Нью-Йоркийн “Сomex” бирж дээр худалдаалагдах зэсийн арванхоёрдугаар сарын урьдчилсан гэрээт үнийн арилжаа даваа гаригт өндөрлөлөө. Энэ үеэр тонн зэсийн үнэ 6855 ам.долларт хүрсэн нь өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн хаалтын ханшаас 1%-иар илүү гарч, 2014 оны аравдугаар сараас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Энэ нь 2017 онд зэсийн ханш нийт дүнгээрээ 23,4%-иар өссөнийг харуулж байгааг www.tradingfloor.com сайтад мэдээлжээ. Хөрөнгө оруулалтын сангууд зэсийн үнийг өндрөөр тогтоосон урт хугацааны арилжааны гэрээг байгуулсанаар цаашид үнэ өсөх тодорхой нөхцлүүдийг бий болгож байна.
Тэгвэл Лондоны металлын бирж дээр өнгөрсөн баасан гаригт зэсийн үнэ тонн тутамд 6747 ам.долларт хүрсэн нь мөн л сүүлийн гурван жилд тохиосон хамгийн дээд төвшин болж байна. Зэс, зэсийн баяжмалын үнэ энэ жилийн тавдугаар сараас тогтмол өсөлттэй байгаа бөгөөд он гарснаас хойш зэсийн үнэ 20 орчим хувиар өсөөд буй нь энэ юм.
Лондоны металлын биржид зэсийн нөөц сүүлийн арав гаруй жилд хамгийн доод түвшинд хүрсэн нь үнэ өсөхөд нөлөөлсөн гэдгийг шинжээчид хэлж байна.
Дашрамд дурьдахад, дэлхийн металлын хэрэглээний 46%, тэр дундаа зэсийн хэрэглээний 50%-ийг бүрдүүлдэг Хятад улс ирэх оны сүүл гэхэд хаягдал зэсийн импортоо зогсоохоор төлөвлөж байна. Тус улс 2017 оны эхний хагаст 1.85 сая тонн хаягдал зэс, 1.54 сая тонн цэвэршүүлсэн зэс импортложээ.
Г.Идэр