурхайн бүтээн байгуулалт, тэр дундаа жилдээ 15 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэр, дөрвөн аймгийг цахилгаанаар хангахуйц эрчим хүч үйлдвэрлэх, байгальд ээлтэй Цахилгаан станц, 600 хүүхдийн “Мөрөөдөл” сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн дотуур байр, Цэций хороололтой танилцлаа.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн тухайд усыг 98 хувь хүртэл дахин ашиглах орчин үеийн технологийн шийдэлтэй бөгөөд 2013 онд тус үйлдвэрийн дэргэд Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэрийг шинээр барьж дахин ашиглах усны хэмжээг өмнөхөөс 60-70% нэмэгдүүлснийг үйлдвэрийн инженерүүд ярьж байлаа. Мөн Цахилгаан станц нь төвийн эрчим хүчний системээс 800 орчим километр алслагдсан шугамын төгсгөлд эрчим хүчний горимыг хэвийн түвшинд барьдгаараа онцлогтой аж.  “Оюутолгой”, “Энержи Ресурс” гээд томоохон компаниуд орон нутагтай хамтран ажиллах тал дээр ихээ­хэн анхаарч ажиллаж байгаа нь бусад аймгийн сэтгүүлчдийн сонирхлыг татаж байсан юм.

Ухаахудагийн Нүүрс баяжуулах үйлдвэр 40 сая дахь тонн нүүрсээ хүлээн авч, нүүрс олборлолт, боловсруулалтын хэмжээ далайцаараа Монголын уул уурхайн салбарын түүхэнд шинэ ам­жилт тогтоосон нь 2016 он. Тэгвэл бид­нийг Ухаахудаг цогцолбор дээр очиход уурхайн удирдлагууд олборлолт анх эхэлснээс хойш нийт 230 сая гаруй куб метр хөрс хуулж, 44 дэх сая тонн нүүр­сээ олборлоод байгааг дуулгасан юм. 

Уурхайн үйлдвэрлэлийн эхний жил 1.8 сая тонн нүүрс олборлож байсан ба 2013-2014 онд уурхайн үйлдвэрлэлийн ид оргил үе байснаа   аажмаар буурч, харин 2017 оны эхний зургаан сарын байдлаар 3.2 сая тонн коксжих нүүрс олборлолт өссөн байна.



Ухаахудагийн уурхай 1989 онд 287 сая тонн нүүрсний нөөцтэй гэж тогтоож байсан бол  2011 оны ТЭЗҮ-ээр 437 сая тонн нөөц батлуулсан байдаг. Үүнээс 297 сая тонныг олборлож, экспортолно хэмээн тооцсон бөгөөд одоогоос сар гаруйхны өмнө шинэчилсэн ТЭЗҮ-ээр 689 сая тонн нүүрс олборлох боломжтой гэж үзжээ. Уг нөөцийн тооцооллыг удахгүй Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлнэ гэдгийг уурхайн удирдлагууд хэлж байлаа.

Хэдийгээр Монгол улсад эдийн засгийн хямрал нүүрлэж, нүүрсний зах зээлд уналт нүүрлэсэн ч “Энержи Ресурс” компанийнхан бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж байна.  Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д албан айлчлал хийх үеэр тус компанийн төлөөллүүд   ган үйлдвэрлэлээр бүс нутагтаа хамгийн томдоо орох Бугатын гангийн үйлдвэртэй урт хугацааны Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тэгвэл тус уурхай  эрчим хүчний нүүрсний анхны борлуулалтаа олон улсад хийгээд эхэлжээ.

Орон нутгийн сэтгүүлчдийн танилцах аялал Тавантолгойн Цанхийн Баруун, Зүүн уурхайд олборлолт явуулж буй төрийн өмчит Эрдэнэс Тавантолгойн уурхайтай танилцсанаар үргэлжлэв.   


Өрийн дарамтаас гарсан Эрдэнэс Тавантолгойнхон  өөдрөг байна



“Чалко” компанид коксжих нүүрс нийлүүлэх 350 сая ам долларын гэрээг 2011 онд байгуулсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ өрөө бид 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нд бүрэн барагдуулсан” хэмээн Эрдэнэс Тавантолгой уурхайн менежер Р.Нацагдаш сэтгүүлчдэд итгэл дүүрэн хэлэв.  
“Эрдэнэс Тавантолгой” компанийн нуруун дээр  хэдэн жилийн турш том ачаа болж ирсэн уг асуудал шийдэгдсэнд жирийн  уурхайчдын магнай тэнийж буй нь илт. Сэтгүүлч­дийн хувьд Гашуунсухайтын автозам­тай холбоотой асуултыг уурхайн удирдлагуудад түлхүү тавьж байлаа.

