Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Мьянмарын мэргэжилтнүүд Монголын ОҮИТБС-ын туршлагыг судлав

Гэрэл зургийг М.Энх-Амгалан

Монгол улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг (ОҮИТБС) хэрэгжүүлээд 10 гаруй жил болж байна. Энэхүү 10 гаруй жилийн ололт амжилт, сургамжаас Мьянмар улсын төлөөлөгчид туршлага судлахаар иржээ. Туршлага судлах семинар өчигдөр Туушин зочид буудалд болсон бөгөөд Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ), ОҮИТБС хамтран зохион байгуулсан юм.  

Мьянмар улсаас Байгалийн нөөц тусгай хамгаалалтын яамны Уул уурхайн газар, Төлөвлөлт санхүүгийн яам, Цахилгаан, эрчим хүчний яамны зөвлөх, “Тотал” компани, 100 гаруй иргэний нийгмийн байгууллагуудыг нэгтгэсэн сүлжээ байгууллагаа, ОҮИТБС-ын ажлын албаны төлөөлөл багтсан 10 гаруй зочид хүрэлцэн иржээ.

Мьянмар нь 2014 онд ОҮИТБС-д нэр дэвшигч улсын статустай болсон бөгөөд энэ үеэс  санаачилгын дүрэм журмыг мөрдөж эхэлжээ. Хамгийн анх 2016 онд 2014 оны тайлангаа гаргасан байна. Уг тайландаа аудиторын 40 орчим зөвлөмж нийтлэгджээ. Гэвч ОҮИТБС-ын тайлан нь нууцлагдмал, олон нийтэд ил гаргадаггүй байна. ОҮИТБС нь тус улсын Төлөвлөлт санхүүгийн яамны үйл ажиллагааны хүрээнд багтдаг. Санаачилгын хэрэгжилтийг Төлөвлөлт санхүүгийн сайдын тэргүүлсэн хороо хариуцна. Тус хороо Байгалийн нөөц, тусгай хамгаалалтын яамны Уул уурхайн газар, Цахилгаан, эрчим хүчний яам зэрэг төрийн олон байгууллагын төлөөллөөс бүрддэг ажээ. Төрийн байгууллагууд нь татвар, ерөнхий аудит зэрэг холбогдох албадын Ажлын хороотой. Тэрхүү Ажлын хороо нь санаачилгын хэрэгжилтийг хариуцдаг. Мөн Дэд хороод гэж бий. Дэд хороод нь үндсэндээ орлого цуглуулах, татварын системийг шинэчлэх чиглэлээр ажилладаг байна. ОҮИТБС-ын тайлангаа цаасан хэлбэрээр гаргадаг. Онлайн хэлбэрээр гаргаж буй Монголын туршлагыг улсдаа нэвтрүүлэхээр судалж байгаа аж.
 
Мянмар улс одоо хоёр дахь тайлан дээрээ ажиллаж байна. Энэ нь 2015, 2016 гээд хоёр жилийг хамарсан тайлан болох юм. Цаг хугацааны хувьд хоцорч гардаг нь тулгамдаж буй гол асуудал болохыг Мьянмарын Төлөвлөлт санхүүгийн яамны ОҮИТБС-ын газрын төлөөлөгч хатагтай Дав Хин Хин Лвин ярьж байлаа.

Монгол улсын хувьд ч мөн ОҮИТБС-ын тайлан хоцорч гардаг асуудлыг МУУҮА-ийн Ерөнхийлөгч Н.Алгаа хөндсөн. Тэрбээр олборлох салбарын ил тод байдлын санаачилгын тайлангаар маш их мэдээлэл цугларч байна. Энэ санаачилгад нэгдсэнээр компаниудын нэр хүнд өсч байгаа ч хүссэн хэмжээнд нь хүрч чадахгүй байгаа. Уул уурхайн салбарын нэр хүнд муу хэвээр байна. Хэдийгээр тайлангаа цахимаар гаргадаг ч цаг хугацааны хувьд хоцорч, үр өгөөжөө өгөхгүй байна. Төсвийн орлогын 90%-ийг бүрдүүлж байгаа маш олон компаниудаас мэдээлэл авдаг. Үүнээс болж бүтэн жилээр тайлан хоцорч гардаг. Энэ их ажлыг хийж, тэр их мэдээллийг цуглуулдаг ч хүмүүст хүргэж чадахгүй байна гэсэн шүүмжлэл хэлж байлаа.
 
