Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ҮСХ: Нүүрсний экспорт аравдугаар сард өсөлттэй гарав

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, энэ оны эхний арван сарын байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.7 тэрбум долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 34.3%-иар өслөө. Мөн хугацаанд улсын импорт 3.5 тэрбум ам.доллар, экспорт 5.2 тэрбум ам.доллартай тэнцэж, гадаад худалдаа 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарав.


Эрдсийн экспортын тухайд оны эхний
арван сарын байдлаар 4 тэрбум 86 сая ам.доллартай тэнцэж, улсын нийт экспортын 79%-ийг эзэллээ.

Ашигт малтмалын төрөл дундаа экспортын орлогын дүнгээр тэргүүлж буй нүүрсний экспорт мөн хугацаанд биет жингээр 28.4 сая тоннд хүрч, орлого нь 1.92 тэрбум ам.доллартай тэнцээд байна. Түүнчлэн өнгөрсөн аравдугаар сарын нүүрсний экспорт 2.65 сая тоннд хүрсэн нь өмнөх сарынхаасаа 15%-иар буюу 350 мянган тонноор өссөн дүнтэй гарчээ. Харин нүүрсний экспортын эхний арван сарын нийт дүн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад орлогын хувьд 3.1 дахин өссөн бол биет жингээр 52%-иар нэмэгдсэн дүнтэй гарч байна.

Зэсийн баяжмалын экспорт мөн хугацаанд биет жингээр 1
.2 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 9.4%-иар буурсан бол орлогын дүн нь 1.3 тэрбум доллартай тэнцэж, 6.6%-ийн бууралттай гарчээ. Цэвэр зэсийн экспортын тухайд оны эхний арван сарын байдлаар 13.5 мянган тонн бүтээгдэхүүн экспортод гарч, 79 орчим сая долларын орлого олсон нь жингийн хувьд 4%, үнийн дүнгээр 34.1%-иар тус тус өссөнийг илтгэж байна.

Боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт
энэ хугацаанд жингээр 12.6 тонн хүрч, үнийн дүнгээр 514.7 сая доллартай тэнцсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15-16%-иар дээшилсэн үзүүлэлттэй гарлаа.

Харин газрын тосны экспорт оны эхний арван сарын байдлаар 6.3 сая баррельд хүрлээ. Экспортын үнийн дүн нь 306 сая долларт хүрсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 13.3%-иар өссөн гэсэн үг юм. Гэхдээ биет жингийн хувьд газрын тосны экспорт 4.5%-ийн бууралттай гарчээ.

Төмрийн хүдрийн экспорт оны эхний
арван сард жингээр 5.08 сая тонн, орлого нь 264 орчим сая доллартай тэнцлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад жингээр 2%-ийн өсөлттэй, орлогын хувьд 33%-иар дээшилсэн байна.

Цайрын баяжмалын экспорт
мөн хугацаанд жингийн хувьд 101 мянган тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 4.9%-иар буурсан ч орлого нь 151 сая доллар буюу 26.7%-ийн өсөлттэй гарчээ.

Жоншны баяжмалын экспорт
оны эхний арван сарын хугацаанд 245.2 мянган тоннд хүрч, 63.3 сая долларын орлого олжээ. Тодруулбал жоншны экспорт өмнөх оны мөн үеийнхээс жингээр 17.8%, орлогын дүнгээр 25.6%-иар өсөөд байна. Молибденийн хувьд ч мөн адил экспорт нь биет жин, орлогын дүнгийн аль аль нь дээшилсэн дүнтэй гарлаа. Оны эхний арван сард молибденийн экспорт 5.6 мянган тонн, үнийн дүн 31.6 сая доллартай гарсан нь жингийн үзүүлэлт 25.8%, орлого 60.5%-иар өссөнийг илтгэнэ.

Хар тугалганы
экспортын тухайд жингээр 13.2 мянган тонн, үнийн дүнгээр 33.2 сая долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс биет жин болон орлогын дүнгийн аль аль нь 2.1 дахин өссөн дүн боллоо.

Харин гянтболдын экспорт энэ оны эхний
арван сарын байдлаар биет жингээр 31 хувиар буураад байна. Гянтболдын хүдэр, баяжмалын экспорт жингийн хувьд 901 тонн, үнийн дүн нь 6.9 сая доллараар тэмдэглэгдсэн нь орлогын үзүүлэлт 26%-иар буурсан гэсэн үг юм.

 

 

Б.Төгс