Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

А.Отгонбаатар: Хайгуулын ажлын эрсдэлийг бууруулах нэг чухал нөхцөл нь геологийн чанартай мэдээлэл




AMEP хөтөлбөр нь Уул уурхай хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ), Ашигт малтмал газрын тосны газарт (АМГТГ) Монгол улсын Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн нэгдсэн сан байгуулахад техникийн туслалцаа үзүүлэн ажиллаж байна. “Мон Гео Кат” системийн талаар Австрали улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн Геологийн мэдээллийн технологийн ахлах зөвлөх А.Отгонбаатартай ярилцлаа.

Ярилцсан Г.Идэр

Монгол улсын геологийн мэдээллийг олон улсын жишигт нийцүүлэн түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилготой геологийн каталог систем буюу “Мон Гео Кат” системийг хэрэглэгчид ашиглаж эхлээд байна. Энэ системийн үндсэн  бүрэлдэхүүн хэсгийн талаар эхлээд ойлголт өгнө үү?

Геологийн мэдээллийг хэрэглэгчдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилготой “Мон Гео Кат” системээс геологи, хайгуулын компаниуд өөрсдөд нь шаардлагатай геологийн мэдээллийг авч, геологи, хайгуулийн ажлын талаарх шийдвэр гаргахад энэхүү мэдээлэл  хувь нэмэр оруулна.

Бусад хэрэглэгчийн хувьд сонирхсон геологийн мэдээллийг авч улмаар байгаль орчин, олон нийтийн эрүүл мэнд, газар ашиглалт болон зохион байгуулалт,  дэд бүтцийн төлөвлөлт зэрэг асуудлаар бодлого боловсруулахад хэрэглэх боломжтой.

“Мон Гео Кат” систем нь хоёр бүрэлдэхүүнтэй. Нэгдүгээр бүрэлдэхүүн хэсэг нь  интернэтийн орчинд орон зайн хайлт хийх боломжтой газар зүйн мэдээллийн систем (Beб ГМС).  Энэ хэсэг нь орон зайн дүн шинжилгээ хийдэг ArcGIS програмд суурилсан.

Харин хоёр дахь бүрэлдэхүүн хэсэг нь геологийн тайлангийн хураангуйг хайх, танилцах боломж бүхий метадата-каталоги систем байгаа юм. Энэ нь орон зайн мэдээллийн каталог хийхэд хэрэглэдэг GeoNetwork програмд суурилсан. Бусад орны геологийн цахим мэдээллүүд ч ийм үндсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй байдаг. Гэхдээ  маш өндөр өртөг бүхий технологийн шийдэлтэй байх нь түгээмэл.

Монгол улсын “Мон Гео Кат” системийн онцлог нь нээлттэй эх үүсвэр бүхий GeoNetwork програм хангамжийг  бизнесийн төлбөртэй систем болох ArcGIS-тэй холбож, хэрэглээнд оруулснаараа Монгол улс олон улсын түвшинд анхдагчдын нэг болж байгаа.
АМЕР хөтөлбөр УУХҮЯ, АМГТГ-тай амжилттай хамтран ажиллаж “Мон Гео Кат” системийг хөгжүүлсэндээ баяртай байна.

Геологийн мэдээллийн каталоги системийг ямар хугацаанд хөгжүүлсэн бэ?
“Мон Гео Кат” системийг 2017 оны хоёрдугаар сарын сүүлээс наймдугаар сарын дунд үе хүртэл хөгжүүлж боловсруулан  наймдугаар сарын 18-нд   АМГТГ-т албан ёсоор хүлээлгэж өгсөн. АМЕР хөтөлбөрийн зүгээс  “Мон Гео Кат” системийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэхэд шаардлагатай бүхий л  програм болон тоног төхөөрөмж, техник хангамжийг худалдан авахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Тус системийг хөгжүүлэхэд Австрали, Монгол  хоёр улсын зөвлөхүүд хамтран ажиллаж, бусад улс орны туршлагыг харьцуулан судалж, Монгол улсын хувьд хамгийн оновчтой гэж үзсэн  системийг боловсруулсан.  АМЕР хөтөлбөр энэхүү системийг хөгжүүлэх ажилд Монгол улсын компанийг сонгон авч гүйцэтгүүлсэн. Төслийн багийн удирдагчаар ШУА-ийн жинхэнэ гишүүн, “Оюуны цоморлиг” ХХК-ийн зөвлөх Д.Амарсайхан ажилласан.

