Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Алс Дорнодын нүүрсний стратеги



Э.Оджаргал  

Дорнын эдийн засгийн форумын үеэр Хятадын тэрбумтан Ронни Чичунг Чан өнөөг хүртэл яагаад “Алс Дорнод” гэж нэрлэгдсэн хэвээр байгааг Путинээс гайхан асуужээ. ”Алс” гэхээр ертөнцийн хязгаар мэт, амьдрал үгүй хоосон газар нутаг төсөөлөгддөгийг Хятадын тэрбумтан нуусангүй. “Хэрэв чамд хөлөг онгоц байгаа бол хүчирхэг нэр өгөх хэрэгтэй” гэсэн Оросын зүйр үгийг иш татан аз хийморийг бэлгэдэн хөлөг онгоцонд  нэр хайрладагтай зүйрлэн асуултаа тайлбарлажээ.

Орос орны газар нутгийн 40%-ийг эзлэн оршдог Алс Дорнодод тус улсын нийт хүн амын ердөө 4.6% нь амьдарч байна. Хөгжлөөс хоцорч алслагдсан энэ бүс нутаг өнөөдөр улсынхаа нийт татварын орлогын ердөө 5%-ийг л бүрдүүлдэг. Байгалийн асар их нөөц баялагтай боловч дэд бүтцийн сул хөгжлөөс үүдэн эдийн засгийн эргэлтэд орж чадаагүй. Цорын ганц төмөр замтай бөгөөд түүнийг Транссибирийн төмөр зам гэх. Энэхүү төмөр замын салаа болох БАМ нь Евразийн эх газраас зүүн тийш далайг чиглэнэ.

Кремль нь Сибирийн байгалийн баялагт тулгуурлан Приморийн хязгаарын далайн гарцыг ашиглан Алс Дорнодыг олон улсын эдийн засгийн шинэ төв болгох амбицитай. АНУ, Европоос үл хамаарах эдийн засагтай болох геостратегийн том зорилт оросуудад бий. “Алс Дорнод бол бидний XXI зууны давуу тал” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тодотгосон байдаг.

Алс Дорнод болон ар Байгалийн бүс нутгийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг баталснаас хойш 4 жил өнгөрчээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2025 он хүртэлх хугацаанд бүс нутгийн хөгжилд 10 их наяд рубль зарцуулах тооцоо байгаа юм. Улсын төсвөөс гадна гадаадын хөрөнгө оруулалт татаж үүнийг бүрдүүлэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн дөрвөн жилд Хятад, Өмнөд Солонгос, Япон, Энэтхэг улс тэргүүлсэн том жижиг 700 гаруй төсөл хэрэгжиж буй бөгөөд 3 их наяд рублийн хөрөнгө оруулалт татсаныг Алс Дорнодын хөгжлийн сайд Юрий Трутнев мэдэгджээ.

Бүс нутгийг хөгжүүлэхдээ юуны түрүүнд БАМ, Транссибирийн төмөр замыг шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Үүнд 562 тэрбум рубль зарцуулах бөгөөд 260 тэрбум рублийг улсын төсвөөс гаргахыг чухалчилсан юм. Төлөвлөгөөний эхний шат хэрэгжиж дуусах 2019 онд хүчин чадал нь 66 сая тонноор нэмэгдсэн байх учиртай төмөр замаар Сибирийн ашигт малтмал, түүнд түшиглэсэн боловсруулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг Алс Дорнодын далайн боомтуудаар дамжин Ази-Номхон далайн орнууд, тэр дундаа Хятадын зах зээлд хүргэх зорилттой. Сочийн олимпид зарцуулсан хөрөнгөтэй эн тэнцүүхэн өртөгтэй төмөр замын төслийн төлөвлөгөөнд аудит хийсэн Delloit компанийн зүгээс өвлийн улирлын эрс тэс хүйтэн нөхцөлөөс хамаарч төмөр замын хүчин чадал 30 сая тонноос илүү гарч чадахгүй гэж үзсэн байдаг. Оросын РБК медиа группын сайтад БАМ, Транссибирийн төмөр замыг шинэчлэх төслийн өртгийг “дэндүү өндрөөр” тооцоолсон тухай эрэн сурвалжлах цуврал нийтлэл гарсан нь бий. Төлөвлөгдсөн хүчин чадалд хүрч чадах эсэх нь эргэлзээтэй байгаа ч 2025 онд дуусах II шатны шинэчлэлийн сүртэй тоо бүхий үр дүнгийн талаар РЖД мэдээллээ идэвхтэй түгээсээр байгаа.

