Төв банкны мэдээлж буйгаар энэ оны эхний есөн сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт (M2) 14.8 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 27.6%-иар өссөн байна. Мөнгөний нийлүүлэлтийг бүтцээр нь авч үзвэл 51.4% буюу 7.4 их наяд төгрөгийн хадгаламж, 16.6% буюу 2.6 их наядыг нь валютын хадгаламж эзэлжээ. Ийнхүү нийт хадгаламжийн хэмжээ оны эхний есөн сарын байдлаар 10 их наяд төгрөгт хүрээд байгаагийн 63.6%-ийг иргэдийн төгрөгийн хадгаламж, 26%-ийг валютын хадгаламж, үлдсэнийг компанийн төгрөгийн хадгаламж бүрдүүлсэн байна.
Банкуудын нийт активын хэмжээ өнгөрсөн сарын байдлаар 28 их наяд төгрөгт хүрээд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 13.8%, өмнөх сарынхаасаа 2.1%-иар өссөн дүнтэй гарлаа. Активын хамгийн том багц буюу 47%-ийг зээл, 12%-ийг Засгийн газраас авах авлага, 10% нь банкны нөөцөөс бүрдэж байна. Активт тэргүүлэх байр эзэлж буй зээлийн хувьд авч үзвэл хадгаламжийн байгууллагаас олгодог зээлийн үлдэгдэл өмнөх сарынхаасаа 156.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 13.4 их наяд төгрөгт хүрээд байна. Өнгөрсөн сарын байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өмнөх сарынхаасаа 0.9%-иар буурч, 6.2%-д хүрсэн бол чанаргүй зээл 0.1%-иар буурч 8.7%-руу доошилжээ.
Нийт олгогдоод буй зээлийг эдийн засгийн үйл ажиллагаагаар нь авч үзвэл үл хөдлөхийн салбарт 16.2%, худалдаа мөн адил 16.2%, боловсруулах үйлдвэр 10.1%, уул уурхайд 7% тус тус ногдож байна. Мөн цалин, тэтгэврийн зээл 25.8%-ийг эзэллээ. Зээлийн өсөлт хоёр салбарт ажиглагдсан бөгөөд барилгын салбарт олгох зээл өмнөх сарынхаасаа 1.7%, уул уурхайн салбарынх 2.4%-иар өсчээ.
Монголбанк ирэх гурван жилийн хугацаанд инфляцийг найман хувьд тогтворжуулахаар зорьж байна. Харин ханшийн хувьд уян хатан, эдийн засгийн суурь нөхцөлтэйгээ нийцүүлсэн бодлого барьж ажиллана гэдгээ мэдэгдлээ.
Төв банкны Мөнгөний бодлогын газрын
захирал Б.Баярдаваа цаашид Засгийн газрын дотоод өрийн хэмжээ буурч, хувийн
хэвшилд зээлийн боломж илүү их нэмэгдэнэ гэдгийг тодотгосон. Тэрбээр “Энэ онд
дотоод өрийн хэмжээнд төсвийн алдагдлын хэмжээ нөлөөлж байгаа. Өөрөөр хэлбэл
төсвийн алдагдлыг дотоодод бонд босгох замаар санхүүжүүлж байгаа. Ирэх оны
төсөв 2 их наяд гаруй төгрөгийн алдагдалтай байхаар өргөн баригдсан байсан.
Хэдийгээр төсвийн төслийг буцаан татсан ч нэг их өөрчлөлт орохгүй болов уу гэж
үзэж байна. Төсвийн алдагдлыг үндсэндээ хоёр эх үүсвэрээс санхүүжүүлдэг. Нэг нь
дотоодод бонд босгох, нөгөө нь гадаад тусламжийн мөнгө, ОУВС-ийн санхүүжилт гэж
хэлж болно. Тус сангийн баг ирчихсэн гуравдугаар улирлын гүйцэтгэл дээр ажиллаж
байна. Энэ хэлэлцээр дууссаны дараа хөтөлбөрийн хүрээнд энэ онд хийгдэх
санхүүжилт орж ирнэ. Ирэх онд бараг 1 тэрбум ам.долларын урсгал орно. Энэ нь
төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Үүний хүрээнд дотоодод
босгосон бондын өрийн хэмжээ Засгийн газар талдаа нэлээд буурна. Тэгэхээр энэ
нь эргээд хувийн хэвшлийн салбарт зээлийн орон зай бий болгоно гэсэн үг. Харин
ирэх оны эхээр төлөгдөх гадаад өрийг дахин санхүүжүүлэх бондын талаар мэдээлэл
өгөхөд эрт байна.” гэж мэдэгдлээ.
Б.Төгс