Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын төмрийн хүдэр, нүүрсний импорт буурч байна

Коммунист намын XIX хурал, үндэсний баяр болсонтой холбогдуулан аравдугаар сард Хятадын нүүрс, төмрийн хүдрийн импорт буурчээ. Тус улсын Гаалийн газрын мэдээллээр, есдүгээр сард 102.8 сая тонн төмрийн хүдэр импортолсон бол өнгөрөгч сард 23%-иар буурч 79.49 сая тоннд хүрсэн байна.  Энэ нь 2016 оны хоёрдугаар сараас хойших хамгийн доод хэмжээ юм. Гэсэн хэдий ч энэ оны эхний 10 сарын хугацаанд 896 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.3%-иар өсчээ. Арваннэгдүгээр сарын 8-ны байдлаар, Циндао боомт дээр төмрийн хүдрийн үнэ 62.26 ам.долларын үнэтэй байна.

Нүүрсний хувьд Хятад улс өнгөрсөн сард 21.28 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 1.39%-иар буурчээ. Монгол улсын Гашуунсухайт боомттой хиллэх Ганцмод боомтоор нийт 14.83 сая тонн нүүрс эхний арван сарын хугацаанд импортолсон байна. Зөвхөн есдүгээр сард 2.92 сая тонн нүүрс тус боомтоор импортолжээ. Он гарснаас хойш Монгол улсаас импортолсон нүүрсний 88% нь коксжих нүүрс аж. Коксжих нүүрсийг дунджаар 1400-1500 юаниар импортолсон тухай Хятадын Гаалийн газрын мэдээлэлд дурджээ.

Хятадын Хэбэй муж, Таншань хотод угаасан коксжих нүүрсний үнэ өнгөрсөн 7 долоо хоногт 1300 юань байснаас 150 юаниар буурсан байна.

Э.Од