Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хувьсан өөрчлөгдөж буй нүүрсний зах зээлд Монгол улсын гүйцэтгэх үүрэг



S&P Global Platts байгууллагын Ахлах шинжээч Эдвин Ёо Coal Mongolia 2017 чуулганд дээрх сэдвээр илтгэсэн  юм. Түүний илтгэл коксжих нүүрсний зах зээл, түүнд нөлөөлдөг хүчин зүйлс, энэ хэлбэлзэлтэй зах зээл дэх Монгол улсын үүрэг, олон улсын хандлага, хөгжлийн асуудалд төвлөрчээ.Тэрээр Хятад болон Энэтхэг улсын зах зээлийн талаар судалгаа хийдэг бөгөөд санхүү эдийн засгийн голлох хэвлэлүүдэд бүтээл нь хэвлэгддэг нэр хүндтэй шинжээч билээ.



Эдвин Ёо коксжих нүүрсний зах зээл дэх үнийн хэлбэлзлийг өнгөрсөн 15 жилийн байдлаар харьцуулан харуулсан юм. Дээрх хугацаанд коксжих нүүрсний үнэ 4 удаа 300 доллар давж өсчээ. 2008, 2011 онд Квийнслэндийн үертэй холбоотойгоор, 2016 онд Хятадын шинэ зохицуулалт, Австралийн нийлүүлэлтэд учирсан зарим доголдлоос үүдсэн бол энэ оны дөрөвдүгээр сард Австралийн Квийнслэндийг дайрсан хар салхи нүүрс тээвэрлэлтийн сүлжээнд эвдрэл учруулсны улмаас үнэ 300 доллараас давсан байна. Эндээс Хятад нь дэлхийн томоохон худалдан авагч, Австрали томоохон нийлүүлэгч тул тэдний эрэлт, нийлүүлэлтээс үнэ хамаардаг нь харагдаж байна. Австралийн Квийнслэндэд асуудал үүсч, Хятадад эрэлт нэмэгдвэл коксжих нүүрсний үнэ дагаж өөрчлөгдсөөр иржээ.

2017 оны хувьд дөрөвдүгээр сард Квийнслэнд мужийг дайрсан Дэбби хар салхины нөлөөгөөр нүүрсний төмөр замын сүлжээнд эвдрэл гарсантай холбоотойгоор үнэ огцом өсөөд эргэж буурсан билээ. Гурван долоо хоног үргэлжилсэн өсөлтийн үеэр үнэ хоёр дахин нэмэгдсэн юм. Квийнслэнд нь металургийн нүүрсний хамгийн гол ханган нийлүүлэгч,   зах зээлийн 50 орчим хувийг өндөр чанарын нүүрсээр хангадаг тул коксжих нүүрсний олон улсын зах зээлд томоохон нөлөөтэй. Дэбби хар салхинаас үүдсэн нүүрсний тээвэрлэлтийн тасалдал хэвийн болмогц үнэ буцаад буурснаас үүнийг харж болно.

Гэхдээ тодорхой хугацааны дараа үнэ буцаад өсч эхэлсэн бөгөөд долдугаар сараас хойш коксжих нүүрсний үнэ 40 орчим хувиар нэмэгдээд байна. Австралийн зарим мужид байгаль цаг агаарын онцгой нөхцөл бий болж нийлүүлэлт доголдсоны зэрэгцээ коксжих нүүрсний хэрэглээний гол төвүүдийн нэг Шаньси мужид хомсдол үүссэнээр дээрх өсөлт гарсан юм. Түүнчлэн Оросын зүүн хэсэгт томоохон үер болсны улмаас ялангуяа Алс Дорнодоор дамжиж байгаа Оросын экспорт багагүй хэмжээгээр буурсан. Хятадад дөрвөн удаагийн томоохон уурхайн осол гарснаар аюулгүй байдлын хяналт чангарч, дүрэм журмыг чанд мөрдөх болсноор дотоодын нийлүүлэлт   доголдож эхэлсэн зэрэг нь үнийн энэ  өсөлтөд нөлөөлсөн хэмээн Platts-ийн шинжээч Эдвин Ёо үзэж байна.

Энэхүү үнийн хэлбэлзэлтэй байдал бусад улс орнуудад хэрхэн нөлөөлж, нөхцөл байдлыг яаж өөрчилж байна вэ? Эдвин Ёогийн үзэж буйгаар, металургийн үйлдвэрүүд Австралиас коксжих нүүрс их хэмжээгээр худалдан авсаар байгаа. Гэсэн  хэдий ч сүүлийн жилийн хандлагаас үзвэл Австралийн нийлүүлэлтээс хэт хамааралтай байдлаа бууруулж, түүхий эдийн ханган нийлүүлэлтээ аль болох олон сувагтай болгохыг хүсч байгаа аж. Өөрөөр хэлбэл, ган үйлдвэрлэгчид ханган нийлүүлэлтийн өргөн сонголттой болохыг эрмэлзэж байна. Тухайлбал, Энэтхэг улс ханган нийлүүлэлтээ солонгоруулах арга хэмжээ авч эхэлснээр Америк зэрэг маш олон нийлүүлэгч зах зээлд нь орж иржээ. Энэ нь зөвхөн Энэтхэг биш бусад ган үйлдвэрлэгч улсуудын хувьд ч авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм.

