Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнэ өсчээ

Энэ долоо хоногийн даваа гаригт Хятадад төмрийн хүдрийн үнэ 5.7%-иар өсч 70 ам.доллар давжээ. Тодруулбал, Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн нийлүүлэлтийн гэрээний үнэ 464.5 юань буюу 70.1 ам.доллар байна. Энэ нь аравдугаар сарын 30-нд бүртгэгдсэн сүүлийн дөрвөн сарын хамгийн доод үнээс 10.3%-иар өссөн үзүүлэлт болж буй. Өвлийн улиралд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор зарим хотуудын төмөрлөгийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох журамтай холбогдуулан Хэбэй муж гангийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлэхээр болсон мэдээлэл түүхий эдийн үнэ өсөхөд нөлөөлжээ. 

Гангийн үйлдвэрийн гол түүхий эд коксжих нүүрсний үнэ 5.7%-иар өсч 1442 юань буюу 173 ам.доллараар Даляны түүхий эдийн бирж дээр борлуулагдаж байна. Энэ нь аравдугаар сарын 23-наас хойших хамгийн өндөр үнэд тооцогдож байгаа юм.

Хэбэй мужийн хувьд энэ жил гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа 25.55 сая тонноор бууруулаад буй. Арваннэгдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхлэх өвлийн улирлын хязгаарлалтын журмын хүрээнд тус мужийн Таншань, Ханьдан, Шижяжуан зэрэг томоохон хотуудын гангийн үйлдвэрлэл 50%-иар буурах төлөвтэй байна.

Э.Од