Компанийн мэдээлэл
Малчны гэрээ: Оюутолгойн бүс дэх малчид “ялалт” байгуулав
2017-08-21
Б.Төгсбилэгт
Ханбогд сумын малчид “Оюутолгой” компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчид дөрвөн жил гаруй хугацаанд тууштай зүтгэсний эцэст тус аймагт орших зэс, алтны үлэмж уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Оюутолгой” компанитай хоёр чухал гэрээ байгууллаа. Ингэснээр малчдын эрх ашгийг хамгаалах хоёр гэрээнд (албан ёсоор Малчдын гомдлыг барагдуулах тухай гэрээ 1 болон 2) гарын үсэг зурлаа. Энэхүү үйл явдал нь Монголын уул уурхайн түүхэнд тэмдэглэгдэхүйц, томоохон урагш дэвшсэн алхам боллоо. Өнгөрсөн дөрвөн жил гаруйн хугацаанд компани, орон нутгийн засаг захиргаа болон малчдын зөвлөл харилцан хэлэлцэн тохиролцсоны үр дүнд өнгөрсөн тавдугаар сарын 9-нд талууд гэрээнд гарын үсэг зурсан байна. Хэдийгээр энэхүү гэрээгээр малчдад тулгараад буй бүх асуудлыг өргөс авсан юм шиг шийдвэрлэж чадахгүй ч малчдын усан хангамжийн хүрэлцээг нэмэгдүүлэх, бэлчээрийн доройтлыг бууруулах болон бусад амьжиргааны асуудлыг шийдвэрлэх юм. Одоо малчдын хувьд компани, орон нутгийн захиргааны гэрээгээр хүлээсэн үүргийг ягштал мөрдүүлж хянагчаар ажиллах ажил үлдэж буй нь тус сумын малчдын хувьд томоохон ялалт байгуулсныг харуулж буй юм. Гэхдээ малчдын хувьд санаа амрах болоогүй байна. Энэ тухай “Оюутолгой” компани болон нутгийн удирдлагатай хэлэлцэхээр сонгогдсон малчдын багийн гишүүн Л.Батцэнгэл “Бидний байгуулж буй гэрээнүүд нь дөрвөн жилийн хугацаанд хийсэн нөр их ажил, ахиц дэвшлийн үр дүнг харуулж байна... Бид цаашид үргэлжлүүлэн хяналттай байж, гэрээгээр тохиролцсон үүргийн биелэлтэд анхаарч ажиллана. Өнөөдрөөс уурхайн үйл ажиллагаанаас үүдэн малчдад учирч буй сөрөг нөлөөллийг нухацтайгаар авч үзэх эхлэл тавигдлаа гэж бодож байна” гэж тайлбарлажээ.
Уг гэрээг 2015 онд малчид, компани, сумын удирдлагын хооронд асуудлыг шийдвэрлэх үүрэгтэйгээр байгуулагдсан гурван талт хамтарсан зөвлөл байгуулсан бөгөөд гэрээ байгуулахад “Оюутолгойн хяналт”, “Говийн газар шороо”, Accountability Counsel зэрэг байгууллагууд дэмжиж ажиллажээ.
Анх 2012 оны аравдугаар сард Оюутолгой уурхайн гол нөлөөллийн бүс болох Ханбогд сумын малчдын бүлэг тус төслийн гол санхүүжүүлэгчдийн нэг Дэлхийн банкны Олон Талт Хөрөнгө Оруулалтын Баталгааны Агентлаг буюу MIGA, Олон улсын валютын сангийн дэргэдэх Эрх зүйн хяналт, нийцэл, зөвлөгөө, Омбудсмений газарт (ЭЗХНЗОГ буюу CAO)-д гомдол гаргаж байжээ. Улмаар 2013 оны хоёрдугаар сард дахин Ундайн голын гольдролыг өөрчилснөөс үүдэн малчдын эрх ашиг хэрхэн зөрчигдөж буй тухай гомдлыг “Говийн газар шороо” байгууллага гаргаснаар уг асуудлыг нягталж эхэлсэн байна.
