Ярилцлага
CRU: Өрсөлдөхүйц байхын хамтаар нүүрснийхээ үнэ цэнийг нэмэгдүүл
2017-10-24
The Mongolian Mining Journal. 2017.09 /106
Монголын нүүрсний салбарт энэ онд өнгөрсөн жилтэй харьцуулахад огцом өсөлт тохиож буй юм. Эрдсийн түүхий эдийн судалгааны байгууллага СRU-ийн Хятад дахь салбарын Гүйцэтгэх захирал Жон Жонсонтой коксжих нүүрсний ханшийн дунд болон урт хугацааны төлөв, түүнд нөлөөлөх хүчин зүйлс болон бусад сэдвээр MMJ-ийн Б.Төгсбилэгт ярилцлаа.
“Инвест Монгол” хурал дээр танилцуулсан илтгэлдээ танай байгууллага коксжих нүүрсний урт хугацааны төлөвийг тийм ч сайнаар төсөөлөөгүй санагдсан. Та болон бусад олон шинжээч коксжих нүүрсний үнийн төлөвийг тийм ч өөдрөгөөр харахгүй байгаагийн учир нь юу вэ?
Миний хэлэх гэсэн үндсэн санаа бол энэ оны эхээр Австралид тохиосон Дэбби хар салхины улмаас нийлүүлэлт талд үүссэн огцом нөлөө арилснаас хойш коксжих нүүрсний үнэ ханш илүү хэвийн түвшиндээ очиж байгааг илэрхийлсэн гэж хэлж болно. Үүний зэрэгцээ нийлүүлэлт талд бууралт гарч, Хятадын гангийн үйлдвэрүүдийн эрэлт нэмэгдсэн. Нийлүүлэлт талд байдал илүү амар болох төдийгүй ханшийн дээгүүр түвшин нь олборлолтыг илүү нэмэгдүүлэх нь дамжиггүй. Бид мөн Хятадын Засгийн газар үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хатуу бодлого баримталж, барилгын салбар удаашрахын хэрээр коксжих нүүрсний эрэлт дөрөвдүгээр улиралд магадгүй буурна гэж үзэж байна. Гэхдээ дунд хугацаандаа үнэ урьдны байсан доод хэмжээнд хүртлээ буучихгүй болов уу. Австралийн FOB үнийн түвшин 120 долларт эргэлдэнэ гэж бодож байна.
“Coal Mongolia” хурлын үеэр Хятадын хойд бүс нутагт агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор нүүрсийг хүнд даацын машинаар тээвэрлэхийг хориглож байгаа гэж дуулсан. Энэ нөхцөл байдал нь Монголоос авах импортыг бууруулах нь тодорхой. Нөхцөл байдал ирэх нэг жилийн хугацаанд ямархуу байна гэж Та харж байна вэ?
Хязгаарлалт бүх импортын нүүрсэнд тавигдаж байгаа, зөвхөн Монголд биш. Мөн эрчим хүч болон коксжих нүүрсний аль алинд нь. Шинэ зохицуулалт импортыг удаашруулж байгаа нь санаа зовоосон асуудлын нэг мөн. Гэхдээ гол саад бол эрэлт талд гарч буй өөрчлөлт, мөн нүүрс нийлүүлэгчдэд олгож буй татаасыг бууруулах үнийн бодлогын асуудал юм. Энэ онд коксжих нүүрсний импорт өнгөрсөн оныхоос их байх хэдий ч бид Хятадын 2018 оны импортын хэмжээ 2016 оныхтой адил байна гэж харж байгаа. Монголын хувьд экспортоо өсгөх арга зам бол өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, нүүрсэндээ өртөг шингээж гаргах явдал юм.
Хятадын Коммунист намын XIX их хурлаар коксжих нүүрсний зах зээлд нөлөөлөх ямар шийдвэрүүд гарна гэж Та харж байна вэ?
