Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Шаардлага хангасан алт олборлогчдод Хөгжлийн банк зээлээ олгож байна

Жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 он гэхэд алт олборлолтыг 25 тонн хүргэх зорилт агуулсан “Алт-2” хөтөлбөр хэрэгжээд хэдэн сар болж байна. Уг хөтөлбөрийн нэгдүгээр үе шатанд буюу 2017-2018 онд алтны үйлдвэрлэлд мөрдөгдөж буй дүрэм журмыг боловсронгуй болгож, олборлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хууль бусаар алт олборлох явдлыг цэгцлэх учиртай.

Алт-2 хөтөлбөр хэрэгжих энэ хугацаанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дундажаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт орно гэдгийг Ашигт малтмалын газрын тосны газрын мэргэжилтнүүд онцолж байна.

Юутай ч хөтөлбөр хэрэгжих хугацаанд алтны эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөц 100-150 тонноор нэмэгдэх тооцоо гарсан юм.

Хөтөлбөрийн энэ удаагийн санхүүжилтийг Хөгжлийн банк хариуцан ажиллаж байна. Засгийн газрын 2017 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 20 дугаар тогтоолын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан зээл авах аж ахуйн нэгж байгууллагууд нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн шаардлагыг хангасан байх бөгөөд тус банкнаас гаргасан Зээл хүсэгчийн үндсэн 26 бичиг баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлэн Хөгжлийн банкинд хүлээлгэн өгч байгаа юм.

Аж ахуйн нэгжүүд шаардлагатай бичиг баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлж өгсний дараа Хөгжлийн банк журмынхаа дагуу судалгааны ажлуудаа хийж, тодорхой дүгнэлт гарган банкны Зээлийн хорооны хурлаар оруулан шийдвэрлэж байгаа аж.
Хөгжлийн банкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд олборлосон алтаа Монгол банкинд тушаах, зээл болон зээлийн хүүгээ хугацаанд нь төлөх гэсэн үндсэн шаардлагыг тавьжээ.   

Уул уурхай хүнд, үйлдвэрийн яамнаас уулын ажлын төлөвлөгөө ирүүсэн аж ахуйн нэгжүүдэд судалгаа хийж, санхүүжилт шаардлагатай төслүүдийг гарган Хөгжлийн банкинд хүргүүлсэн. Хөгжлийн банкинд 114 тэрбум төгрөгийн зээл хүссэн 19 аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээн авч, шаардлага хангасан дөрвөн компанид 24 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон тухай УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Д.Ганбат хэлж байна.

Харин хүсэлт гаргасан ч банкны шаардлага хангаагүй зарим аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн талаар  саяхан Хөгжлийн банк, Алт үйлдвэрлэгчдийн холбооны хамтрасан хурлаар санал солилцож, тодорхой ойлголцолд хүрчээ.

Энэ талаар Хөгжлийн банкны Зээлийн асуудал хариуцсан холбогдох албаны хүнээс тодруулахад “Бид зээлийн шаардлага хангасан компаниудтай гэрээгээ байгуулан, зээлээ өгч эхэлсэн. Одоогоор зээл авсан компаниудын нэрсийг хэлэх боломжгүй. Шаардлагатай мэдээллийг албан бичгээр өгөх боломжтой” гэсэн хариултыг өглөө.

“Алт-2” хөтөлбөр хэрэгжиж буйтай холбогдуулан наймдугаар сарын 1-нээс  “Алт аян”-ыг эхлүүлээд байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд дотоодод олборлосон алтыг Монгол банкинд тушааж байгаа эсэх, гадагшаа иргэдийн гараар дамжин гарч байгаа эсэхийг судлах юм. Энэ оны эхний найман сард Монгол банкинд 11,3 тонн алт тушаагджээ. Өнгөрсөн жил тус банкинд 18 тонн алт тушаагдаж байсан бол энэ жил 19-20 тонн болно хэмээн тооцож буй аж.

Г.Идэр