2017 оны нэгдүгээр улиралд коксжих нүүрсний импортын үнэ дотоодын зах зээл дэх үнээс нь бага байсан учраас спот зах зээл дээрх коксжих нүүрсний ихэнхийг хятадууд худалдаж авчээ. Дэбби хар салхины дараа коксжих нүүрсний импорт буурахад Хятадын дотоодын үйлдвэрлэгчид тэр орон зайг нөхөж орж ирсэн юм. Гэхдээ энэ үед Хятадын худалдан авалт тийм ч өндөр байгаагүй. Үнэ 20 орчим хувиар л нэмэгдсэн байна. Хар салхины нөлөөлөл Австралийн нийлүүлэлтийг тасалдуулснаар Япон, Энэтхэг, Солонгос, Тайваньд үнэ маш ихээр нэмэгдсэн билээ. Энэ нь Австралиас өөр бусад улсын нүүрснээс сонголт хийхийг  эрэлхийлэх шалтгаан болсон юм. Австрали нь коксжих нүүрсний зах зээл дэх шууд худалдааны 85 орчим хувийг эзэлдэг. Хар салхины улмаас Австралитай хийдэг шууд худалдаа доголдоход тэр орон зайд Хятад хамгийн том борлуулагч болсон юм. Хятад нь импортлогчийн хажуугаар томоохон үйлдвэрлэгч билээ.  Энэ нь Австрали болон Хятадаас коксжих нүүрсний зах зээл бие биенээсээ хамаарч буйг дахин баталж байна.  

Ийм хэлбэлзэлтэй орчинд Монгол улсын үүрэг ямар байх вэ?
Дэлхийн ган үйлдвэрлэгчид хангалтын сувгаа хаанаас нөхөхийг эрмэлзэж байна вэ? Монгол улс бол коксжих нүүрс үйлдвэрлэгч орон. Өнөөгийн байдлаар Монгол улс коксжих нүүрсний үйлдвэрлэлээр олон улсын зах зээл дээр БНХАУ, Австрали, ОХУ, Энэтхэг, АНУ, Канад гэсэн улсуудын дараа долдугаарт орж байна.


Нөгөө талаар, нэгж улсад ногдох экспортын хэмжээгээр нь харьцуулж харвал Монгол улс нь экспортод гаргаж буй нүүрсний хэмжээгээрээ дөрөвдүгээрт орж байна. Австрали нэгд, Америк хоёрт, гуравт Канад, түүнээс Монгол ялимгүй бага хэмжээнд байна. Монгол улсын хувьд коксжих нүүрсийг цэвэр экспортын зориулалтаар үйлдвэрлэж байгаа учраас олон улсын зах зээлд оруулж байгаа хувь нэмэр нь ихээхэн том гэж үзэж болно.

Гэвч нүүрс экспортлогчдын хувьд гол хэрэглэгч орон болох Хятадаас хэр их хамааралтай байгааг харьцуулж үзэх ёстой. Экспортлогч улс болгоны хувьд худалдан авч буй зах зээлдээ нэвтрэх нэвтрэлт янз бүр байна. Австрали хэдий том ханган нийлүүлэгч боловч Хятадад нүүрснийхээ 16 хувийг л нийлүүлдэг бол Канад 20-иос илүү хувийг эзэлдэггүй. Монгол улсын хувьд газар зүйн нөхцөл байдлаас шалтгаалан сонголт байдаггүй учраас коксжих нүүрснийхээ 99 хувийг Хятадад нийлүүлдэг. Хятадын хувьд 2016 оноос худалдан авалтаа нэмэгдүүлсэн. Энэ үед Монгол улс Хятадын зах зээл рүү түлхүү орж ажилласнаар Хятадын коксжих нүүрсний зах зээл дээр өөрийн байр сууриа бэхжүүлж чадсан юм. Австралийн нийлүүлэлт багассанаар тэрхүү орон зайд Монголын экспортлогчид нөхөж орж ирснийг 2015, 2016 онд Монголын коксжих нүүрсний экспорт өссөнөөс харж болно.

Монгол улсын экспортын хэмжээ зах зээлийн шууд үнээс маш их хамаардаг. Үнэ унахад Монголын экспорт багасч, үнэ нэмэгдэхээр экспортоо илүү ихээр хийж эхэлдэг. Түүнээс гадна Хятадын дотоодын бодлого зохицуулалтаас Монголын экспортын хэмжээ ихээхэн хамаарч байна. Хятад улс 330 ажлын өдрөө 276 болгосноос үүдэн нэмэгдсэн хэрэгцээг Монгол улс хангасан бөгөөд 2015 онтой харьцуулбал 2016 онд импорт 23 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн Хятад улс ложистикийн зардлаа бууруулсан нь Монголын экспортод эерэгээр нөлөөлсөн гэж үзэж болно.