“Мон Гео Кат” систем нь ашиглалтад орсоноор ямар нааштай үр дүн гарах вэ? Хөрөнгө оруулагчдад ямар шинэ боломж олгож байгаа бол?
Олон улсын судалгааны байгууллага болох Фрейзерийн хүрээлэнгээс  гаргасан тайланд  Монгол улс хөрөнгө оруулалт татах чадварын индексээрээ 104 орноос 81-д эрэмблэгдсэн нь хөрөнгө оруулалтын боломжийг хэр их алдсаныг харуулж байна. Хүчин зүйл нь геологийн мэдээлэлтэй танилцахад түргэн шуурхай биш,  ил тод бус, шат дараалал ихтэй  нь  манай улсын хөрөнгө оруулалт татах индекст сөргөөр нөлөөлж байгаа.

Системийн метадата-каталогийг олон улсын ISO 19115 стандартын дагуу боловсруулсан. Ингэснээр дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын геологийн мэдээлэлтэй танилцах  явцыг илүү  хялбар болгож байгаа юм. Дээр дурдсанчлан, хөрөнгө оруулагчдын хувьд хайгуулын ажлын эрсдэлийг бууруулах нэг чухал  нөхцөл нь геологийн чанартай, найдвартай мэдээлэл.
Улмаар энэ нь Монгол улсын хувьд томоохон хэмжээний орд газар хайх, илрүүлэх,  цаашлаад  Монгол улсын иргэд эрдэс баялгийн салбарын үр өгөөжийг хүртэхэд хувь нэмрээ оруулах юм.

Хөрөнгө оруулагчид геологи, хайгуулын ямар мэдээллийг илүүтэй сонирхдог вэ?
Ерөнхийдөө хайгуулын үе шатыг эрэл үнэлгээ, нарийвчилсан хайгуул гэсэн хоёр түвшинд хуваадаг. Эрэл үнэлгээний шатанд улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн геологи, хайгуулын ажлын тайлангийн мэдээллүүд шийдвэр гаргахад чухал нөлөөтэй байдаг.

Ялангуяа хайгуулын хоёр дахь шат буюу нарийвчилсан хайгуулын үе шатанд ихээхэн хөрөнгө мөнгө зарцуулагддаг учраас зардлын хэмжээ, эрсдэлийг бууруулахад эхний мэдээллүүд маш үнэ цэнтэй. Жишээ нь, цэгэн мэдээлэл буюу өмнө нь хийгдсэн геохимийн мэдээллүүд аж ахуйн нэгжүүдэд хамгийн хэрэгтэй байдаг. Өмнө нь хийгдсэн өгөгдөл, мэдээллийг хуваалцсанаар тухайн хайгуулын ажлын эрсдэлийг бууруулаад зогсохгүй байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг ч багасгадаг.

Мэдээлэл дутмаг, нарийвчилсан хайгуул хийгээгүй талбай дээр томоохон хөрөнгө оруулагчид орж ирэх боломж хомс. Харин дотоодын дунд болон жижиг хайгуулын компаниуд мэдээллийг нээлттэй авч, өөрсдөө боловсруулаад, бага зардлаар төслийн танилцуулга   бэлтгээд, хөрөнгө оруулалт татахад илүү боломжтой.

Хэрэглэгчид   Ашигт малтмал, газрын тосны газар дээр биеэр очиж, шаардлагатай мэдээлэлтэй танилцахдаа ихээхэн цаг зарцуулдаг. Энэ бүх ажлыг хөнгөвчилж, цаг хугацааг хэмнэж, зөв сонголт хийхэд “Мон Гео Кат” систем туслах юм.

Тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг мөн эндээс шүүж үзэж болох уу?
Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй мэдээллүүд, тусгай хамгаалалттай болон  “урт нэртэй” хуулийн үйлчлэлд орсон талбайнууд, нөөцөд авсан хамгаалалтын зурвасын талаарх мэдээллүүдийг өөрийнхөө үзэж байгаа талбайн мэдээллүүдтэй тулгаж нэг дороос үзэх боломжтой.

