Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хүчин чармайлтаа хадгалахын зэрэгцээ гадаад орчин таатай хэвээр байвал Монголын эдийн засаг улам сэргэх боломж байна хэмээн Азийн хөгжлийн банкнаас гаргасан шинэхэн тайланд дурджээ.
Азийн хөгжлийн банк (АХБ) нь жил бүр “Азийн хөгжлийн төлөв” эдийн засгийн тайлангаа олон нийтэд танилцуулдаг бөгөөд 2017 оны шинэчилсэн дугаарт Монгол улсын эдийн засгийн өсөлтийг 2017 онд 4%, 2018 онд 3% байна гэж төсөөлсөн байна. Энэ нь харьцангуй өөдрөг төсөөлөл бөгөөд энэ оны дөрөвдүгээр сард гаргасан 2.5% болон 2%-ийн таамаглалтай нь харьцуулахад өссөн дүн юм.
Тус тайлангийн хэвлэлийн хурал “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болсон бөгөөд Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Деклан Магий, Суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Л.Амар нар сэтгүүлчдэд тайлангийн үр дүнгийн талаар мэдээлсэн.
“Монголын эдийн засгийн өсөлт 2017 онд хүлээгдэж байснаас илүү өндөр байлаа” хэмээн АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернанда Ломмен “Азийн хөгжлийн төлөв 2017” шинэчилсэн тайлангийн нээлтийн үеэр онцоллоо. Тэрээр “Бүс нутгийн хэмжээнд ДНБ 2017 онд 5.9%-иар өсөх төлөвтэй байна. Энэ нь 2016 онд 5.8% байсантай харьцуулахад бага зэрэг өссөн дүн бөгөөд бидний дөрөвдүгээр сард гаргасан таамгаас 0.2%-иар нэмэгдсэн үзүүлэлт юм” гэв. .
Дэлхийн худалдааны салбар эрчимжиж, голлох үйлдвэрлэгч орнуудын эдийн засагт сэргэлт бий болж, бүс нутагт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ өссөн, БНХАУ-ын өсөлт хүлээлтээс давсан зэрэг нь Азийн бүс нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлжээ. Газрын тосны үнэ тогтвортой байгаа нь бүс нутаг дахь дотоодын түлшний үнэ буурахад нөлөөлсөн бөгөөд түүхий эдийн зарим томоохон импортлогчдын тухайд гаргасан төсөөллөө өөрчлөхөд хүргэжээ.
“Монголын эдийн засгийн өсөлтийг хангахад нэн чухал уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж буй Засгийн газрын эрмэлзэл нь төлөвлөгөөт хөрөнгө оруулалтыг баталгаажуулахад онцгой үүрэг гүйцэтгэнэ. Нөгөөтэйгүүр, Монгол улс ашигт малтмалын нөөц баялгийн салбартаа хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх нь улс орны ирээдүйн хөгжилд чухал. Гэхдээ уул уурхайн салбарт тулгуурласан өсөлтийг тогтвортой, хүртээмжтэй байлгах, мөн эдийн засгийн төрөлжилт, илүү өндөр бүтээмжийг бий болгохын тулд бүр ч их зүйлийг хийх хэрэгтэй” хэмээн Ёланда Фернанда Ломмен санууллаа.
Монгол улсад эдийн засаг 2016 онд 1.2%-ийн өсөлттэй байсан бол 2017 оны эхний хагаст 5.3%-иар өссөн. Ялангуяа нүүрсний экспорт өссөн, цаашид ч өндөр хэвээр байх магадлалтайгаас гадна бизнесийн хөрөнгө оруулалт хийх итгэлийг сэргээхэд ОУВС-гийн хөтөлбөр нөлөө үзүүлсэн гэсэн дүгнэлтийг “Азийн хөгжлийн төлөв 2017” тайланд дурджээ.
АХБ-ны Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Деклан Магий “Оны эхний хагасыг авч үзэхэд, Монгол улсын эдийн засгийн өсөлт 5.3%-д хүрсэн нь өнгөрсөн жилийн 1.2%-тай харьцуулахад өндөр өсөлт юм. Энэ нь эдийн засаг хүчтэй сэргэж буйн шинж тэмдэг. Үүнийг нүүрсний олборлолт сэргэж, экспортын гүйцэтгэл сайн байсантай холбож байна” хэмээн ярилаа.
Оны эхний хагаст Монгол улсын төсвийн орлого 41.1%-иар өссөнөөр төсвийн зарлага 9.6%-иар нэмэгдэж, улмаар алдагдал 34.1%-иар буурч, ДНБ-ий 5.8%-тай тэнцсэн байна. Мөн эхний хагас жилд нүүрсний экспорт огцом нэмэгдэж, гадаад худалдааны ашиг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 69.5%-иар өсч, урсгал дансны алдагдал 42.8%-иар буурч, ДНБ-ий 5.6%-тай тэнцжээ.
Гадаад валютын албан нөөцийн хувьд зургаадугаар сарын эцсийн байдлаар 2016 оны эцсийнхээс өөрчлөгдөөгүй буюу 1.3 тэрбум ам.доллар байгаа нь 2.6 сарын импортын дүнтэй тэнцэж байна. Эдгээрээс улбаалан оны эхнээс зургаадугаар сар хүртэлх хугацаанд төгрөгийн ханш ам.долларын эсрэг 5.6%-иар чангарчээ.
Харин инфляц эхний хагас жилд дунджаар 3.0%-тай байсан нь 2016 онд төгрөг суларч импортын өндөр үнээр дамжин үнийн өсөлтөд нөлөөлж эхэлсэнтэй холбоотой аж. Түлшинд тавигдсан онцгой татвар түлшний үнийн өсөлтөд нөлөөлөөгүй учир инфляцийн таамгийг бууруулж тогтоосон байна.
Суурин төлөөлөгчийн газрын ахлах
эдийн засагч Деклан Магий “Оны хоёрдугаар хагас жилд импортын хэмжээ үргэлжлэн
өсөх хандлагатай байгаа учир урсгал дансны алдагдал ирэх жил нэмэгдэх төлөвтэй
байна. Өсөлт буурахад нөлөөлөх эрсдэлд түүхий эдийн үнэ буурах, газар нутгийн
дийлэнх хэсэгт ган байсан нь газар тариалан, мал аж ахуйн салбарт нөлөөлөх
зэргийг нэрлэж болно гэсэн юм.
Суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Л.Амар “Уул уурхайн салбараас гадна хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарт ч өсөлт бий болсон. Энэ нь нүүрсний олборлолт, экспорт өссөнтэй мэдээж холбоотой. Хэдийгээр 2017 оны эхний хагаст Монгол улсын эдийн засаг 5.3%-ийн өсөлттэй гарсан ч өмнөх жилийн эдийн засагт гарсан суурь нөлөөнөөс шалтгаалж, дөрөвдүгээр улиралд бага зэрэг буурч, жилийн эцсээр 4 орчим хувь болох байх” гэлээ.
Энэ оны тавдугаар сард АХБ, Монгол улсын Засгийн газар ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх Түншлэлийн стратегийг хамтран баталсан билээ. Уг стратеги нь эдийн засгийн хүндрэлтэй цаг үед хүртээмжтэй өсөлтийг хангахад Монгол улсад тусална хэмээн Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгчийн газрынхан хэлж байна. Учир нь Түншлэлийн стратегийн хүрээнд 2020 он хүртэл АХБ Монгол улсад нийт 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт олгох бөгөөд нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих гэсэн үндсэн 3 чиглэлд төвлөрөх ажээ.
Г.Идэрээ