Ярилцлага
Эдийн засгийн коридор хөтөлбөрөөс даруй хэрэгжих боломжтой гурван том төсөл л харагддаг
2017-10-26
The Mongolian Mining Journal 2017.009 /106
Хоёр их хөрш Орос Хятадын улс төр, эдийн засгийн бодлого, зах зээлийн төлөв байдал нь Монголын эдийн засаг, уул уурхайн орчинд ямагт нөлөөлсөөр ирсэн билээ. Энэхүү асуудалд төвлөрч, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач, доктор Д.Шүрхүүтэй MMJ ярилцав.
Тэмдэглэсэн Г.Идэрхангай
Юуны өмнө манай хоёр хөрш улсад ойрын хугацаанд болж байгаа болон болох хоёр том арга хэмжээг онцолж асуумаар байна. Путины ивээл дор зохиогдож буй Дорнын эдийн засгийн форум болон Хятадын коммунист намын 19 дүгээр их хурал. Ямар ач холбогдол бүхий, ямар агуулгаараа анхаарал татах хурлууд вэ? Монгол улс эндээс ямар асуудлыг чухалчилж харах ёстой вэ?
Их гүрнүүд амин чухал эрх ашиг, стратегийн чиг шугамаа хэзээ ч алддаггүй. Энэ нь тухайн орныхоо геополитикийн болон геоэдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалах буюу нөлөөгөө бэхжүүлэх, нэр хүнд, байр сууриа бататгах, болж өгвөл өрсөлдөгч их гүрнүүдийн стратегид хариу үйлдэл үзүүлэхийг хэлж байгаа юм. Үүний нэг том арга хэлбэр нь олон улсын томоохон хурал, арга хэмжээнүүд болчихлоо. Баруунд их түгээмэл байсан энэ платформыг сүүлийн үед хоёр хөрш маш эрчимтэй ашиглаж байна. Хятад тавдугаар сард “Нэг бүс нэг зам” гэсэн том форум хийлээ. Үүнээс өмнө бүсчилсэн байдлаар хэд хэдэн форум зохион байгуулсан.
Ийм том арга хэмжээгээр өөрийн бодлогыг сурталчлахын зэрэгцээ улс орнуудын, бизнесүүдийн сонирхлыг татдаг. Барууны сонгодог жишээ бол Давос. Асуудлаа ярьдаг, шийддэг хурал нь болчихлоо. Хаана юм ярьж байна, тийшээ сонирхол татагддаг. Ийм хурлаас улс орон нь хаачих гэж байна, Орос хаашаа явах гэж байна, Хятад яах гэж байна, “Нэг бүс нэг зам” яах гэж байна, Алс Дорнод яах гэж байна гэж хүлээдэг. Тэдгээрт хариулт өгөх сонирхлоор явагддаг. Нэг талаасаа зохион байгуулж байгаа улсад мэдээллээ түгээх том суваг болдог бол нөгөө талаас жижиг орнууд, оролцогч талууд боломж хайж очдог.
Тиймээс манай улс ийм арга хэмжээнд ач холбогдол өгч оролцох ёстой. Ялангуяа хоёр хөршид болж байгаа том үйл явдлын дунд нь орж байх нь гарцаагүй зүйл юм. Монгол улс энэ дундаас юуг чухалчлах вэ гэвэл олон таван үггүй дэд бүтцээ хөгжүүлэх нь чухал. Дэд бүтцийн хөгжил бол эдийн засгийн суурь нөхцөл. Ялангуяа Монгол улс уул уурхайгаа түшиж ойрын хэдэн арван жил хөгжих нь байна. Дэд бүтэцгүй, гадагшаа гарцгүй, зам харилцаагүйгээр Монгол улс хөгжихгүй. Үүний зовлонг Монгол улс амсаж байна. Хятад, Орос хоёр хөршөөрөө л дамжиж, төмөр замаар тээвэрлэж далайд хүрнэ.
Монгол улс энэ л гарцаа хайх ёстой. Хоёр хөрштэйгээ улс төр, эдийн засгийн түншлэлийн уялдан зохицуулсан бодлого явуулахыг эрмэлзэх ёстой. Нэг талаасаа тэнцвэржүүлэх, нөгөө талаасаа улс орныхоо бодлого, стратегид зохицож ажиллах ёстой. Хятад руу нүүрс, зэс, төмрийн хүдэр гээд уул уурхайн түүхий эд, Орос руу мах болон бусад зүйлээ гаргах, татвараас чөлөөлөх ийм арга замыг хайж ажиллах ёстой. Нөгөө талаасаа их гүрэн их гүрнийхээ л бодлогыг явуулна. Тиймээс улс төрийн шийдлийг нь харах ёстой. Аль нэг талыг чухалчлах, эсвэл нэгийг эсэргүүцэх байдлаар явахгүй нь ойлгомжтой.
Оросын хувьд нэн сонирхол татаж байгаа сэдэв нь боомтуудын ашиглалт юм. Манай Тавантолгойн нүүрсийг зах зээлд гаргах шинэ боломж хайх, Монгол Оросын хооронд шинэ томоохон төслүүд эхлүүлэх асуудлыг Дорнын эдийн засгийн форумаар ярилаа. Цаанаа ямар зүйлс яригдаж байгаа нь одоогоор тодорхой биш байна. Х.Баттулга ерөнхийлөгчийн хэлсэн нэг зүйл нь бид хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцана, Хятадын харилцааг доошлуулж байж Оросын түвшинд аваачих биш, Оростой харилцах харилцаагаа дээшлүүлж байж тэнцвэртэй болгоно гэж ярьсан. Энэ нь зөв.
