Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Монгол нүүрс Хятадыг тойрч байна

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн форумд оролцохдоо Восточный боомтоор Монголын нүүрсийг гадаад зах зээлд хүргэх асуудлыг хөндсөн билээ. Энэ талаар Оросын санхүүгийн төв хэвлэл болох “Коммерсанть” сонинд есдүгээр сарын 6-нд гарсан ”Монгольский уголь объезжает Китай” гэсэн Анастасия Веденеева, Владивосток:Наталья Скорлыгина нарын нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

Монгол улс нүүрсээ Хятад руу тээвэрлэхдээ байнгын асуудал бэрхшээлтэй тулгардаг. Тиймээс нүүрснийхээ экспортын тодорхой хэсгийг ОХУ-ын Алс Дорнодын нутгаар дамжин тээвэрлэх боломжийг эрэлхийлж байна. Одоогоор багахан хэмжээний нүүрсийг Восточный боомтоор гаргахаар яригдаж байгаа юм.  

“Ъ”-ийн эх сурвалж болон шинжээчдийн үзэж буйгаар, Монгол улсад нүүрсний тээвэрлэлтээ олон сувагтай болгох бодит хэрэгцээ шаардлага байгаа ч нүүрсний экспортын тээвэрлэлтийн энэхүү яриа  хэлэлцээр нь илүү улс төрийн чанартай харагдаж байгаа бөгөөд Монголын нүүрс нь оросын нүүрстэй өрсөлдөхөөр болж байна. Үүнээс гадна, Монголын ачаа орж ирвэл Транссибирийн төмөр замын байдал улам хүндэрнэ. Энэхүү төмөр замын дэд бүтэц хүрэлцэхгүйн улмаас  Кузбассын нүүрсний экспортод гацаа үүсэхэд хүрээд байгаа юм.

ОХУ-ын Алс Дорнодын боомтуудыг ашиглан Монгол улс нүүрсний экспортоо олон талт болгохыг зорьж байна. “Приморийн өмнөд хэсгийн олон улсын тээврийн коридороор Ази-Номхон далайн орнуудад ачаа бараагаа хүргэх сонирхол Монгол улсад байна. Юуны түрүүнд бид Восточный боомтоор дамжин тээвэрлэх сонирхолтой байна” хэмээн өчигдөр Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мэдэгдсэн юм.

Находкийн нүүрсний “Вочточный боомт” нь Искандара Махмудовын “Куззбассразресуголь” компанийн мэдэлд байдаг. 2016 онд боомтын ачаа эргэлт 23.5 сая тонн байсан бөгөөд Алс Дорнодын нүүрсний нийт экспортын бараг 1/3 хийгддэг. 2018 оны хоёрдугаар хагаст боомтын шинэчлэлийн гурав дахь үе шат ашиглалтад орсноор 2019 онд боомтын хүчин чадал нь 39 сая тоннд хүрч нэмэгдэх юм.

Ноён Х.Баттулга даваа гаригт Приморийн тэргүүн Владимир Миклушевскийтэй уулзахдаа Восточный боомтоор дамжин тээвэрлэлт хийхийг сонирхож буйгаа мэдэгдсэн юм. Харин өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Игорь Левитин, Тээврийн сайд Максим Соколов, Оросын далай болоод голын тээврийн тэргүүн Виктор Олерски болон РЖД-ийн Ерөнхийлөгч Олег Белозеров нарын хамт боомтын байдалтай газар дээр нь танилцлаа.

Оросын нутгаар дамжих Монголын нүүрсний нийлүүлэлтийн хэмжээ сард 70 мянган тонноос хэтрэхгүй байж магадгүй гэж эрхэм Соколов мэдэгджээ. Үүнээс илүүг  тээвэрлэх боломж байгаа ч РЖД-ийн төмөр замын өнөөгийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэн сайжруулах хэрэгтэйг  тэрээр тэмдэглэн хэлсэн байна.

Монгол улс ачаагаа далайн боомтууд руу хүргэх шинэ зам эрэлхийлж байгааг Соколов онцлохдоо төмөр замын тээвэрлэлтийн хямд үнэ тариф болоод хоёр улсын газар зүйн ойр байршил нь Оросын боомтуудын өрсөлдөхүйц давуу тал гэлээ.

