Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайминтай өчигдөр уулзаж, Монгол Улс, БНХАУ-ын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр сайд Д.Ганбат хоёр улсын тээврийн чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн юм. Тухайлбал, Тавантолгой нүүрсний уурхайгаас тээвэрлэгдэж буй нүүрс тээвэрлэлт Ганц модны боомтоор нэвтрэх үйл ажиллагаа саатсаны улмаас автомашины урт дараалал үүсч тээвэрчдэд онц хүндрэл үүссэн тухай дурьдаж яаралтай энэ асуудлыг хэвийн байдалд оруулах Хятадын боомтын болон холбогдох бусад байгууллагуудад мэдэгдэж арга хэмжээ авч өгөхийг хүсэв. Энэхүү асуудлын хүрээнд тус чиглэлд хийгдэж буй тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах арга хэмжээг Монголын талаас шат дараатайгаар авч хэрэгжүүлж байгаа бөгөөд хил, гаалийн хяналтын чиглэлд Хятадын талтай илүү нягт хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Син Хаймин тулгамдаад байгаа дээрх асуудлын хүрээнд холбогдох байгууллагуудад уламжилж, ойрын хугацаанд яаралтай шийдвэрлэж, бодитой үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Мөн цаашид тээврийн салбарт хоёр тал идэвхитэй хамтран ажиллаж, Хятадын талаас бүхий л боломж бололцоог эрэлхийлж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаа илэрхийлсэн байна гэж
Зам тээврийн яамнаас мэдээлжээ.