Гадагшаа нэг гарц нь хойд зүг байх нь ойлгомжтой. Юуг зөөх вэ гэдэг л харин ярих асуудал. Жишээлбэл эрчим хүчний нүүрсийг тийшээ зөөх нь энгийн эдийн засгийн утгаараа ашиггүй. Харин өөр ямар хэлбэрүүд байж болох вэ, боомтыг яаж ашиглаж болох вэ гэдэг нь ярилцах ёстой асуудал мөн. Баяжуулсан, маш өндөр чанарын кокс үйлдвэрлээд Япон руу Алс Дорнодын боомтоор гаргах гэдэг байж болох л асуудал. Гагцхүү асуудлыг цогцоор шийдэх, сайн боловсруулсан бизнес төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх ёстой. Тухайлбал, Япон, Солонгос, Орос, Монголын хамтарсан том үйлдвэр байгуулах, түүний гаргах бүтээгдэхүүнийг хэрхэн тээвэрлэх, өртөг зардлыг нарийвчлан тооцоолж, хөрөнгө оруулалтаа баттай босгосны дараа график төлөвлөгөөний дагуу шаргуу бүтээн босгох ёстой. Ойрхны жишээ бол шинэ нисэх онгоцны буудал, Оюутолгойн бүтээн байгуулалт байна шүү дээ.
Манайд боомтыг нь ашиглах сонирхол байна, оросууд ч гэсэн Алс Дорнодоо хөгжүүлэх асар том сонирхолтой байна. Энд нэг хэцүү зүйл нь Оросын Алс Дорнод Хятадын зүүн бүс шиг хөгжиж чадаагүй.
Төмөр зам, авто замын хувьд манайхаас дээр боловч засч шинэчлэх, найдвартай, аюулгүй байдлыг хангах талаар нэлээд зүйл хийх шаардлагатай гэж сонссон. Боомтуудынх нь ихэнх нь хөлддөг гээд зовлонтой зүйлс ч бий.
Алс Дорнод бол оросуудын толгойны өвчин. Алс Дорнод дахь байр суурь нь мууддаггүй юмаа гэхэд ахихгүй байна. Гэтэл хажууд нь Хятадын зүүн хойд мужууд хөгжөөд байдаг. Хүн ам нь төв рүүгээ шилжих гээд зовоогоод байдаг. Тэнд хүн амаа тогтоон барих нь нэн чухал асуудал болчихоод байна. Орос Алс Дорнод дахь цэргийн хүчээ нэмэгдүүлж байна гэж уншиж байсан. Хабаровск бол цэргийн хот. Сахалинд цэргийн хүчээ нэмэгдүүлж байна гэдэг. Хуучнаа бодвол оросууд маш идэвхтэй болсон байна. Солонгосын ЕвроАзийн санаачилгыг дэмжье, өөрсдөө ч ЕвроАзийн холбоо байгуулъя гээд их идэвхтэй явж байна. u
Гэхдээ Орос Хятад хоёр маш ерөнхий зүйл ярьдаг, маш их хуралддаг, бодит үр дүн нь харьцангуй бага байна.
Хятадын хувьд?
Миний бодлоор хятадууд одоо хоёр л зүйл хүлээж байх шиг. Эхнийх нь шинэ Ерөнхийлөгчийг Хятадын талаар ямар бодлого барих нь вэ, Хятадтай юу гэж ярих нь вэ гэдгийг харзнасхийж байна. Хоёрт Засгийн газар солигдож, ямар нөхдүүд гарч ирэх гэж байна гэсэн хүлээлт байх шиг байна.
Гэхдээ бодлогоо ямар ч улс ил хэлэхгүй. Энэ бүхний дараа санаатай, санамсаргүйг мэдэхгүй манай улсын нүүрсний экспортын хурд эрс буурчихлаа. Техникийн шалтгаантай асуудлууд үүслээ гэдэг. Тайлбарлаад байхад ч хэцүү нөхцөл байдал үүсчихэж байгаа юм. Хятадын тал иймэрхүү тоглолт их хийдэг. Нэг хэсэг Баяннуур аймаг татвар бий болгочихлоо гэсэн. Дараа нь манай орон нутгийнхан буруу ажиллажээ, уучлаарай, татвараа болилоо гэсэн.
Гэтэл босоо удирдлагатай улс оронд тийм зүйл хэзээ ч байдаггүй. Эсвэл түүхий нүүрс гаргахгүй гээд шийдвэр гаргачихна. Эсвэл Замын-Үүд-Эрээний боомтоор нүүрс гаргахгүй, ачаалал ихтэй гэчихдэг. Тэгсэн мөртлөө өнгөрсөн 3 дугаар сараас задгай чингэлгийн вагонаар нүүрс гаргаад эхэлсэн. Далай лам Монголд айлчлахад Хятадын тал сүртэй мэдэгдлүүд хийж, нэлээд хэдэн харилцан айлчлалыг цуцалсан. Монгол улс уучлалт гуйж, Гадаад хэргийн сайд тайлбар хийсний дараа хоёр талын харилцаа удалгүй хэвийн голдрилдоо буцаад орсон.
Хятадын Коммунист намын XIX их хурлыг дэлхий нийтээрээ анхааралтай харж байна?
Эндээс гурван л зүйл хүлээж байна. Нэг нь удирдлагын халаа сэлгээ ямархуу байдлаар болох вэ? Хоёрт, бодлогын хувьд ямар өөрчлөлт гарах, хөгжлийн стратеги дээр ямар шинэ зүйл гарах вэ? Гуравт, гадаад бодлого яаж өөрчлөгдөх вэ гэдэг нь хүлээгдэж байна.