Энэ удаагийн их хурлаар ямар шийдвэр, бодлого гаргах талаар тодорхой таамаглал дэвшүүлэхэд эрт байна. Гэхдээ хурлаас ямар ч шийдвэр гарлаа гэсэн тэр нь зах зээлд түр зуурын нөлөөтэй байхгүй болов уу. Эдийн засаг, түүхий эдийн зах зээлд үзүүлэх нөлөөлөл нь хэдэн жилийн турш мэдрэгдэнэ. Энэ хурлаар эдийн засгийн өсөлтийн зорилт, эдийн засгийн шинэчлэлийн явц, тухайлбал төрийн өмчийн компаниудын өөрчлөн шинэчлэлийг дахин тогтооно гэсэн албан бус яриа сонсогдож байна. Их хурлаар санхүүгийн эрсдэлийг хэрхэн удирдах, нийлүүлэлт талын шинэчлэлт, бохирдлын хяналт гээд нүүрсний зах зээлд том нөлөө үзүүлэх бүх талбарын талаар хэлэлцэж магадгүй. Хятад улсын хувьд дотоодын нүүрсний салбарыг хойш тавьж, импортоо хэт ихээр нэмэгдүүлнэ гэж үгүй. Тиймээс бид тус улс нүүрсний салбараа нэгтгэж, орчин үеийн, үр ашигтай болгон шинэчлэх замаар дотоодын нөөцөөр эрэлтийнхээ дийлэнхийг хангаж чадахуйц байхад чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээр оролдоно гэж ойлгож байна. Энэ бол тэнцвэржүүлэлтийн хэцүүхэн арга хэмжээ. Мөн их хурлаар улс төрийн үзэл баримтлал болон Хятадад маш чухлаар тавигддаг нийгмийн дэвшлийн талаар багагүй хэлэлцүүлэг өрнөнө. Учир нь энэ бол энэхүү тогтолцооны ёс суртахууны зөвтгөл юм.
“Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд баригдах дэд бүтцийн томоохон төслүүд нь түүхий эдийн эрэлтийн өсөлтийг авчирна гэж харж байна. Энэ нь коксжих нүүрсний хувьд ямар нөлөөтэй гэж Та бодож байна вэ?
Дэд бүтцийн бүтээн байгуулалт өрнөх нь гангийн эрэлтийг өсгөнө. Энэ нь эргээд коксжих нүүрсний хэрэглээг илүү ихээр нэмэгдүүлнэ. CRU байгууллага энэ явцыг анхааралтай ажиглаж байгаа. Үүний зэрэгцээ коксжих нүүрсний эрэлтийг бууруулах өөр бусад шалтгаан бол Хятадад хаягдал төмрийн хэмжээ нэмэгдэж байгаа явдал юм. Энэ нь төмрийн хүдэр ашиглан ган үйлдвэрлэх хэмжээг урт хугацаандаа багасгана. Өөр харгалзаж үзэх олон зүйл бий.
Дараагийн асуулт бол боомт дээр үүсээд байгаа асуудлын талаар. Гашуунсухайт-Ганцмод боомт дээр 100 гаруй км үргэжилсэн нүүрс ачсан машины цуваа долдугаар сарын дундаас эхлэн үүсээд байгаа. Үүнээс болж Монголын нүүрсний экспорт удааширч байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
Түрүүн хэлсэнчлэн энэ асуудал нь зарим талаар Хятадын шинэ бодлоготой холбоотой. Гэхдээ гол хүчин зүйл нь тээвэрлэлтийн хэлбэр юм. Тээвэрлэлт төмөр замаар хийгдэх ёстой. Учир нь төмөр замын тээвэрлэлт Монголын нүүрсийг хавьгүй илүү өрсөлдөхүйц болгоно. Хятадын хил хүрсэн төмөр зам ашиглалтад ормогц танай улс илүү их хэмжээгээр нүүрс экспортлох боломжтой болно.
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын талтай транзит тээврийн гэрээ хийснээр Монголын нүүрсний экспортын хоёр дахь гарцыг нээнэ гэж ярьж байгаа. Нэлээд олон шинжээч энэ хувилбарыг эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж тооцож байна. Та энэ салбарт арвин туршлагатай хүний хувьд Восточный, Ванино зэрэг Оросын боомтоор нүүрс экспортлох талаар юу гэж хэлэх вэ?
Оросын Алс Дорнодын боомтуудаар нүүрс экспортлох нь боломжтой зүйл. Ялангуяа зах зээлд үнэ ханш өндөр байх тохиолдолд. Гэхдээ тээвэрлэлтийн өндөр зардал экспортын биет хэмжээг Хятад руу гарч буй хэмжээтэй харьцуулахад харьцангуй бага түвшинд барина гэж бодож байна. Хятадын боомтууд руу хийх тээвэрлэлтийн зардал буурах тохиолдолд энэ нь бүр илүү биеллээ олно. Оросын Алс Дорнодын боомттой холбогдох төмөр зам эдийн засгийн ач холбогдолтой гэхээсээ илүү бэлэг тэмдгийн шинж чанартай байж магадгүй юм.