Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Тусгай зөвшөөрөл олголтод буй 14 авлигын эрсдлийг тогтоожээ

“Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллага ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтын тогтолцоог шинжлэн 14 эрсдэл буйг тогтоосон байна. Тайлангийн хүрээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтын зохицуулалт, тогтолцоо болон институцийн 89 сул тал дээр үндэслэн эдгээр эрсдлийг үнэлсэн нь үндсэндээ дөрвөн хүрээг хамарчээ. Үүнд 1) тусгай зөвшөөрөл олгож буй зарчим, 2) тусгай зөвшөөрөлд өргөдөл гаргагчийн хүлээх үүрэг, хариуцлага, 3) засаглалын тогтолцоо, 4) дамлан худалдахаас урьдчилан сэргийлэх зэрэг багтаж байгаа юм.

“Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтын авлигын эрсдлийн үнэлгээ” тайлан нь “Транспэрэнси Интернэшнл Австрали” байгууллагаас хэрэгжүүлж буй хоёр үе шаттай “Тогтвортой хөгжлийн төлөөх уул уурхай” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй.

 “Транспэрэнси Интернэшнл Австрали” байгууллагаас сонгон авсан нийт 20 улс оронд яг энэ чиглэлийн нэгэн ижил тайланг хийж буйгаас Монгол улс хамгийн түрүүнд тайлангаа боловсруулж зарлаж байна. Цаашид дараах улс орнуудын тайланг эмхтгэн боловсруулж дууссаны дараа тэдгээрийн үр дүнг нэгтгэн харуулсан гол тайланг “Транспэрэнси Интернэшнл Австрали” байгууллага гаргах аж.

“Тогтвортой хөгжлийн төлөөх уул уурхай” хөтөлбөрийн эхний шатанд ийнхүү тусгай зөвшөөрөл олголтод буй авлигын эрсдлийг тогтоож, тайлан гарган танилцуулж байгаа бол хөтөлбөрийн хоёр дахь үе шатанд салбарын оролцогч талуудыг нэгтгэн тогтолцоонд бодитой эерэг үр дүн гаргах чиглэлээр ажиллах юм байна. Хөтөлбөрийн хоёр дахь үе шат оны сүүлээс эхлэн 2020 он хүртэл үргэлжлэх тухай тус судалгааны Ахлах судлаач Ричард Биастох тэмдэглэлээ.

Ричард Биастохийн тайлбарласнаар энэхүү тайлангаар салбарынханд цаашид тогтолцоог илүү сайжруулахад ашиглаж болохуйц хязгаарлагдмал боловч энгийн шийдэл-зөвлөмжийг санал болгож буй ажээ.

Уг тайлан нь нэг сэдэвт голлон төвлөрч Монголын уул уурхайн салбарт, тэр дундаа тусгай зөвшөөрөл олгох тогтолцоонд тулгамдаж буй асуудлыг нарийвчлан авч үзсэнээрээ онцлог гэдгийг тэрбээр мөн тайлбарлалаа.

Тусгай зөвшөөрөл олголтод буй авлигын эрсдэлт хүчин зүйлийн талаар илүү дэлгэрэнгүйг энд дарж хүлээн авна уу.

Түүний илтгэлд дурдсанаар Монгол улсад тусгай зөвшөөрөл шилжүүлэн худалдах явдал их байгаа төдийгүй үүнд тавигдах шаардлага сул байна. Тодруулбал 2015 онд нийт олгогдсон тусгай зөвшөөрлийн 29.7%-ийг анх авсан компани нь шилжүүлэн худалдсан гэсэн тоо баримтыг тэрбээр дэлгэлээ. Нөгөөтэйгүүр холбогдох төрийн байгууллагаас тусгай зөвшөөрлийг шилжүүлэн худалдан авагчид ямар ч бизнесийн магадлан (due diligence) шаарддаггүй нь тусгай зөвшөөрлийг дамлан худалдах явдлыг газар авахуулж байгаа аж. Энэ тохиолдолд компаниуд төрөөс биш хувийн аль нэг компаниас тусгай зөвшөөрөл худалдан авахыг илүүд үзэж буй бөгөөд энэ нь эргээд Засгийн газарт энэ салбарт ямар хэмжээний чадавхтай компани орж ирж буйг хянах боломжгүй болгож байгааг тэрбээр анхаарууллаа. Хэдийгээр тусгай зөвшөөрлийг шилжүүлэх эрхийг нээлттэй үлдээх нь хөрөнгө оруулалтад эерэг нөлөөтэй ч цаашид Монголын Засгийн газар олон тооны лиценз олгохын хэрээр тусгай зөвшөөрлийн нөхцөлөө чангаруулах хэрэгтэй болж магадгүй байгааг тэрбээр тэмдэглэлээ.

Одоогийн байдлаар төрийн байгууллагаас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг авсан эхний өдрөө бусдад зарах эрх нээлттэй төдийгүй хэсэгчлэн борлуулах боломжтой байгааг тайланд өгүүлсэн юм.

Тус тайланд тусгай зөвшөөрлийн дамлан худалдах байдлаас гадна тусгай зөвшөөрөл олголтын хэлбэрүүдэд буй эрсдэл, цаашлаад байгаль орчны үнэлгээ, хайгуулын үр дүнгийн тайлан, орон нутагтай хамтран ажиллах гэрээ зэрэгт үүсч байгаа авлигын эрсдлүүдийг дэлгэрэнгүй өгүүлжээ.

Тайлангийн нээлтийн өдөр “Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллагын Тэргүүн Л.Төр-Од, Австрали улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лантри, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын төлөөлөл болон салбарын бусад байгууллагын төлөөллүүд хүрэлцэн ирж оролцлоо.

“Транспэрэнси Интернэшнл” байгууллага нь дэлхийн 120 улс оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2007-2008 онд Монгол улсад анх үйл ажиллагаа явуулах болжээ. Монгол улсын экспортын гол орлогыг бүрдүүлдэг уул уурхайн салбарын үйл ажиллагаа, орлогын тогтвортой байдлыг хангахад энэхүү тайлан нь тодорхой хэмжээгээр үр нөлөөгөө өгнө гэж үзэж буйгаа Л.Төр-Од тэргүүн тэмдэглэлээ. Тэрбээр мөн энэхүү судалгааны зорилго нь авлигын эрсдлийг тогтоохдоо гол нь бус харин салбарын оролцогч талуудыг нэгтгэж, тэдгээрийн хамтын ажиллагааг бий болгож, үйл ажиллагааг нь уялдуулж сайн үр дүнд хүргэх явдал гэдгийг онцолсон юм.  

Б.Төгс