Шууд утгаараа бол Монголд нөлөөлөх зүйл харьцангуй бага. Хятадын Коммунист намын удирдлагад тийм хүн гарчихлаа гээд Монголын бодлогод шууд нөлөөлөхгүй. Алсуураа тэр бүтцийн удирдлагад гарч байгаа улсууд Монголд яаж хандах бол, тэр бодлого нь Монгол улсад ямар дам нөлөө үзүүлэх вэ гэдгийг аажимдаа харна уу гэхээс биш өнөөдөр тийм бодлого зарлачихлаа, энэ нь Монголд ийм байдлаар сөрөг нөлөөтэй, эсвэл бидэнд ашигтай гэж ярих нь хэтэрхий хөнгөн хийсвэр зүйл болно. Шуудхан хэлэхэд энэ удаагийн хурлаас нэг их дорвитой өөрчлөлт гарахгүй болов уу. Яагаад гэвэл Си Жинпин хууль ёсны дагуу хоёр дахь удаагаа сонгогдоно, өөрийн багаа бүрдүүлэх нь ойлгомжтой.
Харин хамгийн сонирхол татах нь XX хурал. ХХ хурал дээр Си Жинпин удирдлагаа шилжүүлэх үү, үгүй юу гэдэг асуудал гарна. Одоо байгаа багийн ихэнх нь тэтгэвэрт гарна. Тэр үед Си Жинпин нам төрийн дээд удирдлагыг хэрхэн шилжүүлэх вэ гэдэг нэлээд анхаарал татах асуудал.
Гадаадын судлаачид, ажиглагчид Си нам, төр, цэргийн дээд удирдлагыг аажмаар шилжүүлэх бэлтгэл нөхцөлийг одооноос хангахаар ажиллаж байна гэсэн таамаглал дэвшүүлж байна. Үүний тулд сүүлийн 20 гаруй жилд хэвшин тогтсон Хятадын дээд эрх баригчдыг тодруулан томилдог тогтолцоо, дэг журмыг Си дарга нэлээд өөрчлөх бололтой. Жишээ нь дээд эрх баригчдыг томилохдоо харгалзан үздэг нэг томоохон шалгуур нь насны хязгаар тавьдаг журам. Өмнөх их хурлуудаар 68-аар насны хязгаар тавьж байв. Энэ шалгуураар одоогийн Хятадын топ 7 удирдагчдын 5 нь тэтгэвэрт гарахад хүрч байна. Эдүгээ 69 настай, авилгатай тэмцэх ажлыг удирдаж буй Ван Чишань дахин сонгогдох эсэх нь дээрх насны хязгаар тавьдаг журам өөрчлөгдсөн эсэхийг харуулна гэж гадаадын хэвлэлүүд бичиж байна.
Гэхдээ миний бодлоор энэ удаагийн их хурал нэг их донсолгоонгүй явчих байх.
Их л өвөрмөц нөхцөл үүсээд нам доторх ил далд фракцуудын тэмцэл ил гарчихгүй бол аравдугаар сарын 18-нд нээлтээ хийх ХКН-ын 19 дүгээр их хурал хэвийн явагдах болов уу. Гэхдээ Хятадын эрх баригчдын тохиролцоо, шийдвэр гаргах үйл явц хөшигний цаана маш нууц байдлаар өрнөдөг нь тэдний уламжлал бөгөөд намын их хурлууд, бүгд хурлууд дээр үе үе том том бодлого зарлах нь ч бий.
Хятадын Коммунист намын XIX их хурлын эргэн тойронд маш олон асуудал яригдаж байгаагаас хамгийн сонирхол татаж байгаа нь залгамжлагчийг тодруулах. Сүүлийн 20 жилд тухайн удирдагч хоёр дахь удаагаа сонгогдох үед залгамжлагчаа тодруулж, албан бусаар зарлаж ирсэн уламжлал тогтсон. Зян Зэминий дараа Ху Жинтао, дараа нь Си Жинпин гээд зарлачихсан. Түүнтэй адилхан Си Жинпин 5 жилийн дараа өөрийг нь залгамжлах хүнээ зарлах уу гэдэг асуудал сонирхол татаж байсан.
Гэтэл тийм 6 дахь үеийн удирдагчаар тодрох маш их магадлал өндөртэй, нэлээд нэр хүндийг олж байсан бараг Си-гийн залгамжлагч гэгдэж байсан Чунцинь хотын намын дарга Сун Жэнцай гэж нөхөр долдугаар сард намын сахилга бат алдсан хэргээр улс төрийн тавцангаас арчигдлаа. Бээжин хотын дарга Чэн Шитун болон Шанхай хотын дарга ч гялалзаж гарч ирээд мөн л авилга, хээл хахуулийн хэргээр буруутгагдан улс төрөөс шахагдан гарч байлаа. Ер нь Хятадын хөшигний ар дахь улс төр нарийн, учир битүүлэг явагддагаараа алдартай шүү дээ.
Хятадын Коммунист намын дээд удирдлагын түвшинд халаа сэлгээ хийх дүрэм журам, дараагийн удирдлагаа сонгож ирсэн уламжлалаа өөрчлөх тухай яригдаж байна. Дэн Сяопиний үеэс гарсан бичигдээгүй хэдэн журам байдаг. Ялангуяа нам төрийн дээд удирдлагын хүн нэг албан тушаалд нэг л удаа дахин сонгогдоно, насны хязгаар тавина, тэтгэвэрт гардаг болно, насан туршийн удирдагч гэж байж болохгүй, фракц бүлэглэлүүдтэй зохицсоны үндсэн дээр дараагийн удирдагчийг тодруулж байна гэсэн хамтын удирдлагыг чухалчилсан зүйлс бий.
