Хятад улс 2020 он гэхэд нүүрсний бус чиглэлийн 6000 уурхайг хаахаар болж буйг тус улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан төрийн захиргааны байгууллага таван жилийн төлөвлөгөөний танилцуулгадаа онцлон дурьджээ.
Уг арга хэмжээ нь нүүрсний уурхайн осол аваар, уурхайчдын амь насаа алдах явдал их гарч байгаатай холбоотой хэмээн “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна.
Уул уурхайн салбар дахь осол гэмтлийг 2020 онд 15 хувиар бууруулах ба энэ нь нүүрсний уурхайнуудтай шууд хамааралгүй гэдгийг тус байгууллагын удирдлагууд онцолсон байна. Учир нь, зөвхөн нүүрс олборлолтоос бусад тохиолдолд 2015 онд 500 гаруй хүн амь насаа алджээ. Энэ нь 2010 оноос хойш осол гэмтэл 50 хувиар буурсан үзүүлэлт юм.
“Уул уурхайн компаниуд өөрчлөгдөж байгаа ч зарим нь уурхайн аюулгүй ажиллагааг хангахын тулд хангалттай хэмжээний санхүүжилт, ажиллах хүчний нөөцгүй байгаа нь өндөр эрсдлийг бий болгож байна” хэмээн Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан төрийн захиргааны байгууллага өнгөрсөн баасан гаригт мэдэгдэлдээ дурьджээ.
Уурхайн осол аваарыг бууруулахтай уялдуулан Бээжингийн Засаг захиргаа хөдөлмөрийн аюулгүй байдлын салбар дахь хууль журмаа сайжруулж, хяналт шалгалтыг идэвхижүүлэхээр болж байна.
2015 онд нүүрсний чиглэлийн бус хэрнээ хууль зөрчсөн 37 мянган уурхай бүртгэгдэж байв. Тиймээс жилийн 90 мянган тонноос илүүгүй, бага талбайд олборлолт явуулах уурхайнуудын үйл ажиллагааг зогсоох ажлыг түргэтгэхээ Хятадын холбогдох байгууллага амлалаа.
Г.Идэр