Одоогоор Транссибирийн төмөр зам 100 сая тонн, БАМ ойролцоогоор 10 сая тонныг жилд тээвэрлэх хүчин чадалтай. Эдгээр төмөр замын гол ачаа тээвэр нь нүүрс юм. Оросын нүүрсний нийт экспортын 67% нь Алс Дорнодын боомтоор гадаад зах зээлд гарч байна. 2017 онд нүүрсний экспортоо 185 сая тоннд хүргэх төлөвлөгөөтэй. Энэхүү төлөвлөгөөн дээр нэмээд Кузбассын уурхайгаас 30 сая тонн нүүрсийг гадаад зах зээлд нийлүүлэх боломж байгаа ч төмөр замын одоогийн хүчин чадлаар хязгаарлагдсаны улмаас гаргаж чадахгүй байгаа юм. Эхний найман сарын хугацаанд Кузбассын уурхайгаас 159.5 сая тонн нүүрс олборлосноос 92.9  сая тонныг экспортолжээ. Кузбассынхаа нүүрсийг төмөр замаараа тээвэрлэж дийлэхгүй байгаа энэ үед Якут болон Тувад нүүрсний шинэ төслүүд эрчимтэй хэрэгжиж эхлээд байна. Мэдээж, зах  зээлийн таатай үеийг ашиглахаар яарч байгаа.

Якутын нүүрс зөвхөн төмөр замаар хэрэглэгчдэдээ хүрч байна. Амар-Якутын магистраль нь 800 км үргэлжлэн Транссибирийн төмөр замтай холбогддог. 2030 он гэхэд нүүрсний олборлолтоо 39 сая тоннд хүргэх төлөвлөгөөтэй Якут нь 880 тэрбум тонн нүүрсний нөөцтэй нутаг юм. БАМ, Транссибирийн төмөр замын хүчин чадал нэмэгдэх үед Орос улс нь коксжих нүүрсний нийлүүлэлтээр дэлхийн зах зээлд тэргүүлэх зорилт тавиад байгаа. Одоогоор Якутад 11 нүүрсний уурхай идэвхтэй ажиллаж байна. 2.2 тэрбум тонн сайн чанарын коксжих нүүрсний нөөцтэй Элгагийн ордоос 17 сая тонн нүүрс 5 жилийн дараа гэхэд олборлож эхэлнэ. “Мечел” компанийн хувьд тус ордоос 321 км төмөр зам барьж БАМ-тай холбоод байна. “Улак-Элга” гэх энэ салаа зам нь 4 сая тоннын хүчин чадалтай ч цаашид 25 сая тонн хүрэх боломжтой юм.

2021 оноос “Колмар” компани Өмнөд Якут дахь Инаглинск-Денисовын уулыг баяжуулах үйлдвэр, Нерюрингийн ордоос жилдээ нийт 20 сая тонн коксжих нүүрсийг Ази-Номхон далайн орнууд, Хятад, Японы зах зээлд нийлүүлэхээр бэлтгэж байна. Үүний тулд Ванино боомт дээр 24 сая тонн хүчин чадалтай нүүрсний терминалыг 2019 онд ашиглалтад оруулахаар одоо ид ажиллаж байгаа. 

Хятадын төрийн өмчит “China Coal” корпораци нь Сибир нутгийн бүсэд Оросын “Евраз” групптэй хамтарч 1.79 тэрбум ам.долларын эрчим хүчний нүүрсний төсөл хэрэгжүүлдэг. Энэхүү төслийн хүрээнд Тувагийн Улуг-Хемский нүүрсний сав газрын Межегейн ордоос жилд 1.5 сая тонн нүүрс олборлож байгаа ч ирэх жилээс олборлолтоо нэмэгдүүлэн 5-6 саяд хүргэх юм. Одоогоор Тувагийн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л компаниуд авто замаар нүүрсээ тээвэрлэж байна. Транссибиртэй холбогдох 410 км “Кызыл-Курагино” салаа замыг баригдаж ашиглалтад орох үед “China Coal” корпораци, “Евраз” групп  нүүрсээ тээвэрлэн, Өмнөд Солонгос, Японд нийлүүлж экспортоо өргөжүүлэхээр харж байгаа юм.

Энэ төслөөс гадна “China Coal” корпораци нь Караканы нүүрсний орд газарт Оросын “Каракан инвест” компанитай хамтран төсөл хэрэгжүүлэх тухай яриа хэлэлцээрийн шатанд явж байна. Кузбассын нүүрсний сав газарт багтах энэ ордоос жилд 3-4 сая тонн эрчим хүчний нүүрсийг мөн л Алс Дорнодын боомтоор гаргах учир БАМ, Транссибирийн төмөр замын ачааллыг нэмэх юм. 

Тэгвэл Забайкалын хязгаарт Олег Дерипаскагийн компани Хятадын “Шенхуа” групптэй хамтран нүүрсний төмөр зам тавих ажлыг эхлүүлэх гэж байна. Хятадын төрийн өмчит группын Орост хэрэгжүүлж буй анхны том төсөл нь Зашуланск нүүрсний орд юм. 2018 оноос олборлолт эхэлж, жилд 6 сая тонн эрчим хүчний нүүрс төмөр замаар тээвэрлэх болно. Төслийн зорилтот зах зээл нь Хятад бөгөөд нүүрсээ экспортлохын тулд ордоос 180 км салаа төмөр зам барьж Транссибирийн төмөр замтай холбохоор төлөвлөж байна.

