Хятад улс өвлийн улиралд агаарын бохирдол нэмэгдэж буйтай холбогдуулан зарим хүнд үйлдвэрүүдийг тодорхой хугацаанд зогсоохоор болсон билээ. Тус улсын 28 хотын төмөрлөгийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хязгаарлах журам энэ сарын 15-наас мөрдөгдөж эхэлнэ.
Үүнтэй холбогдуулан арваннэгдүгээр сард Хятадын төмрийн хүдрийн эрэлт 6 сая тонноор буурах төлөвтэй байна. Энэ тухай Хятадын ган, төмөр үйлдвэрлэгчдийн ассоциацаас мэдээлжээ. Зарим хотууд, тэр дундаа гангийн томоохон үйлдвэрлэгч Таншань, Ханьдан хотууд журам мөрдөгдөх хугацаанаас өмнө буюу энэ сарын 3-наас нүүрс ашигладаг төмөрлөгийн үйлдвэрүүдээ бүрэн зогсоосон байна.
Аравдугаар сард Хятадын түүхий эдийн Даляны бирж дээр төмрийн хүдрийн үнэ 5.8%-иар буурчээ. Энэ сарын 10-ны байдлаар, тус улсын далайн боомтууд дахь төмрийн хүдрийн нөөц 137.87 сая тонн байгаа нь өмнөх оны мөн үеэс 28%-иар илүү байгаа юм.
Э.Од