Си Жинпин энэ бүхнийг аажмаар өөрчилж байна гэж яригдаж байна. Ялангуяа дээд удирдлагыг гартаа авсны дараа тэрбээр Хятад дахь авилгатай хатуу тэмцэх, удирдлагын бүтцэд маш их нөлөөтэй фракцуудыг устгана, улс орныхоо эрх ашгийн төлөө эцсийн шийдвэр гаргана гэж гэж ил далд мэдэгдэж, үйл ажиллагаагаараа харуулахыг хичээж байгаа. Үүний тулд нам, төр, цэрэг, эдийн засаг санхүүгийн бүхий л эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх алхмуудыг аажмаар хийсээр байна. Хамгийн сүүлийн жишээ бол гол, цөм удирдагч буюу Core-leader гэж зүйл гаргаж ирлээ. Өмнө нь Дэн Сяопинийг л ингэж гол удирдагч гэж нэрлэж байсан.
Аливаа улс орон, улс төрийн намуудын дотор дээд эрх мэдлийн төлөө ширүүн тэмцэл өрнөдөг нь жам ёсны асуудал. ХКН ч энэ асуудлыг тойрч гараагүй. Ийм зөрчил тэмцлээс зайлсхийх, засгийн эрх мэдлийг шилжүүлэх үйл явцыг арай ил тод, ойлгомжтой байлгах үүднээс Дэн Сяопин дээр дурдсан удирдлагыг сонгох дүрэм журмыг гаргаж ирсэн. Фракцуудыг сонсоод байвал хөдөлж чадахгүй. Гэтэл нөлөө бүхий том фракцууд байна, залуучуудын эвлэлийн фракц, Зян Зэминий фракц байна. Яг ажил хийх хүмүүс нь насны хязгаарт орчихоод байдаг.
Тиймээс тоглоомын дүрэм Хятадын Коммунист намын дотор яаж өөрчлөгдөх нь бүрхэг байна. Ямар шалгуураар дараагийн удирдагч сонгогдох нь их сонин. Си Жинпиний ганц барьж байгаа зүйл авилга л байна. Энэ нөхөр улсын өмчөөр хийсэн бизнест оролцсон уу, хар бизнест холбогдсон уу гэж шалгаад л тэр нь болохгүй байна гээд хасч байх шиг санагддаг.
Энэ хурлаас Хятадын удирдлага, бодлого тодорч, араас нь үйл явдлууд өрнөх байх.
Эдийн засгийн бодлогын хувьд томоохон эргэлтийн шинжтэй өөрчлөлт гарах болов уу?
Хятад цаашдаа эдийн засгаа ямархуу байдлаар хөгжүүлэх вэ гэдэг нь мөн л хариу хүлээж байгаа асуудал. Дэн Сяопиний үеэс эхэлсэн төлөвлөгөөт төвлөрсөн хуучирсан арга барилыг өөрчлөн, газрыг тариачдад, бизнес эрхлэгчдэд эрх чөлөө өгснөөр ихээхэн амжилт олсон нөхцөл байдал одоо өөрчлөгдөж байна. Хятадын улсын өмчийн том үйлдвэрүүд, төрийн монополь удирдлага, хяналт нь зах зээлийн систем, ардчилал, либерализмтэй яаж уялдах нь эргээд маш том асуудал болчихлоо.
Хятад сүүлийн жилүүдэд гурван том хувьсал өөрчлөлт хийсэн. Нэгдүгээрх нь шинэтгэл, нээлттэй бодлого. Хоёр дахь нь Дэлхийн худалдааны байгууллагад орох гэж маш том хувьсгал хийсэн. Дэн Сяопин хүчээр шахаж хийсэн зүйл. Тухайн үедээ асар их эсэргүүцэлтэй тулгарсан.
Гуравт шинжлэх ухаан технологийн хөгжил гарч ирлээ. Тоон систем, дрон, банкны систем гээд хүссэн хүсээгүй Хятадын эдийн засаг маш олон үе шат, давхраатай болчихлоо. Том зах зээлтэй учраас түүндээ зохицоод нар, салхины эрчим хүч, сансар, өндөр хурдны галт тэрэг гээд шинжлэх ухаан, техникийн том хувьсгалыг хийгээд эхэлчихлээ.
Нэг хэсэг нь маш өндөр түвшинд хөгжин, хамгийн хэмнэлттэй, зардал багатай руу яваад байдаг. Гэтэл улсын том үйлдвэрүүд болох гангийн үйлдвэрүүд, нүүрсний үйлдвэрүүд нь нүсэр том, маш үрэлгэн байгаад байдаг.
Шинжлэх ухаан технологийн дэвшлийг хувийнхан нь шуурхай авчихаад байдаг, улсын үйлдвэрүүд үлдэж хоцроод байдаг. Одоо цаашаа улс төрийн системээ эдийн засгийн системтэйгээ яаж уялдуулах вэ, чөдөр тушаа болоод байна уу, юу болоод байна вэ. Цаашдаа яаж хөгжих вэ гэдэг ямар ч хариултгүй байна. Байх ч арга алга. Судлаад л, яриад л байдаг. Ху Жинтао бол шинжлэх ухаанч хандлага, дараа нь эв хамт хармони хөгжил гэсэн бодлого дэвшүүлж байлаа. Гэсэн мөртлөө болохгүй байна. Тиймээс Си Жинпин одоо ямар бодлого явуулах нь сонин. Голч бодлого гэсэн зүйл өөрөө цухас дурдан түүнийг түшиглэж байж Хятад цаашаа хөгжинө гэсэн. Тэрийгээ яаж хөгжүүлж гарч ирэх нь үү, тэр нь үр дүнд хүрэх үү гэдэг асуудал байна.
Гурав дахь асуудал болох Хятадын гадаад бодлого, стратегийн чиг шугам бас их сонирхол татаж байгаа. Зөөлөн хүчний бодлогыг ашиглахыг маш их эрмэлзэж байна. Их гүрний шинжтэй Америк маягийн, их мөнгө хаяж, том зорилго тавьж, алсуураа сууриа бэхжүүлэх бодлого явуулж байна. Үүний илрэл нь “Нэг бүс нэг зам”. Бүх нийтээрээ “Нэг бүс нэг зам” гэж юу болох, дэлхийд юу авчрахыг маш их судалж ярьж байгаа ч хэн нь ч хэлж чадахгүй байна.
