Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Хятад руу нийлүүлэх Оросын нүүрсний экспорт өссөөр байна

Оны эхний хагас жилийн байдлаар Хятадын нүүрсний нийт импорт 95.2 сая тоннд хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.6%-иар өссөн байна. Энэ хугацаанд тус улсын нүүрсний томоохон компаниудын нийт ашиг 147.5 тэрбум юань буюу 22.1 тэрбум ам.долларт хүрсэн тухай БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдээлжээ.

Өнөөгийн байдлаар Хятадын зах зээлд нүүрсний нийлүүлэлтээр Австрали, Индонези, Орос тэргүүлж байна. Австралийн хувьд 38.47 сая тонн, Индонези 17.86 сая тонн нүүрс тус тус эхний хагас жилд экспортолжээ.

ОХУ-ын тухайд мөн хугацаанд 13.14 сая тонн нүүрс экспортолж 1.17 тэрбум ам.долларын орлого олсон байна. Хятад руу нийлүүлэх хойд хөршийн нүүрсний экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 53.8%-иар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
   
Хятадын нүүрсний импорт мэдэгдэхүйц өсч байгаа нь тус улсын 2016-2020 онд дотоодын нүүрсний үйлдвэрлэлийг 800 сая тонноор бууруулах дунд хугацааны төлөвлөгөөтэй холбоотой. 2016 онд тус улс нүүрсний үйлдвэрлэлээ 290 сая тонноор бууруулсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 111 сая тонноор бууруулаад байгаа аж.

Нөгөөтэйгүүр, наймдугаар сарын 15-наас эхлэн Хятад нь цөмийн пуужингийн туршилт хийж НҮБ-ын хоригийг зөрчсөнтэй холбогдуулан Хойд Солонгос улсаас нүүрс, төмрийн хүдрийн импортын хориг тавиад буй. Хойд Солонгосын хувьд эхний зургаан сард 2.68 сая тонн нүүрс Хятад руу экспортолжээ.

Жилийн эхний зургаан сарын байдлаар Хятадын зах зээл дээр 1 тонн нүүрс дунджаар 46 ам.доллараар өсч 99 ам.долларт хүрсэн аж. Гол нийлүүлэгч орнууд Австрали 128 ам.доллар, Индонези 71 ам.доллар, Орос 89 ам.доллараар тус тус 1 тонн нүүрсийг нийлүүлсэн байна.

Э.Од