Тодруулбал, таны сонирхож байгаа талбай дээр өөр лиценз байна уу, үгүй юу гэдгийг товчлуур дараад л үзчихнэ. Олон төрлийн газар зүйн мэдээллийг давхцуулан, нэг дороос өөрийнхөө хайж байгаа талбайн мэдээлэлтэй хамт авах боломжийг “Мон Гео Кат” систем бүрдүүлсэн.

Энэ систем нь Байгаль орчин аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Геодези, зураг зүйн газар болон бусад төрийн байгууллагуудтай холбогдож ажиллахад ямар нэг саадгүй, өндөр түвшинд боловсруулагдсан.

Системд байршуулсан бас нэгэн давуу тал нь геологийн суурь зургууд гэж сонссон?
Тийм ээ. Геологийн суурь зургуудаас гадна  сансрын зургууд бас бий.  Сансрын зургаас тухайн талбай дээр гол,  уулын орой, хөндий газар зэргийг маш тодорхой харж болно. Ашигт малтмалын зургуудыг бид шинэчилж, боловсруулаад оруулсан. Геофизикийн суурь зургууд ч бий.

1:200.000-ны байр зүйн зургийн хэмжээг мөн боловсруулж байршуулсан. Энэ нь нэлээд өндөр нарийвчлалтай бөгөөд сансрын зургуудтай давхцуулан харахад маш сайн мэдээлэл өгнө. Системийн хувьд цаашид илүү их мэдээллийг оруулж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Ямар ч сайн систем байлаа гээд дотроо дутуу мэдээлэлтэй бол хэрэгцээгүй болчихдог. Тиймээс дотоод мэдээллүүдийг аль болох шинэчилж, сайжруулалт хийх байдлаар нэмж байх ёстой. Ингэж байж систем илүү амьд, хэн бүхний хэрэглээг хангаж чадна.  

Геологийн мэдээллийн каталоги системд судалгаа хийх хүсэлтэй оюутнууд, жирийн иргэд ч нэвтэрч болно гэж ойлгож болох уу?
Геологийн мэдээллийн каталоги системийн бүх мэдээллийг монгол, англи хэл дээр адилхан байршуулсан. Бүх хүнд нээлттэй, ямар нэгэн эрхийн хязгаарлалт байхгүй. Системийн хувьд ямар ч иргэн үнэ төлбөргүйгээр нэвтрээд, мэдээллээ авах боломжтой.

“Мон Гео Кат”  системд мэдээлэл, тайлан  оруулах ажлыг  хэзээ дуусгахаар  төлөвлөж байна вэ?
2018 оны гуравдугаар сард дуусгахаар төлөвлөж байна.

Систем рүү нэвтрэхэд хэрэглэгч юуг анхаарах ёстой талаар тайлбар өгнө үү. Систем рүү яаж зөв зохистой нэвтэрч, мэдээллээ авах вэ?

Системийг ашиглан олон төрлөөр мэдээлэл хайх боломжтой. Нийтлэг  тохиолдлоор жишээ авъя. Градус, минут, секундээр тэмдэглэгдсэн газарзүйн координатаар мэдээллийг гол төлөв хайх нь голлох дүр зураг байдаг. Хэрэглэгч өмнө нь АМГТГ-т ирээд тэрхүү координатаа цаасан дээр зураглан буулгаж, энэ хавьцаа л мэдээлэл, тайлан байна гэж багцаалах байдлаар тайлан шүүдэг байсан. Үүний зэрэгцээ цаасан картограмм ашиглаж, цаасан каталоги бас шүүх хэрэг гарна. 

Тэгвэл одоо ийм хүндрэл үүсэхгүй. “Мон Гео Кат” цахим систем дээр тухайн газрын координатаа шууд оруулаад, талбай руугаа шилжээд орох боломжтой болсон. Ингэснээр тухайн байршил дээр ямар тайлангууд байгааг шүүгээд үзэж болно. Цаашлаад, 1:200.000 геологийн тайлан гээд үзэхэд тухайн цэгт хамаарч байгаа бүх тайлангийн мэдээллүүдийг индекс зургаас харж болно. 

Мөн  хэрэглэгч веб ГМС-ийн хайлтыг  1:50,000 болон 1:200,000 зэрэг масштабаар нарийвчлан хийх боломжтой. Хайлтыг аймаг, сумаар хийж болохоос гадна өөрийн хайсан мэдээллийг хадгалж, тэмдэглэж болно.