Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Компанийн сайн засаглал буюу бизнесээ сайтар төвхнүүлэх нь

(Судлаач Кристиан Штренгэр хөрөнгө оруулалтын хурлын үеэр хүнтэй ярилцаж байгаа нь)

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС (Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага) хөтөлбөрийн урилгаар Засаглал тэр дундаа Компанийн засаглалын нэрт судлаач Кристиан Штренгэр “Шинэ зах зээлийн орнууд дахь компанийн засаглалын асуудалд тулгарч буй сорилтуудыг шийдэх арга замууд“ сэдвээр өнөөдөр төрийн байгууллагууд болон хэвлэлийн төлөөлөлд семинар хийсэн юм. Түүний хувьд Deutsche Bank-ний зөвлөх, Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпорацийн Засаглалын асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагчаар ажилладаг.

Тэрбээр Монголд компанийн сайн засаглалыг хөгжүүлэхэд шаардлагатай зарим ажиглалтаасаа хуваалцсан юм. Юун түрүүнд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг адил тэнцүү байдлаар хангах, компанийн захирлуудыг сайн засаглалыг нэвтрүүлэх чиглэлээр сургах, компанийн тайланг олон улсын стандартаар гаргадаг байх, ашиг сонирхлын зөрчилгүй байх бодлого баримтлах, холбогдох төрийн байгууллагуудын шаардлагатай нөөц чадавхийг хангаж, эрх мэдлийг бүрдүүлэх, банкны зээлийг компанийн сайн засаглал бүрдсэн эсэхээс хамаарч олгодог байх, урт хугацааны хөрөнгө оруулалтын санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг /амьдралын даатгал олгогчид, тэтгэврийн сангууд/ гаргаж ирэх зэргийг нэрлэлээ.

Ноён Штренгэр Монгол улсад маш их нөөц баялаг, сайн засаглалыг хэрэгжүүлэх үндсэн суурь нөхцөл бүрдсэн байгааг тэмдэглээд харин одоо компанийн сайн засаглалыг бодитоор хэрэгжүүлэх цаг нь болсныг онцолсон юм. Өөрөөр хэлбэл онол ярьдаг үеийг ардаа орхиж, практикт нэвтрүүлэх цаг ирсэн бөгөөд энэ нь бизнес, улс төрийн хүрээний удирдлагуудын дэмжлэг, хийж буй бодит ажил хэргээр хэрэгжих боломжтой. Харин энэ чиглэлд яг одоогийн түвшиндээ хэвээр байх аваас нөөц баялгийнхаа үр ашгийг бүрэн хүртэж чаддаггүй байдал цаашид ч үргэлжилнэ гэсэн юм.

Тэрээр, компанийн сайн засаглал нь сонсогдож байгаасаа хавьгүй их чухал нөлөөтэй зүйл болохыг семинарын үеэр тэмдэглэлээ. Тэрбээр “Танай улс дэлхийд байхгүй том эзэнт гүрнийг байгуулсан нь сайн засаглалтай холбоотой гэж би боддог. Тэр олон улс оронд юу хийх ёстой, хаана ямар журам сахих ёстойг нь ойлгуулж чадсанд оршиж байсан болов уу гэж бодож байна... Тиймээс сайн засаглал гэдэг зүйл монголчуудын эд эсэнд байдаг зүйл” гэв.

Тэрбээр өнөөдөр тавьсан илтгэлдээ компанийн сайн засаглалыг энгийнээр тайлбарлахдаа тухайн бизнесийн байгууллага аж ахуйгаа, дотоод хийх ёстой ажлуудаа сайн гүйцэтгэх урлаг гэж тодорхойллоо. Өөрөөр хэлбэл компанийн үйл ажиллагаа, хяналтын сайн тогтолцоог нэвтрүүлж ажилласнаар хувьцаа эзэмшигч, ажилтан, харилцагч, хэрэглэгч, тухайн улс оронд бүгдэд нь тогтвортой жигд өсөлтийг авчирдаг байна.

Түүний тайлбарлаж буйгаар, сайн засаглалыг хэрэгжүүлэх гол ухагдахуун нь ил тод байдал ажээ. Ил тод байдал нь зөвхөн мэдээллийн ил тод байдлаас гадна сайн аудитын шалгалтыг нэвтрүүлэх явдлаар биелдэг байна.  

Монголын хувьцаат компаниудын үйл ажиллагаа одоохондоо энэ чиглэлд сайн төлөвшөөгүй байгаа ч хамгийн энгийн ажил буюу тайлангаа зөвхөн монгол хэл дээр бус англи хэл дээр гаргадаг байх ёстойг тэрбээр санууллаа.

Компанийн засаглал нь Монголын бизнесийн салбарт хөрөнгө оруулалт татахад хамгийн чухлаар тавигдаж буй нэн тэргүүний сэдэв юм. Хамгийн сүүлд Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс гаргасан Байгалийн баялгийн индекст “Эрдэнэс Монгол” төрийн өмчийн компанийн засаглалын үнэлгээ дундаас доогуур буюу “муу” гэсэн үзүүлэлттэй гарсан нь Монголын уул уурхайн салбарын нийт үнэлгээг доош татахад голлон нөлөөлсөн. Манай улсын хувьд компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэхэд төрийн өмчийн компаниудын зүгээс ахиц дэвшил гаргахаар ажиллаж буй ч хэтэрхий удаан байна гэсэн шүүмжлэл салбарынхны дунд түгээмэл байгаа юм.


Б.Төгс