Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Сибирийн хүч”-ээр байгалийн хийг 2019 онд Хятад руу экспортолж эхэлнэ

Орос улсад ашигт малтмалын арвин нөөцтэй Сибирийн бүс нутгаас байгалийн хийг Хятад руу нийлүүлэх “Сибирийн хүч” хоолойн бүтээн байгуулалт хийгдэж байгаа билээ. Он дуусахад 1108 км хоолойг тавьж дуусна гэж төлөвлөж байсан ч 1300 км тавих боломжтойг “Газпром” компаниас мэдээлжээ.

Баруун Сибир дэх байгалийн хий, газрын тосны Чаяндийн ордоос Хятадтай хиллэх Алс Дорнодын Благовещенск бүс нутаг хүртэл нийт 2156 км хоолойг байгуулахаар төлөвлөж буй. Газпром компани нь 2017 онд байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтад 158. 8 тэрбум рублийн хөрөнгө оруулах тооцоотой байна.

Өнөөгийн байдлаар Чаяндийн орд газарт байгалийн хийн 73, газрын тосны 8 цооног тус тус өрөмдөөд байгаа бөгөөд дамжуулах хоолойн угсралтын ажил явагдаж байна. Энэхүү ордоос жилд 25 тэрбум шоо метр байгалийн хий, 1.5 сая тонн газрын тос тус тус олборлох юм байна. Бүрэн хүчин чадалдаа хүрэхэд жилд 45 тэрбум шоо метр байгалийн хий олборлоно гэнэ.  

“Сибирийн хүч” хоолойгоор дамжуулан Хятад руу байгалийн хийн нийлүүлэлтийг 2019 оны арванхоёрдугаар сарын 20-нд эхлүүлэхээр Газпром компани, CNPC корпораци тохиролцон энэ наймдугаар сард баримт бичиг үзэглэсэн юм.

2014 оны тавдугаар сард Оросын “Газпром” компани, Хятадын Газрын тос, байгалийн хийн корпораци CNPC хооронд байгалийн хий нийлүүлэх 400 тэрбум ам.долларын гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу оросууд жилд 38 тэрбум шоо метр байгалийн хийг 30 жилийн турш Хятад руу экспортлох учиртай.

Одоо талууд “Сибирийн хүч 2” буюу баруун чиглэлийн хоолой Баруун Сибирийн нутгаас байгалийн хийг Новосибирск, Томскийн бүс нутгаар дайран Алтайн хязгаараар Хятад руу нийлүүлэх хугацаа, хэмжээний талаарх боломжтой хувилбаруудыг хэлэлцэж байгаа юм.

Э.Од