Тэр бүү хэл Хятад дотроо ч зөрчилтэй байгаа. Нэг хэсэг нь Хятад ингэх болсон, зангарагтай хөдлөх хэрэгтэй гэж ярьж байгаа ч нөгөө хэсэг нь энэ бол маш их хөрөнгө зардал гаргаж, асар их алдагдалд орж болзошгүйг ярьж байна. Өөрөөр хэлбэл улсын төсвийг үргүй зарах вий гэх болгоомжлол байна. Гэхдээ түүнийгээ ил ярихгүй байна л даа. Нөгөө талаасаа Хятад цэрэг зэвсэг, батлан хамгаалах зардалдаа маш их мөнгө хаяж байна. Цаана нь орлого их байгаа учраас ингэж бодож байгаа юм байлгүй дээ.
Бусад улс орнууд руу ч маш их хөрөнгө мөнгө зарцуулдаг болж байна. Монгол-Хятадын харилцаан дээр аваад үзэхэд урд хөршийн том дарга нар Монголд ирэхдээ сайндаа л 40-50 сая юань амлаж байсан. Гэтэл Си Жинпин ирээд 15-20 дахин их буюу 1.3 тэрбумыг буцалтгүй өгнө гээд эхэлсэн. Ганц Монголд биш. Арилжааны зээл, хөнгөлөлттэй зээлийг бүх л улс орнууд руу цацаж байна. Өмнөд Хятадын тэнгист том арал үүсгэхийн тулд өчнөөн тэрбумаар нь доллар хаяж байна. Зарим судлаачид энэ хурдаар явбал Зөвлөлт улс капиталист бус хөгжлийн зам гээд баахан хөрөнгө цацаж явсан шиг юм болж мэднэ гэдэг.
Нөгөө талаас Хятадын эдийн засгийн нэг ноцтой үзэгдэл бол өрийн дарамт. Дотоод, гадаад нийт өр нь ДНБ-ий 300 хувьд хүрч байна гэдэг. Энэ өрийн дарамтыг яаж арилгах вэ гэдгийг барууныхан их ярих юм. Өөрсдөө шууд биш ч гэсэн өрийг бууруулах, улсын үйлдвэрийн газраа хувьд өгч тэглэх байдлаар зохицуулах талаар яриад байгаа.
Хятадын нэг бас нэг том асуудал нь баян ядуугийн зааг, ядуурал, нийгмийн бухимдал байдаг. Зах зээлийн эдийн засгийн зарчим, үр ашгаа бодоод гангийн үйлдвэр, нүүрсний үйлдвэр зэрэг улсын том үйлдвэрүүдээ олноор хаачихаар олон сая хүн нь ажилгүй болоход хүрдэг. Цэргийн тоогоо 300000-аар хорогдуулж цомхотгосон чинь өнгөрсөн хавар халагдсан цэргүүд жагсаал суулт хийсэн. Том гүрний дарамт нь нэгийг шийдэхээр өөр нэг асуудал босоод ирдэг. Хятадын макро түвшний нөхцөл байдлыг ойлгох нэг өөр. Яг Монгол Хятадын харилцааны хооронд нарийвчлан ярихад бас нэг өөр л дөө.
Дэлхийн 60 гаруй орны далайн боомт, газрын тос, хий дамжуулах хоолой, авто болон төмөр замуудыг холбосон улс дамнасан дэд бүтцийн парк, эдийн засгийн коридор бүхий аварга сүлжээ бий болгохыг Хятад улс хүсч байна.
Улс орнууд ч үүнд нэгдэх өөр өөрийн санаачилгуудыг дэвшүүлж байгаа. “Нэг бүс нэг зам” санаачилгын түүхий эдийн эрэлт Монголд асар их нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлт байдаг. Олон улс судлаачийн хувьд Та нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?
Хятад “Нэг бүс нэг зам”-ын дагуу дэлхийн шинэ дэг журам үүсгэнэ, хөгжиж буй орнуудыг тийш татна гээд баахан мөнгө хаяж байна. Тэр нь үр ашиггүй болбол эдийн засаг нь туйлдана гэсэн асуудал нөгөө талд нь яригддаг. “Нэг бүс, нэг зам” санаачилгад орох улс оронд Хятад улс хатуу шаардлага, нөхцөл болзол тулгадаг гэсэн яриаг Монголд суугаа Хятадын Элчин сайд үгүйсгэж байсныг санаж байна. Нэг талаасаа Хятад улс “Нэг бүс нэг зам”-ыг маш богино хугацаанд эрчимтэй байгуулна гэж мэдэгдсэн. Нөгөө талаас зарим улс орон “Хятад төвтэй төсөл болох нь” гэж үзэх болсноос үүдэж ийм яриа гарсан болов уу. Гэхдээ Хятадын талаас энэ төслийг урт хугацаанд хэрэгжинэ, бидний хамтын хүчин чармайлтаар үр дүнд хүрнэ гэж мэдэгдсээр байгаа.
Дашрамд дурдахад Хятадын удирдлагын зүгээс “Нэг бүс нэг зам” санаачилгыг хэрхэн хэрэгжүүлэх судалгаанд их хүч хөрөнгө хаяж байна. Тухайлбал, Өвөр Монголын их сургууль дээр суурь судалгааны том төслийг өнгөрсөн жилийн эцсээр зарласны нэг чухал чиглэл нь Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор байгуулах асуудал байна. Энэ төсөл дээр миний бие зочин судлаачийн хувьд оролцож байгаа.
