Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Г.Ганболд: 1072 хувьцааг бүртгэлжүүлж байна

2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Монгол улсын Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК болон түүний охин компанийн талаар авах арга хэмжээ”-ний талаар 154 дүгээр тогтоолыг гаргасан билээ. Дээрх тогтоолын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 65,19 хувь буюу 9,7 тэрбум ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр буюу 933 төгрөгөөр “Эрдэнэс Монгол” компанийн санхүүгийн тайланд бүртгэх ажлыг хийжээ. Энэ нь санхүүгийн тайланд бүртгэхээс гадна “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаатай холбоотой асуудлыг нэг мөр болгон цэгцэлж, хоёр дахь зах зээл дээр гарган, иргэдийн болон аж ахуйн нэгжүүдэд ногдох хувьцааг тодорхойлох үндэс болсныг ”Эрдэнэс Монгол” компанийн Дэд захирал Г.Ганболд “Дисковер Монголиа-2017” чуулганы үеэр мэдэгдсэн юм. Энэ талаар түүнээс тодрууллаа.

Засгийн газрын 154 дүгээр тогтоолын талаар Та дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

2017 оны тавдугаар сарын 30-ны өдөр Засгийн газар 154 дүгээр тогтоол гаргасан. Тухайн үед Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулианд дарагдан олон нийт энэ тогтоолын талаар тодорхой, сайн мэдээлэл авч чадаагүй байх. Энэ нь Монгол улсын эдийн засгийг хөгжүүлэх, уул уурхайн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд чухал үүрэгтэй төдийгүй иргэдэд хандсан чухал тогтоол юм.

Нэгдүгээрт, “Эрдэнэс Монгол” болон түүний охин компаниудын олон жилийн стратеги төлөвлөлтөөс гадна “Эрдэнэс Монгол” компанийн өөрийнх нь статус, иргэд рүү хандсан үйл ажиллагааны чиглэлээр тусгайлсан заалтыг тусгаж өгсөн. Хоёрдугаарт, “Эрдэнэс Монгол” компанийн нэг ширхэг давуу эрхийн хувьцааг иргэн бүр эзэмшихийг 154 дүгээр тогтоолоор зааж, хэрэгжүүлэх ажлуудыг холбогдох байгууллагуудад даалгасан. Гуравдугаарт, улиг домог болох шахсан 1072 хувьцааны асуудал чухлаар тавигдаж байгаа. Тиймээс би 1072 хувьцаа амь орно, иргэдэд энэ хувьцаагаа эзэмших, өвлүүлэх, борлуулах эрх үүснэ  гэдгийг хурал, чуулгануудад олонтаа ярьж байгаа. Энэ бүх үндэс суурийг Засгийн газар тогтоолоор тавьж өгсөн юм. Тодруулбал, холбогдох газруудад 1072 ширхэг хувьцаа буюу “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны эзэмшлийн асуудлыг бүрэн тогтоож, компанийн анхан шатны бүртгэлд оруулах талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн халамжийн төвд ч тодорхой үүрэг даалгавар өгсөн байгаа.
 
Энэ нь ямар үр дүн авчрах вэ?   

Иргэдэд ч, “Эрдэнэс Монгол” компанид ч өөрт нь эерэг үр дагавартай.  Асар их баялагтай, 100 хувь хувьцаат компани гэж ярьдаг ч бодит байдалд компанийн баланс дээр өнөөх хувьцааны үнэ бүртгэгдээгүй байсан. Ингэж албан ёсоор бүртгэснээр олон улсын зах зээлээс санхүүжилт босгоход маш хялбар, тус дөхөм болно гэж үзэж байгаа.

Зөвхөн “Эрдэнэс Монгол”-ын баланс дээр 9,1 их наяд төгрөгийг тусгаад, харин “Эрдэнэс Тавантолгой”-н баланс дээр нийт хувьцааны 80% гэдгээрээ 11 их наяд төгрөг босгох юм. Харин үлдсэн 20%-ийг нэрлэсэн, зарласан хувьцаа буюу гадаад, дотоодын   зах зээл дээр хөрөнгө босгох гэдэг утгаараа дүрмэндээ тусгахыг 154 дүгээр тогтоолоор зааж өгсөн.

Уг тогтоолоор урьд өмнө гаргаж байсан Засгийн газрын тогтоолуудын хэрэгжилтийг хангуулах үүргийг мөн өгчээ. Энэ тухайд тодорхой ямар ажлууд хийж байна вэ?

154 дүгээр тогтоол дээр “Эрдэнэс Тавантолгой” болон “Эрдэнэс Монгол” компанийн зээл, өрийн асуудлуудын талаар тодорхой зүйлүүдийг тусгасан. Энэ хоёр компанийг маш их өртэй гэсэн яриа их бий. Тэгвэл энэ өр хаанаас, яаж үүссэнийг  бодох хэрэгтэй. Өмнөх Засгийн газрууд иргэддээ “Хүний хөгжил сан”-гаар дамжуулж өгсөн уул уурхайн хувь хишиг бол Хятадын “Чалко” компанид өр тавьж авсан мөнгө шүү дээ. Уурхайгаа ажиллуулахын тулд мөн “Хөгжлийн банк”-наас зээл авсныг та бүхэн мэдэх байх.

“Эрдэнэс Монгол” компанийг өртэй л гэдэг. Үнэндээ 170,6 тэрбум төгрөгийн өртэй Гашуунсухайтын авто замыг улс танайх хариуц гэж өгчихөөд, Хөгжлийн банкнаас зээл авахад хүргэсэн. Тэгэхээр энэ хоёр байгууллага өөрсдөө хүсч, зээл тавьж өртэй болоогүй ч зээлээ амжилттай төлөөд явж байгаа. Энэ өр, зээл дуусна гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ эдгээр өрийг яаж, ямар хэлбэрээр төлж дуусгах боломжтойг судлах үүргийг Засгийн газрын 154 дүгээр тогтоолд тодорхой тусгасан.

Г.Идэрээ