Иргэний нийгмийн төлөөлөл “Хил хязгааргүй алхам” ТББ-ын Н.Баярсайхан иргэний нийгмийн байгууллагын зүгээс олборлох салбарын орлогын менежмент, компани болон Засгийн газар хоорондын үйлд ажиллагаанд хяналт тавих үүрэг туршлагаас хуваалцсан юм. Эхний таван жилийн хугацаанд аль аль талдаа мэдээллийг ил болгох тал дээр ярьдаг байсан. Олборлох салбарын бодлогыг тодорхойлоход ашиглахгүй бол  мэдээллийг ил болгоод нэмэргүй. Олон нийтэд хүргэхгүй юм бол олон нийтийн уул уурхайн салбарт хандах хандлага сайжрахгүй.Тиймээс иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс ОҮИТБС-ын тайлангуудтай танилцан “Өгөгдлийн уурхай 1,2” тайлангуудыг гаргасан. Эдгээр тайлангаас харагдаж байгаа дүр зургаар, уул уурхайн салбараас Монгол улсын төсөвт оруулж буй орлогын  90 гаруй хувийг 20 орчим компани бүрдүүлж байна. Монгол улс 21 аймагтай, 300 гаруй сумтай. Гэтэл 290 суманд уул уурхайн үйл ажиллагаа явагддаг.  Тэгвэл заавал ч үгүй орлого бүрдүүлж байгаа 20 компаниас бусад 1800 компанийг уул уурхайн салбарт ажиллуулах шаардлага байна уу гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Тэгэхээр ил тод болсон мэдээллийг орон нутгийн Засаг захиргаа, ард иргэдэд хүргэх нь чухал байна. Захиргаа, иргэд эргээд орон нутаг дахь уул уурхайн үйл ажиллагааг хянах, олборлох салбарт хандах хандлага сайжирна гэж үзэж буйгаа тэрбээр хэлсэн юм.     

Туршлага судлах семинарын үеэр Монгол улсын зүгээс ОҮИТБС-ын хэрэгжүүлэхэд учирсан бэрхшээл, талууд хэрхэн нэгдсэн ойлголтод хүрсэн тухай туршлагаас гадна өнөөдөр тулгамдаад байгаа шийдвэрлэвэл зохистой асуудлуудаа ч ярилцсан. Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, уул уурхайн салбарын ашиг хүртэгч жинхэнэ эздийг ил болгох, тус салбарт хэрэгжиж буй гэрээг ил тайлагнах зэрэг асуудлуудад ОУИТБС-ын хүрээнд Монгол улс анхааран ажиллаж байгаагаа Мьянмарын төлөөлөгчдөд мэдээлсэн юм.

Туршлага судлах энэхүү семинар нь анх удаагийнх биш юм. Баялгийн зөв зохистой удирдлага, ОҮИТБС-ын хэрэгжүүлэх чиглэлээр туршлага солилцох “G7 үр дүнд хурдан хүрэх түншлэл” семинар 2016 онд Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдсан. Энэхүү семинарт Мьянмар, Вьетнам, Лаос, Камбож, Тайланд, Монгол улсын иргэний нийгэм, төр засаг, хувийн хэвшлийн нийт 45 төлөөлөл оролцож байв.

Уул уурхайн салбарыг хэрхэн нийгэм, эдийн засагт ээлтэй, тогтвортой хөгжлийн зарчмаар авч явах вэ гэсэн асуулт өнөөдөр хөгжиж буй олон оронд тулгарч байна. Энэ асуудлыг шийдэхэд тухайн улс орны хууль дүрэм, төрийн болон төрийн бус байгууллагуудаас гадна олон улсын хэмжээнд даган мөрдөж буй зөөлөн хууль (soft law) буюу сайн дураар хэрэгжүүлдэг тогтолцоонууд асар их үүрэг гүйцэтгэж буйн нэг сайн жишээ нь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга юм. Одоогоор уг санаачилгыг дэлхийн 51 орон хэрэгжүүлж буйн нэгээр Монгол улс нэрлэгдэж буй. 

Э.Од