Тавдугаар сард болж өнгөрсөн “Нэг бүс нэг зам” дээд хэмжээний уулзалтад 60 гаруй орноос 29 орны төр, засгийн удирдлагууд ирсэн. Төрийн тэргүүнүүд бүр цөөхөн. Мэдээж хэрэг бүс нутгийн хэмжээний том гүрний бодлогыг шууд эсэргүүцэх улс орон байхгүй биз. Гэхдээ Монгол шиг дэд бүтэц сул хөгжсөн орны хувьд “Нэг бүс нэг зам” хөтөлбөрт тулгуурлан эдийн засгийн гол суурь болох дэд бүтэц, эрчим хүч, боомтын бүтээн байгуулалтаа амжуулж хийх хэрэгтэй.
Гол нь Монгол улсад бизнес төслийн талаарх ойлголт муу байна. Тавантолгойгоос Гашуунсухайтын боомт хүртэлх 267 км төмөр замын бүтээн байгуулалтыг харахад хил дээр огтлолцох хэсгийг яагаад анхнаасаа тооцоолоогүй нь ойлгомжгүй. Хоёр талаасаа уулзах төмөр зам арав гаруй километр газар зөрчихөөд байгаа биз дээ. Бизнес төсөл хийхдээ хэт яарч адгаснаас ийм алдаанууд гарч байна гэж бодогддог. Барууныхан, япончууд хэдий уддаг ч гэлээ бүх зүйлээ төлөвлөж, тооцоолж, засаг төрөөс холбогдох шийдвэрийг гаргуулж байж ажлаа эхлүүлдэг. Оюутолгой төсөл ийм л замаар явсан.
Хоёр хөршийн худалдааны сувгийн том ашиг сонирхлыг гурван улсын Эдийн засгийн коридор болгох алхмыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эхлүүлсэн. 32 төсөл яригдаж байсан ч бодитоор хэрэгжих боломжтой 20 орчим төсөл дээр гурван улс ойрмогхон тохиролцох төлөвтэй байх шиг байна. Эдийн засгийн коридорыг цаашид үргэлжлүүлэн ажил хэрэг болгох эсэх нь одоо Ерөнхийлөгч Х.Баттулгаас шууд хамаарахаар болж байна. Ерөнхийлөгч энэ чиглэлд ямар алхам хийх ёстой вэ?
Эдийн засгийн коридор хөтөлбөр бол гурван улсын удирдагч нарын дээд хэмжээний уулзалтын үр дүн болж гарсан баримт бичиг. Энэ хөтөлбөрт гурван тал өөр өөрсдийн түлхүү ач холбогдол өгч байгаа төслүүдээ оруулжээ гэж боддог. Хятадын тал гэхэд 190 төсөл санал болгож байсан. Гурван улсаас санал болгосон төслүүдээс шүүсээр 32 төсөл хэрэгжүүлэхээр болсон. Гэтэл одоо бэлэн болсон, хэрэгжээд эхэлсэн нэг ч төсөл алга. Ихэнх нь тооцоо судалгаа муутай. Миний бодлоор үүнийг хөтөлбөр биш, санамж бичиг, тунхаглал гэж нэрлэх нь зөв байсан. Одооноос л харин жинхэнэ хөтөлбөр гарч байх учиртай.
Эндээс хэрэгжүүлж болох гурван том төсөл л харагддаг.
Нэгдүгээрх нь, Трансмонголын цогц коридор буюу Алтанбулагаас Замын-Үүдийн хоорондох шугамыг яаралтай шинэчлэх. Үүнд автозам, төмөр зам, боомтуудын шинэчлэл багтана. Эхний бүтээн байгуулалтын хувьд ихэнх нь бэлэн учраас зөвхөн шинэчлэх асуудал хөндөгдөнө. Бараа бүтээгдэхүүн, зорчигч тээврийн урсгал эхэлсэн, Монголын хүн амын гуравны хоёр нь төвлөрдөг гэдэг утгаараа сонгодог, иж бүрэн төсөл болох учиртай. Мэдээж хэрэг, Эрээнээс Жининь, Хиагтаас Эрхүү орох хэсгүүдэд жижиг модернаци хийх шаардлага бий.
Хоёр дахь чиглэл бол уул уурхай хөгжиж байгаа бүсээс авто зам, төмөр замыг урд хөршийн боомттой яаралтай холбох асуудал. Гурав дахь чиглэл нь дотоодын хөндлөн, босоо шугамуудын бүтээн байгуулалтыг цаг алдалгүй эхлүүлэх. u
Баруун бүсийн босоо замын ажил дуусах шатандаа орсон гэж сонсогдсон. Тэгэхээр цаашид 32 төслийн дараагийн төслүүдийн ТЭЗҮ-ийг боловсруулах, хоорондын уялдаа холбоог хангах ажлыг тасралтгүй хийж байх хэрэгтэй байна.
Бидний жишээ авах дуртай Австрали, Канад зэрэг улсын уул уурхай ийм өндөр хөгжилд хүрсний учир нь сонгодог зах зээлийн зарчмаар бүх зүйл явдагтай холбоотой. Наанадаж л спот зах зээлийг үүсгэж, бараа бүтээгдэхүүнээ агуулахдаа бэлэн байлгаж байдаг. Ложистик нь маш сайн хөгжчихсөн.
Энэ бүхэн дэд бүтцээ дагаж л хөгжинө. Авто замаар Тянжин руу коридор үүсвэл энэ нь транзит тээврийн хөгжилд нэг том түлхэц болно шүү дээ. Дагаад том том тээврийн компаниуд үүснэ, мах болон бусад бараа бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээ ч хөгжинө.