Хятад   их хэмжээний коксжих нүүрс үйлдвэрлэдэг боловч үнслэгийн агууламж нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Харин Монгол улс үнслэг багатай нүүрс нийлүүлдэг нь Хятадын худалдан авагчдыг ихээр татаж байна. Энэ утгаараа Монголын нүүрс Хятадад тодорхой үүрэгтэй юм. Нөгөө талаас Монгол улс ихэвчлэн түүхий нүүрс гаргаж байгаа. Угаасан нүүрсний хувьд эрэлт болон үнийг худалдан авагч нар тодорхойлж байна. Монгол улсын хувьд нүүрсний боловсруулалт төдий л хийдэггүй. Өнөөдрийн байдлаар угаасан, коксжих, хагас коксжих гэсэн гурван байдлаар боловсруулалт хийж байна.Монгол улс хагас коксжих нүүрс голдуу үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь бага хувийн үнслэгийн агууламжтай учраас зах зээлд өрсөлдөх чадвар сайтайд тооцогдож байна.



Монголын нүүрс дээр СВОТ шинжилгээ хийж үзэхэд давуу тал нь юуны өмнө далайн тээврээр ирж буй нүүрстэй өрсөлдөх чадвартай. Нөгөө талаар Австралийн нүүрсийг орлох маш их боломж байна. Австралийн нийлүүлэлт тасалдахад Монголд боломж гарч ирдэг. Хятадын нүүрстэй холих байдлаар ашиглах боломжтой, мөн Хятадын зах зээлд нэлээд сайн суурьшсан нь давуу талууд юм. Харин сул тал нь нэг улсаас хамааралтай.
Коксжих нүүрсний зах зээлд Хятадын бодлого зохицуулалтын арга хэмжээ асар их нөлөөлдөг. Гэхдээ Хятадын бодлого үндэслэлгүй, урьдчилан таамаглах аргагүй, гэнэт гарч ирдэг гэдэг.

Хятадын хувьд металургийн нүүрс дээр гурван зорилго тавьдаг. Нэг дэх нь үнийг тогтвортой байлгах, хоёрт үйлдвэрлэлийг багасгах, гуравт импортыг багасгах гэж хэлж болно. Гэвч энэхүү гурван зорилго нь хоорондоо зөрчилддөг. Зөрчилдөөнтэй учраас Хятадын бодлого үндэслэлгүй, урьдчилан таамаглах аргагүй мэт харагдаад байгаа юм. Нэг бодлогоо хэрэгжүүлэн үр дүн гаргаад дараагийнх руугаа ороход өмнөхтэйгээ зөрчилдөөд эхэлдэг. Өөрөөр хэлбэл, Хятад улс харилцан зөрчилтэй гурван зорилгыг зэрэг хангах гэж ажиллаж байгаа. Жишээлбэл, дотоодын үйлдвэрлэлээ багасгахаар экспортоо нэмэгдүүлэх болдог. Экспортоо багасгахаар үнээ тогтвортой байлгах асуудал гардаг. Хятадууд энэ гурван бодлогоо ээлжлэх юм уу зэрэгцүүлэх байдлаар үнээ илүү тогтвортой байлгахыг зорьдог гэж тэрээр ярилаа.

S&P Global Platts нь Хятадын зах зээлийг судлахдаа нэгдүгээрт үнийг хардаг. Хятадын дотоодын болон далайгаар нийлүүлж байгаа үнийн аль нь хямд байгааг харьцуулдаг. Хоёрт, Хятадад хийгдэж байгаа нийлүүлэлт ямар байгааг хардаг. Гуравт гарч байгаа дүрэм журам, зохицуулалтууд ямар байгааг хардаг байна. Энэ гурван зүйлийг нийтэд нь авч үзсэнээр Хятадын зах зээлийн талаар илүү тодорхой ойлголттой болно гэж Эдвин Ёо тайлбарлав.


Сэтгэгдэл (1)

  • angela gonzalez (41.85.161.137)
    Бүх зүйл сайн байна Ноён Iwaniuk dariusz намайг Ноён Iwaniuk dariusz хийсэн гэж хэлэхэд баяртай байна. Би түүнд 6000 € зээлийг асууж, тантай ярих үед таныг худал хэлэхгүй гэж би гэрчлэв. 6000 еврог миний дансанд оруулсныг олж мэдсэн юм. Энэ бол миний урьд өмнө алдсан баяр баясгаланг олох боломжийг надад олгосон энэхүү гайхамшигтай ноён надад гэрчилсэн энэхүү баяр баясгалан юм. Тиймээс хэрэгцээтэй байгаа хүмүүст цаашид ямар ч харагдахгүй, түүнтэй холбоо бариарай мэйл: iwaniukdariusz1234@gmail.com WIISAPP 0022 960 495 638
    2019 оны 05 сарын 23 | Хариулах