“Гашуунсухайтын нүүрс тээв­рийн автозам засварын ажлыг “Гашуун­сухайтын авто зам” компани хариуцаад явж байгаа. Бидний хувьд Ухаахудагтай холбогдсон шороон замаа хатуу хучилттай болгохоор ажиллаж байна. Тендерээ зарлачихсан. Түүнчлэн Гашуунсухайтын автозамтай зэрэгцүү­лэн хатуу хучилттай хүнд даацын зам барих шаардлагатай. Ингэснээр  жилдээ 50 сая тонн нүүрс экспортлох боломжтой  болно. Энэ асуудлыг Хятад, Монголын хэлэлцээрээр ярьж байгаа”  гэсэн хариултыг өглөө. 

Тавантолгой ордод Цанхийн Зүүн уурхай 1.2 тэрбум,  Цанхийн Баруун уурхай 1.7 тэрбум тонн, Бортээг 2 тэрбум, Оорцог 578 сая тонн, Бортолгой 226 сая тонн, Онч хараат 1.4 тэрбум тонн гээд нийт 7 тэрбум 382.5 сая тонн нүүрсний нөөц бүртгэгджээ.   Өмнө нь 6.4 тэрбум тонн нөөцтэй гэгдэж байсан тус ордын нөөцийг “Норвест“ компани JORC ангиллаар шинэчлэн тогтоож 7.4 тэрбум тонн болгосон. Учир нь хуучин Зөвлөлтийн геологиор хоёр метр гүн хүртэлх нөөцийг тогтоогдоггүй байсан бол JORC  ангиллаар 20 сантметр хүртлэх нүүрсний зузааныг тооцсоноор ийм хэмжээний нөөц гарч ирсэн гэдгийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайн удирдлагууд орон нутгийн сэтгүүлчдэд тайлбарласан юм.

“Цанхийн Зүүн уурхайд 2010 оны наймдугаар сард IPO гаргах зориулалтаар “Макмахон” компани олборлолт эхлүүлж байсан бол 2013 онд Цанхийн Баруун уурхайд “Монгол уурхайчид” түншлэл олборлолт явуулж эхэлсэн юм. 



Сэтгүүлчид уурхайн тэмдэглэлийн эхний загваруудаа танилцуулав    

Долдугаар сарын 1. Өмнийн говийн уурхайнуудтай бүтэн хоёр өдөр танилцсан сэтгүүлчдийн  баг энэ өдөр Даланзадгад хотын Нутгийн захиргааны ордны хурлын танхимд сургалт семинарын албан ёсны нээлтээ хийлээ. Сургалтын нээлтэд аймгийн Засаг даргын Байгаль орчин, уул уурхай эрхэлсэн орлогч С.Мөнхбаяр, Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Т.Алтансүх нар оролцож товч мэдээлэл хийсэн юм.

 “Уул уурхайн компаниудаас хамгийн эхэнд манай аймаг “Оюутолгой” компанитай Хамтын ажиллагааны гэрээг байгуулж ажилласан. Энэ гэрээ батлагдсанаас хойш жилд таван сая долларын хөрөнгө оруулалтын ажил хийгддэг болсон. Энэ хүрээнд Говийн оюу хөгжлийг дэмжих сан манай аймагт ажиллаж байна. Цогтцэций сумаас арав гаруй километрийн зайд уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулдаг учраас нутгийн иргэд орон нутагт хөрөнгө оруулалт  хийхийг байнга шаарддаг.

Энэ тал дээр “Энержи Ресурс” компанийн хувьд Цогтцэций суманд ажилчдаа орон сууцжуулаад, сургууль соёлын байгууллагуудыг барьж, нийгмийн асуудлуудыг цогцоор шийдвэрлэсэн. Харин төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” энэ чиглэлд  хойрго ханддаг” хэмээн С.Мөнхбаяр орлогч  ярилаа. Тэднийг мэдээлэл хийсний дараа Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн Дэд захирал О.Батболд “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал” сэдвээр  илтгэл тавьсан юм.
 
Дараа нь сургалтын үр дүнг батат­гах семинар  үргэлжилж, сэтгүүлч­дийг багуудад хуваан, нийтлэл нэвтрүүлгийн загвар төлөв­лөгөө боловсруулсан юм. Эцэст нь тэдэнд сургагч багш нар товч зөвлөгөө өгсөн билээ.  Уул уурхайн бодит үйл ажиллагаатай танилцсан сэтгүүлчдийн бичсэн нийтлэл, нэвтрүүлгийг “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас зарласан удирдамжийн дагуу мэргэжлийн баг шалгаруулж, ирэх аравдугаар сард Улаанбаатар хотноо болох уулзалтаар танилцуулах юм.

21 аймгийн сэтгүүлчдийг өмнийн говийн уул уурхайн үйлдвэрлэлтэй танилцуулах аялалыг дэмжиж, уурхай, үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагаатай танилцах боломжийг олгосон “Оюутолгой” ХХК, “Энержи ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК болон Өмнөговь аймгийн нутгийн захиргааны байгууллага, Ханбогд сумын ИТХ, Засаг даргын Тамгын газарт сургалтыг зохион байгуулсан Хөгжлийн төлөө сэтгүүл зүй, The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакциас гүн талархал илэрхийлье.