Эдийн засгийн коридор байгуулах талаар төр засгийн дээд түвшиндээ тохиролцсон мөртлөө ОХУ хийн хоолойгоо Монголоор дайруулдаггүй, Алс Дорнодоор тойруулаад Хятад руу холбож байна гэдэг. Энэ талаар Та юу хэлэх вэ?
Үнэндээ ОХУ зориудаар Монголыг тойруулаад хийн хоолой тавиад байгаа юм биш. Ямар ч улс эдийн засгийн үр ашиг, улс орны эрх ашгаа л нэгдүгээрт тавина. Энэ утгаараа бодит байдал дээр Монголоор дайруулж хийн хоолой тавих үндэслэл одоохондоо харагдахгүй байна. Орос, Хятад хоёулаа Алс Дорнод руу чиглэсэн ашиг сонирхолтой. ОХУ-ын хувьд хийн хоолойг Монголоор дайрууллаа гэхэд цаана нь Хятад гэсэн ганцхан хэрэглэгчтэй.
Ганц худалдан авагчтай байснаар ямар асуудалд орсныг оросууд Европт тохиолдсон үйл явдлаас яс махаараа мэдэрч ойлгосон байх. Тиймээс хятадуудын аманд орохгүйгээ мэднэ. Нэгэнт хийн хоолой тавихаар болвол Алс Дорнодыг сонгох нь буруу биш. Алс Дорнодынхон өөрсдөө газтай болж, энэ хэрээр ажлын байр нэмэгдэн, амьдрал ахуй нь сайжирна. ОХУ-ын стратегийн зорилго нь мөнгө, ашиг биш, харин Алс Дорнодоо хөгжүүлэх. Нөгөө талаасаа нэгэнт далайд хүрсэн газыг цааш нь хэнд ч зарж болно. Япон, Тайвань гээд том зах зээлүүд бий. Энэ утгаараа ОХУ хийн хоолойгоо Алс Дорнодоос Хятад руу салаалуулж тавьж байгаа юм. Эдгээр хийн хоолой нь ачааллаа дийлэхээ больж, нэмэлт маршрут шаардлагатай болсон тохиолдолд л Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах байх.
Хийн хоолойн нэмэлт маршрут Монголоор дайрлаа гэхэд энэ нь ирээдүйд манай улсын хийн зах зээлийг шахах бодлого болчих юм биш биз?
Монгол улс ирээдүйд ОХУ-ын нефтийн хараат байдлаас бүрэн гарах болно. Өөрийн гэсэн нефтийн үйлдвэртэй болж, нүүрснээс хий гаргаж, дотоодын хэрэгцээгээ хангах бодлогыг манай улс явуулж байгаа. Ингэхээр ОХУ-д Монголын гэхээр зүйл бараг үлдэхгүй болж магадгүй. Тиймээс ОХУ нэгдүгээрт хийгээ борлуулах гадаад зах зээлтэй байхаас гадна Монголыг хийгээр давхар хангаж, нэг ёсондоо манай эрчим хүчний том төслүүдийг үнэгүйдүүлнэ.
Монгол улс Оросын нефтийн хараат байдлаас гарах ч эргээд хийн хараат байдалд орох эрсдэл бий. 2003 онд Орос, Хятадын харилцаа эрс муудсаныг та бүхэн мэдэж байгаа байх. ОХУ нефтийн хоолойгоо Хятад руу тавина гэж байснаа шууд Алс Дорнод руу чиглүүлчихсэн. Үүнээс болж Хятадын тал дургүйцлээ илэрхийлж байсан удаатай.
Орос улс эрчим хүчний хэрэглэгч том орон ч Хятадын эрчим хүчний нийлүүлэлтэд тун бага хувийг эзэлдэг. Хятадын хувьд нефть, хийгээ Малаккийн хойг, далайгаар дамжуулан тээвэрлэдэг бөгөөд эх газраас нефть, хий авч байх сонирхолтой. Энэ нь эрчим хүчний нэг зах зээлээс хараат бус, боломжит олон чиглэлийг бий болгох бөгөөд нэгд нь асуудал гарлаа гэхэд нөгөөх нь хэвийн үргэлжлэх бодлогыг Хятад улс баримталж байна.
Одоогийн нөхцөлийг харахад гадаадын хөрөнгө оруулалтын хувьд манай улсын аль ч салбарт өмнөд хөршийн бизнес давамгайлсан байдалтай болчихлоо. Үүнийг тэнцвэржүүлэхийн тулд хэрхэх ёстой вэ?
Монгол бол өргөн уудам нутагтай ч зах зээл, ажиллах хүчний хувьд хязгаарлагдмал, бодлого боловсруулах чадавх доогуур байгаа өнөөгийн нөхцөлд жам ёсны монополь байдал шууд нөлөөлж байна.
Энэ нь нэг талаасаа газар зүйн байршил, нөгөө талаасаа хэзээ ч өөрчилж чадахгүй Орос, Хятадын зах зээлийн нөхцөл байдал. Энэ бол давагдашгүй хүчин зүйл. Иймд монголчуудад бодлого хэрэгжүүлэх гурван арга зам байна гэж би үздэг.
Нэгдүгээрт, дэд бүтцийг маш өндөр түвшинд хөгжүүлэх хэрэгтэй. Ингэсэн цагт улс орнууд хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгдэнэ. Түрүүн хэлсэнчлэн авто зам, төмөр замаа сайжруулах хэрэгтэй. Хоёрдугаарт, бизнесийн орчинг сайжруулах. Авлигаас ангид байж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох ёстой. Одоогоор Оюутолгойг эс тооцвол уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт шинээр орж ирэх нь зогсчхоод байна.
