Аж үйлдвэрийн голлох метал зэсийн үнэ ханш өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн нь 7082 ам.доллар (3 сарын гэрээт үнэ) болж өсчээ. Энэ нь өнгөрсөн 2014 оны наймдугаар сараас хойшхи хамгийн өндөр үнэ болж байна.
Зэсийн үнэ ийнхүү өссөн шалтгааныг шинжээчид Хятадын дэд бүтцийн санхүүжилтийн нөлөөгөөр тус улсад ган болон бусад металын үнэ өсч буйтай холбон тайлбарлаж байна. Өнгөрсөн сарын байдлаар Хятадад металын үнэ өмнөх оны түвшингээс 6.9%-иар өссөн болохыг тус улсын статистикийн газар мэдээлжээ.
Мөн маргааш болох гэж буй Хятадын Коммунист намын 19 дүгээр их хурлын шийдвэрийг шинжээчид чих тавин анхаарах нь дамжиггүй. Энэхүү хурлаар Хятадын эдийн засгийн гол зорилтуудыг хэлэлцэхээс гадна бохирдлыг бууруулах үүднээс үйлдвэрлэлийн хүчин чадлыг танах шийдвэрүүд гарна гэсэн таамаглал байгаа юм. Хурлын шийдвэр эрдсийн зах зээлд урт хугацааны бас мэдэгдэхүйц нөлөөтэй байна гэсэн тайлбарыг ихэнх шинжээч өгч байна.
Хятад улс өнгөрсөн есдүгээр сард 430 мянган тонн зэс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 26.5%-иар өслөө. Мөн тухайн сард тус улс 1.5 сая тонн зэсийн баяжмал импортолсон нь өнгөрсөн оны мөн үед уг үзүүлэлт 1.4 сая тонн байсантай жишихэд өсөлттэй гарлаа.
Зэсийн үнийн өсөлт нь Хятадын нөхцөл
байдалд итгэлгүй байгаа хөрөнгө оруулагчдын хувьд эерэг дохио өгсөн хэрэг
боллоо. Өнгөрсөн сарын сүүлээр зэсийн үнэ 6400 гаруй ам.доллар/тонн байсан бол
ийнхүү энэ сарын дунд үеийн байдлаар 7000 доллар давж өсөөд байна.
Б.Төгс