Консорциум байгуулахдаа “Монголчууд 51%-иа авна, үлдсэн 49%-ийг хүсч байгаа нь мөнгөө аваад ир” гэсэн санал тавьсан. Энэ схем бодит бус гэж би төсөөлж байна” хэмээн РЖД-ийн Ерөнхийлөгч байхдаа Владимир Якунин нүүрсний Тавантолгойн ордын ашиглалтын талаар 2013 оны гуравдугаар сарын 20-нд ярьсан байдаг.

Өнөөгийн байдлаар Монгол улсын нүүрсний гол экспорт Хятад руу хийгдэж байна. “Ъ”-ийн эх сурвалжийн тэмдэглэж буйгаар, Монголын тал нүүрсний нийлүүлэлтийн тааламжтай нөхцөлөөр ихэнхдээ Бээжинтэй тохиролцоонд хүрч чаддаггүй болохоор өөр боломжит хувилбаруудыг эрэлхийлж байгаа  юм.

2010 онд туршилтаар Монголын Тавантолгойн ордоос Восточный боомтоор нүүрс гаргаж байв. Роман Абрамович болон Александр Абрамов нарын мэдлийн “Еврак НМТП” компани ч тэндээс нүүрс тээвэрлэж  байсан. Одоо ч гэсэн Монголын бага хэмжээний нүүрс Находкаар дамжин тээвэрлэгддэг байж ч болох юм. Магадгүй, тэр хэмжээ нь хангалттай бус байх. Харин Восточный боомтоор нэвтрүүлэх боломж байгаа бөгөөд удахгүй боомтын хүчин чадал дахин нэмэгдэнэ.

"Ъ”-ийн өөр нэг эх сурвалжийн онцолсноор, БНХАУ нүүрсний импортоо хязгаарлаж буй. Аж ахуйн нэгжүүдийн чансааг тогтоодог АКРА группын захирал Максим Худаловын ярьж байгаагаар, төмөр зам нь газар тариалан, хөдөө аж ахуйн бүс нутгаар дамжин өнгөрдөг бөгөөд энэ нь монголчуудыг нүүрсээ Хятадад хүргэхэд хүндрэлтэй байдаг гэжээ.

Халтмаагийн Баттулга нь Ерөнхийлөгчийн албан тушаал хүлээж аваад удаагүй ба түүнд Москватай шинэ хэлэлцээр хийх хэрэгцээ бий бололтой. 

Жилд 1 сая тонн нүүрс гэдэг тийм ч их биш. Гэхдээ Транссибирийн төмөр замын хүчин чадал хязгааргүй биш бөгөөд Монголын ачаа Орос, Казахстаныхтай өрсөлдөх болно. Наймдугаар сард РЖД-ийн тавьсан хязгаарлалтын улмаас нүүрсчид төлөвлөж байсан хэмжээнийхээ 20-30%-ийг тээвэрлэж чадаагүй юм.

Гэхдээ тээвэрлэлтийн хүчин чадлын хувьд Монголын нүүрстэй өрсөлдөөн гарахгүй болов уу. Учир нь Монгол нүүрс РЖД-гийн төмөр зам дээр гарах хэсэг нь харьцангуй тээвэрлэлтийн ачаалал багатай гэж “Infoline-Аналитики”-ийн тэргүүн Михаил Бурмистров үзэж байна.

Ноён Худаловын ярьснаар, ОХУ-аас Хятад руу ачаа тээвэрлэлт хийхэд Монгол нь транзит орон байхад тохиромжтой гэсэн байр суурьтай байдаг. Энэ транзит замыг Приморийн боомтуудаар дамжихаас ч богино гэдэг. Тэгэхээр нүүрсээ борлуулах зах зээлээ олон болгох гэсэн л зорилготой нь харагдаж байна. Гэхдээ Находкийн боомтын эзэд “гадны ачааг” таатай хүлээж авахгүй, “найрсаг бус тарифаар” угтах байх. Яагаад гэхээр өрсөлдөгчийнхөө барааг сонирхсон зах зээлд нь хүргэх сонирхол тэдэнд байхгүй. Харин монголчуудын хувьд нүүрсний тээвэрлэлтээ олон сувагтай болгохыг хүсч байгаа бол Восточный бус харин БАМ-ын төмөр замаар Ванино боомт хүргэх нь илүү тохиромжтой төдийгүй Монголын нүүрсийг нэвтрүүлэхэд тус боомтын хүчин чадал ч хангалттай билээ.

 

Орчуулсан Э.Оджаргал