Судлаачийн үүднээс харахад Монголд өмнөд хөршийн жижиг хөрөнгө оруулалтууд давамгайлсан байдалтай байна. Жижиг салбаруудад хэн ч орж ирэхгүй, хятадууд л хөрөнгө оруулж байгаа. Гэхдээ Оюутолгой, Эрдэнэт шиг том үйлдвэрүүдийг ажиллуулж байгаа Хятадын хөрөнгө оруулалт байхгүй. Тиймээс уул уурхайн салбарын том хөрөнгө оруулалт дээр Оюутолгойн буюу барууны хөрөнгө оруулалт жин дарж байна. Гэсэн хэдий ч “Шенхуа”, “Чалко” шиг том төслүүд ороод ирвэл хөрөнгө оруулалтын байр суурь эрс өөрчлөгдөх болно.
Бид ойрын арав хорин жилдээ хүссэн хүсээгүй гадаадын хөрөнгө оруулалтаар л хөгжинө. Тэр тусмаа ухаалаг хөрөнгө оруулалт маш чухал. Түүхийг сөхөж үзвэл Дорнод Хятадын төмөр замыг Орос-Хятадын хамтарсан компани наян жил эзэмших гэрээ байгуулж байв. Шаардлагатай тохиолдолд гучин жилийн дараа Хятад худалдаж авахыг энэ гэрээгээр зохицуулж байлаа. Тэгэхээр бид том хөрөнгө оруулагчидтай мөнхийн гэрээ байгуулж болохгүй. Тавантолгойн төмөр зам дээр гэхэд бид хязгааргүй хугацаатайгаар гэрээ байгуулах гэж байсан шүү дээ. Хугацаа байхгүй тохиолдолд төмөр зам хэзээ бидний эзэмшилд ирэх нь тодорхойгүй гэсэн үг.
Улаанбаатар төмөр замын хувьд мөн адил бид хугацаагүй гэрээ байгуулсан. Уг нь шаардлагатай тохиолдолд Монгол улс мөнгийг нь төлөөд худалдаж авч болно гэсэн заалтыг гэрээнд тусгаж өгөх ёстой байсан.
Төмөр замын бүтээн байгуулалт, тэр дундаа Эдийн засгийн коридорын нэг чухал хэсэг болох төмөр зам, тэр дундаа Ханги-Мандалын төмөр замын тухайд мөн л царигийн асуудал маргаантай хэвээр байна?
Монгол-Хятадын Ханги-Мандалын боомт бол төмрийн хүдрээ экспортод гаргах гол боомт. “Болд төмөр Ерөө гол” компани төмрийн хүдрээ Хятадын Бугатын үйлдвэр рүү зөөж байгаа. Ерөнхийдөө Эрээн, Жининь гээд тойрч очдог. Нөгөө талаас Бугатын төмрийн ордын нөөц багасч байна. Баян-Овоо хэмээх зангилаа цэг Бугатын наад талд бий.
Энэ талаас нь харвал Замын-Үүд-Эрээний ачааллыг бууруулах замаар Сайншандаас чанх урагшаа яваад шууд Баян-Овоо хүрэх боломжтой. Энэ нь хэн хэндээ ашигтай хувилбар. Нөгөө талаас Тавантолгойн сайн чанарын коксжих нүүрсийг Бугат руу зөөх боломж бас бий. Яг ийм асуудал яригдаж байх хооронд Ханги-Мандалын боомт хүрэх төмөр замыг нарийн царигаар барих асуудал бас л босч ирж байна. Нарийн царигтай төмөр зам барилаа гэхэд Сайншанд дээр дугуй солих шаардлага үүснэ. Тиймээс Баян-Овоо хүртэл өргөн царигтай, эсвэл хос царигтай төмөр зам тавих нь илүү үр ашигтай байж магад.
ОХУ нь Эрдэнэт, Монголросцветмэт дэх хувь эзэмшлээ Монголд зарсан жишээнээс Монголын стратегийн ордууд дахь ашиг сонирхлоосоо ухарч байна гэсэн таамаглал яригддаг Таны хувьд энэ дүгнэлттэй санал нийлэх үү?
Оросын судлаачид, улстөрчдийн ярьж, бичиж байгаагаас харахад Монголыг алдаж болохгүй гэх геополитикийн сонирхол нь хэвээр байна. Орос улсад өнөөдөр төрийн хөрөнгө оруулалтаас илүү хувийн хөрөнгө оруулалт давамгайлах болсон. Компанийн бодлого нь илүү давамгайлж байна гэсэн үг.
Бодит байдал дээр, Оросын улс төр, бизнесийн бүлэглэл, орон нутгийн сонирхол хоорондоо салчихсан. Тэднийг нэгтгэж Монголд төвлөрүүлнэ гэдэг хүндрэлтэй. Эрдэнэт үйлдвэрийг алдахгүй байх сонирхол хойд хөршид байсан. Гэтэл Ростех компани энэ тал дээр бизнесийн өнцгөөс харж шийдвэрээ гаргасан. Эрдэнэтийн нөөц дуусах болоогүй, хамгийн ашигтай байгаа үед нь хувиа зарах алхам хийжээ гэж би хардаг.
“Олон компанийн хувьцаа зарсан. Гэхдээ Эрдэнэт шиг өндөр үнэ хүрсэн хувьцаа байхгүй” гэж Оросын хариуцлагатай албан тушаалтнууд ярьсныг хэвлэлээс уншсан. Яг үнэндээ нөөц нь дуусах дөхөж байгаа уурхайг хэн авах юм бэ. Мэдээж хэрэг, Орос улс Монголд байр сууриа алдахгүй байх сонирхол бий. Гэхдээ сонирхол, бодит байдал хоёрт жаахан зөрүү байна. Боломж гарвал оросууд Монголд хөрөнгө оруулахад бэлэн. Ялангуяа Монголын хөдөө аж ахуй, эрчим хүч, батлан хамгаалахын салбарт оросуудын сонирхол их байна, алдахгүйг ч хичээж байна.