“Шенхуа” группын дараагийн том төсөл нь Оросын төр 72.75%-ийн эзэмшилтэй “Ростоппром” болон РЖД компаниудтай хамтрах бөгөөд Амар мужийн Огоджинскийн нүүрсний сав газарт хэрэгжинэ. Хоёр тал “Огоджинскийн эрчим хүчний компани”-ийг 2010 онд байгуулж, төсөлд “Шенхуа” групп 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон байдаг. Гэвч нүүрсний зах зээлийн таагүй нөхцөл байдлаас шалтгаалж Хятадын талын санаачилгаар хэсэг хугацаанд төслийг царцаагаад байсан юм. Энэ оны долдугаар сард ОХУ-ын Эрчим хүчний сайдын орлогч Анатолий Яновскийн мэдэгдсэнээр  хятадууд төслийг сэргээжээ.

Төслийн хүрээнд ордоос БАМ-ын Февральск өртөө хүртэл 147 км төмөр зам шинээр барих юм. Нүүрс нийлүүлэх гол зах зээл нь Хятад бөгөөд Приморийн хязгаарын Вера боомтоор гарна.  
Алс Дорнодын 9000 км орчим үргэлжлэх далайн эрэг дагуу худалдааны 22 боомт байдаг. Өвлийн улиралд нэгдүгээр сард дунджаар -46С хэмд хүрдэг тул далайн боомтууд хөлддөг сул талтай. Нүүрсний экспорт 11 боомтоор хийгдэж байгаа ч гол боомтууд нь Восточный, Ванино, Посьет, Находка, Владивосток юм. Находка, Восточный боомтууд Транссибирийн төмөр замын эцсийн зогсоол Находка станцтай хамгийн ойр оршдог. Тус хоёр боомтын дараагаар ачаа тээврийн эргэлтийн хэмжээгээр Владивосток, Ванино боомтууд эрэмбэлэгдэнэ. 

“Восточный” нь зөвхөн Алс Дорнод төдийгүй Орос улсдаа хамгийн том нүүрсний боомтод тооцогддог байна. Боомтын 96% нь Киприйн оффшор бүсэд бүртгэлтэй “Истерн Стивидоринг” компанийн мэдэлд байдаг. 2016 оны байдлаар тус боомтоор 23.5 сая тонн нүүрс гарчээ. Гол ачаа тээвэр нь нүүрс бөгөөд дийлэнхдээ Кузбассын нүүрсийг гаргадаг. Нүүрс ачиж тээвэрлэх, төмөр замтай холбогдсон гуравдугаар хэсгийн цогцолбор ашиглалтад орсноор хоёр жилийн дараа гэхэд боомтын хүчин чадал 39 сая тоннд хүрэх гэнэ. Боомтын хүчин чадал нэмэгдэж байгаа хэдий ч ийшээ хүргэх төмөр замын тээвэрлэлт 16 сая тонноос хэтрэхгүй аж. Боомтын нүүрс Хятад, Япон, Энэтхэг, Өмнөд Солонгос, Малайз, Тайвань зэрэг орнуудад хүрдэг.

Харин “Находкийн далайн боомт”-ын хувьд цорын ганц эзэмшигч компани нь Роман Абрамовичийн “Евраз” групп юм. Өнгөрсөн жил Находка боомтоор 23.3 сая тонн ачаа гарчээ. Тус боомтоор “Евраз”, “Колмар” компаниуд нүүрсээ экспортолж байна. Тээвэрлэлтийн үндсэн чиглэл  нь Япон, Хонконг, Сингапур, Тайланд, Энэтхэг улс юм.
Орос, Монгол, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах Оросын талын Евроазийг холбосон транзит тээврийн коридор “Приморье-1”-ийн “Харбин-Суйфэньхэ-Гродеково-Владивосток” чиглэлийн авто зам нь Восточный, Находка боомтууд руу хүрэх юм. 

Боомтуудын нүүрсний тоос, тоосонцрын талаар Находка хотын оршин суугч жаал хүү “ОХУ-ын Ерөнхийлөгчийн шууд шугам” нэвтрүүлгээр Владимир Путинд гомдол мэдүүлсэн  юм. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Путины зарлигаар 2017 оны арваннэгдүгээр сарын 1-нээс Приморийн хязгаарын хотуудын ойролцоо болоод боомтын талбайд нүүрсийг ил задгай ачиж, буулгахыг хориглосон Төрийн Думын шийдвэр хүчин төгөлдөржинө. 

Энэ бол Алс Дорнодын бүс нутагт хэрэгжиж буй Оросын нүүрсний төслүүдийн өнөөгийн дүр зураг юм. Бүхэлд нь харвал Сибирийн нутаг дахь нүүрсний олборлолт, түүнийг дагасан экспорт улам өсөх хандлагатай байна. Ихэнх төслүүдийн зорилтот зах зээл нь Ази Номхон далайн орнууд болон Хятадын зээл юм. Энэ нь дэлхийн нүүрсний экспортын зорилтот зах зээл билээ. Монголын нүүрс ч энэ зах зээлд хойд хөршийн нүүрстэй хойно урдаа оролцон өрсөлдсөөр ирсэн бөгөөд Оросын нүүрсний экспортын цар хүрээ улам л өргөжин тэлсээр байна.