Ийнхүү олон жил тууштай ажилласны үр дүнд уурхай хэрэгжих дөчин жилийн хугацаанд малчид болон уурхайн хооронд үүсэх асуудлыг ухаалгаар шийдвэрлэх механизмыг бүрдүүлж ажиллахаар боллоо.
Гэрээгээр талууд малчдад нөхөн төлбөр олгохоор болсноос гадна 2024 он хүртэл мал аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулан, “Оюутолгой” компани тус хөтөлбөрийн хүрээн дэх төслүүдэд багагүй хэмжээний санхүүжилт олгохоор тохиролцжээ. Эдгээр хөтөлбөрт усны нөөц, бэлчээрийг хамгаалах, малчдын эрүүл мэнд, боловсролыг сайжруулах, малчдад зориулсан нэн чухал шаардлагатай дэд бүтэц (малын тэжээлийн агуулах, мал эмнэлэг, лаборатори, малын ашиг шимээр шинэ бүтээгдэхүүн гаргах үйлдвэр гэх мэт) байгуулах чухал ажлууд багтаж байна. Гэрээнд мөн Ханбогд суманд Оюутолгой төслийн усны төлбөрийн 50%-ийг сумын төсөвт төвлөрүүлэх зорилт ч багтжээ. Түүнчлэн “Оюутолгой” компани нийт найман хэсэгт нөхөн сэргээлт хийх, зарим хэсэгт мод тарих үүрэг амлалт авсны сацуу Ундайн голын гольдролыг сэргээх чиглэлд бүхий л ажлыг хийнэ гэж тусгажээ.
Товч дурдахад “Малчдын гомдлыг барагдуулах” гэрээний хүрээнд 2024 он хүртэл нийтдээ таван чиглэлээр 19 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна.
Уг гэрээг байгуулахад туслан ажилласан Accountability Counsel байгууллагын ахлах хуульч Кэйтлин Дэниел “Эдгээр гэрээг байгуулсан явдал нь чухал үйл явдал боллоо. Гэхдээ бидний өмнө их ажил хүлээж буй” гэж мэдэгджээ.
“Оюутолгойн хяналт” төрийн бус байгууллагын захирал Д.Сүхгэрэл “Хэдийгээр энэхүү гэрээ байгуулагдсан ч Оюутолгой уурхайн үйл ажиллагаа малчдын усны хүрэлцээ, бэлчээрийн нутагт сөрөг нөлөө үзүүлсэн хэвээр байгаа. Эдгээр нөлөөллийг бууруулах талд компанийн зүгээс идэвхтэй анхаарч ажиллах нь зүйтэйн сацуу хөгжлийн үр шимийг малчдад илүү өгөөжтэй болгох хэрэгтэй. Ингэснээр малчид цаашдын ирээдүйд уламжлалт аж амьдралаа хадгалах нөхцөл бүрдэх юм” гэв.
“Оюутолгой” компанийн хяналтын багцыг эзэмшдэг “Рио Тинто” компани уугуул иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд дэлхийд үлгэр жишээ аж ахуйн нэгж билээ. Гэвч орон нутаг хөдөөгийн малчид олон улсын хууль дүрэмд заасан тодорхойлолтоор “уугуул иргэд” гэсэн ангилалд ордоггүй нь тэдний эрх ашгийг тухайн жишгээр илүү чухалчлан авч үзэх бололцоог хязгаарлаж байсан тухай шүүмжлэл мэргэжилтнүүдийн дунд нэлээд түгээмэл байсаар ирсэн юм. Харин энэ удаад ийнхүү малчдын эрх ашгийг хамгаалах, гомдол барагдуулах хүрээнд компани, малчид, орон нутгийн захиргааны хооронд Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан явдал нь Монголын уул уурхайн компаниудад сайн үлгэр жишээ болохуйц томоохон үйл явдал боллоо. Одоо 2024 он хүртэл гэрээгээр хэрэгжүүлэх ёстой төслийн ажлуудаа чанартай сайн хийж бүтээх зорилт хүлээгдэж байна. Ханбогдын малчид ийнхүү сайн жишгийг нэвтрүүлж чадлаа.